Friday 21 December 2018

2018 оны 12-р сарын 18. Шаравын Сүрэнжав ах минь тэнгэрт хальжээ.



2017 оны зун наадмаар аавынхаа найз Ш.Сүрэнжав ахтай уулзахдаа хоёр охинтойгоо хамт очиж үнэхээр л аавтайгаа уулзсан юм шиг санагдаж байсан нь саяхан. Тэгэж очихдоо бас наадмын бэлэг болгож Португалын Порто дарс авч очсон юм. Аавынхаа тухай яриулаад, тэр үеийн мундаг зохиолч, яруу найрагч нарын тухай дурсамжийг нь сонсож суухдаа хоёр охиндоо энэ хүн бол өвөөгийн чинь сайн найз нь байсан юм гэж хүртэл хэлж суусан.

Гэтэл харамсалтай нэгэн мэдээ хаа холоос сонсогдож нэгэн гэгээн өдөр харанхай хонгил шиг болов доо.

Аав Сүрэнжав ах хоёр 1960-аад оны үед зодолдож танилцаад, гуч гаруй жил найзууд явсан хоёр юм. Тэдний зам нь Монголын Зохиолчдын Хороо, Зөвлөлт Холбоот Улсын Москва хотын М.Горькийн нэрэмжит их сургуулийн дээд курс, Монголын Чөлөөт Зохиолчдын Холбоо, анхны ардчилсан сонгуулиар АИХ-н депутат болж нэг танхимд хоёулаа хамт хуралдаж явсан.

Image may contain: 2 people, people smiling, people standing
Аав, Сүрэнжав ах хоёр 1990-д оны эхээр Их Хурлын завсарлагааны үеэр Д.Сүхбаатарын талбайд хамт
Манайх 80-д оны эхэн үеэр Шадивланд байсан Зохиолчдын хорооны зусланд гардаг байхад хэдэн зохиолчдын хүүхдүүд дундаас Сүрэнжав ахын охин Өнөрсайхантай нас чацуу болохоор найз нөхөд болж, бид хоёр аавынхаа нөхөрлөлийг үргэлжлүүлсэн билээ. 

Ш.Өнөрсайхан (зүүн гар талд) бид хоёр. 2016 оны 9-р сар

Тэр үед аав, Сүрэнжав ах хоёр Р.Чойномын "Сүмтэй бударын чулуу" номыг хэвлэн гаргахад намайг дайчлан бүх шүлгүүдийг нь бичгийн машин дээр цохиулсан юм. Хоёр том аавтайгаа хамт ажилласан нь миний бахархал юм.

Сүрэнжав ахын хувьд бол өөрийнхөө бүх л шүлэг, найраглалаа өврөө ухаж цаас харалгүй цээжээр уншдаг, бас бусдын шүлгийг ч цээжээрээ хэлчихдэг хүн байсан. Үр хүүхэд, ач зээ болон монголын ард түмэн одоо шүлэг найраглалыг цээжээрээ унших цаг иржээ.

Дуутай, цуутай амьдарсан аавынхаа найз, тэнгэрийн хүү тэнгэртээ морилжээ.

Ингээд Сүрэнжав ахын дурсамжийг хамтатгалаа. Та бүхэн болгооно бизээ.

https://threeoldempires.blogspot.com/search/label/%D0%A8.%D0%A1%D2%AF%D1%80%D1%8D%D0%BD%D0%B6%D0%B0%D0%B2


©Javhlan Byamba, 2018
 

Thursday 13 December 2018

Португалын амьдрал: Хартууз дарсны үйлдвэр, Алентежү. My Life in Portugal: FitaPreta, Alentejo wines

2018 оны 12 сарын 10-ны тэнгэр цэлмэг, нэмэх 20 градусын дулаан өдөр Лиссабон хотоос урагшаа нэг цаг 30 минут машинаар яваад хүрэх, Алентежү мужийн Евора/Evora хотын ойролцоо орших Fitapreta дарсны үйлдвэрт очиж үзлээ.

Fitapreta/ Хар тууз дарсны компани нь 2004 онд английн усан үзэм судлаач Давид Бүүт/ David Booth болон тэр үед дөнгөж 23 настай байсан Антонио Масанита/António Maçanita хоёрын санаачилгаар бүтжээ.


Португалын Алентежү муж нь дэлхийн 27 дарс үйлдвэрлэдэг бүс нутгуудаас усан үзэм тариаралахад хамгийн их байгалын эрс тэс уур амьсгалтай нутагт тооцогддог. Португалд том жижиг нийлсэн 29 дарс үйлдвэрлэдэг бүс нутаг байдаг ба 500 гаруй төрлийн усан үзмээр 11 гол дарс үйлдвэрлэдэг бүс нутгийн нэг нь юм. 

Дэлхийд хамгийн нэрд гарсан нь Douro/Доуру муж юм. Энэ муж л ганцаараа порт дарс болон бусад дарсны экспортын 70 хувийг эзэлдэг. Франц, Итали, Испани, Австралийн дараа дарсны экспортоороо тус улс дэлхийд 5-р байранд ордог бөгөөд 2017 оны дарсны худалдаа 777.9 сая евроны ашигтай байжээ.

Римийн эзэнт гүрний үеэс энэ мужид усан үзмээ тариалан, дарс үйлдвэрлэж бүр Итали руу экспортоор аваачдаг байжээ. Үүний дараагаар 8-р зууны үед арабуудад эзлэгдсэнээс хойш дарс хийхээ бараг больсон ч 16-р зуунд Португалын хаант улс байгуулагдаж усан үзмийн талбай нь өргөжиж дарсаа дахин хийж эхлээд удаагүй байтал 18-р зууны сүүлээс хойт зүгийн Доуро дарсны бүсийг тухай үеийн эрх баригчид голлосноор Алентежү бүс нутаг бас дахин хямралд орсон байна.

19-р зууны дунд үеэс дахин сэргэлтийн үедээ орж одоо Португалын дарс үйлдвэрлэдэг нэгэн том бүс болжээ.

Дэлхий дээр 4000 гаруй усан үзмийн бүртргэгдсэн төрөл байдаг бол зөвхөн Португалд ургадаг төрлөөрөө дэлхийд 2-р байрт ордог юм байна. 27,272 км2 нутагтай энэ бүс нутагт 36 дарсны үйлдвэр үйл ажиллагаагаа явуулж байна.

Үүний нэг нь дөнгөж байгуулагдаад 10 гаруй жил болж байгаа FitaPreta компани юм.

23 настай Антонио Масанита Напа хөндий/Napa Valley, Австрали, Bordeaux-Pauillac-д дарсны үйлдвэрлэлийг судалж байгаад Португалдаа буцаж ирээд Английн усан үзэм судлаач Давид Бүүттэй уулзсанаар тэдний хамтын ажиллагаа эхэлжээ. Давид тухайн үедээ Португалын нэрд гарсан дарсны үйлдвэрүүдэд зөвлөгчөөр ажиллаж байсан байна.

Тэдний анхны дарс нь түрээсийн газар дээр ургуулсан усан үзмээрээ, түрээсийн дарсны үйлдвэрт дарсан анхны дарс болох PRETA 2004 нь Олон улсын дарсны сорилтын цомыг хүртжээ. (International Wine Challenge Alentejo Thophy)

Компанийн лого
1306 онд баригдсан байшин сэргээн засварлагдаж байна.

Алентежү бүс нутаг бол тал нутаг юм.
  Бизнесийн гараагаа амжилттай эхэлснээр, Fitapreta (монголчилбол Хартууз) компанийн ажил амжилттай явагдаж1306 онд үүссэн Paço do Morgado de Oliveira гэдэг нэртэй, тухайн үедээ Португалын хаан хонодог байсан байшинг худалдан авч сэргээн босголтын ажлыг хийж байна.

Орчин үеийн сэргээн босголтын аргаар хуучны дүр төрхөнд нь байлгахын тулд чармайн ажиллаж байгаа юм байна. Барилгын ажлын явцад мөргөлийн сүм, дарсаа хадгалж байсан зоорийг нь хүртэл олжээ. Ингээд дөнгөж саяхан баягуулагдсан компанийн хувьд ирсэн зочид, сургалтанд оролцож буй хүмүүст бас нэгэн сонирхолтой түүхээр өөрсдийн компанийг танилцуулж байна.
Хэдэн зууны нүүр үзсэн шат.


Компанийн бүтээгдэхүүн
Энэ царсан торхны цаана хэдэн зуун жилийн өмнөх дарсны зоорийг олжээ.

Тус компани ихэнх дарснуудаа Францын царсан торхонд дардаг.

2018 оны ургац дараа жил дарс болоод зах зээлд гарахад бэлтгэгдэж байх хугацаанд нь бас амсаж үзэх хэрэгтэй.

FitaPreta компанийн үүсгэн байгуулагчийн нэг António Maçanita/ Антонио Масанита



Үйлдвэрлэж буй дарснууд нь
Антонио дарснуудаа амсуулж байна


Их ч олон дарс амссан даа. Гэхдээ энэ Sexy нэртэй дарс үнэхээр таалагдсан шүү. Одоо миний уудаг дарсны жагсаалтанд амжилттай тэнцсэн. Зүүн гар талын дарс бол 90-ээс дээш оноо авсан байдаг.

Энэ дарсыг тус компанийг үүсгэн байгуулахад том хувь нэмэр оруулсан, усан үзэмний мэргэжилтэн Давид Бүүтэд зориулан цөөн тоогоор үйлдвэрлэжээ. Лиссабоны нэгэн нэртэй ресторанд хоол идсэн Кристиано Роналдод энэ дарс таалагдсан юм гэж Fitapreta компанийн хүмүүс хуучилж байсан.

Олон улсын оргилуун дарснуудын хамгийн гоё хаягтайд тооцогддог дарсны нэг нь ягаан оргилуун дарс. Ягаан оргилуун дарсыг найз хүүхнүүдийнхээ төрсөн өдөрт бариад очиход бол үнэхээр ирсэн зочдод аз жаргал зуун хувь бэлэглэнэ дээ! Харин төрсөн өдрийн эзэнд бол 200 хувь. Алтан өнгөтэй оргилуун дарсыг зөвхөн амжилтанд хүрч чаддаг хүмүүст зориулсан гэж ярьдаг.

Европын хамгийн баруун зүгээс агаарын замаар тооцвол 8300 км туулж Монголын нийслэлд амжилттай зарагдаж байгаа Sexy цагаан дарс. Дарснууд харин тэнгэрээр биш газраар олон улсын хилийг даван хүрсэн дээ.

Sexy ягаан бол их хөнгөн дарс. Найз нартайгаа зуны оройг энэ дарсыг шимэнгээ хөөрөлдөж суухад тааламжтай дарсын нэг дээ.




Португалд дарс амсах жуулчлал сайн хөгжсөн бөгөөд миний хувьд зөвлөхөд 9-р сард дарс хураах үеэр ирж гайхалтай дурсамжийг өөртөө үлдээж болно. Магадгүй зарим хүмүүс Италийн нэрт кино жүжигчин Adriano Celentano-гийн машинтай уралдан хөлөөрөө усан үзэм шахаж байгаа киног санаж магадгүй. Тэгвэл энэ аяллын үеэр хөлөөрөө усан үзэм шахаж
үзэж болно.  Португалын дарс үйлдвэрлэдэг гол газруудад энэ аялал сайн хөгжсөн байдаг.


Хэрвээ Та Лиссабонд аялж яваа бол тус компанийн дарс худалдаалагддаг олон ресторан, баарыг энэ линкээр орж хаягыг олоод очиж амсаж болно.
 


© Photo and text by Javhlan Byamba, 2018



Sourse:
1. https://www.esmmagazine.com/portuguese-wine-exports-growth-2017/56973
2. http://fitapreta.com/pt/
3. https://en.wikipedia.org/wiki/Alentejo_wine
4. Adegas do Alentejo, Jerónimo Heltor Coelho, 2014
5. http://www.uniglobecarefreetravel.com/post/view/4-great-wine-regions-to-visit-in-portugal

LinkWithin

Related Posts with Thumbnails

LinkWithin

Related Posts with Thumbnails