Friday, 21 December 2018

2018 оны 12-р сарын 18. Шаравын Сүрэнжав ах минь тэнгэрт хальжээ.



2017 оны зун наадмаар аавынхаа найз Ш.Сүрэнжав ахтай уулзахдаа хоёр охинтойгоо хамт очиж үнэхээр л аавтайгаа уулзсан юм шиг санагдаж байсан нь саяхан. Тэгэж очихдоо бас наадмын бэлэг болгож Португалын Порто дарс авч очсон юм. Аавынхаа тухай яриулаад, тэр үеийн мундаг зохиолч, яруу найрагч нарын тухай дурсамжийг нь сонсож суухдаа хоёр охиндоо энэ хүн бол өвөөгийн чинь сайн найз нь байсан юм гэж хүртэл хэлж суусан.

Гэтэл харамсалтай нэгэн мэдээ хаа холоос сонсогдож нэгэн гэгээн өдөр харанхай хонгил шиг болов доо.

Аав Сүрэнжав ах хоёр 1960-аад оны үед зодолдож танилцаад, гуч гаруй жил найзууд явсан хоёр юм. Тэдний зам нь Монголын Зохиолчдын Хороо, Зөвлөлт Холбоот Улсын Москва хотын М.Горькийн нэрэмжит их сургуулийн дээд курс, Монголын Чөлөөт Зохиолчдын Холбоо, анхны ардчилсан сонгуулиар АИХ-н депутат болж нэг танхимд хоёулаа хамт хуралдаж явсан.

Image may contain: 2 people, people smiling, people standing
Аав, Сүрэнжав ах хоёр 1990-д оны эхээр Их Хурлын завсарлагааны үеэр Д.Сүхбаатарын талбайд хамт
Манайх 80-д оны эхэн үеэр Шадивланд байсан Зохиолчдын хорооны зусланд гардаг байхад хэдэн зохиолчдын хүүхдүүд дундаас Сүрэнжав ахын охин Өнөрсайхантай нас чацуу болохоор найз нөхөд болж, бид хоёр аавынхаа нөхөрлөлийг үргэлжлүүлсэн билээ. 

Ш.Өнөрсайхан (зүүн гар талд) бид хоёр. 2016 оны 9-р сар

Тэр үед аав, Сүрэнжав ах хоёр Р.Чойномын "Сүмтэй бударын чулуу" номыг хэвлэн гаргахад намайг дайчлан бүх шүлгүүдийг нь бичгийн машин дээр цохиулсан юм. Хоёр том аавтайгаа хамт ажилласан нь миний бахархал юм.

Сүрэнжав ахын хувьд бол өөрийнхөө бүх л шүлэг, найраглалаа өврөө ухаж цаас харалгүй цээжээр уншдаг, бас бусдын шүлгийг ч цээжээрээ хэлчихдэг хүн байсан. Үр хүүхэд, ач зээ болон монголын ард түмэн одоо шүлэг найраглалыг цээжээрээ унших цаг иржээ.

Дуутай, цуутай амьдарсан аавынхаа найз, тэнгэрийн хүү тэнгэртээ морилжээ.

Ингээд Сүрэнжав ахын дурсамжийг хамтатгалаа. Та бүхэн болгооно бизээ.

https://threeoldempires.blogspot.com/search/label/%D0%A8.%D0%A1%D2%AF%D1%80%D1%8D%D0%BD%D0%B6%D0%B0%D0%B2


©Javhlan Byamba, 2018
 

Thursday, 13 December 2018

Португалын амьдрал: Хар тууз дарсны үйлдвэр, Алентежү. My Life in Portugal: FitaPreta, Alentejo wines

2018 оны 12 сарын 10-ны тэнгэр цэлмэг, нэмэх 20 градусын дулаан өдөр Лиссабон хотоос урагшаа нэг цаг 30 минут машинаар яваад хүрэх, Алентежү мужийн Евора/Evora хотын ойролцоо орших Fitapreta дарсны үйлдвэрт очиж үзлээ.

Fitapreta/ Хар тууз дарсны компани нь 2004 онд английн усан үзэм судлаач Давид Бүүт/ David Booth болон тэр үед дөнгөж 23 настай байсан Антонио Масанита/António Maçanita хоёрын санаачилгаар бүтжээ.


Португалын Алентежү муж нь дэлхийн 27 дарс үйлдвэрлэдэг бүс нутгуудаас усан үзэм тариаралахад хамгийн их байгалын эрс тэс уур амьсгалтай нутагт тооцогддог. Португалд том жижиг нийлсэн 29 дарс үйлдвэрлэдэг бүс нутаг байдаг ба 500 гаруй төрлийн усан үзмээр 11 гол дарс үйлдвэрлэдэг бүс нутгийн нэг нь юм. 

Дэлхийд хамгийн нэрд гарсан нь Douro/Доуру муж юм. Энэ муж л ганцаараа порт дарс болон бусад дарсны экспортын 70 хувийг эзэлдэг. Франц, Итали, Испани, Австралийн дараа дарсны экспортоороо тус улс дэлхийд 5-р байранд ордог бөгөөд 2017 оны дарсны худалдаа 777.9 сая евроны ашигтай байжээ.

Римийн эзэнт гүрний үеэс энэ мужид усан үзмээ тариалан, дарс үйлдвэрлэж бүр Итали руу экспортоор аваачдаг байжээ. Үүний дараагаар 8-р зууны үед арабуудад эзлэгдсэнээс хойш дарс хийхээ бараг больсон ч 16-р зуунд Португалын хаант улс байгуулагдаж усан үзмийн талбай нь өргөжиж дарсаа дахин хийж эхлээд удаагүй байтал 18-р зууны сүүлээс хойт зүгийн Доуро дарсны бүсийг тухай үеийн эрх баригчид голлосноор Алентежү бүс нутаг бас дахин хямралд орсон байна.

19-р зууны дунд үеэс дахин сэргэлтийн үедээ орж одоо Португалын дарс үйлдвэрлэдэг нэгэн том бүс болжээ.

Дэлхий дээр 4000 гаруй усан үзмийн бүртргэгдсэн төрөл байдаг бол зөвхөн Португалд ургадаг төрлөөрөө дэлхийд 2-р байрт ордог юм байна. 27,272 км2 нутагтай энэ бүс нутагт 36 дарсны үйлдвэр үйл ажиллагаагаа явуулж байна.

Үүний нэг нь дөнгөж байгуулагдаад 10 гаруй жил болж байгаа FitaPreta компани юм.

23 настай Антонио Масанита Напа хөндий/Napa Valley, Австрали, Bordeaux-Pauillac-д дарсны үйлдвэрлэлийг судалж байгаад Португалдаа буцаж ирээд Английн усан үзэм судлаач Давид Бүүттэй уулзсанаар тэдний хамтын ажиллагаа эхэлжээ. Давид тухайн үедээ Португалын нэрд гарсан дарсны үйлдвэрүүдэд зөвлөгчөөр ажиллаж байсан байна.

Тэдний анхны дарс нь түрээсийн газар дээр ургуулсан усан үзмээрээ, түрээсийн дарсны үйлдвэрт дарсан анхны дарс болох PRETA 2004 нь Олон улсын дарсны сорилтын цомыг хүртжээ. (International Wine Challenge Alentejo Thophy)

Компанийн лого
1306 онд баригдсан байшин сэргээн засварлагдаж байна.

Алентежү бүс нутаг бол тал нутаг юм.
  Бизнесийн гараагаа амжилттай эхэлснээр, Fitapreta (монголчилбол Хартууз) компанийн ажил амжилттай явагдаж1306 онд үүссэн Paço do Morgado de Oliveira гэдэг нэртэй, тухайн үедээ Португалын хаан хонодог байсан байшинг худалдан авч сэргээн босголтын ажлыг хийж байна.

Орчин үеийн сэргээн босголтын аргаар хуучны дүр төрхөнд нь байлгахын тулд чармайн ажиллаж байгаа юм байна. Барилгын ажлын явцад мөргөлийн сүм, дарсаа хадгалж байсан зоорийг нь хүртэл олжээ. Ингээд дөнгөж саяхан баягуулагдсан компанийн хувьд ирсэн зочид, сургалтанд оролцож буй хүмүүст бас нэгэн сонирхолтой түүхээр өөрсдийн компанийг танилцуулж байна.
Хэдэн зууны нүүр үзсэн шат.


Компанийн бүтээгдэхүүн
Энэ царсан торхны цаана хэдэн зуун жилийн өмнөх дарсны зоорийг олжээ.

Тус компани ихэнх дарснуудаа Францын царсан торхонд дардаг.

2018 оны ургац дараа жил дарс болоод зах зээлд гарахад бэлтгэгдэж байх хугацаанд нь бас амсаж үзэх хэрэгтэй.

FitaPreta компанийн үүсгэн байгуулагчийн нэг António Maçanita/ Антонио Масанита



Үйлдвэрлэж буй дарснууд нь
Антонио дарснуудаа амсуулж байна


Их ч олон дарс амссан даа. Гэхдээ энэ Sexy нэртэй дарс үнэхээр таалагдсан шүү. Одоо миний уудаг дарсны жагсаалтанд амжилттай тэнцсэн. Зүүн гар талын дарс бол 90-ээс дээш оноо авсан байдаг.

Энэ дарсыг тус компанийг үүсгэн байгуулахад том хувь нэмэр оруулсан, усан үзэмний мэргэжилтэн Давид Бүүтэд зориулан цөөн тоогоор үйлдвэрлэжээ. Лиссабоны нэгэн нэртэй ресторанд хоол идсэн Кристиано Роналдод энэ дарс таалагдсан юм гэж Fitapreta компанийн хүмүүс хуучилж байсан.

Олон улсын оргилуун дарснуудын хамгийн гоё хаягтайд тооцогддог дарсны нэг нь ягаан оргилуун дарс. Ягаан оргилуун дарсыг найз хүүхнүүдийнхээ төрсөн өдөрт бариад очиход бол үнэхээр ирсэн зочдод аз жаргал зуун хувь бэлэглэнэ дээ! Харин төрсөн өдрийн эзэнд бол 200 хувь. Алтан өнгөтэй оргилуун дарсыг зөвхөн амжилтанд хүрч чаддаг хүмүүст зориулсан гэж ярьдаг.

Европын хамгийн баруун зүгээс агаарын замаар тооцвол 8300 км туулж Монголын нийслэлд амжилттай зарагдаж байгаа Sexy цагаан дарс. Дарснууд харин тэнгэрээр биш газраар олон улсын хилийг даван хүрсэн дээ.

Sexy ягаан бол их хөнгөн дарс. Найз нартайгаа зуны оройг энэ дарсыг шимэнгээ хөөрөлдөж суухад тааламжтай дарсын нэг дээ.




Португалд дарс амсах жуулчлал сайн хөгжсөн бөгөөд миний хувьд зөвлөхөд 9-р сард дарс хураах үеэр ирж гайхалтай дурсамжийг өөртөө үлдээж болно. Магадгүй зарим хүмүүс Италийн нэрт кино жүжигчин Adriano Celentano-гийн машинтай уралдан хөлөөрөө усан үзэм шахаж байгаа киног санаж магадгүй. Тэгвэл энэ аяллын үеэр хөлөөрөө усан үзэм шахаж
үзэж болно.  Португалын дарс үйлдвэрлэдэг гол газруудад энэ аялал сайн хөгжсөн байдаг.


Хэрвээ Та Лиссабонд аялж яваа бол тус компанийн дарс худалдаалагддаг олон ресторан, баарыг энэ линкээр орж хаягыг олоод очиж амсаж болно.
 


© Photo and text by Javhlan Byamba, 2018



Sourse:
1. https://www.esmmagazine.com/portuguese-wine-exports-growth-2017/56973
2. http://fitapreta.com/pt/
3. https://en.wikipedia.org/wiki/Alentejo_wine
4. Adegas do Alentejo, Jerónimo Heltor Coelho, 2014
5. http://www.uniglobecarefreetravel.com/post/view/4-great-wine-regions-to-visit-in-portugal

Saturday, 20 October 2018

Португалын амьдрал: Намрын налгар өдрүүд...

Лиссабон солонгос хоолны газартай болов.

Real Korean made food arrived in Lisbon. K-Bob. Martim Moniz, on top of the Oriente Market. I tried bibimbab it was good. Kimchi stew was good too. Spicy or sweet chicken was not mouthwatering but it was OK.

Том охиныг найзтайгаа хамт өдрийг өнгөрүүлэхээр явсны дараа бага охин аав ээж хоёртойгоо өдрийг өнгөрүүлэв.

Португалд намрын налгар өдрүүд үргэлжилж, намар ч гэж дээ нэмэх 26 хэмийн зуны өдрүүд гэж хэлж болохоор 10-р сарын 20-нд бид гурав Лиссабонд саяхан нээгдсэн солонгос хоолны газрын хоолыг амталж үзэхээр очлоо.

Жинхэнэ солонгос хоолны газар байхгүй байсан бөгөөд Martim Moniz, Лиссабоны имигрантуудын хороололд, уул нь бол 60-70-д оны үед энэтхэгчүүд ихтэй байсан бол одоо хятадуудын хороолол болсон гэж хэлж болохоор газар ази хоолны жижигхэн гуанзнууд нээгдэж байгаа юм.

Энд хэдэн солонгосууд нэгдэж цөөн хэдэн төрлийн хоолыг K-Bob нэртэй гуанзанд хийж эхлээд сар болж байгаа болов уу даа. Өдрийн нэг цаг болоогүй байхад очиход нэлээд хүнтэй байсан нь ямар ч байсан ойр хавийн хятадууд болон азиудын хооллодог газрын нэг болжээ. Жижигхэн гал тогоонд хоёр хүн хоолоо хийж, хоёр хүн үйлчилж байв.


Халуун ногоотой кимчи, дөфүтэй шөл үнэхээр амттай байсан. Кимчи нь нөхөрт маань нэг их таалагдсангүй.


Миний авсан бибимбаб бол амттай л байсан, ганцхан халуун тогоонд ирээгүй гээд голж болох юм.


Дараа очихдоо хажууд нь байгаа вьетнам По/фо шөлний газарт өдрийн хоолоо иднээ. Энэ вьетнам шөл дэлхийд нилээд алдартай, сайн хийсэн шөлнүүд нь яг л ядаргаа тайлахаар байдаг юм.



Wednesday, 17 October 2018

Португалын амьдрал: Хятадын зураач Янбэйн уран зургийн үзэсгэлэн. My Life in Portugal

2018 оны 10-р сарын 17-нд Лиссабоны Макао музейд хятадын зураач Янбэй/Yanbei уран бүтээлийн "Дахин эхлэл" үзэсгэлэнгээ гаргалаа. 2014 оноос хойш Португал улсад гэр бүлийн хамтаар амьдарч буй зураачийн уран бүтээлд хятадын уламжлалт уран зургийн элементүүдийг орчин үетэй хамтруулсан нь үнэхээр сонин байлаа.


Португалын дулаан уур амьсгал, жилийн 300 өдөр нь нартай, Атлантын далайн эрэг дээр оршдог орны хувьд зураачийн зурагнууд нь тод өнгөөр дүүрэн.

Бага наснаасаа л зураг зурж эхэлсэн Guohui Zhang (жинхэнэ нэр нь) Урлагийн сургууль төгсөж, 1990-ээд онуудад зочид буудал, компаниудын захиалгаар уран бүтээлээ туурвиж байжээ. Дараа нь зураач бизнес хийсээр 2014 онд амьдрал, уран бүтээлээ өөрчлөхөөр шийдэж Португалд амьдарч эхэлснээр шинэ уран бүтээлийн эхлэл нь болсон байна. Ингээд үзэсгэлэнгээ ч "Дахин эхлэл" гэж нэрлэжээ. 

Белемын цамхаг. Лиссабонд ирж буй усан онгоцнуудад чиг заагч байсан энэ цамхаг одоо бас л жуулчдын очиж үзэх ёстой газрын нэг болон хувирсан.


Португал улс нь Иберийн хойгт, Атлантын далайгаар 800-д км хүрээлэгдэг байрладаг бөгөөд энэ ч бас л Европын хамгийн баруун цэг Cabo do Roca далайн төвшнөөс 140 м өргөгдөг оршдог юм.  




Пена ордон. Синтра уулын орой дээр байрладаг энэ ордон жуулчдын очих дуртай газрын нэг бөгөөд зураач Португалд ирснийхээ дараагаар аялж явахдаа энэ зургыг зуржээ.









Photo & Text by Javhlan Byamba, 2018




https://www.yan-bei.com/

Monday, 15 October 2018

Vilavella, Galicia, Spain

Испанийн Галиция мужид байдаг Вилавелла хотод энэ 10-р сарын эхээр дөрөв хоног амраад ирлээ. Их л адал явдалтай дөрөв хоног болсон доо. Гэрээсээ гараад хурдны замаар хурдална гэдгийг үзүүлж байтал нэг цагийн дараа машин маань цагт зөвхөн 60 км хурдтай л явна гээд хурдны зам дээр урагшилдаггүй. Аз болж ойрхон байсан засварын газар луу машинаа мөлхүүлсээр очоод засуулаад хоёр цагийн дараа замдаа гарлаа.

Шөнийн 12 цагт Вилавелла спа буудалдаа ирсэн юм. Хүүхдүүд томроод заавал тусдаа өрөөнд унтуулна гэж онлайн захиалга хийгдсэн юм. Ер нь бол буудлуудын зарим нэгэн өрөөнүүд дотроо хаалгатай байдаг болохоор болчих байх гээд нэг их санаа зовсонгүй. Гэтэл энэ буудалд нь тийм юм алга. Ес, 12 настай хоёр охиноо яаж тусад нь өрөөнд унтуулахав дээ. Бага нь аавтайгаа нэг өрөөнд, би томтойгоо нэг өрөөнд ороод унтлаа. Маргааш нь гүйж байж унтах өрөөнүүдээ арай дээрдүүлж билээ.

Спа буудал гэсэн мөртлөө өдөрт 25 евро нэмж төлж байж спаг нь хэрэглэнэ. Арай л дэндүү санагдсан бас массаж хийлгэе гэж бодоо цаг авсан чинь эрэгтэй массажист байдаг юм. Гэхдээ тус буудалын архитектур үнэхээр орчин үеийн сонин юм билээ.

Эхний өдрийн үдээс хойш өдрийн хоолоо идээд алхахаар гарлаа. Хэт их ялаатай мөн халуувтар байсан учир нэг их сүйдтэй алхсангүй. Уул нь испани хоол сайтай байдаг юм харин энэ хот болон ойрхон хотуудад нь олигтой хоол идээгүй, үнэхээр урам хугарсан.

Caminho do Satiago - мөргөлчдийн зам энэ хавиар өнгөрдөг юм байна. Машин замын хажуу талаар явган хүн явж байгааг анхааруулсан олон тэмдэг байсан. Франц, Испани, Португалын газар нутагт байдаг Saint James, англиар, мөргөлийн зам нь дундад зууны үеэс эхлэлтэй бөгөөд мөргөлчид Испанийн Сантяго де Компостела-д/Santiago de Compostela байдаг Гэгээн Жеймсийн булшинд очиж мөргөдөг. 1980-аад оны үед очиж байсан мөргөлчдийн тоо цөөн байсан бол одоо олон мянгаараа очиж бүртгүүлдэг болжээ. Энэ зам нь зөвхөн мөргөлчдийнх биш бөгөөд өөрсдийгөө сорих, спортод дуртай хүмүүс энэ замаар бас алхдаг.

Бид 10-р сарын 7-ны саргүй шөнө одод харахаар нэгэн өндөрлөгт гарч Сүүн зам үзэж билээ. Гэтэл энэ Сүүн замыг дундад зууны домог яриагаар мөргөлчдийн тоосноос үүссэн гэдэг юм байна.

Galicia/ Галисия мужийн энэ хэсэгт Centros BTT уулын дугуйгаар аялах дуртай хүмүүст зориулсан 12 төрлийн хөнгөнөөс хүнд хүртэл маршрут гаргасан байсан. Хамгийн богино хөнгөн, хөхөөр тэмдэглэсэн зам нь 7 км байсан бол хүнд, хар өнгөөр тэмдэглэсэн зам нь 44 км байсан. Эхлэх, дуусах цэгийг маш тодорхой тэмдэглэж, бүр GPS-г хүртэл бичсэн байсан. Хаана аль цэгт хэр өгсөх, буурахыг нь хүртэл газрын зураг дээр сайн тэмдэглэж өгчээ. Бид газрын зургыг аваад л замыг нь дагаад л алхчихсан. Ер нь анхааралтай явбал төөрөхгүй, бүгдэд тодорхой тэмдэг тавьчихсан байсан.

\
Таримал нарсан ойн агаар нь Хэнтий аймгийн Дадал сумын агаарыг санагуудлав.

Үе үе замд жимс тааралдахад түүгээд, идээд яваад байсан шүү. Мөн нохойн хошуу олж, жижиг уутаа дүүртэл нь түүгээд гэртээ аваад ирсэн.

Нэгэн далан замд тааралдсан нь үнэхээр сүрлэг харагдсан бөгөөд ус нь их л багассан байсан.

 Гурав дахь өдрөө нэг замыг сонгож аваад алхаж явсан чинь нэгэн эргэлтэн дээр төөрөөд явж байхдаа энэ зургыг дарсан юм.

 Голын эрэг дээр ийм нэртэй (trout) загас 23 см доош богино загас барьж болно гэж бичсэн байсан.

 Эндээс л энэ тосгоны ойролцоох жуулчдад зориулсан мэдээллийг олж авч болно. Сайхан зантай хүмүүс тайралдаж, хаана өдрийн хоол идэхийг зааж өгч билээ. Ер нь маршрут нь дандаа тосгоны төвөөс эхэлнэ. Бас бидэн шиг алхаж яваа хүмүүс замд үе үе тааралдаж байсан.

 Нэг хэсэгхэн газар амраад сууж байхдаа ийм нэгэн зураг буулгажээ.

Их өргөн гол байсан шүү Encorro do Vao. Зөвхөн ганц машин явах л зориуулалттай гүүрээр гарч байсан маш их хүчтэй салхи салхилаад л бараг аваад гол руу чулуудчих юм шиг санагдаж билээ.

Бусад зургыг энд дараад үзээрэй.

Гэртээ харих 5 цагийн гурвыг нь өөрсдийнхөө машинаар, үлдсэнийг нь таксидав. Замдаа гараад явж байтал машин маань би ер нь та нарыг гэрт чинь хүргэж өгч чадахгүй гээд бас болохоо байчихлаа. Ингээд Португалын автомашины клуб ACP рүү утасдаад, машин эвдэрснээ хэлэхэд, 1-2 цагийн дараа машиныг маань ачих машин, биднийг гэрт хүргэж өгөх такси ирнэ гэж хэлэв. Энэ байгууллагын гишүүн учраас хоёр үйлчилгээ үнэ төлбөргүй. Төлөвлөгөөгөөр бол оройн 8 цагт гэртээ ирэх ёстой байсан бид дөрөв 10 цагт гэртээ орж ирээд нэгэн богинохон амралтаа өндөрлөв.

Monday, 23 July 2018

My new hobby - needle tatting, Миний шинэ хобби

Шинэ хоббитой болчихов оо. Уул нь ч их л олон төрлийн зүйл хийдэг юм. Тэвнэ шиг гэхдээ тэрнээс урт, харин бүгд нэг хэмжээтэй, тэвнийн зүүний сүвэгч нь арай өргөн байдаг энэ хоббины зүү нь яг ижил л гэж хэлэх гээд байна л даа.
энэ линкээс зүүний зургыг харж болно

Уул нь арав гаран жилийн өмнө таттинг аргаар гэхдээ зүүний оронд челнокондоо утсаа ороогоод хийдгийг сурах гээд чадаагүй орхисон юм. Харин энэ удаад youtube-с дуртай хэлээрээ - англи, орос, итали, япон, португал, испаниар сураад авахад нэг их олон төрлийн арга байхгүй ч оролдоод үзэхэд амархан сурчих юм билээ. Миний хувьд япон хэлгүй ч япон хэлээр зааж байгаа хүмүүсийг нь хараад л хийж байгаа зүйлийг нь амархан сурчихсан шүү. Энд хийсэн зүйлүүд дотор маань цэцэг, эрвээхэй л голлож байна даа. Бас зүрх хийсэн.


Доорхи линкээр миний хийсэн бүтээлүүдийг харж болно.

https://www.instagram.com/creationmycrafty/
https://www.facebook.com/MyCraftyCreations/

Thursday, 7 June 2018

Хатгамалтай жижиг цүнх, handmade bag with embroidery

Soon school summer fair is coming and I finished my language course and I have a free time to make bags. I made a little bag with embroidery.

Охины минь сургууль зун болгоны хагас сайнд сургууль дээрээ баяр хийдэг гэж болно. Тэнд аавууд мах шарж, олон улсын хоолны өдөрлөг болж, бас зарим гар урлал сонирхдог хүмүүс өөрсдийхөө хийж бүтээсэн зүйлээ авчирч зардаг юм. Би ч бас яаж дутах вэ дээ, хэдэн цүнхээ оёод карманы мөнгөтэй болох санаатай очноо.

Ингээд хатгамалтай жижигхэн цүнх хийсэн юм. 

Tatting with needles

I think after couple of months a language course I needed some sort of new hobby to relax. Looking through on internet for inspiration I found TATTING WITH NEEDLE. It was interesting but I have to admit that my sister had a very nice earrings that made me look into this hobby. I would like to make for myself one at some time.

Of course, Youtube, Instagram or Pinterest offers so many free tutorials that I can teach myself and I went to that journey and learnt. Tatting can be applied to clothes, to household staff and you make your decisions what to do with it.




Here is the result.
https://www.youtube.com/watch?v=wbqLn8xTaGU She was my inspiration. I learnt basics and went to her tutorial and here it is.

Хэдэн сар хэлний курсэд суусныхаа дараа нэгэн хобби эхлүүлж тархиа амраах хэрэгтэй гэж бодоод ийм нэгэн Tatting гэдэг нэртэй зүү ороож ээмэг урлаж, хувцасаа гоё болгодог урлал Youtube-с сурав. Одоо ингэж байгаад өөртөө нэгэн сайхан ээмэг хийчих санаатай байна даа. Хичээлийг нь хаанаас үзэхийг энд хараарай. Англи хэл мэдэхгүй гэж бодсоны хэрэггүй. Цөөн хэдэн сурах арга байгаа. Тэрнийг нь сурчихвал ер нь ямар ч хэлээр ярьсан хичээлийг хараад сурчих юм билээ шүү. Энэ хугацаанд англи, япон, итали, испани хэл дээр видео бичлэгүүдийг харсан. Хэлийг нь биш хийж байгаа юмыг нь сурч байгаа болохоор амарсан байсан.

Тасархай болсон хүмүүс бол ёстой л гялалзуулдаг юм билээ, их ч сайхан зүйл хийсэн байсныг интернетээс олж харсан. 

Wednesday, 7 February 2018

Нүүрний арчилгаа. Шар сүү, yellow water

Дэлхий дээр алгын чинээ нүүр цэвэрлэхэд олон улсын нэртэй, мөнгөтэй компаниуд олон жилийн туршилтаараа тоолж үл барам бүтээгдэхүүнийг бидний, ялангуяа эмэгтэйчүүдийн хэрэгцээнд үйлдвэрлэж байна. Гэхдээ энэ олон нэр төрөл ихэнхдээ зөвхөн цагаан арьстай эмэгтэйчүүдэд зориулсан байдаг. Тэгвэл сүүлийн арван жилийн хугацаанд азийн эмэгтэйчүүдэд зориулсан бүтээгдэхүүнийг солонгос, японы, ялангуяа солонгос гоо сайхны компаниуд тууштай рекламдасны хүчээр барууны бүтээгдэхүүнээс илүү ази тивдээ, дэлхийн хүн амын олонх нь амьдардаг, тэргүүлэхээс гадна барууны зах зээл рүү хүчтэй түрж орж ирж байна.

Хамгийн их орлоготой гоо сайхны компаниудын тоонд Procter&Gamble, Hoevir Holdings, Unilever, LG Houselhold, L'Oréal, Natura Cosmetics, Beierdorf, Estee Lauder Companies, Kosé Corporation, Henkel нар ордог юм байна. Эх сурвалж: The Times. 12 December 2017. Энд цааш нь дурдвал дэлхий дээр гоо сайхны хамгийн их бүтээгдхүүн үйлдвэрлэдэг компаниудын эхний 14-ийг жагсаавал: LÓreal, Unilever, P&G, Estee Lauder, Shiseido, Beiersdorf, Amorepacific, Kao, LVMH, COTY, Chanel, Lbrands, Avon, Henkel. Гоо сайхны бүтээгдэхүүн нь жилдээ 445 billion америк долларын худалдааг дэлхий даяар жилдээ хийдэг гэнэ дээ.

Энэ олон тооны бүтээгдэхүүнээс өөрт таарсныг нь олж авч хэрэглэнэ гэдэг бол хэдэн сая долларын дайны талбарт ганц дайчин ганцаарддаг. Яавал дээр вэ? Миний хувьд олон жилийн хугацаанд барууны нэртэй олон компанийн гоо сайхны бүтээгдэхүүнийг хэрэглэж, хэрэглэх гэж оролдсон тэгээд яав, хэдэн жилийн өмнөөс солонгосын бүтээгдэхүүнийг туршиж үзсэнээс хойш ази юм болохоор сэтгэл дагаад ч уу их л таараад байгаа юм.

Бараг л тэдний бүтээгдэхүүн болгон миний алгын чиний нүүрний арьсанд их л таараад байдаг юм. Солонгос найзтай, бас монголчууд олноороо солонгост амьдардаг, мөн солонгосын гоо сайхны блогууд интернетээр дүүрэн байдаг болохоор ямар бүтээгдэхүүн хэрэглэх тухай мэдээлэл маш их байна.

Бас нэг асуулт гарнаа, ихэнх бүтээгдэхүүн химийн найрлагатай, энэ их химийн бодисын улаан нүүрэндээ үргэлж наагаад байх уу, аль эсвэл органик арга түлхүү хэрэглэх үү? За даа, өөрөө гэртээ хийсэн наад захын өндөгний цагаан, шартай маск хамгийн сайнд тооцогдох байх даа. Бас гэр бүлийн эдийн засагт хэмнэлттэй. Ер нь бол интернетээр энэ нь ч сайн, үүнийг хэрэглэвэл долоо хоногийн дотор үрчлээ чинь арилна, цагаан үс чинь алга болно гээд зөндөө юм тавьчихсан байгаа шүү. Тэр болгонд итгэсний хэрэггүй байхаа. Харин өөрийн амьдарч буй орчин, хоол унд, амьдралын хэв маяг энэ бүхэнд хамааралтай. Хаа холын, үгүй ядаж хар, цагаан өнгөтэй арьстай хүний хэрэглэж байгаа зүйлийг шууд дууриан хэрэглэсний хэрэггүй гэж зөвлөмөөр байна.

Нилээн их нуршчих шиг боллоо. Цөөн хэдэн өөрийнхөө хэрэглэдэг зүйлийг та бүхэнтэй хуваалцах гэсэн юм. Одооны хот суурин газрын иргэд болсон бид нар тараг бүрдэг болж байна. Гэртээ бүрсэн таргаа хааяа нэг нүүрэн дээрээ хэдэн минут тавьчихад нүүр чинь зөөлрөөд л ирнэ. Ялангуяа дөнгөж бүрэлдсэн таргыг өлөн элгэн дээрээ уух сайн гэдэг шүү.

Таргаа буцалгаад аарц гаргаад авчихна. Шүүгээд шар сүүгээ мөс хөлдөөгчид хийгээд хөлдөөгөөд оройдоо нүүрээ цэвэрлэснийхээ дараа хөлдсөн шар сүүгээрээ нүүрээ, хүзүүгээ, гараа үрчихвэл бас нэг гоо сайхны арга. Өөрийнхөө бичсэн энэ постыг та бүхэнтэй хуваалцая.

https://www.facebook.com/photo.php?fbid=10213870665134056&set=gm.1791845194442357&type=3&ifg=1

Ийм аргаар бас ногоон цайг хөлдөөгөөд нүүрээ үрж болно шүү. Нэг аяга халуун усанд нэг цайны халбага ногоон цай хийгээд хөргөөд, хөлдөөчихөөрэй. Бас нэг нь сүү хөлдөөгөөд арчдаг гээд биччихсэн байсан. Би бол энэ аргыг туршиж үзээгүй байна даа.

Элдэв янзын химийн бодис хэрэглэж байхаар болж л өгвөл органик аргаар сайхан харагдаж, сэтгэл өөдрөг алхаж яваарай, бүсгүй минь.


LinkWithin

Related Posts with Thumbnails

LinkWithin

Related Posts with Thumbnails