Энэ жил Португалийн өвөл маш дулаахан болж байна. 1-р сарын 3-нд Римээс буцаж ирэхэд 20 хэмийн дулаантай байсан юм. 12-р сарын дунд хүртэл ч иймэрхүү л байсан. Яг л монголын зун шиг. Бороо нь бага шивэрсэн. Үүнээс үүдээд усны нөөц нь багасч байх шиг байна даа. Өвөл л юм болохоор үе үе хүйтэн салхи салхилж пальто мөрлүүлнэ.
Дулаан байгаа ч гэсэн хүүхэд ханиад томуу хүрэх нь энүүхэнд л байна. Гурван долоо хоног дараалан хоёр охиноо ээлжлэн гэртээ харж байна. Эхлээд бага нь долоо хоног гэртээ, дараа нь том нь, энэ долоо хоногт бага нь дахиад л... Сургууль, цэцэрлэгээр дүүрэн л ханиад... Өвөл юм чинь яалтай ч билээ дээ.
Жам юм болохоор миндалийн мод цэцэглэжээ. Бага охины цэцэрлэгийн хажууд байдаг, өөдөөс харсан хөршийн мод цэцэглээд цагаан цэцэгс нүд баясгана. 8-р зууны үед ч билүү дээ арабаас авчирсан португалийн хааны гүнж цасаа санаад, санаа алдаад байхаар нь хаан хайрт бүсгүйдээ цас авчирч чадахгүй ч хоёрдугаар сард миндаль цэцэглэг гэж модыг нь тарьсан түүх байдаг.
Амьдралынхаа арван жилийг энэ оронд өнгөрүүлэхдээ цас миний амьдарч буй газарт орохыг ганц л удаа харсан юм. Уул нь хойт зүг рүүгээ цас өвөлдөө ороод, сургууль, цэцэрлэг, албан газрууд хаагддаг л даа. Монголд тэгвэл бараг 9 сар хамаг юм хаагдана даа.
Нохойгоо зугаалуулаад ирж явтал гудамжны эхэнд байдаг айл жүржээ түүж байсан. Одоо ч дэлгүүрээр жүрж зарагдаад, шүүсийг уухад сайхан байна даа. Урд зүгийн жүрж амттай, сайхан чихэрлэг. Аль ч улиралд эндхийн зоогийн газруудад дөнгөж шахсан жүржний шүүс зарна. Уул нь нэг л газраас ирж байгаа жүрж 1.50 центээс 4 евро хүртэл үнэтэй байдаг юм. Томхон нэг жүржнээс тал стакан шүүс гарна. Эрүүл байя гэвэл уугаад л байхаас яахав. Бөөн витамин С. Гэхдээ жүржний витамин С-ний хэмжээ киви жимснийхэд арай л хүрэхгүй.
No comments:
Post a Comment