Tuesday 12 October 2010

Ном унших хобби мөн үү

Саяхан би португал хэлний курсэд элсээд, эхний хичээлдээ очлоо.  Энд амьдардаг гадаад хүүхнүүд, ганц залуу нийлээд арваад хүн нэг ангид оржээ.  Багш маань гэж нас намбатай, мозамбикт төрсөн, харин 1974 оны Португалд гарсан хувьсгалын дараа тус орон колони орнуудаа алдахад эцэг эхийнхээ төрсөн газар амьдрахаар ирсэн нэгэн байлаа.

Хичээл эхлээд бид өөр өөрсдийгөө танилцуулахдаа хаана төрсөн, юу хийдэг, яагаад португалд ирж амьдрах болсон мөн юу хийх дуртай тухайгаа португалиар ээрэн байж, алдаа мадагтай ярьж гарсан юм.

Бараг бүгд л миний хобби бол ном унших гээд л байх юм.  Миний хувьд үүнтэй санал нийлсэнгүй, яагаад гэвэл хүн болгон өөрийгөө хөгжүүлж, сэтгэн бодож байхын тулд заавал ном уншиж байх хэрэгтэй.  Гэхдээ зөвхөн уран зохиолын ном уншихдаа гол нь биш л дээ.  Хэрвээ уран зохиолын номыг уншихдаа зөвхөн тухайн үйл явдлыг цаашид хэрхэн өрнөхийг мэдэхийн тулд биш харин зохиогчийнх нь үг хэллэгийг хэрхэн сонгосныг олж авах нь чухал л даа.

Миний хувьд бол уран зохиолын өгүүллэг, тууж, роман голлон уншаад байх нь бараг байдаггүй.  Хэдийгээр аавынхаа хэдэн романыг болон бусад монгол болон гадаадын алдартай романуудыг уншсан боловч түүх, хүмүүсийн намтрыг илүү унших сонирхолтой байдаг юм.

Би ганц номын дуустал нь уншаад дараачийн номыг авч уншдаггүй.  Ялангуяа манай гэрийн өрөө болгонд л миний уншиж буй номнууд бий.  Одоогоор, түүхийн холбогдолтой англи, монгол хэлээр хоёр ном, монголын зохиолчдын дурдатгал, монголын зохиолчдын өгүүллэгийн түүврийг уншиж байна. 

Харин ном уншаагүй цагаараа бол юм оёох их дуртай, бүр хэтрээд байгаа юм.  Би бодохдоо их дэмий хобби гэж боддог юм.  Яагаад гэвэл зүв зүгээр байсан даавууг жижигхэн жижигхэнээр тайрч хаяад буцаагаад зүйж оёдог юм.  Энэ хоббийг эхэлсэн нь бас учиртай.  Нэгэн бяцхан түүх сөхөхөд, дөрвөн жилийн өмнө том охин маань төрөхөд энд амьдарч байсан нэгэн англи хүүхэн охинд маань зүймэл ширдэг гэж хэлэх юм уу даа, бэлэглэсэн юм.  Түүнээс үүдээд би нээрээ оёож чаддаг юм чинь үзээд алдая гэж бодоод, салахаа больсон.

Найман жилийн өмнө Лиссабонд амьдарч байхад нэгэн иран хүүхэнтэй танилцаж түүгээр шилэн дээр буцахыг заалгасан юм.  Ер нь бол өөрөө сэтгээд будах чадвар надад байхгүй л дээ, харин хүний зурсныг бол дуурайгаад зурчихдаг байсан маань энд их хэрэг болсон юм.

За бас нэгэн солонгос найзаараа азийн бийрээр зурдаг аргыг заалгаад эхэлчихсэн байсан чинь найзын маань энд амьдрах хугацаа дуусаад Өмнөд Солонгос руугаа буцчихсан.

Бүр багаасаа юм нэхдэг байж билээ.  Хүүдээ нилээд хэдэн ноосон цамц нэхэж өгсөндөө.  Харин одоо охиндоо нэг цамц нэхэх гээд бараг сар болж байна.  Уул нь зурагтны өмнө суухдаа л хийдэг ажил л даа.

Зурагт үзнэ гэснээс, мэдээ сонсоод л болдог байлаа.  Уул нь бол би дээр үед радио телевизийн сэтгүүлч хийж байсан түүх бий л дээ.  Хэдэн жил зурагтгүй амьдарсны дараа нөхөр маань нэгэн төрсөн өдрөөр минь зурагт бэлэглэснээр хааяа хааяа кино үзэж цагаа нөхцөөдөг боллоо. Бэлэглэх болсон учир нь бол хүн болгонд дэлгээд байж болохгүй түүхтэй юм.  Харин одоо олон ангит кино үзээд салахаа больсон.  Ер нь бол ерөөсөө үзэх дургүй.  Долоо хоногт хоёр цаг зурагтны өмнө сууна гэдэг маш их цаг дэмий өнгөрч байна гэсэн үг л дээ.  Үүний оронд харин ном унших, юм оёох, бичих гээд ажил хийвэл хайран үнэтэй цаг гэж сүүлд нь амаа барихгүй л байх болов уу даа.

Ер нь ном унших бол миний хобби биш, харин нүд харж байгаа цагт заавал хийж байх ёстой зүйлийн нэг нь юм. 

No comments:

Post a Comment

LinkWithin

Related Posts with Thumbnails

LinkWithin

Related Posts with Thumbnails