Wednesday 20 July 2011

Португал, Монголын Нийгэмлэг нээлтээ хийлээ

Португал, Монголын Нийгэмлэг Галвейаш ордонд байрладаг Лиссабон хотын захиргааны номын санд 7-р сарын 2-нд нээлтээ амжилттай хийлээ. Нийгэмлэгийн нээлтийн ажиллагаанд Өргөмжит Консул Жозе Серраү, Португал улсаас БНХАУ-д сууж байсан элчин сайд Сантана Карлуш, Португалийн алдартай зохиолч Жорж Морайш зэрэг олон хүмүүс хүрэлцэн ирсэн юм.

Жозе Серраү нээлтийн ажиллагаанд хэлсэн үгэндээ, Португал улс, Монгол улс хоёр газар зүйн хувьд хол ч гэсэн хоёр орны баялаг түүх, соёл 21-р зуунд ойртон нөхөрлөж, хамтран ажиллах нөхцөл бололцоо бүрэн бүрэлдсэнийг онцлон тэмдэглэсэн. Португал улс түүхэндээ далай тэнгисээр тив, дэлхийг холбож байсан ба Ази тивийг Европ тивтэй холбосон анхны орон байсныг онцлов. Харин Монгол улс дэлхийн түүхэнд нэрээ тодоор үлдээсэн орон гэдгийг дурдлаа.


Холбооны тэргүүн Б.Жавхлан хүрэлцэн ирсэн зочиддоо, Португал, Монголын Нийгэмлэг нь Португал улс, Монгол улсын хооронд соёл урлаг болон бизнесийн гүүр болон үйл ажиллагаагаа явуулахаа мэдэгдлээ. Нийгэмлэгийн зорилт нь хоёр орны давтагдашгүй соёлыг тухайн орны ард түмэнд танилцуулах, жижиг, дунд үйлдвэрлэл эрхлэгчдийн хооронд найрсаг хамтын ажиллагааг бүрэлдүүлэхийг хичээнэ гэдгээ хэлэв.

Монголын ардын язгуур урлагыг дэлхийн ард түмэнд хүргэхийн төлөө хүчин зүтгэж яваа Хөх Монгол хамтлагийн уран бүтээлчид болох Д.Эрдэнэболд, Б.Золзаяа нийгэмлэгийн нээлтэнд хүрэлцэн ирж анх удаа Португалийн үзэгчдэд өөрсдийн уран бүтээлээсээ толилууллаа. Тэд Монголын язгуур урлагын өв хөрөнгө болох морин хуурын аялгууг сонордуулж, хөөмий, магтаал, лимбэний эгшгээр Атлантын далайд түрлэг нэмлээ.

Нээлтийн үйл ажиллагаанд Португалийн гэрэл зурагчин Антонио Са-гийн Монгол улсын говь, хангайгаар аялж явахдаа авсан гэрэл зургууд, Халимагийн зураач Руслан Ботиевын монголын түүх, португал орны амьдралыг харуулсан уран зургийн үзэсгэлэнг гарган зочиддоо сонирхуулсан нь олны талархлыг хүлээсэн юм.


Монгол улсын түүх, соёл, зан заншлыг харуулсан португал, монгол, англи хэл дээр хэвлэгдсэн номуудыг дэлгэн тавьсан нь зочдод Монгол улсын тухай баялаг мэдлэг олж авахад тус дөхөм болов.
Португал Монголын Нийгэмлэгийн үйл ажиллагаанд амжилт хүсч, ИБУИНВУ-д суугаа Элчин сайд Б.Алтангэрлийн бэлэглэсэн монголын ард түмний идээний дээж болох Чингис хаан архи, Португалын хүндэтгэлийн порто дарсаар зочдоо дайллаа.
Португал, Монголын Нийгэмлэгийн үйл ажиллагаанд гүн туслалцаа үзүүлсэн Монгол улсаас ИБУИНВУ-д суугаа Элчин сайд Б.Алтангэрэл, ардын язгуур урлагийн Хөх Монгол хамтлаг, Цахим Өртөө Сүлжээ, Британийн Монголчуудын Холбоо, Д.Цэрэнбат нарт Португал, Монголын Нийгэмлэг гүн талархлаа илэрхийлье.

No comments:

Post a Comment

LinkWithin

Related Posts with Thumbnails

LinkWithin

Related Posts with Thumbnails