Showing posts with label Хорвоогийн өнгө. Show all posts
Showing posts with label Хорвоогийн өнгө. Show all posts

Tuesday, 16 November 2021

"Хорвоогийн өнгө" роман сонсдог ном боллоо

 Зуун дамжин уншигдаж буй аавын минь ном сонсдог ном болоод олны сонорт хүрлээ. Анх 1971 онд хэвлэгдэн гараад, номын дэлгүүрт урт дугаар үүсгэн дуусч байсан. Одоо ч уншигчдын унших номны нэг байсаар байна. 2000 оны эхээр Сэлэнгэ пресс хэвлэлийн газраас дахин хэвлэж эхэлсэн бөгөөд уг романыг нэвтрүүлэгч, уран уншигч М.Энхтуяа уншсан юм. 

https://www.mplus.mn/horvoogiin-ongo

 





Wednesday, 5 January 2011

Аавын тухай Д.Давааням ахын бичсэн нь*

  Жигжидийн Бямба нүүр номоор зочлоорой   
 
Жигжидийн хүү

Алтан дэлхий уужим гэлээ ч
Ариун үнэнд давчуухан буюу
Ж.Бямба

Намайг Москва хотноо Горькийн нэрэмжит утга зохиолын дээд сургуулийн төгсөх ангид орох жил буюу 1979 оны намар зохиолч Жигжидийн Бямба утга зохиолын дээд курсын сонсогчоор очдог юм байна. Цаадахаасаа зайгаа барьж яваарай цагаа тулахаар муухай хэрүүлч золиг шүү гэж нэг найз минь нэмэр хачир оруулан захиж билээ. Эхэн үеэс нь энэ үгийг би огтоос тоогоогүй минь олон жилийн үерхэл дунд зөн билгээр зөв болсон юм. Урьд нь Ж.Бямбатай уулзаж явсанаас биш дотно сайхан үерхэж амжаагүй өнөөг хүрчээ. Ирсэн өдрөөс нь эхлээд ижий ахай болж амжив. "Хорвоогийн өнгө" гэж хосгүй гайхалтай романыг бичсэн гүдэсхэн зантай гүндүүгүй энэ эрийг би биширч эхэлсэн юм. "Зарга зальхай үүсвэл, заавал ялж гардаг хууль дүрмийн мэдлэгтэй хуухай байгаа юм" гэж хамт ирсэн Ш.Сүрэнжав зохиолч хаяа нэг дурсаад авна. Нэг удаа би Ж.Бямбаас:

- Чамайг зарим хүмүүс Завханы доль, заргын толь гэх юм.  Ямар учир байна аа гэхэд:
- Хээцэс... хэн хүнгүй надад атаархахдаа л тэр, үнэн юм чинь үүнийг нуугаад юу хийнэ гэж хээв нэг хэнэггүй хариулж билээ. Буман олны дунд бужигнан наана уу цаана уу наргиж даргиж явтал энд байх томилолтын хугацаа дуусан, эх орондоо буцах цаг болжээ. Оюутны таван жил гэдэг охорхон хугацаа биш. Нутаг ус нуга хөндийгөө бэтгэртлээ санасан би гэдэг хүн яаран яарсаар Ярославын буудлаас хөдлөв. Орос газрын хатуухан дарсанд жаахан халсан Ж.Бямба маань олны дунд эрээлж цээрэлсэн ч үгүй нулимс унаган намайг үдэж өглөө. 

Найз минь Москвагаас долоо хоног бүрий захиа бичнэ. Эхнэр Сэндэнгээ их санаж байгаа тухайгаа эндээс ажил албаар очсон эмч бүсгүйтэй танилцснаа дурсах нь олонтоо. Нэг удаагийн захиандаа МАХН-д элсэх гэсэн юм. Чи батлан даалт гаргаад яаралтай явуул гэж онцлон захисан байлаа. Харь газар суралцаж байгаа хүний тодорхойлолтыг хаа холын эндээс явуулна гэдэг \тэгэхдээ бүр тэнгэр бурхан шиг өргөмжлөгдсөн намын эгнээнд ороход нь шүү\ этгээд юм шиг санагдана.  Тэгтлээ ч гэмгүй сайн нөхрийнхөө хүсэл гуйлтыг хүлээхээс өөр замгүй болов. Хөөрхий муу Бямбаагаа хөөргөдөн магтаад намд элсүүлхээр наян мянган хачир нэмсэн батлан даалтыг гаргаж баруун гарынхаа үсгийг зураад алс холын алтан Москвад явуулав.

Гурван сар болов уу үгүй юу Ж.Бямбаас гутрангуй аястай захиа ирдэг юм байна. Эрхэм нөхрийн бие сайн, эрхэлсэн ажил тавлах биз дээ. Хөгшин чинь хөгөө хөлдөө чирч явна. Элчингийн дэргэдэх намын хорооны товчооны хурлаар МАХН-ын орлогч гишүүд элсэх гэж товлосон цагт нь тонгос хийн мөргөөд орлоо шүү. Тэнд суугаа тэр олон дарга нарын тэн хагасыг нь таних учир дэлхийд заяасан дэлгэрхэн хүсэл минь биелнэ гэж дотроо гийгүүлэн додгирхон зогсож байтал нэрийг нь хэлээд яахав нэг хэнхэг юм босоод:

- Хаа байсан Улаанбаатарт суугаа хүн таныг батлан дааж байдаг.  Энэ бол энхрий хайрт МАХН-ын түүхэнд үзэгдэж харагдаагүй үйл явдал. Зүй нь таны батлан даагч дэргэд чинь байх ёстой гэж ирээд гижиг хүрмээр үг шидэв. Өөр нэг товчооны гишүүн өөдөөс минь сонжих аятай харснаа:

- Москвад амьдарч суугаа түм буман Монгол нөхдөөс таныг тал бүрээс чинь мэдэх хүн алга уу гэв. Миний мэнгэ голлож уур хүрэн уушиг сагсайсан учир:

- Итгэчихмээр хүн энэ хавьд алга даа. Ах лам нь арван хуруу шигээ мэдэх хүнээрээ батлан даалгасан чинь багадаа юу гэчихлээ. Ээ... энэ ам уу. Үүнээс үүдэж намд орох найдвар тасрав. За тэр ч яахав. Заалдлаа гээд дийлэх биш. Эчингийн гзараас тавь муутай гарууд "Экстер" архи шилийг авч сэтгэлээ засаад Сэндэнгээ зүүдлэн хонов. Энхрий хайрт нам гэж хөвөлзөж явснаас, эхнэрээ санаж суух маань жаргал юм шив дээ. Балаг тариагүй батлан даагч минь баяртай... гэжээ. Ингэж бид хоёрын хувьсгалт намд элсэх гэсэн эхний явуулга бүтэлгүй бүдэрсэн. 

Сургууль соёлоо дүүргээд Ш.Сүрэнжав, Ж.Бямба бид гурав зохиолчдынхоо хороонд ажиллав.  1987 оны өвөл намын төв хорооны үзэл суртлын сэлтсээс хэсэг хүмүүс томилогдон манай байгууллагын ажилтай танилцлаа. Нэг өдөр дээрээс чиглүүлсэн үүргийн дагуу Д.Нацагдоржийн музейн эрхлэгч Ж.Бямбад утас цохиж шалгалтынхан өнөө орой арван долоон цагт очно. Үзвэрүүд дотор Д.Төмөр-Очир гуайтай холбогдох зураг бий эсэхийг сайн шалга. Хэрэв байгаа бол тэр зургуудыг солих болоод байна гэтэл Ж.Бямба дүрсхийн уурлаж:

- Чи мөн хийх ажлаа олов оо.  Манай энд юу л байна Төмөр-Очирын зураг байна. Харин Нацагдорж гуайнх байхгүй гэж адраад утсаа тавьчихав. Би нөхрийнхөө занг мэдэх юм хойно дахин иймээ тиймээ юм ярьсангүй өнгрөлөө. Орой нь шалгалтын хүмүүст бараа болсоор музей дээр очиход Ж.Бямба ажлаа гялалзтал танилцуулав. Шалгалтын хүмүүс их л шамдахгүй ажилдаа орлоо. Зураг бүрийг анхааралтай үзнэ. Зураас бхнийг ажиглана. Тэгтэл хоёр ч газар Төмөр-Очир гуай зохиолчидтой уулзаж байсныг гэрчлэх бүдгэвтэр зургууд тааралддаг юм байна. Шалгалтыг хариуцаж яваа дарга нь их л уцаарлангуй:

- Бямбаа, энэ хэний зураг байна вэ? гэв. Найз минь самбарт нүүрээ тулгах шахуу удтал харсанаа:
- Л.Ванган гуайнх юмуу даа гэлээ.
- Чи нээрэн танихгүй байна уу?
- Үнэнээ хэлэхэд ялгахгүй л байна.
- Чиний хараа тийм муу гэж үү?
- Ямар сайндаа л ийм юм зүүж явахав дээ гэж Ж.Бямба хэлээд хуруу зузаан линз шилээ харуулж байлаа. Шалгатынхан Төмөр-Очир гуайн зургуудыг яаралтай солих үүрэг өгөөд буцав. Тэдний хэлсэн бүхнийг Ж.Бямба төө хэрийн зузаан дэвтэрт төвөгшөөлгүй тэмдэглэж суулаа. Маргааш нь би Ж.Бямбатай уулзахдаа:

- Чи өчигдөр тэр зургийг үнэнээсээ ялгахгүй байв уу гэтэл,
- Хээ цэс. Харалган ч гэсэн хааныхаа музейн \Д.Нацагдоржийн музей\ хэдэн үзвэрт байгаа цэг тэмдгийг болов ч үзэхтэйгээ шүү. Зураг хэзээд түүхийг өгүүлнэ. Тэгэхээр хайрлан хадгалах хэрэгтэй.  Хэн нэгэн хүний үгээр хэдэн тийш нь зурж тастаад хаячихвал нөхөж баршгүй нөр их гарз гарна гэлээ.

- Чи минь, овоо доо. Дарга нарын даалгавар үгийг сайн тэмдэглэх болж дээ гэвэл:
- Дарга нарыг ажихад өөрийнх нь өгсөн үүргийг тэмдэглээд сууваас тэргүүний хүн гэж боддог ч юм уу их л талтай байдаг юм гэж хэлээд инээд алдав. 

Миний бие Шаравын Сүрэнжав, Жигжидийн Бямба нартай олон жил ойр дотно явж зан чанараа зайгүй мэдэхийн хувьд нэгэн зүйлийг нэхэн хэлэхийг хүснэ. Энэ юу вэ гэвэл дотно хоёр нөхөр минь ааш араншин төстэй, анд найздаа тустай, хэлэн үгээ хэний ч өмнө шууд мөртөө шударгаар ярьчихна. Өнгөцхөн харвал өөр хоорондоо таарамж муутай юмуу даа гэж тааж хэлмээр. Гэтэл тийм биш, ёстой үй зайгүй үерхсэн үе тэнгийн хүмүүс... Хааяа нэг бие биедээ тунирхана. Дорхноо дотно харьцаагаа сэргээж тайтгарна. Их хурлын депутатаар хоёул зэрэг сонгогдож Монгол улсынхаа шинэ үндсэн хуулийг хэлэлцэн батлахад үгс нь нийлж үүргээ биелүүлсэн гавьяатай. Хоёул холбоотой юм шиг хөтлөлцөн явж ховорхон авьяастай Ш.Гаадамба, Ж.Бадраа, О.Дашбалбар нарын зэрэг эгэлгүй хүмүүсийг эгнээндээ хамруулсан Монголын үндэсний чөлөөт зохиолчдын холбоог санаачлан байгуулсаныг нь санах тусам нөхөрлөлийн хүч нөлөө ихтэй байдагыг гэрчилнэ. 

*Данигайн Давааням, Заяа тавилангийн үргэжлэл номноос нь
 
Жигжидийн Бямба нүүр номоор зочлоорой   

Sunday, 29 August 2010

Ж.Бямба, Эргэх хорвоогийн жам

Саяхан сарын хугацаагаар төрсөн нутагтаа очоод ирлээ.  Есөн жилийн дараа хийсэн аялал маань долоохон хоногийн өмнө дууссан юм.  Монголд байх хугацаандаа нэг их амрах тухай биш харин цаашид хийх судалгааныхаа ажилд хэрэгтэй ном худалдаж авах, таньж мэддэг хүмүүсээс аавынхаа тухай асууж лавлах гээд амрах чөлөө бараг гарсангүй. 

Энэ аяллын маань нэг зорилго бол Сэлэнгэпресс хэвлэлийн газрын ерөнхий редактор Ч.Наранцэцэгтэй уулзах явдал байсан юм.  Түүнээс тухайн хэвлэлийн газраас аавын гурван роман болох  Хорвоогийн Өнгө, Энэрэлгүй Хорвоо, Үнэний Хорвоо хэрхэн зарагдаж байгааг лавласан юм.  Романууд гайгүй зарагдаж байгаа, дахин хэвлэсэн тухайгаа ч хэлсэн.  Наранцэцэг номын дэлгүүрүүдээр орохдоо ном хэрхэн зарагдаж байгааг худалдагч нараас сураглахад, ихэнхдээ романуудыг мэддэг хүмүүс худалдаж авдгыг хэлж өгдөг гэж билээ.

Ч.Наранцэцэг

2006 онд Ч.Наранцэцэг миний ээж М.Сэндэнтэй гэрээ хийж аавын гурван романыг хэвлэх зөвшөөрөл аваад хэвлүүлжээ.  Түүний дурссанаар бол, Монгол орон нэг намын системд байх үед уншигчдын гар дээр очиж, тухайн үедээ бестселлер болж байсан номнуудыг дахин хэвлэж уншигчдын гарт хүргэх зорилготой гэнэ.  Ингээд миний ээжийг хэдэн сарын туршид ёстой л мөрдөн байцаагч шиг хайж байж олж авсан гэнэ билээ.  Наранцэцгийн уйгагүй эрэн сурвалжилсны хүчинд гурван хорвоо хэвлэгдэн уншигчдын гар дээр дахин очжээ.

Ж.Бямбын гурван хорвоо- Хорвоогийн Өнгө, Энэрэлгүй Хорвоо, Үнэний Хорвоо

Хорвоогийн Өнгө роман бол аавын бичсэн анхны роман байсан юм.  Я.Баатар ахын хэлснээр бол Улсын их Дэлгүүрийн зүүн талын номын дэлгүүрт очиход нь урт дараалал үүсэн дорхноо зарагдаж дууссан гэдэг.  Анх 1971 онд хэвлэгдэж, тухайн үедээ буруу үзэл суртал, өнгө мөнгөний хорвоог өөгшүүлсэн зохиолын тоонд орж, МАХН-ын бүгд хурлаар хүртэл нэр заагдан шүүмжлэгдэж байсан зохиол билээ. Энэ бол аавын анхны монголын утга зохиолын ертөнцөд тэсрэлт хийсэн анхны роман байсан юм. Үүн дээр нэмж хэлэхэд, анхны тууж болох Талын цэцэг нь Ардын хувьсгалын 40 жилийн ойд зориулан зарласан үргэлжилсэн үгийн бүтээлд шалгарч 2-р байранд орж байсан юм. Тэгвэл анхны роман нь уншигчдын дунд бестселлер болсон.

Энэрэлгүй Хорвоо роман 1980 онд 28 000 хувь хэвлэгдэж мөн адил эрэл сурал болдог номыг нэг байсан.  Тухайн үедээ 4 төгрөг 20 мөнгөөр зарагдаж байжээ.  Уг роман аавыг Москва хотын Горькийн нэрэмжит утга зохиолын дээд сургуульд суралцаж байхад хэвлэгдэж Улаанбаатарт байгаа биднийг хоёр жил тэжээсэн ном билээ.

Үнэний Хорвоо роман 1984 онд хэвлэгдэж аав бид тавыг \ээж, дөрвөн хүүхдээ\ номны мөнгө буусан гэж Москва ресторанд хоол идүүлснийг би санаж байна.  Уг номын мөнгөөр надад мөнгөн бөгж, хүзүүний зүүлт авч өгсөн нь одоо ч надад бий.

Үнэний Хорвоо роман хэвлэгдэхэд дахин бестселлер болсон юм. Бас ч үгүй тэр үедээ анх удаа монголын нийгэмд оршиж буй бэртэгчин, зальжин, хүүхэн эргүүлсэн, мөнгөний төлөө явдаг сайд нарыг шүүмжилсэн роман болж НТХ-ны тогтоолд орж, "Үнэн" сонин тус романы тухай шүүмж бичих даалгаврыг утга зохиолын шүүмжлэгч нарт өгч байсан зохиол юм.


Зүүн гараас: С.Байгальсайхан, Д.Цэдэв, ээж, Ч.Наранцэцэг, би

Тухайн үед Монголын Зохиолчдын Холбооны дарга байсан Д.Цэдэв ахын яриагаар бол Барилгын Яамныхан Намын Төв Хороонд гомдол гаргахдаа, манай яамны сайдын өрөөг яг биччихсэн байна гэсэн гэдэг.  Уг романд Барилгын яамны орлогч сайд Мондоон, түүнийг хүрээлэн буй бялдууч нарын тухай гардаг юм.  Уул нь орлогч сайд биш жинхэнэ сайдын тухай бичих гэхэд нь төрийн сайд намын үзэл сурталд таараагүй үйл хийж болохгүй гэж хэлүүлээд аав романдаа орлогч сайдын дүр бүтээжээ.  Д.Байгальсайханы \Улаанбаатар Их Сургуулийн захирал\ дүгнэлтээр бол уг роман аавын гурван хорвоогоос үг хэллэг, найрлагын хувьд хамгийн сайн болсон гэж надад хэлсэн.  Иймээс аавын романууд монголын уран зохиолын ертөнцөд том байр эзлэдэг юм.

Энэ роман хэвлэгдэн гарсны дараа сайд, дарга нарын гол дүрийг Д.Гармаагийн "Зааны ясан өргөө", Доржготовын "Тэнгэр дуугарахын өмнө" зэрэг романууд бичигдэх боломж олд

Шинэ онд Сэлэнгэпресс хэвлэлийн газар аавын Заяа Тавилан романыг хэвлэх гэж байна.  Уг романд Эрдэнэт хотын бүтээн байгуулалтанд оролцож залуучуудын амьдралыг харуулсан байдаг юм.  Аав романаа Учралт Хорвоо гэж нэрлэх байсан боловч найз нар нь "Чи дандаа л Хорвоотой нэр өгч байх юм гэж" ятгаснаар Заяа Тавилан гэдэг нэртэй хэвлэн гаргаж билээ.  1989 онд энэ роман хэвлэгдэхэд нилээд хэдэн Заяа, Тавилан нэртэй номнууд хэвлэгдэж гарахад аав бухимдуухан байсан юм.  Ямар сайндаа л өөрийнхөө бодож явсан нэрээ л өгдөг байж гэж халаглаж байхав дээ.

Заяа Тавиланд хорвоотой нэр оноосон оноогоогүй аавыг хүмүүс аль хэзээний "Хорвоо Бямба" гэж дууддаг болчихсон байсан үе л дээ.  Өөр нэг "хорвоо" гарчиггүй өөр нэг роман бичсэн нь Их Аяныхан байлаа.  1977 онд хэвлэгдэн гарч уншигчдын дуртай нэгэн роман болж чадсанаар барахгүй, тээврийн жолооч нарын тухай бичсэн анхны томоохон бүтээл болсон юм.  Ч.Давгадорж ах, энэ романыг ажилчин ангийн дүрийг бүтээсэн чанартай зохиол болсон гэж үнэлсэн.
Аав минь амьдралдаа таван роман бичсэнээс 2 нь тухайн үедээ маш том шуугиан тарьж, бусад гурав нь бестселлер болж байсан юм. Үүгээрээ ч Зуун дамжигдан уншигдаж буй романы тоонд орж, аавын монголын уран зохиолын түүхэнд оруулсан хувь нэмэр нь одоогоор бага ч болов бичигдэж байна.

LinkWithin

Related Posts with Thumbnails

LinkWithin

Related Posts with Thumbnails