Monday, October 30, 2017

Амралт дууссаан

Энэ зун хоёр сар Монголдоо амраад ирсэн. Байгаль дэлхий үнэхээр гайхамшигтай. Хараад хараад баймаар сайхан байгаль. Хаана ч очсон жуулчдын бааз. Нэг бодлын сайхан ч юм шиг, үгүй ч юм шиг. Орчин үеийн зам харгуйтай болчихвол үнэхээр хэн хэндээ амар хялбар. замдаа хамаг цагаа үрэхгүй амрах боломжтой болчихмоор л юм. Даанч төр нь төвөгтэй ард түмэнд үнэхээр тийм хялбар арга олдохгүй байна. 

Мөн зуны гурван сар хүрэхтэй үгүйтэй жуулчны улирал нь тэр болгон жуулчид татаад байж чадахгүй. Бас МИАТ-ын нислэг нь үнэтэй гээд тоочоод байвал их л хэцүү байх юм даа. Тэглээ ч гэсэн монгол ругаа гэсэн сэтгэлээр харийн газар амьдарч, ажиллаж, сурч байгаа нь очих юм. Монгол гэдэг орныг нэг үзчихье гэсэн гадны хүмүүс нь цөөн ч гэсэн энэ хэдэн сард нь багтаад үнэтэй ч гэсэн очихыг бодох юм даа.

Мойлтын тохой сувилал

Энэ удаагийн амралт Мойлтын тохой гэдэг Тэрэлжид байдаг гүүний саамны сувилалаар эхэлсэн юм. Тэнд таван хоногийг гүүний саамыг шууд зэлэн дээр нь ууж монголоос өөр хаана ч байдаггүй гэдэг амин дэмүүдийг авахыг оролдлоо. Дүнзэн байшинд нь орье гээд очсон чинь үнэхээр тоос шороонд дарагдсан хэцүүхэн байр байлаа. Гүйж харайж, гуйж гувшиж люкс гэдэг өвлийн байрных нь өрөөнд нүүж орцгоов. Яахав гэдэс ходоод эвгүйтвэл ариун цэврийн өрөө нь хэдхэн алхмын цаана юм даа. Хоёр хүүхэдтэйгээ ганцаараа нэг өрөөнд ороход ганц банны алчуур тавьж өгөх юм. Хүний тоо хамаагүй юмуу аль эсвэл цэвэрлэгээ, алчуур тавьж өгдөг хүмүүс нь ажлаа мэддэггүй юмуу бүү мэд. Би ч өөрийн алчууртай явсан болохоор гуйж гувшсангүй.

Сувилалд яваа хүмүүс эрүүл хоол идэх ёстой биз дээ. Тогооч нь муу юмуу, аль эсвэл сувилал нь амрагч нарынхаа хоолонд анхаардаггүй юмуу, гурилтай хоол үнэхээр их өгсөн дөө. Уул нь бол гурван хорын нэгэнд гурил ордог юм. Мойлтын тохой сувилал энэ талаар боддоггүй юм байна. Нэгэн орой хажуу ширээний нэг эгч шал өөр юм идээд байнаа. Асуулаа. Тэгсэн чинь бор будаатай гм хоолыг тусгайлан захиалж иддэг гэж байна. Үгүй ийм хоол байдаг гэдэг хэлээд өгчих хүн олдоогүй, эмч, сувилагч байсангүй. 

Ганц нэг амрагч үнэхээр дээрэлхүү, соёлгүй, бас архи хэрэглэж байсан. Харин орой нь зарим хүмүүс ганган хувцасаа өмсөөд бүжгэнд орж байна лээ. Би бол нэг оройг суганыхаа булчирхайг цочтол ширээний теннис тоглож билээ. Дандаа хожигдож байсан ч үнэхээр л хорхойгоо гартал тоглосон шүү. 


Тэнд ажиллаж байгаа барианы эмч нарыг маш их өрөвдсөн. Өглөөнөөс авахуулаад орой хүртэл хүн барина. Цайны цаг гэж хэдэн минут амардаг байхаа. Бариа заслын өрөө бол ерөөсөө үйлдвэрлэлийн дамжлага гэж хэлж болно. Нэг жижигхэн өрөөнд эрэгтэй, эмэгтэй ялгахгүй хувцас хунараа тайлаад л шууд бариандаа орно. Үнэнийг хэлэхэд би бол ичээд эвгүй л байсан. Бодвол тэгэж байгаад сувиллын удирдлага үгүй ядаж эрэгтэй, эмэгтэйгээр нь тусгай өрөө гаргах байлгүй дээ.



Мойлтын тохой амралтын тухайд бол нэг иймэрхүү. Та бүхэн тийшээ явж сайхан амарч сувилуулаарай гэж би бол уриалж чадахгүй юм билээ. Энэ бол зөвхөн миний л ажиглаж, надад л тохиолдсон явдал. Бусад хүмүүст таалагдаж, сайхан байсан бол болж л байна.

Амарбаясгалант
Амарбаясгалант хүрэх зам үнэхээр амаргүй юм билээ. Хэзээ нэг сайхан замтай болно доо. Ялангуяа хийд хүрэх сүүлийн 25 км бол ёстой үгэээ хэлмээр зам байна билээ. Энэ хийд бол монголчууд битгий хэл гадаадынхан очдог газрын нэг аялт ч үгүй мөн. Гэтэл нөгөө арай гэж хэд хоногоор ирсэн хүмүүсийн цагийг бол идэж өгдөг зам даа. За гэлдэрсээр хэд хонох If Tour жуулчны баазад ирлээ. Яг хийдийнхээ баруун талд байрладаг юм билээ. Үнэхээр л эднийд л очиж байгаарай гэж хэлмээр байна. Содон, чихэнд чимэгтэй нэртэй, ажилсаг эмэгтэй ажиллуудаг шүү.

Дүнзэн байшинд тав хоноход сайхан байсан, боломжийн зайтай. Тусад нь Тэрэлж Лоджийн байшингийн тухай бичнэ.  Үнэ нь 70,000 төгрөг байлуу даа. Харин өглөө, орой, өдрийн хоолоо нэмж захиална. Тогооч нь цөөн тооны ч гэсэн амттай хоолтой, хэрвээ шинэ тараг авья гэвэл хийгээд л өгнө. Ариун цэврийн өрөө нь тусдаа байшинд ч их цэвэрхэн. Үргэлж цэвэрхэн байсан гэхдээ нэг өдөр нэг нь бөглөрснийг тооцохгүй бол сайн ажиллаж байсан. 

Амарбаясгалант хийдийн лам нар бидний очих үеэр Ганжуур, Данжуур уншиж байгаатай дайралдаж хуралд нь даган баяслаа. Төвд хэл ойлгох юм биш яахав дууг нь сонсож сэтгэлээ баясгав. 

Хийдийнхээ хойно хоёр суврага шинээр барьсан байна. Олон хүний хандиваар боссоныг харуулсан самбар бас тавьжээ. Гэтэл тэр  суварга нь сүндэрлээд олон жилийн нүүр үзэхгүй чанар муутай юм билээ. Энд тэндгүй будаг нь халцарсан, хавтан нь унасныг хараад хүний мөнгийг авч чадсан ч чанартай юм хийгээгүй, салхинд хийсгэж байгааг хараад нилээд харамслаа. Монголчууд маань урд хөрш шигээ хүний нүд хуурах юм хийдэг болсныг олон зүйлээс ажиглаж явсан. Харамсалтай л вм. Хүний ч бай, өөрийн ч бай хайран мөнгийг амархан урсгаж байна билээ.

Хийдийг үзэж байхад монгол битгий хэл гадаад хэлээр ч тайлбар байсангүй. Үгүй ядаж ганц ч гэсэн өгүүлбэр тайлбар бичээд тавьчихад юу нь болохгүй байх вэ дээ. Сэтгэл л гэдэг энэ байхдаа. 

Ямарч дуунд байдаг билээ дээ, хонь нь асгасан сувд шиг гээд... Гэтэл хуванцар савнууд үнэхээр энд тэндгүй арай л асгасан сувд гэж хэлэхэд хэцүүгээр хэвтэнэ. Хайран эх орон минь ухаан богинтоны гайгаар хуванцар саваар дүүрчээ. Ер нь монголд хог хаягдлыг дахин боловсруулах үйлдвэр байдаг биш, хуванцар савтай, ялангуяа хүнсний зүйл үйлдвэрлэхийг хориглох хэрэгтэй гэж бодож явав. Химийн бодисоор хийгдсэн болохоор хүний биед хортой бодистой, тэгээд ч байгаль дэлхийд шингэх нь бараг байхгүй хуванцар саваар яанаа. Үнэтэй, хүнд ч гэсэн шилэн савтай бүтээгдэхүүн хэрэглээд явж байвал зүгээр юмуу даа. 

Хогоо хийх жижигхэн хашаа хааяа нэг тааралдана, тэрнийг нь хувиараар ирж ачаад явдаг шинж алга, хашаанаасаа даваад, хаа сайгүй л хэвтэхээс гадна салхинд хаашаа ч хамаагүй хийсэн одож байх юм даа. 

Дуган Хад амралт

Үнэхээр байгалын сайханд цохицон байдаг энэ амралт байгаль сайхантай ч, тэрэндээ таарсан үйлчилгээ байсангүй. Гэрт байрлана гэж очсон боловч бороо ороод, хүйтэн байсан учир люкс гэдэг өрөөнд нь орлоо. Шинээр барьсан болохоор цэвэрхэн юмаа. Гэсэн хэдий ч ариун цэврийн өрөөг бол нилээд сайн цэвэрлэх хэрэгтэй болсон байсан. Тэрнийг нь цэвэрлээд сүйд болж байгаа ч юм алга. Очиход хүний 120.000 төгрөг төл гэж байсан. Хүнийх шүү, өрөөнийх биш. Уул нь бол Европын зарим одтой болсон буудлуудад өрөөний мөнгө төл гэдэг юм. Ямар оюутны буудал биш шүү дээ. Буудлууд хэдэн хүн нэг өрөөнд унтаж болохыг заачихсан байдаг. Гэтэл монголд ийм юм байдаггүй юм байна. Уул нь үнээ дагаад бас чанар, үйлчилгээ байх ёстой биз дээ. Гэтэл тийм юм ер нь үзэгдсэнгүй. 

Өглөөний цайндаа орлоо. 2 том хүн, хоёр хүүхэд шүү дээ. Орчин үеийн жирийн л гэр бүлийн тоо. Гэтэл буудлуудад өгдөг нэг ширхэг жижигхэн масло, нэг ширхэг жижиг гурвалжин бяслаг, хоёр ширхэг жижигхэн жимсний чанамал тавьсан байна. Үйлчлэгч охиноо дуудаад, масло нэмж авья гэсэн авчирч өгөхгүй байж байж нэмж өгөв. Яасан гэсэн чинь би хүнийх нь тоогоор тавьсан гэнээ. Тэр нэг жижигхэн масло дөрвөн хүний ганц ганц ширхэг талханд хүрэхгүй биз дээ. 

Гэхдээ захирал бүсгүй нь тусгайлан хуушуураар тэнд байсан хүмүүсийг дайлсан. Тэрэнд нь ч бид баярласан. Танайд тараг байгаа юу гэтэл байхгүй гэнэ. Уул нь бол амралтын газар, монгол, сүү тарагтай баймаар даа. Амарбаясгалант шиг та шинэ тараг авбал ав гэж хэлэхгүй юм билээ. Байхгүй тэгээд л болоо.

Нэгэн хэрэг мандлаа. Бага охины шүдний сойзны таглаа угаалтуур луу уначихлаа. Нөгөө охин нь таглаагаа нэхээд уйлаад байх юм. Аав нь оролдоод авч чадсангүй. Буудлынханд хэллээ. Нэг хүн ирж үзсэнээ заавал бүггдийг онгойлгож байж авахгүй бол болохгүй гэнэ. За за яршиг гээд орхичихлоо. Хот руу буцах болоод буудлаас гарч явсан чинь менежер нь 20.000 төгрөг төл гэж байна. Яагаад гэсэн чинь та нарын унагаасан сойзны бөглөөг авах хөлс гэнэ. Уучлаарай би төлөхгүй л гэлээ. Яагаад гэвэл тэр угаалтуурт байх ёстой бөглөө нь байгаагүй юм. Тэр байсан бол би яалаа гэж юмаа унагаах вэ дээ. Ажлаа, чанартай хийж чаддаггүй хүмүүсийн алдаанаас би яасан гэж бас илүү мөнгө төлөх вэ дээ. Менежер нь, манай монгол амрагчид юм эвдэгдэхдээ сайн гэнээ, зочид буудал битгий хэл гэрийн эд зүйлс эвдэрч хэмхрэх нь байдаг харин тэрнийгээ цаг алдалгүй засаад явчихвал хэн хэнийгээ буруутгахгүй шүү дээ.


За тэгээд хоёрхон хоногоор ирсэн болохоор ойр хавиар нь зугаалж байгаад буцаад хот руу гомдолтойхон буцсан. 

Дараачийн зогсоол...

Тэрэлж Лодж

Дуу алдмаар сайхан байгаль биднийг угтсан. Үнэхээр сүрлэг уулсыг нь харан харсаар байгаад буцсан. Дахин дахин очмоор сайхан тохой байна билээ. Тэнд бол ёстой жуулчид оволзож байна. Солонгосууд бол автобус автобусаар л бууна. Энэтхэг, Турк, Япон,Европынхон...  Ажилчид нь бол бараг л 24 цагийн ажилтай. Хүн хэрхэн ажилладагыг тэнд харж болноо. Даанч жуулчид нь ихэнхдээ ганц хоногоор ирнэ. Тэдний ор дэрний даавууг явсан даруйд нь авч угаана. Ус бол тонн тонноороо өдөртөө зарцуулагдаж байсан. 

Ариун цэврийн өрөө бол үнэхээр цэвэрхэн. Та нар бодвол Monsters Inc гэдэг хүүхэлдэйн кино үзсэн биз дээ. Тэнд ГАДНЫ БИЕТ гээд л үргэлж цэвэрлээд яваад байдаг даа тэрэн шиг л 00-н өрөөнд орсон хүн болгоны араас нэг цэвэрлэгч эмэгтэй шууд орж цэвэрлээстэй. Дарга нар нь тэр эмэгтэйн ажлыг сайн үнэлж байгаарай л гэж хэлмээр юм билээ. Хааяа дэлгүүр хэсэхээр худалдагч нар нь шууд ирээд л таны гар хүрсэн хувцас болгоныг янзлаад яваад байдаг шиг... Тэр эмэгтэй таны араас шууд орж ирээд л дараагийн хүн хэрэглэхэд цэвэрхэн болчихсон байна. Үнэхээр бахархмаар.


Гэтэл шахмал байшингийн ДҮНЗЭН биш шүү хоногийн үнэ 170.000 төгрөг. Хүний тоогоор биш шүү. Энэ үнэ нь бас тэр хавьдаа гайгүй ҮНЭ гэнээ. Үгүй ядаж зайгаа томсгоод ийм үнэ асуу л даа. Амарбаясгалантад хэтэрхий даварсан юм болов уу. Улаанбаатар хотоос хол болохоор үнэ нь хямдхан юм уу гээд олон асуулт ар араасаа цуварч толгойгоо гашилгасан шүү. Тэр Тэрэлж гэдэг газар чинь хүн шулдаг юмуу гэж бодмоор юм билээ. Хоёр өргөн орны дунд нэг кофены ширээ тавиад л болох зайтай тэр жижигхэн байшин 170.000 төгрөг. Мэдээж дээрээс нь өглөө, өдөр, оройн хоолоо төлнө. Уул нь бол өглөөний хоол ихэнхдээ, ялангуяа ийм үнэтэй газруудад багтчихсан байдаг даа. Үгүй шүү.

Хоол нь сайн байсан. Гэр рестораны залуу үнэхээр тусархаг, хүнд үйлчилж сурсан залуу байсан. Ажилчид нь ч сүрхий, хурдан шаламгай. За тэгээд та нар өөрсдөө очиж амрах эсэхээ мэднэ биз. Цомцог гэдэг гэр нь 240.000 төгрөг байлуу даа. Энэ үнийг чанар, үйлчилгээ дагаад ирвэл төлөхөд яах вэ. Даанч тэр үйлчилгээний чанар бас байхгүй л байсан даа. Би хэтэрхий их юм хүссэн юм болов уу даа.

Бас нэг дурдахгүй орхиж болохгүй зүйл бол энэ бүх аяллыг хийхэд нэгэн дүү маань жолооч олж өгсөн юм. Их сүрхий, ажилтай, цаг баримталдаг, машин нь цэвэрхэн, жуулчдад үнэн сэтгэлээсээ үйлчлээд сурчихсан залуу байсан. Бидэнд бас зааж зөвлөж, санал болгож байсанд нь бид үнэхээр баярласан. Хэрвээ жолооч хэрэгтэй болбол холбогдоорой хө.

Blue Sky

Шангри Ла-д санаархсан ч түрийвчинд байгаа мөнгө хүрээгүй учир, за за дараа нэг нартай өдөр байдаг биз дээ гээд Blue Sky зочид буудалд хоёр хонож үзлээ. Цэвэрхэн, үйлчилгээ сайтай, ажилчид нь ч бас олон одтой буудлын үйлчилгээнд суралцсан байсан. Өрөө нь цэвэрхэн, ор нь тухтай байсан.

Өглөөний хоол бол үнэхээр сонирхолтой, амттай. Ааруул, бууз байсан шүү. Зөвхөн монголд шүү. Хар өглөөгүүр бууз иддэггүй хүн бууз идээд л, даанч хоёр дахь өдөр нь бууз нь байгаагүй. За яахав яахав. Саунд нь сууж, хүүхдүүд маань бассейнд нь тоглож, хэтэрхий их чимээ гаргасан л даа. Ганц хоёр хүн тэнд байсан, тэднээс санаа зовж л байлаа. Гэхдээ хүүхэд бол хүүхэд л шүү дээ. Тэд аз жаргалтай байхад, эцэг эх нь ч бас аз жаргалтай даа.

Миний хувьд бол Хонх хамтлагийн нэгэн дуунд  "Албан тасалгааны цонхоор амьдрал сайхан харагдана аа" гэдэг үг байдаг даа. Тэрэн шиг албан тасалгааны, зочид буудлын, баарны, рестораны цонхоор Улаанбаатар сайхан харагданаа. 

Хоёр сарын хугацаанд арван жилийн найзууд, оюутан цагийн найзууд, саяхнаас танилцсан найзууд болон хамаатан садан, танилуудтайгаа уулзаад энэ зуныг сайхан өнгөрөөлөө. Дараа дахин уулзалтлаа баяртай.


Б.Жавхлан, Португал.  2017

Жич: За уншигчид минь бид 21-р зуунд амьдарч байна. Зохиогчийн эрх гэж юм байдаг юм шүү. Гэрэл зураг, нийтлэлдээ би зохиогчийн эрхтэй. Бусадтай хуваалцахыг зөвшөөрч байгаа ч зохиогчийг нь дурдаарай хөө. Баярлалаа




No comments:

Post a Comment

LinkWithin

Related Posts with Thumbnails

LinkWithin

Related Posts with Thumbnails