Sunday 29 August 2010

Ж.Бямба, Эргэх хорвоогийн жам

Саяхан сарын хугацаагаар төрсөн нутагтаа очоод ирлээ.  Есөн жилийн дараа хийсэн аялал маань долоохон хоногийн өмнө дууссан юм.  Монголд байх хугацаандаа нэг их амрах тухай биш харин цаашид хийх судалгааныхаа ажилд хэрэгтэй ном худалдаж авах, таньж мэддэг хүмүүсээс аавынхаа тухай асууж лавлах гээд амрах чөлөө бараг гарсангүй. 

Энэ аяллын маань нэг зорилго бол Сэлэнгэпресс хэвлэлийн газрын ерөнхий редактор Ч.Наранцэцэгтэй уулзах явдал байсан юм.  Түүнээс тухайн хэвлэлийн газраас аавын гурван роман болох  Хорвоогийн Өнгө, Энэрэлгүй Хорвоо, Үнэний Хорвоо хэрхэн зарагдаж байгааг лавласан юм.  Романууд гайгүй зарагдаж байгаа, дахин хэвлэсэн тухайгаа ч хэлсэн.  Наранцэцэг номын дэлгүүрүүдээр орохдоо ном хэрхэн зарагдаж байгааг худалдагч нараас сураглахад, ихэнхдээ романуудыг мэддэг хүмүүс худалдаж авдгыг хэлж өгдөг гэж билээ.

Ч.Наранцэцэг

2006 онд Ч.Наранцэцэг миний ээж М.Сэндэнтэй гэрээ хийж аавын гурван романыг хэвлэх зөвшөөрөл аваад хэвлүүлжээ.  Түүний дурссанаар бол, Монгол орон нэг намын системд байх үед уншигчдын гар дээр очиж, тухайн үедээ бестселлер болж байсан номнуудыг дахин хэвлэж уншигчдын гарт хүргэх зорилготой гэнэ.  Ингээд миний ээжийг хэдэн сарын туршид ёстой л мөрдөн байцаагч шиг хайж байж олж авсан гэнэ билээ.  Наранцэцгийн уйгагүй эрэн сурвалжилсны хүчинд гурван хорвоо хэвлэгдэн уншигчдын гар дээр дахин очжээ.

Ж.Бямбын гурван хорвоо- Хорвоогийн Өнгө, Энэрэлгүй Хорвоо, Үнэний Хорвоо

Хорвоогийн Өнгө роман бол аавын бичсэн анхны роман байсан юм.  Я.Баатар ахын хэлснээр бол Улсын их Дэлгүүрийн зүүн талын номын дэлгүүрт очиход нь урт дараалал үүсэн дорхноо зарагдаж дууссан гэдэг.  Анх 1971 онд хэвлэгдэж, тухайн үедээ буруу үзэл суртал, өнгө мөнгөний хорвоог өөгшүүлсэн зохиолын тоонд орж, МАХН-ын бүгд хурлаар хүртэл нэр заагдан шүүмжлэгдэж байсан зохиол билээ. Энэ бол аавын анхны монголын утга зохиолын ертөнцөд тэсрэлт хийсэн анхны роман байсан юм. Үүн дээр нэмж хэлэхэд, анхны тууж болох Талын цэцэг нь Ардын хувьсгалын 40 жилийн ойд зориулан зарласан үргэлжилсэн үгийн бүтээлд шалгарч 2-р байранд орж байсан юм. Тэгвэл анхны роман нь уншигчдын дунд бестселлер болсон.

Энэрэлгүй Хорвоо роман 1980 онд 28 000 хувь хэвлэгдэж мөн адил эрэл сурал болдог номыг нэг байсан.  Тухайн үедээ 4 төгрөг 20 мөнгөөр зарагдаж байжээ.  Уг роман аавыг Москва хотын Горькийн нэрэмжит утга зохиолын дээд сургуульд суралцаж байхад хэвлэгдэж Улаанбаатарт байгаа биднийг хоёр жил тэжээсэн ном билээ.

Үнэний Хорвоо роман 1984 онд хэвлэгдэж аав бид тавыг \ээж, дөрвөн хүүхдээ\ номны мөнгө буусан гэж Москва ресторанд хоол идүүлснийг би санаж байна.  Уг номын мөнгөөр надад мөнгөн бөгж, хүзүүний зүүлт авч өгсөн нь одоо ч надад бий.

Үнэний Хорвоо роман хэвлэгдэхэд дахин бестселлер болсон юм. Бас ч үгүй тэр үедээ анх удаа монголын нийгэмд оршиж буй бэртэгчин, зальжин, хүүхэн эргүүлсэн, мөнгөний төлөө явдаг сайд нарыг шүүмжилсэн роман болж НТХ-ны тогтоолд орж, "Үнэн" сонин тус романы тухай шүүмж бичих даалгаврыг утга зохиолын шүүмжлэгч нарт өгч байсан зохиол юм.


Зүүн гараас: С.Байгальсайхан, Д.Цэдэв, ээж, Ч.Наранцэцэг, би

Тухайн үед Монголын Зохиолчдын Холбооны дарга байсан Д.Цэдэв ахын яриагаар бол Барилгын Яамныхан Намын Төв Хороонд гомдол гаргахдаа, манай яамны сайдын өрөөг яг биччихсэн байна гэсэн гэдэг.  Уг романд Барилгын яамны орлогч сайд Мондоон, түүнийг хүрээлэн буй бялдууч нарын тухай гардаг юм.  Уул нь орлогч сайд биш жинхэнэ сайдын тухай бичих гэхэд нь төрийн сайд намын үзэл сурталд таараагүй үйл хийж болохгүй гэж хэлүүлээд аав романдаа орлогч сайдын дүр бүтээжээ.  Д.Байгальсайханы \Улаанбаатар Их Сургуулийн захирал\ дүгнэлтээр бол уг роман аавын гурван хорвоогоос үг хэллэг, найрлагын хувьд хамгийн сайн болсон гэж надад хэлсэн.  Иймээс аавын романууд монголын уран зохиолын ертөнцөд том байр эзлэдэг юм.

Энэ роман хэвлэгдэн гарсны дараа сайд, дарга нарын гол дүрийг Д.Гармаагийн "Зааны ясан өргөө", Доржготовын "Тэнгэр дуугарахын өмнө" зэрэг романууд бичигдэх боломж олд

Шинэ онд Сэлэнгэпресс хэвлэлийн газар аавын Заяа Тавилан романыг хэвлэх гэж байна.  Уг романд Эрдэнэт хотын бүтээн байгуулалтанд оролцож залуучуудын амьдралыг харуулсан байдаг юм.  Аав романаа Учралт Хорвоо гэж нэрлэх байсан боловч найз нар нь "Чи дандаа л Хорвоотой нэр өгч байх юм гэж" ятгаснаар Заяа Тавилан гэдэг нэртэй хэвлэн гаргаж билээ.  1989 онд энэ роман хэвлэгдэхэд нилээд хэдэн Заяа, Тавилан нэртэй номнууд хэвлэгдэж гарахад аав бухимдуухан байсан юм.  Ямар сайндаа л өөрийнхөө бодож явсан нэрээ л өгдөг байж гэж халаглаж байхав дээ.

Заяа Тавиланд хорвоотой нэр оноосон оноогоогүй аавыг хүмүүс аль хэзээний "Хорвоо Бямба" гэж дууддаг болчихсон байсан үе л дээ.  Өөр нэг "хорвоо" гарчиггүй өөр нэг роман бичсэн нь Их Аяныхан байлаа.  1977 онд хэвлэгдэн гарч уншигчдын дуртай нэгэн роман болж чадсанаар барахгүй, тээврийн жолооч нарын тухай бичсэн анхны томоохон бүтээл болсон юм.  Ч.Давгадорж ах, энэ романыг ажилчин ангийн дүрийг бүтээсэн чанартай зохиол болсон гэж үнэлсэн.
Аав минь амьдралдаа таван роман бичсэнээс 2 нь тухайн үедээ маш том шуугиан тарьж, бусад гурав нь бестселлер болж байсан юм. Үүгээрээ ч Зуун дамжигдан уншигдаж буй романы тоонд орж, аавын монголын уран зохиолын түүхэнд оруулсан хувь нэмэр нь одоогоор бага ч болов бичигдэж байна.

No comments:

Post a Comment

LinkWithin

Related Posts with Thumbnails

LinkWithin

Related Posts with Thumbnails