Улаанбаатар их сургууль, Монголын Үндэсний Чөлөөлт Зохиолчдын Холбоо болон зохиолч Ж.Бямбын гэр бүл хамтран Улаанбаатар их сургууль дээр 2012 оны 5-р сарын 16-нд “Жигжидийн Бямба ба ХХ зууны Монголын хүүрнэл зохиол” сэдвээр их сургуулийн оюутнуудын дунд эрдэм шинжилгээний бага хурал боллоо. Уг хуралд МУИС, МУИС-ийн Улаанбаатар сургууль, МУБИС, Гурван-Эрдэнэ БДС-ийн оюутнууд арван илтгэл тавив.
МУИС-ийн Ц.Ариунтуяагийн бичсэн “Хайрын тухай дууль” туужийн дүрийн сэтгэл зүй” илтгэл 1-р байранд шалгарч Өргөмжлөл, 300,000 төгрөгийн шагнал хүртэв. 2-р байранд Улаанбаатар сургуулийн Ч.Энхчимэгийн бичсэн “Жигжидийн Бямбын туурвил зүйн өсөлт” илтгэл шалгалтч, Өргөмжлөл, 150,000 төгрөг, 3-р байранд МУБИС-ийн Г.Батзаяагийн “Ж.Бямбын “Хорвоогийн өнгө” романы уран сэтгэлгээ” илтгэл шалгарч Өргөмжлөл 100,000 төгрөгөөр шагнуулав.
Ч.Энхчимэг, зохиолч Ж.Бямбын “Хэргийн мөрөөр”, “Домгийн мөрөөр”, “Цагаан мөр” гэдэг гурван ойролцоо нэртэй 1957 оноос 1981 оны хооронд бичсэн өгүүллэгүүд дээр нь зохиолчийн “туурвих чадвар хэрхэн хөгжиж, нас ахихын хэрээр мэдлэг боловсрол хуримтлагдаж, туршлагажин бүтээл туурвил нь утга агуулга, дүр дүрслийн хувьд хэрхэн өссөн зэргийг нь тодруулах” зорилт тавьсан байсан.
3-р байрт шалгарсан Г.Батзаяа илтгэлээ “Ж.Бямбын “Хорвоогийн өнгө” романы уран сэтгэлгээ” илтгэлдээ “зохиолч зохиолын дүрүүдээ тодотгохын тулд амьтантай адилтгаж, зүйрлэсэн уран дүрслэлүүдтэй... дүрийг таньж зохиолын үзэл санааг ойлгоход ихээхэн түлхэц болдог” гэжээ. Зохиолч “бие төрх, байгаа байдал зэргийг амьтнаар шууд зүйрлэн бичжээ”. “Дэгдээхэй дагуулсан шувуу шиг, хараацайн даль шиг хөмсөг, хотонд эргэсэн чоно, эргүү хуц” г.м. амьтдаар төлүүлэн дүрслэхдээ Монголчууд тухайн амьтантай хэрхэн харьцдаг болгон бэлгэдэл, ёс заншлыг гүн гүнзгий бодож дүрсэлсэн нь илт байна” гэж дүгнэжээ.
Энэ уралдаан нь хоёр дахь жилдээ явагдаж байгаа бөгөөд ирэх жил зохиолч Ж.Бямбын 80 насны ойд зориулсан эрдэм шинжилгээний бага хурал хийнэ. Ер нь энэ үйл ажиллагааны зорилго нь зөвхөн зохиолч Ж.Бямбын амьдрал, уран бүтээлтэй холбоотой илтгэл тавиулаад зогсохгүйгээр жил бүр зохион байгуулж монголын уран зохиолд хувь нэмрээ оруулсан зохиолчдын талаар их, дээд сургуулиудын оюутнуудын дунд эрдэм шинжилгээний илтгэл тавиулж байх зорилготой юм.