Wednesday 25 May 2011

Аавын тухай Ш.Сүрэнжав ахын бичсэн нь

 
Жигжидийн Бямба нүүр номоор зочлоорой   


Шаравын Сүрэнжав, Мартаж болшгүй он жилүүд. Интерпресс, 2000, хх 157-164

Хорвоогийн өнгийн эрт таньсан анд минь

Ж.Бямба бид хоёр анх зодолдож танилцсан билээ.  Угаасаа ч хоёулаа хэлбэл хэлж, хэрэлдвэл хэрэлдэж байж учраа олох хурц цолгин зантай улс байж.  Их ч залуухан, жараад оны эхээр юмсан. Ленин клубын арын цэцэрлэгт жаахан юм хувааж балгацгаалаа. Бие биеэ сургаар л мэднэ. Тэгсэн чинь нөгөөх маань нэлээд халчихаад:

- Би ерөөсөө Монголын Шолохов л болно. Та нар юугаа мэддэг юм бэ гээд ногоо шарр шарр хийтэл зулгаагаад өнхөрч байдаг юм байна. 

- Очиж, очиж Шолохов шүү. Арай наана юм аманд нь орсонгүй юм болов уу. Энэ ер нь яасан их юм бодож явдаг шижээргүй эр вэ гээд дургүй хүрч суулаа.

Түүнээс хэдэн жилийн хойно О.Дэчингомботой цуг арван шил архи дамжлаад манайд орж ирдэг юм байна. Би угаасаа түүнд дургүй байсан юм болохоор нөгөөхөөс нь төдий л уусангүй. Мань хүн тэрнийг мэдээд надтай арай халз тулсангүй. Манай авгай Цэндээд шаралхаж надад хэлэхдээ,

- Эр муу ч гэсэн эмийн дээр, эмээл муу ч гээн морины дээр байдаг юм. Чи энэнийг ер нь захирч бай гэсэн маягийн юм хэлж байна. Гэвч тэр удаа арай гар зөрүүлсэнгүй өнгөрлөө. Гуравдахь удаа нь жараад оны сүүлчээр хот, хөдөөгийн зохиолчдын 45 хоногийн семинар зохиох үеэр л үзэж тарах нь тэр. Миний бичсэн "Торгон хилийн зүг" гэсэн дууны анхны нооргон дээр хэрэгтэй, хэрэггүй юм хэлж байлаа.

-За Доль чи болиорой. Доль зангаа солиорой. Шүлгийг чи ч мэддэг юм биш. Чиний тэр Шолохов ч шүлэг бичиж байгаагүй гээд тавьчихлаа.

Царай нь шарлаж улайж ирээд өндийлөө. Архангайн О.Цэнд "мэргэжлийн зодоонч" хүн тулдаа бидний дундуур орж салгалаа. Тэгээд ч семинарынхан Дархан явахын өмнө дарьтай торх маань тэсэрлээ дээ.

Эрт явахаар ирцгээж унаа саатсанаас ганзгалааны юмаа гаргаж ууцгааснаас хамаг хэрэг үүслээ. Тэгэхэд Зохиолчдын хороо одоогийн геологийн яамны байшингийн нэгдүгээр давхрын урд хэсэгт байрлаж байсан юм. Ж.Бямба бид хоёр бараг л үг сөрөх завдалгүй үүдний довжоон дээр хөдөөний маягаар нударга зөрүүлж, дараа нь барилцаж авлаа. Миний хамраас ч цус шүүрч, Бямбаагийн цамц ч урагдлаа. Тэгээд л бидний ум хумгүй ачиж аваад С.Дашдэндэв гуай даргалаад Дархан руу алга болж өглөө.

Ирээд олон хүн нарийн бичгийн дарга нарын зөвлөгөөнөөр орж Ж.Бямба бид хоёр ч хамт хэрэгтэн цугтаа донгодуулж Удвал гуайгаас багагүй юм сонслоо. Ер нь ингэхэд хэрэлдэж танилцсан улс дотносдог гэдэг заримдаа үнэн ч юм болов уу даа гэж бодогддог юм.

Би 1970-аад оны эхээр Ж.Бямбын "Хорвоогийн өнгө" романыг авч нэг шөнийн дотор нойроо хасан сууж уншчихаад өглөө нь уулзангуут:

- За чи ёстой зохиолч юм байна. Би авъяастай хүнд хайртай. Чиний энэ ном чинь хэний ч урьд нь бичээгүй сонин сайхан ном байна гэсэнд тэр маань бараг л төрийн одон гардуулсны дайтай баярлаж билээ. Нэг цагт нударга зөрүүлж явсан гараараа тэврэлдэн дотноссон тэр цагаас хойш бид хоёр салаагүй үерхсэн билээ. Хожим нь М.Горькийн нэрэмжит утга зохиолын дээд сургуулийн дээд курсэд хүртэл \1979\ цуг явж, эхнэр хүүхдээсээ хол эр хүний зовлон жаргалаа хуваалцаж нэг тогоонд хооллож явлаа. Миний найз нэг итгэсэн хүндээ бол ёстой л үнэнч чигээрээ дуусдаг хүн байсан юм. Үүнийг Готовын Нямагаас эхлээд олон хүн мэднэ. Хувийн маш их эр зоригтой,  хэнээс ч юунаас ч халшралгүй хэлэх үгээ хэлдэг, нөхөрлөлдөө чин үнэнч хүн байлаа.

Дайн болж гэмээ нь нөхрөө худалдахгүй үхэж чадах хүний нэг нь Бямба л байсан юм. Том дарга нарын хэнээс нь ч хальтирч халшрахгүй, Н.Лувсанравдан, Б.Дэжид, С.Жалан-Аажав нарын хэн дээр нь ч гэсэн ороод хэлэх үгээ хэлээд салдаг байв. Надад ч гээн уурлахаараа танай Удвал... чиний Эрдэнээ гэж загнана.

Тэр цагт С.Удвал гуайтай шөргөөцөлдөх шөрмөстэй хүн тоотойхон л байсны нэг нь Бямба.

- Танай Удвал тэр их хайртай намдаа илүү орлогоноосоо өгдөг юм уу. Долоон буудалд бариулж байсан тэр гэрээ яасан вэ? гэхчлэн омогдоно.

- Хэн мэддэг юм бэ. Чи л бүртгэж байдгаараа мэддэг юм байгаа биз гэвэл:

- Намайг их оролдвол сайн юм болохгүй шүү. Тэгж байна гэж хэлээрэй.

- Би ямар чиний юмыг дамжуулдаг гэрлийн шон юм уу. Дуртай бол чи өөрт нь хэлэхгүй юү?

- Хэлнэ дээ, гайгүй харж байгаарай гэнэ. Нэг өдөр бүр их уурлаж:

- Цаад авгайчуул чинь авдаг цалин, албан тушаал, алт мөнгө, алдар нэрэнд яасан хандаггүй улс вэ гэж загнаж байна.

- Хэн?

- Яагаав, танай Удвал, тэр Э.Оюун хоёр.

- За бас яачихав?

- Эрдэнэтэд би нэг жүжиг бичээд өгчихсөн юм, гэтэл тэр авгайчуудын жүжгийг тавих болчихжээ.

- Чи юунд дандаа ингэж хүнтэй барьцалдаж байдаг юм бэ, наад улсын л хийж байгаа ажил биз...

Тэгээд би наяад оны эхэн үеэр зуучилж байж С.Удвал гуай тэр хоёрыг нүүр тулан ярилцуулж учрыг нь ойлгуулсан билээ. Түүнээс хойш С.Удвал гуайг их хүндэлж цагаан сараар очиж золгодог болсон юм.  Жаахан юм балгачихаараа:

- Миний найз чи намайг Удвал гуайтай ойр дотно болгож өгсөн, би мэддэггүй байснаас биш Монголын ухаантай авгайчуулын нэг шүү цаад ахайтан чинь гээд согтуурхан намайг үнсэж шүлсдэх гэж зовоодогсон. Ер нь Ж.Бямба тулдаа л "Хорвоогийн өнгөө" хамгаалж авч үлдсэн юм. Түүнээс биш үзэл суртлаар хуйхлаад, Бямбаа ч гишгүүлээд өнгөрөхөд байг гэх газаргүй байсан юм. Тэр үед Намын Төв Хороонд байсан Ц.Хасбаатарт хүртэл "анхааруулж загнасан" ил захидал бичээд шууданд хийдэг байв.

- Яаж байгаа юм бэ гэвэл

- Замд нь олон хүн уншиж үзэг. Тэгээд цаадуул чинь ичиж нэрэлхэнэ гэж хэлдэгсэн.

Янлинхуар авгайн "Хорвоо гэдэг чинь өнгө мөнгөн дээр тогтдог юм" гэж хэлсэн үг өнөөдөр бидний орой руу орж байгааг зохиолчийн авьяас, зөн билэгтэй холбохоос өөр юутай холбох вэ?!
 
 Жигжидийн Бямба нүүр номоор зочлоорой
 
 
#Mongolwriter #mongolnovel #J.Byamba #Khorvoogiinungu #Ж.Бямба #Монголроман #Хорвоогийнөнгө #Ш.Сүрэнжав #монголзохиолч #монголяруунайрагч #mongolianpoet #Sh.Surenjav #Шолохов #С.Удвал #Э.Оюун #Ц.Хасбаатар #С.Лувсанравдан #Б.Дэжид #С.Жалан-аажав

No comments:

Post a Comment

LinkWithin

Related Posts with Thumbnails

LinkWithin

Related Posts with Thumbnails