Friday 12 December 2014

Португалын хувийн болон улсын эмнэлэг



Саяхны хэдэн өдөр бие өвдөөд, тэсэхээ болиод өөрөө өөрийгөө оношлоод эмчид очоод үзүүлэв. Өглөөний 11 цагт эмнэлгийн хаалгаар машинтайгаа орлоо, машины зогсоол үнэтэй.  Тэгсэн нөгөө эмч маань юу ч мэдэгдэхгүй байна гээд яаралтай тусламжийн эмч рүү явууллаа. Тэнд очоод байцаалтанд ороод, би баахан өвчнөө тайлбарлаад, эмч хоёр гурван хуруугаараа компьютертээ миний талаар тайлан тавиад л байна. Цусны, шээсний шинжилгээ аваад дусал залгачихлаа. Дараа нь эход харна гэнэ. Хүлээгээд л байна. Өдрийн цайны цаг ч болчихлоо. Мэдээж хоолны бараа битгий хэл, хоол ч бодогдохгүй байна л даа, яагаад гэвэл дусал залгуулчихсан юм чинь яаж өлсөх вэ дээ. Нэг бодлын ходоодонд хөнгөн юм даа.

Эход нь очоод үзүүллээ. Бүх юм зүгээр байна гээд 2 янзын, хүйсний дээд, доод хэсгийг эход харсан нэг эмч хэлэв. Хоёр төрлийн эхоны төлбөр авчихаж байгаа юм чинь. Яалтай вэ дээ. Уул нь нэг эмч л, нэг л аппаратаар харсан шүү дээ. Мөлжчих юм л даа.

Буцаад л яаралтын тусламжийн эмчдээ очлоо. Өглөөний эмч ээлж нь буугаад солигдчихож. За тэгсэн нэг өвчний нэр хэлж байна. Хэлэхэд төвөгтэй нэр хэлээд эмийн сангаас эм авчих гээд жор бичиж өгөв. Тэгээд хоёр хоногийн дараа буцаж ирээрэй гээд явуулав.

Эцэст төлбөр төлөх болов. Хувийн эмнэлэг болохоор яалтай вэ дээ.  Дөрвөн эмчийн гар дамжиж, олон шинжилгээ хийсэн гээд бараг 400 евро төлөөд, бас болоогүй 10 хувийн хямдралтай шүү бас, таван цаг эмнэлэгт өнгөрүүлээд гарлаа. Энэ өдрийн хувийн эмнэлэгт өнгөрүүлсөн адал явдал машины зогсоолд бараг 8 евро төлснөөр төгсөв.

Маргааш нь улсын эмнэлэгт хяналтанд байдаг эмчдээ очиж үзүүлэх хэрэг гарсан юм. Өмнө нь цусны шинжилгээ, эход харуулчихсан, бүгд үнэгүй, өглөө эрт ходоод хоосон очих нь л төвөгтэй. Эмчдээ үзүүлсний төлөө 7 евро төллөө. Эмчийн хэлснээр бүх юм ОК байна гэнээ. Мэдээж энэ эмнэлэгт үзүүлэхэд, жишээ нь 10.3-д ир гэсэн бол 11.30 эмчийн өрөөнд орох бүрэн баталгаатай.

Энэ эмч маань өмнө нь намайг хувийн эмнэлэгт үздэг байсан юм. Цусны шинжилгээ, эхоны төлбөр 300 евро ямарч байсан хүрнэ.  Яагаад ч юм улсын эмнэлэгт үздэг болсон юм.  Португалын эмч нар хувийн болон улсын эмнэлэгт ажилладаг юм.

Хэдийгээр би бүх төлбөрийг өөрөө төлж байгаа ч гэсэн дараа эрүүл мэндийн даатгалаасаа 80-ийг нь буцааж авдаг юм. Тийм болохоор нэг их мөнгө төлөөд байгаа ч гэсэн эцэстээ сүйдтэй төлбөр гардаггүй л дээ.







LinkWithin

Related Posts with Thumbnails

LinkWithin

Related Posts with Thumbnails