Monday, October 30, 2017

Амралт дууссаан

Энэ зун хоёр сар Монголдоо амраад ирсэн. Байгаль дэлхий үнэхээр гайхамшигтай. Хараад хараад баймаар сайхан байгаль. Хаана ч очсон жуулчдын бааз. Нэг бодлын сайхан ч юм шиг, үгүй ч юм шиг. Орчин үеийн зам харгуйтай болчихвол үнэхээр хэн хэндээ амар хялбар. замдаа хамаг цагаа үрэхгүй амрах боломжтой болчихмоор л юм. Даанч төр нь төвөгтэй ард түмэнд үнэхээр тийм хялбар арга олдохгүй байна. 

Мөн зуны гурван сар хүрэхтэй үгүйтэй жуулчны улирал нь тэр болгон жуулчид татаад байж чадахгүй. Бас МИАТ-ын нислэг нь үнэтэй гээд тоочоод байвал их л хэцүү байх юм даа. Тэглээ ч гэсэн монгол ругаа гэсэн сэтгэлээр харийн газар амьдарч, ажиллаж, сурч байгаа нь очих юм. Монгол гэдэг орныг нэг үзчихье гэсэн гадны хүмүүс нь цөөн ч гэсэн энэ хэдэн сард нь багтаад үнэтэй ч гэсэн очихыг бодох юм даа.

Мойлтын тохой сувилал

Энэ удаагийн амралт Мойлтын тохой гэдэг Тэрэлжид байдаг гүүний саамны сувилалаар эхэлсэн юм. Тэнд таван хоногийг гүүний саамыг шууд зэлэн дээр нь ууж монголоос өөр хаана ч байдаггүй гэдэг амин дэмүүдийг авахыг оролдлоо. Дүнзэн байшинд нь орье гээд очсон чинь үнэхээр тоос шороонд дарагдсан хэцүүхэн байр байлаа. Гүйж харайж, гуйж гувшиж люкс гэдэг өвлийн байрных нь өрөөнд нүүж орцгоов. Яахав гэдэс ходоод эвгүйтвэл ариун цэврийн өрөө нь хэдхэн алхмын цаана юм даа. Хоёр хүүхэдтэйгээ ганцаараа нэг өрөөнд ороход ганц банны алчуур тавьж өгөх юм. Хүний тоо хамаагүй юмуу аль эсвэл цэвэрлэгээ, алчуур тавьж өгдөг хүмүүс нь ажлаа мэддэггүй юмуу бүү мэд. Би ч өөрийн алчууртай явсан болохоор гуйж гувшсангүй.

Сувилалд яваа хүмүүс эрүүл хоол идэх ёстой биз дээ. Тогооч нь муу юмуу, аль эсвэл сувилал нь амрагч нарынхаа хоолонд анхаардаггүй юмуу, гурилтай хоол үнэхээр их өгсөн дөө. Уул нь бол гурван хорын нэгэнд гурил ордог юм. Мойлтын тохой сувилал энэ талаар боддоггүй юм байна. Нэгэн орой хажуу ширээний нэг эгч шал өөр юм идээд байнаа. Асуулаа. Тэгсэн чинь бор будаатай гм хоолыг тусгайлан захиалж иддэг гэж байна. Үгүй ийм хоол байдаг гэдэг хэлээд өгчих хүн олдоогүй, эмч, сувилагч байсангүй. 

Ганц нэг амрагч үнэхээр дээрэлхүү, соёлгүй, бас архи хэрэглэж байсан. Харин орой нь зарим хүмүүс ганган хувцасаа өмсөөд бүжгэнд орж байна лээ. Би бол нэг оройг суганыхаа булчирхайг цочтол ширээний теннис тоглож билээ. Дандаа хожигдож байсан ч үнэхээр л хорхойгоо гартал тоглосон шүү. 


Тэнд ажиллаж байгаа барианы эмч нарыг маш их өрөвдсөн. Өглөөнөөс авахуулаад орой хүртэл хүн барина. Цайны цаг гэж хэдэн минут амардаг байхаа. Бариа заслын өрөө бол ерөөсөө үйлдвэрлэлийн дамжлага гэж хэлж болно. Нэг жижигхэн өрөөнд эрэгтэй, эмэгтэй ялгахгүй хувцас хунараа тайлаад л шууд бариандаа орно. Үнэнийг хэлэхэд би бол ичээд эвгүй л байсан. Бодвол тэгэж байгаад сувиллын удирдлага үгүй ядаж эрэгтэй, эмэгтэйгээр нь тусгай өрөө гаргах байлгүй дээ.



Мойлтын тохой амралтын тухайд бол нэг иймэрхүү. Та бүхэн тийшээ явж сайхан амарч сувилуулаарай гэж би бол уриалж чадахгүй юм билээ. Энэ бол зөвхөн миний л ажиглаж, надад л тохиолдсон явдал. Бусад хүмүүст таалагдаж, сайхан байсан бол болж л байна.

Амарбаясгалант
Амарбаясгалант хүрэх зам үнэхээр амаргүй юм билээ. Хэзээ нэг сайхан замтай болно доо. Ялангуяа хийд хүрэх сүүлийн 25 км бол ёстой үгэээ хэлмээр зам байна билээ. Энэ хийд бол монголчууд битгий хэл гадаадынхан очдог газрын нэг аялт ч үгүй мөн. Гэтэл нөгөө арай гэж хэд хоногоор ирсэн хүмүүсийн цагийг бол идэж өгдөг зам даа. За гэлдэрсээр хэд хонох If Tour жуулчны баазад ирлээ. Яг хийдийнхээ баруун талд байрладаг юм билээ. Үнэхээр л эднийд л очиж байгаарай гэж хэлмээр байна. Содон, чихэнд чимэгтэй нэртэй, ажилсаг эмэгтэй ажиллуудаг шүү.

Дүнзэн байшинд тав хоноход сайхан байсан, боломжийн зайтай. Тусад нь Тэрэлж Лоджийн байшингийн тухай бичнэ.  Үнэ нь 70,000 төгрөг байлуу даа. Харин өглөө, орой, өдрийн хоолоо нэмж захиална. Тогооч нь цөөн тооны ч гэсэн амттай хоолтой, хэрвээ шинэ тараг авья гэвэл хийгээд л өгнө. Ариун цэврийн өрөө нь тусдаа байшинд ч их цэвэрхэн. Үргэлж цэвэрхэн байсан гэхдээ нэг өдөр нэг нь бөглөрснийг тооцохгүй бол сайн ажиллаж байсан. 

Амарбаясгалант хийдийн лам нар бидний очих үеэр Ганжуур, Данжуур уншиж байгаатай дайралдаж хуралд нь даган баяслаа. Төвд хэл ойлгох юм биш яахав дууг нь сонсож сэтгэлээ баясгав. 

Хийдийнхээ хойно хоёр суврага шинээр барьсан байна. Олон хүний хандиваар боссоныг харуулсан самбар бас тавьжээ. Гэтэл тэр  суварга нь сүндэрлээд олон жилийн нүүр үзэхгүй чанар муутай юм билээ. Энд тэндгүй будаг нь халцарсан, хавтан нь унасныг хараад хүний мөнгийг авч чадсан ч чанартай юм хийгээгүй, салхинд хийсгэж байгааг хараад нилээд харамслаа. Монголчууд маань урд хөрш шигээ хүний нүд хуурах юм хийдэг болсныг олон зүйлээс ажиглаж явсан. Харамсалтай л вм. Хүний ч бай, өөрийн ч бай хайран мөнгийг амархан урсгаж байна билээ.

Хийдийг үзэж байхад монгол битгий хэл гадаад хэлээр ч тайлбар байсангүй. Үгүй ядаж ганц ч гэсэн өгүүлбэр тайлбар бичээд тавьчихад юу нь болохгүй байх вэ дээ. Сэтгэл л гэдэг энэ байхдаа. 

Ямарч дуунд байдаг билээ дээ, хонь нь асгасан сувд шиг гээд... Гэтэл хуванцар савнууд үнэхээр энд тэндгүй арай л асгасан сувд гэж хэлэхэд хэцүүгээр хэвтэнэ. Хайран эх орон минь ухаан богинтоны гайгаар хуванцар саваар дүүрчээ. Ер нь монголд хог хаягдлыг дахин боловсруулах үйлдвэр байдаг биш, хуванцар савтай, ялангуяа хүнсний зүйл үйлдвэрлэхийг хориглох хэрэгтэй гэж бодож явав. Химийн бодисоор хийгдсэн болохоор хүний биед хортой бодистой, тэгээд ч байгаль дэлхийд шингэх нь бараг байхгүй хуванцар саваар яанаа. Үнэтэй, хүнд ч гэсэн шилэн савтай бүтээгдэхүүн хэрэглээд явж байвал зүгээр юмуу даа. 

Хогоо хийх жижигхэн хашаа хааяа нэг тааралдана, тэрнийг нь хувиараар ирж ачаад явдаг шинж алга, хашаанаасаа даваад, хаа сайгүй л хэвтэхээс гадна салхинд хаашаа ч хамаагүй хийсэн одож байх юм даа. 

Дуган Хад амралт

Үнэхээр байгалын сайханд цохицон байдаг энэ амралт байгаль сайхантай ч, тэрэндээ таарсан үйлчилгээ байсангүй. Гэрт байрлана гэж очсон боловч бороо ороод, хүйтэн байсан учир люкс гэдэг өрөөнд нь орлоо. Шинээр барьсан болохоор цэвэрхэн юмаа. Гэсэн хэдий ч ариун цэврийн өрөөг бол нилээд сайн цэвэрлэх хэрэгтэй болсон байсан. Тэрнийг нь цэвэрлээд сүйд болж байгаа ч юм алга. Очиход хүний 120.000 төгрөг төл гэж байсан. Хүнийх шүү, өрөөнийх биш. Уул нь бол Европын зарим одтой болсон буудлуудад өрөөний мөнгө төл гэдэг юм. Ямар оюутны буудал биш шүү дээ. Буудлууд хэдэн хүн нэг өрөөнд унтаж болохыг заачихсан байдаг. Гэтэл монголд ийм юм байдаггүй юм байна. Уул нь үнээ дагаад бас чанар, үйлчилгээ байх ёстой биз дээ. Гэтэл тийм юм ер нь үзэгдсэнгүй. 

Өглөөний цайндаа орлоо. 2 том хүн, хоёр хүүхэд шүү дээ. Орчин үеийн жирийн л гэр бүлийн тоо. Гэтэл буудлуудад өгдөг нэг ширхэг жижигхэн масло, нэг ширхэг жижиг гурвалжин бяслаг, хоёр ширхэг жижигхэн жимсний чанамал тавьсан байна. Үйлчлэгч охиноо дуудаад, масло нэмж авья гэсэн авчирч өгөхгүй байж байж нэмж өгөв. Яасан гэсэн чинь би хүнийх нь тоогоор тавьсан гэнээ. Тэр нэг жижигхэн масло дөрвөн хүний ганц ганц ширхэг талханд хүрэхгүй биз дээ. 

Гэхдээ захирал бүсгүй нь тусгайлан хуушуураар тэнд байсан хүмүүсийг дайлсан. Тэрэнд нь ч бид баярласан. Танайд тараг байгаа юу гэтэл байхгүй гэнэ. Уул нь бол амралтын газар, монгол, сүү тарагтай баймаар даа. Амарбаясгалант шиг та шинэ тараг авбал ав гэж хэлэхгүй юм билээ. Байхгүй тэгээд л болоо.

Нэгэн хэрэг мандлаа. Бага охины шүдний сойзны таглаа угаалтуур луу уначихлаа. Нөгөө охин нь таглаагаа нэхээд уйлаад байх юм. Аав нь оролдоод авч чадсангүй. Буудлынханд хэллээ. Нэг хүн ирж үзсэнээ заавал бүггдийг онгойлгож байж авахгүй бол болохгүй гэнэ. За за яршиг гээд орхичихлоо. Хот руу буцах болоод буудлаас гарч явсан чинь менежер нь 20.000 төгрөг төл гэж байна. Яагаад гэсэн чинь та нарын унагаасан сойзны бөглөөг авах хөлс гэнэ. Уучлаарай би төлөхгүй л гэлээ. Яагаад гэвэл тэр угаалтуурт байх ёстой бөглөө нь байгаагүй юм. Тэр байсан бол би яалаа гэж юмаа унагаах вэ дээ. Ажлаа, чанартай хийж чаддаггүй хүмүүсийн алдаанаас би яасан гэж бас илүү мөнгө төлөх вэ дээ. Менежер нь, манай монгол амрагчид юм эвдэгдэхдээ сайн гэнээ, зочид буудал битгий хэл гэрийн эд зүйлс эвдэрч хэмхрэх нь байдаг харин тэрнийгээ цаг алдалгүй засаад явчихвал хэн хэнийгээ буруутгахгүй шүү дээ.


За тэгээд хоёрхон хоногоор ирсэн болохоор ойр хавиар нь зугаалж байгаад буцаад хот руу гомдолтойхон буцсан. 

Дараачийн зогсоол...

Тэрэлж Лодж

Дуу алдмаар сайхан байгаль биднийг угтсан. Үнэхээр сүрлэг уулсыг нь харан харсаар байгаад буцсан. Дахин дахин очмоор сайхан тохой байна билээ. Тэнд бол ёстой жуулчид оволзож байна. Солонгосууд бол автобус автобусаар л бууна. Энэтхэг, Турк, Япон,Европынхон...  Ажилчид нь бол бараг л 24 цагийн ажилтай. Хүн хэрхэн ажилладагыг тэнд харж болноо. Даанч жуулчид нь ихэнхдээ ганц хоногоор ирнэ. Тэдний ор дэрний даавууг явсан даруйд нь авч угаана. Ус бол тонн тонноороо өдөртөө зарцуулагдаж байсан. 

Ариун цэврийн өрөө бол үнэхээр цэвэрхэн. Та нар бодвол Monsters Inc гэдэг хүүхэлдэйн кино үзсэн биз дээ. Тэнд ГАДНЫ БИЕТ гээд л үргэлж цэвэрлээд яваад байдаг даа тэрэн шиг л 00-н өрөөнд орсон хүн болгоны араас нэг цэвэрлэгч эмэгтэй шууд орж цэвэрлээстэй. Дарга нар нь тэр эмэгтэйн ажлыг сайн үнэлж байгаарай л гэж хэлмээр юм билээ. Хааяа дэлгүүр хэсэхээр худалдагч нар нь шууд ирээд л таны гар хүрсэн хувцас болгоныг янзлаад яваад байдаг шиг... Тэр эмэгтэй таны араас шууд орж ирээд л дараагийн хүн хэрэглэхэд цэвэрхэн болчихсон байна. Үнэхээр бахархмаар.


Гэтэл шахмал байшингийн ДҮНЗЭН биш шүү хоногийн үнэ 170.000 төгрөг. Хүний тоогоор биш шүү. Энэ үнэ нь бас тэр хавьдаа гайгүй ҮНЭ гэнээ. Үгүй ядаж зайгаа томсгоод ийм үнэ асуу л даа. Амарбаясгалантад хэтэрхий даварсан юм болов уу. Улаанбаатар хотоос хол болохоор үнэ нь хямдхан юм уу гээд олон асуулт ар араасаа цуварч толгойгоо гашилгасан шүү. Тэр Тэрэлж гэдэг газар чинь хүн шулдаг юмуу гэж бодмоор юм билээ. Хоёр өргөн орны дунд нэг кофены ширээ тавиад л болох зайтай тэр жижигхэн байшин 170.000 төгрөг. Мэдээж дээрээс нь өглөө, өдөр, оройн хоолоо төлнө. Уул нь бол өглөөний хоол ихэнхдээ, ялангуяа ийм үнэтэй газруудад багтчихсан байдаг даа. Үгүй шүү.

Хоол нь сайн байсан. Гэр рестораны залуу үнэхээр тусархаг, хүнд үйлчилж сурсан залуу байсан. Ажилчид нь ч сүрхий, хурдан шаламгай. За тэгээд та нар өөрсдөө очиж амрах эсэхээ мэднэ биз. Цомцог гэдэг гэр нь 240.000 төгрөг байлуу даа. Энэ үнийг чанар, үйлчилгээ дагаад ирвэл төлөхөд яах вэ. Даанч тэр үйлчилгээний чанар бас байхгүй л байсан даа. Би хэтэрхий их юм хүссэн юм болов уу даа.

Бас нэг дурдахгүй орхиж болохгүй зүйл бол энэ бүх аяллыг хийхэд нэгэн дүү маань жолооч олж өгсөн юм. Их сүрхий, ажилтай, цаг баримталдаг, машин нь цэвэрхэн, жуулчдад үнэн сэтгэлээсээ үйлчлээд сурчихсан залуу байсан. Бидэнд бас зааж зөвлөж, санал болгож байсанд нь бид үнэхээр баярласан. Хэрвээ жолооч хэрэгтэй болбол холбогдоорой хө.

Blue Sky

Шангри Ла-д санаархсан ч түрийвчинд байгаа мөнгө хүрээгүй учир, за за дараа нэг нартай өдөр байдаг биз дээ гээд Blue Sky зочид буудалд хоёр хонож үзлээ. Цэвэрхэн, үйлчилгээ сайтай, ажилчид нь ч бас олон одтой буудлын үйлчилгээнд суралцсан байсан. Өрөө нь цэвэрхэн, ор нь тухтай байсан.

Өглөөний хоол бол үнэхээр сонирхолтой, амттай. Ааруул, бууз байсан шүү. Зөвхөн монголд шүү. Хар өглөөгүүр бууз иддэггүй хүн бууз идээд л, даанч хоёр дахь өдөр нь бууз нь байгаагүй. За яахав яахав. Саунд нь сууж, хүүхдүүд маань бассейнд нь тоглож, хэтэрхий их чимээ гаргасан л даа. Ганц хоёр хүн тэнд байсан, тэднээс санаа зовж л байлаа. Гэхдээ хүүхэд бол хүүхэд л шүү дээ. Тэд аз жаргалтай байхад, эцэг эх нь ч бас аз жаргалтай даа.

Миний хувьд бол Хонх хамтлагийн нэгэн дуунд  "Албан тасалгааны цонхоор амьдрал сайхан харагдана аа" гэдэг үг байдаг даа. Тэрэн шиг албан тасалгааны, зочид буудлын, баарны, рестораны цонхоор Улаанбаатар сайхан харагданаа. 

Хоёр сарын хугацаанд арван жилийн найзууд, оюутан цагийн найзууд, саяхнаас танилцсан найзууд болон хамаатан садан, танилуудтайгаа уулзаад энэ зуныг сайхан өнгөрөөлөө. Дараа дахин уулзалтлаа баяртай.


Б.Жавхлан, Португал.  2017

Жич: За уншигчид минь бид 21-р зуунд амьдарч байна. Зохиогчийн эрх гэж юм байдаг юм шүү. Гэрэл зураг, нийтлэлдээ би зохиогчийн эрхтэй. Бусадтай хуваалцахыг зөвшөөрч байгаа ч зохиогчийг нь дурдаарай хөө. Баярлалаа




Wednesday, October 28, 2015

modern bathrooms or wooden hole. модон жорлон

Гадаадад олон жил амьдрахаар орчин үеийн наад захын өдөр тутмын амьдралын хэрэгцээ боловсон бие засах газар хэрэглэх нь хүний ёсон гэж хэлж болноо

Зун дөхөөд гэр бүлээрээ амралтаараа Монгол руугаа явж амрахаар тохирлоо. УБ-т биш ихэнхдээ хөдөө явах төлөвлөгөө зохиосон болохоор жуулчны баазууд руу утасдаж боловсон биз засах газартай эсэхийг нь лавлаж, байгаа гэвэл тэнд нь буухаар шийдсэн.

Аль хэдийнэ 21-р зуун гарчихаад 15 жил болчихоод байхад яагаад Монгол улс одоо болтол боловсон жорлонгоо шийдэхгүй байгааг одоо болтол ойлгохгүй юм.

За яахав нүүдэлчин амьдрал нь хүссэн газраа, хаана л бол хаана гэрээ барьчихдаг байсан гэж бодоход 21-р зун гарчихсан шүү дээ гэж бодохгүй юмаа.

Насанд хүрсэн хүмүүс нь за яахав гэж бодоход өвлийн хүйтэнд хүүхэд, хөгшдөө бас бодмоор юм даа. гэтэл байхгүй байхгүй.

Энэ зун УБ-т хотын бохирын шугам болоохоо больж Утаанбаатар хот нь Үмхийбаатар болсон зураг цахим ертөнцөөр тараад байсан.

Барууны оронд хаана ч, хот битгий хэл, хотын өргөтгөл барихад цэвэр бохир усны шугам сүлжээ. цахилгаан хүрээд л очдог. Гэтэл монголд байхгүй. Үүнийг боддог ч үгүй, бодохыг ч хүсдэггүй юм шиг байгаа юм.

Монголд энд тэндгүй л жуулчдын бааз, гэтэл нөгөө л нэг үмхий үнэртэй, модон жорлонтойгоо гадаад, дотоодын жуулчдаа аваад л байдаг. Нөгөө гадаадынхан нь ам хамраа таглан ороод, гүйн гарч байгааг монголчууд харсан л байх. Үүнээсээ санаа зовдоггүй юмуу.

Бид нар өөрсдийгөө нэг их л юмыг юмхнаар хийдэг, сэтгэчихдэг гээд л мартаад байдаг. Гэтэл үнэхээр бие засах газраа орчин үед авчрах сэтгэлгээ үнэхээр алгаа.

Хөөө явахдаа, нөхөр маань боловсон жорлонгийн суултуур ахынд маань аваачаад өглөө. Уул нь үүнийг хийж ядаад байх юмгүй л юм билээ. Хамгийн гол нь өтгөн, шингэн хоёрыг ялгаад байвал үмхий үнэртээд байх нь гайгүй. Бас заавал гэрээсээ хол барих ч албагүй. Гол нь өвлийн хүйтэнд шингэн ялгаруулах хоолой нь хөлдчихгүй бол болоо. Барууны зарим орнуудад өтгөнөө цуглуулаад бордоо болгодог. Бид нар харин цамаархаад арай л бордоо болгохгүй байх л даа. Шингэн нь одооо дүүрч ийш тийшээ урсаад хөрсөнд шингэх юм байлгүй дээ.

Энэ нь нүүдлээр яваа хүмүүст илүү тохиромжтой харин орчин үедээ хөл нийлүүлчихвэл арай л зүгээр байх юм даа. Тэгээд жуулчны баазыг нь орчин үеийн бие засах газартай үгүйг заавал лавлаад байх шаардлагагүй болно.

Эрүүл мэнд, байгаль орчноо гэж бодож байвал яаралтай шийдэх асуудлын нэг болсон. 

Монголд тулгарч байгаа энэ асуудлын талаар доор линкээр ороод баримтыг үзээрэй: Д.Жаргалсайхан ахын бичсэн өгүүлэл бий.

Аглаг хийдийг Монголд мэдэхгүй хүн бараг үгүй болсоон байна. Үнэхээр монголчууд бидэнд сонин сайхан байгалын бүтээгдхүүнийг хүний ухаан улам илүү нүд хужирламаар болгодгын үлгэр жишээ үзүүлсэн газар юм. Энэ бүхэн бол Бурханч лам Пүрэвбатын ур ухаанаар бүтсэн зүйлээ. Сүмийг үзэж явахдаа сэтгэл хангалуун, байгалын сайхныг биширч явсан юм.

Гэтэл нөгөө модон жорлонд орох хэрэг гарлаа. Хамаг үзсэн сайхан сайхан маань жорлонгийн үнэртэй алга болчихож билээ.  Харамсалтай

Monday, October 19, 2015

Хот хоорондын галт тэргэнд суув. Солонгос хэлний хичээл

 Манайх Лиссабоноос галт тэргээр 15 минут яваад хүрдэг хотод амьдардаг юм. Нөхөр маань өглөөдөө галт тэргээр Лиссабон руу ажилдаа явна. Би хааяа л нэг Лиссабон орох хэрэг гардаг ч тэр болгон галт тэргэнд суугаад байдаггүй юм. Энэ удаад яалт ч үгүй галт тэргээр явах хэрэг гарсан нь Азийн музейд Museu Oriente Солонгос хэлний хичээлд суух болсонтой холбоотой. Тэнд машины зогсоол цөөтэй учир галт тэргэнд суулаа. Галт тэрэгний буудал гэрээс холгүй бас буудал далайн эрэгтэй болохоор их сайхан.

Азийн музейд ихэнхдээ Япон, Хятад, Энэтхэг, Индонези, Солонгос зэрэг улсуудын соёлын долоо хоногууд явагддаг.  Португал улсын түүхэнд Азийн орнуудыг анх нээснээрээ алдартай олон үйл явдлуудыг тэмдэглэн үлдээсэн байдаг. Тийм ч болохоор Азийн музей олон үйл явдлыг тэмдэглэдэг.

Энэ музейд Эгшиглэн хамтлаг ирж тоглож байсан гэж тэдний нэг гишүүнтэй хэдэн жилийн өмнө Берлинд тааралдахад хэлж байсан.

Энэ удаад Солонгос хэл үүссэнийг Солонгосууд 10-р сарын 9-нд өргөн тэмдэглэдэг өдрөөр Азийн музейд Солонгосын кино үзүүлж, яриа хийж, солонгос хоол амтлуулж, гар урлал зааж, солонгос хэлний хичээл зааасан юм.  Зарим зүйл нь төлбөргүй, зарим нь бага зэрэг төлбөртэй. Ер нь ойр ойрхон энэ музей Солонгостой холбоотой арга хэмжээнүүдийг ихээр зохион байгуулж байгаа нь Өмнөд Солонгос өөрийн соёлыг гадаадад сурталчлахад нилээд мөнгө зарцуулж байгаатай холбоотой юм.

Галт тэргэнд суухад хамгийн түрүүнд ажиглагддсан зүйл бол португалчууд нилээд ном уншдаг болсон юмуу гэж санагдсан. Ер нь Лондонгийн метронд явж байхад ном уншаагүй хүн бараг харагддаггүй байсан. Анх Португал оронд ирээд галт нилээд явдаг байхад ном уншсан хүн байдаггүй байсан юм. Харин өнгөрсөн долоо хоногийн 3 дахь өдөр галт тэргэнд суухад зузаан ном дэлгэсэн хүмүүс ажиглагдсан их сонин санагдсан энээ. 



Alcantara-mar буудалд буугаад гарц руу алхаж явтал энэ буудлыг өнгө оруулаад олон янзын зураг зурчихсан байна. Бас их олон жилийн өмнө энэ буудалд бууж бүжгийн дугуйланд явдаг байхад их л хөндий хүйтэн, аймаар санагддаг байсан бол олон янзын зураг үзээд бараг л хичээлд суух цагаасаа хоцрох нь.  Ингээд гар утсаараа дарсан хэдэн зургаа толилуулья.


 

Доорхи гэрэл зурган дээр Лиссабоны дурсгалт газруудыг зуржээ. Белемийн цамхаг, Нээлт хийсэн хүмүүст зориулсан хөшөөнүүд Discoveries Monument байгаа бөгөөд доор нь Лиссабоны байшин барилгыг зурсан нь бүр сонирхол татмаар байсан юм.


Энэ бол алдартай 4-р сарын 25-ны нэрэмжит гүүр. 1974 онд Салазарын диктатур дэглэмтэй засгийн газрын унагасны дараа энэ нэрийг авсан гүүр юм. Ажлын өдрүүдэд өглөө, оройгүй, аль эсвэл бүтэн сайны үдээс хойш энэ гүүрэн дээр дараалал их үүсдэг юм. Бүтэн сайны үдээс хойш гэдэг нь болохоор урд зүг рүү явж амралтын өдрүүдээ өнгөрүүлсэн хүмүүс дараачийн долоо хоногийн ажилдаа цугларч байгаатай холбоотой.


За ингээд яаран гүйсээр солонгос хэлний хичээлдээ 5 минут хоцроод ирлээ. Хичээл эхэлчихжээ.  30-д жил Португалд амьдарч, 20 гаруй жил Шинэ Лиссабоны их сургуульд солонгос хэл зааж буй профессор хичээл зааж байна.

Дэлхий дээрх олон хэлнүүдийн дундаас хамгийн гол нь хэн зохиосон нь мэдэгддэг ганц хэл юм гэнээ. Бодвол энэ нь хэрэглэгдэж байгаа хэлнүүдийн үүсэл гарлыг хэлсэн байх. Бидний хувьд бол Өндөр Гэгээн Занабазар Соёмбо үсэг хэзээ зохиосныг мэдэх болохооор би өөрийн бодлоо хэлэхээ түдгэлзэв.

Ер нь монголчуудад сурахад амархан гэж үзэгддэг энэ хэл ойрмогхон нэг мэдээллээр бол сурахад хэцүү 10 хэлний тоонд орчихсон явж байсан. Би бас санал нэгтэй л байна.  К, Г хоёр нь ялгагдахгүй, Б, П нь ч бас ялгагдахгүй гээд олон үсэгнүүд нь адилхан. Дээрээс л Л.Р хоёрыг бол дурсах ч хэрэггүй биз дээ. Энэ хоёр үсэг Япон, Хятад, Солонгосуудад гадаад хэл, ялангуяа англи хэл сурахад нь үнэхээр хүндрэл учруулдаг.

Ямар ч байсан солонгосоор нэрээ бичээд сурчих шиг болсон шүү.

Sunday, October 11, 2015

Чонон Сүлд кино Лиссабонд, Wolf Totem, A Hora do Lobo, Le Dernier Loup

2015 оны 10-р сарын 8-ны өглөө нүүр номны мэдээлэл харж суудал Лондонд байдаг нэг танил маань Чонон Сүлд киноны нээлт Лиссабонд болох гэж байгаа линк явуулжээ.

За би гэдэг цөс томтой монгол юм болохоор Гүүгл гэдэг эдээс мэдээлэл хайж эхэллээ. Тэгсэн чинь Францын 16 дахь кино фестиваль тэр орой Лиссабоны Сан Жорж São Jorge кино театрт нээгдэх мэдээлэл олж авлаа.  Кино театр руу нь утасдаад билет асуусан байхгүй гэнэ. Уг фестивалийг зохион байгуулж буй газар руу нь утасдаад бас олигтой хариу авсангүй дээ.

Одоо сүүлчийн арга, энэ аргаа ч нилээд хэд хэрэглээд үзчихсэн, Азаа үзэх, шууд очоод л олдвол аз, олдохгүй бол эз.  Аз болж эртхэн очсоных Рагчаагийн Анхням гадаа нь би монгол хүн шүү гээд сайхан шаргал дээлтэй зогсож байнаа.  Сайн байнаа уу, би хүрээд ирлээ шүү гээд л угтлаа.

Кино эхлэхийн өмнө хэдэн үг сольлоо. Сайхан яриа хөөрөөтэй залуухан бүсгүй байнаа.  Таалагдсан ч гэж жигтэйхэн. Киноны найруулагч Jean Jacques Annaud хэдэн үг солиод авлаа. Бас л яриа хөөрөөтэй, яг Монголоос ирсэн гэхэд маш их баяртай байна. Би танай ерөнхийлөгчтэй уулзсан, танай орон маш их таалагдсан гээд ярианыхаа завсар хавчуулж байнаа. Бид түүнийг Төвдөд өнгөрүүлсэн 7 жил киногоор нь сайн мэднэ дээ. 72 настай гэхэд их л хөнгөн шингэн хүн юм. Найруулагчийн 1993 онд Оскарт нэр дэвшсэн L'Amant гэдэг кино бас энэ фестивальд үзүүлж байгаа юм байна.

Киногоо үзээд монгол амьдрал, ахуйгаар маш их бахархлаа. Номыг нь уншчихсан байсан болохоор кино таалагдах болов уу үгүй болов уу гэж бодож байсан ч киноноос үнэхээр сайхан таашаал авсан юм.  Францын найруулагчийн авьяасыг биширсэн.  Яагаад гэвэл таньж мэдэхгүй ахуйг тэр хаа холын Өвөр Монголд гаргана гэдэг бас л хэцүү шүү дээ. Энэ францын найруулагч чинь одоо болтол Оскарт гадаад хэл дээрх киноноос Франц улсаас ганцаараа нэр дэвшсэн хүн гэж явдаг юм байна. Ер цааш нь мэдээлэл хайсан чинь Jean-Jacques Annaud бол амьтантай кино, аль эсвэл гадаад жүжигчидтэй кино авахдаа нилээд гаршчихсэн бололтой. Түүний дээр дурьдсэн L'Amant/The Lover киноны гол дүрд нь 18 настай Английн жүжигчин Jane March, Гонконгийн жүжигчин Tony Ka Fai Leung нар тогложээ.


Чонон сүлд киног бүтээхээр гадны хэд хэдэн найруулагч оролдож үзсэн боловч чонотой зураг авалтнаас айгаад аваагүй юм билээ. Харин Хятадын Засгийн Газар Jean-Jacques Annaud-д амьтантай кино хийх туршлагатай болохоор Хятадад дахин хөл тавих эрхийг өгч энэ киног найруулахыг зөвшөөрчээ. Төвдөд Өнгөрүүлсэн Долоон Жил киноны дараа найруулагчид Хятадууд виз олгохоо больчихсон байсан юм байна. Одоог хүртэл энэ киног Хятадад үзүүлэх зөвшөөрлийг өгөөгүй гэж ГҮҮГЛ дээр байна лээ.

-

Тус киноны гэрэл зурагчнаар ажилласан Bai Long гурван сар гаруй Өвөр Монголын нутгаар аялж зураг авах газрыг найруулагчийн хүсэлтээр хайсны дараа Шилийн Голын нэгэн жижигхэн газрыг сонгосон тухай киноны тарсны дараа Анхням, Bai Long, Баярсайхан бид хэд Лиссабоны нэгэн бааранд сууж хөөрөлдөхөд сонирхуулж билээ. Цөөхөн хүн амтай энэ суурин одоо жуулчны хөлд дарагдаад, хүн амынх нь амьжиргаа маш сайжирсан гэж гэрэл зурагчин, Анхням хоёр сонирхууллаа.

Гучин таван чонын бэлтрэгийг Хятадаас олж, Канадын сургагч сургажээ. Хятадууд гадны чоно оруулахыг зөвшөөрөөгүй учраас орон нутгийн чононууд сургалтанд хамрагдсан байна. Анхнямын яриагаар бол 3 үеийн чоно энэ кинонд тогложээ. Заримдаа ч бүр чоноо том болохыг хүлээгээд сууж байдаг байсан гэнэ.  Анх чонын бэлтрэг байхдаа Хятадын жүжигчин Feng Shao Feng-д баригдаад киноны эцэст том чоно болоод уул даваад алга болдог нь нэг л чоно юм байна. Кино дууссаны дараа үлдсэн хэдэн чоно онгоцоор далай гатлаад Канад руу явсан нь тэд зөвхөн англи хэлээр ойлгодог болсонтой холбоотой гэнээ. Амьтны амьдрал хүртэл сонин шүү. Нутаг битгий хэл, улс сэлгээд хүмүүн шиг явчих юмаа. Гэхдээ хүнтэй харьцуулбал тэд далай гатлаад нутагтаа буцаж очихгүй байх л даа. 

Чонон Сүлд кинон дээр гардаг зээрийн зургыг Монголд Сүхбаатар аймгийн нутагт авчээ. Харин зээр, чоно хоёр ерөөсөө уулзалдаагүй гэж Баярсайхан \Анхнямын нөхөр\ ярьж байсан. 

Анхням бараг сар цас орохыг хүлээгээд орохгүй болохоор Харбинаас хэдэн ачааны машин цас авчирч тэднийг нь асгаад кино зураг авсан тухай хүүрнэсэн. 500 гаруй хүнийг сар хүлээлгэнэ гэдэг мөн лут шүү. Энэ кино бүтсэн өртөг нь 40 сая ам.доллар. 

Кинонд хөгжим маш их үүрэг гүйцэтгэдэг. Чонон Сүлд гэдэг киног үзэж суухад хөгжим нь хүчирхэг байсан. Арга ч үгүй биз дээ, бидний мэдэх  Star Trek II: The Wrath of KhanTitanic,
Avatar зэрэг киноны хөгжмийг бичсэн хөгжмийн зохиолч James Horner юм. Харамсалтай нь авьяаслаг хөгжмийн зохиолч энэ зун нас баржээ.

Чонон Сүлд киног хийсэн тухай баримтат кинон энэ линкээр ороод Хятад хэл дээр үзэж болно. Энэ баримтат киног ойлгоё гэвэл Монгол, Хятад, Франц, Англи хэлтэй байвал бүр сайн шүү. 

Франц, Хятадын хамтран бүтээсэн Чонон Сүлд кино Хятадын талын шийдвэрээр Оскарт нэр дэвшихээ больжээ.

Ихэнх мэдээллийг Гүүгл ахаас зээлдлээ. 

Жирийн л эхэлсэн нэг өдөр маань жирийн бусаар төгссөн юм даа

Tuesday, September 1, 2015

Aglag Buteel Temple, Mongolia

Aglag Buteel Temple has been built recently and work is still undergoig and cituated about 100km to the west of Ulaanbaatar city at a beautiful valley with trees and big snotes and hills near Daliin Am, Bornuur soum, Tuv aimag.

It was lama Purevbat's temple, he is one of the prominent modern Buddshist artist of Mongolia.   It was easy to get there and see extraordinary works of him and his colleagues.  This place where he grew up as a child.

The entrance fee was in summer 2015, 5000T per person. Hundreds of Mongolians were visiting this place for as a tourists or for religious purposes. All the stones are natural and as an  artist Lama Purevbat looked and carved as an fairy tale creatures.




 There are seven stones,which was brought by Mongolian wrestler.  As an explanation of when Buddha was born he made seven steps. In the photo only four stones.




 Resting Buddha/


If you want to know more detailed information it is here  I am sorry, it is in Mongolian. For the video click here

Photos @J&B Hughes



Monday, August 31, 2015

Зуны гурван сар зугаатайхан өнгөрлөө

Энэ зуны гурван сар үнэхээр зугаатайхан өнгөрлөө дөө. Зургаан сард нилээд сайн гольф тоглож амжсан бол долоон сард Монгол яж, 8 сард Португалын хойт зүг рүү бас долоо хоног амраад ирэвээ.

Португал маш олон гольфын талбайтай, зарим нь бүр олон улсын хэмжээний тэмцээн зохион байгуулахад зориулагдсан аль эсвэл ашиглагдаж байсан хүртэл бий. Миний хувьд Ешторил гольф гэдэг газар очиж тоглодог.

Энд тоглож эхэлсэн түүх нь бас сонирхолтой л доо. Ер ямар тоглоом байдаг юм бол гээд нэг удаа үзчихье гэдэг зангаасаа болсон юм. Үнэхээр таалагдаад, бас багш нь сайн байсан тул сурахаас аргагүй болсон л доо. Тэгсэн чинь багш маань намайг чамд хэтэрхий их хүч байна гээд байдаг, нөгөө бөмбөг нь хол явж өгдөггүй хоёр бас хор шар хүргэсэн байж магадгүй л дээ.

Атлантын далайн эрэг дээрх Эшторил хотод ойрхон болохоор ингэж нэрлэсэн байх. Энэ талбайг Palacio Estoril зочид буудал эзэгнэнэ. Энд буудалд буусан хойт Европын олон хүмүүс, бүр группэрээ ирж тоглоно.  Португал улсын уур амьсгал дулаан болохоор гольфын талбай жилийн дөрвөн улиралд ажиллана. Зөвхөн дуу цахилгаантай бороотой үед л хаалгаа барина уу гэхээс биш өвлийн бороо асгаж байхад гольфчид тоглож л явна. Би нэг удаа нэгэн бороотой өдөр тоглож гэнэ алдаж билээ. Одоогоор үхэн хатан тоглох гольфын амтанд ороогүй болохоор арай ч муухай бороотой өдөр тоглодоггүй юмуу.

Би энд хоёр япон найз, нэг солонгос найзтайгаа дөрвүүлээ хоёр дахь өдрийн өглөө болгон 9 нүх тоглоно. 9 нүх тоглоход заавал хувийн оноо шаардахгүй, ердө 10 евро төлөөд өдөржингөө ч тоглосон болно. Ихэнхдээ бид 2 удаа 9 нүх тоглочихоор барагг 18 нүх тоглосонтой адил болж байгаа юм. 



Далайн эрэг, уулын орой, ой мод харан 2-4 цаг алхахад үнэхээр сэтгэл сэргээд сайхан шүү. 

8 сарын эхээр УБ-с буцаж ирээд 2 удаа тоглосон. Эхний удаад нь сайхан байсан боловч, хоёр дахь удаагаа очиход хэтэрхий халуун байсан учраас дундаас орхиод явчихсан юм. Одоо хүүхдүүдийн сургууль эхлэхээр одоо гурвуулаа болсон,  нэг япон найз маань нутаг буцсан учир, тоглож эхэлнэ дээ. Гольф, алхаад марш болж байгаа юм

Зуны зугаатай өдрүүдийн тэмдэглэл цаашид үргэлжлэх болноо.

Tuesday, March 17, 2015

Champalimaud Foundation

Шампалимауд Сангийн хаалгаар орж ирэнгүүт том шилний цаана байгаа цэцэрлэг харагдангуут л үнэхээр сонин шийдэлтэй архитертур угтсан юм. Португал гаралтай Чарлес Коррейа, Charles Correia, Энэтхэгийн Гоад амьдардаг архитектурч энэ барилгын зураг төслийг гаргажээ.

Шампалимау Сан нь Антонио дэ Соммэ Шампалимау-гийн (António de Sommer Champalimaud) эцэг эх хоёртоо зориулан босгосон сан юм.

Энэ сан нь халдвар судлалын чиглэлээр ажилладаг өгөөд жил бүр 1 сая евроны шагналыг хүмүүсийн хараагүй болох талаарх судалгаа хийж буй хөгжиж буй орны эрдэмтэн судлаачид олгодог.Энэ санг үүсгэн байгуулсан хүн амьдралынхаа сүүлийн жилүүдэд нүдний хараа нь муудаж сохорсонтой холбоотой юм


33 орны 40 докторантурын оюутнууд энэ санд судалганы ажлаа хийж байна. Өмнө нь энэ санд ажиллаж байгаагүй орны хүн ирэхэд тухайн иргэний оны тугыг залж албан ёсны танилцуулга хийдэг гэнээ.  The Scientist сэтгүүлд энэ санд ажиллахад хамгийн сайн газар гэж эрдэмтэд үнэлжээ.



Энэ том цонхны цаанаас Лиссабоны гол барилга болох Белемын цамхаг (Belem Tower) харагдана.  Цонхыг Японд үйлдвэрлэсэн бөгөөд ийм том цонхыг авчрах усан онгоц олдоогүй учир дөрвөн хэсэг болгон авчирчээ. Япончууд Лиссабоны аквариумыг шилээр хийж өгсөн туршлага нь португалчуудад бас хэрэг болсон юм.

Лиссабоны аквариум, Lisbon Oceanarium, бол жуулчид болон португалчуудын очих газрын нэгэн. Нэгэн том аквариумд далайн олон төрлийн загаснууд сэлээд л, түүнийг тойроод олон янзын үзмэрүүдтэй.



Ажлын өрөөны хаалгаар нэвт харахад Атлантын далай болон Алжес хо үзэгдэнэ. Ийм албан газарт ажиллахад судалгааны ажил мэдээж муу гарахгүй байх даа





Наана байгаа жижиг шилэн саванд жимсний ялаануудын байлгана. Судалгаа хийхэд их чухал байдаг юм гэсэн энэ ялаанууд нь


 Цаана харагдаж байгаа нь нүх юм. Энэ нь сангийн барилгад дөрвөн ширхэг цонхон хэлбэр бий.

Friday, December 12, 2014

Португалын хувийн болон улсын эмнэлэг



Саяхны хэдэн өдөр бие өвдөөд, тэсэхээ болиод өөрөө өөрийгөө оношлоод эмчид очоод үзүүлэв. Өглөөний 11 цагт эмнэлгийн хаалгаар машинтайгаа орлоо, машины зогсоол үнэтэй.  Тэгсэн нөгөө эмч маань юу ч мэдэгдэхгүй байна гээд яаралтай тусламжийн эмч рүү явууллаа. Тэнд очоод байцаалтанд ороод, би баахан өвчнөө тайлбарлаад, эмч хоёр гурван хуруугаараа компьютертээ миний талаар тайлан тавиад л байна. Цусны, шээсний шинжилгээ аваад дусал залгачихлаа. Дараа нь эход харна гэнэ. Хүлээгээд л байна. Өдрийн цайны цаг ч болчихлоо. Мэдээж хоолны бараа битгий хэл, хоол ч бодогдохгүй байна л даа, яагаад гэвэл дусал залгуулчихсан юм чинь яаж өлсөх вэ дээ. Нэг бодлын ходоодонд хөнгөн юм даа.

Эход нь очоод үзүүллээ. Бүх юм зүгээр байна гээд 2 янзын, хүйсний дээд, доод хэсгийг эход харсан нэг эмч хэлэв. Хоёр төрлийн эхоны төлбөр авчихаж байгаа юм чинь. Яалтай вэ дээ. Уул нь нэг эмч л, нэг л аппаратаар харсан шүү дээ. Мөлжчих юм л даа.

Буцаад л яаралтын тусламжийн эмчдээ очлоо. Өглөөний эмч ээлж нь буугаад солигдчихож. За тэгсэн нэг өвчний нэр хэлж байна. Хэлэхэд төвөгтэй нэр хэлээд эмийн сангаас эм авчих гээд жор бичиж өгөв. Тэгээд хоёр хоногийн дараа буцаж ирээрэй гээд явуулав.

Эцэст төлбөр төлөх болов. Хувийн эмнэлэг болохоор яалтай вэ дээ.  Дөрвөн эмчийн гар дамжиж, олон шинжилгээ хийсэн гээд бараг 400 евро төлөөд, бас болоогүй 10 хувийн хямдралтай шүү бас, таван цаг эмнэлэгт өнгөрүүлээд гарлаа. Энэ өдрийн хувийн эмнэлэгт өнгөрүүлсөн адал явдал машины зогсоолд бараг 8 евро төлснөөр төгсөв.

Маргааш нь улсын эмнэлэгт хяналтанд байдаг эмчдээ очиж үзүүлэх хэрэг гарсан юм. Өмнө нь цусны шинжилгээ, эход харуулчихсан, бүгд үнэгүй, өглөө эрт ходоод хоосон очих нь л төвөгтэй. Эмчдээ үзүүлсний төлөө 7 евро төллөө. Эмчийн хэлснээр бүх юм ОК байна гэнээ. Мэдээж энэ эмнэлэгт үзүүлэхэд, жишээ нь 10.3-д ир гэсэн бол 11.30 эмчийн өрөөнд орох бүрэн баталгаатай.

Энэ эмч маань өмнө нь намайг хувийн эмнэлэгт үздэг байсан юм. Цусны шинжилгээ, эхоны төлбөр 300 евро ямарч байсан хүрнэ.  Яагаад ч юм улсын эмнэлэгт үздэг болсон юм.  Португалын эмч нар хувийн болон улсын эмнэлэгт ажилладаг юм.

Хэдийгээр би бүх төлбөрийг өөрөө төлж байгаа ч гэсэн дараа эрүүл мэндийн даатгалаасаа 80-ийг нь буцааж авдаг юм. Тийм болохоор нэг их мөнгө төлөөд байгаа ч гэсэн эцэстээ сүйдтэй төлбөр гардаггүй л дээ.







Monday, June 16, 2014

Zara, Зара Испанийн компани

1963 оноос Испанийн баруун хойт хэсэгт орших Гализия мужийн Ла Коруна хотод анхны эхнэртэйгээ банны халаат оёж бизнесийн гараагаа эхэлж, Зара нэрийг дэлхийд алдаршуусан Амансио Ортега Гаона (Amancio Orgeta Gaona) одоо Испанийн хамгийн баян, Форбесийн жагсаалтаар дэлхийн номер 4 дэх баян болжээ.

 

1975 онд анхны дэлгүүрээ Ла Коруна хотын төвд нээснээс хойш 1999 он хүртэл түүний гэрэл зургийг олж харах боломжгүй байсан бол одоог хүртэл зөвхөн 3 сэтгүүлчид ярилцлага өгсөнийг тооцоход хувийн амьдралаа олны хараанд оруулалгүй амьдарч чадаж яваа дэлхийн баян болсон байна. 



Зара гэдэг нэр өдийд байхгүй ч байж болох тохиолдол байсан бөгөөд Грекийн Зорба (Zorba) гэсэн Ортегагын хүссэн нэрийг аль хэдийн хэн нэгэн хүн ашиглаж байснаас болоод одоо бидний дуртай Зара гэдэг нэр үүсчээ.

1988 онд Индитекс Групп (Inditex Group) анхны гадаад дахь дэлгүүрээ Португалын Порто хотод нээсэн бөгөөд одоо дэлхий даяар 6390 дэлгүүрт нь 140 үндэстний 92000 ажилчид ажиллаж байна.

Индитекс групп дотор Pull&Bear, Massimo Dutti, Bershka, Stradivarious, Oysho, Zara Home, Uterque брендүүд багтана.

Pull&Bear, Bershka брендүүд нь дунд сургуулийн сурагчид, оюутнуудад зориулан хувцас үйлдвэрлэдэг.

Stradivarious зөвхөн залуу охид, эмэгтэйчүүдэд хувцсаа зориулна.

Oysho - дотуур хувцас, Zara Home - гар, нүүр, банны алчуур, орны даавуу г.м.

Massimo Dutti, Uterque хоёр бренд нь дундаж орлоготой хүмүүст зориулсан бренд гэж хэлж болно. Эдний хувцас нь чанар сайтай, үнийн хувьд Зара-гаасаа арай илүү үнэтэй. 

Хоёр долоо хоног тутамд Зара дэлгүүрийнхээ хувцасыг шинэчилж байдаг. Парис, Лондон, Нью-Йорк, Милан зэрэг хотууад болдог өвөл, зуны моодны үзүүлбэрт оролцож байгаагүй ч дэлхийд алдартай, люкс бараануудаас илүү олны дунд алдаршсан.


1980-аад оны сүүлээр дэлхийд нэрд гарч эхэлсэн Индитекс групп 2001 5-рсарын 23-нд Мадридын хөрөнгийн биржид хувьцаагаа худалдаж эхэлжээ.

Үүнээс хойш 10 жилийн дараа гэхэд дэлхийн таванд тивд дэлгүүрээ нээсэн байна.

Одоо бүх брендүүд нь интернетээр худалдаа хийдэг болжээ. Испани, Португал, Грект байдаг Зарагийн дэлгүүрт зарагдаж байгаа хувцаснууд бусад Европын орнуудад 30 хувийн илүү бага үнэтэй зарагддаг.  Мэдээж энэ бүхнийг Зарагийн Ла Коруна дахь төвд дизайнарууд нь дэлхийн таван тивийн цаг агаар, хувцаслалтын соёл, баяр ёслолын өдрүүдийг алдалгүй дагаж ажиллаж байгаагаараа Испанийн эдийн засаг битгий хэл, Европын эдийн засаг муу байгаа цагт Индитекс групп хямралд оролгүй ажилласаар байна.



















Эх сурвалж: http://www.inditex.com/en/home
http://www.forbes.com/profile/amancio-ortega/
http://fortune.com/2013/01/08/meet-amancio-ortega-the-third-richest-man-in-the-world/
Noticias Magazine. June, 2014
http://www.theguardian.com/fashion/2013/dec/15/inditex-spain-global-fashion-powerhouse

Sunday, May 25, 2014

Fátima, Фатима, мөргөлчдийн хот

Европын баруун өнцөгт, Атлантын далайн эрэгт орших Португал орон дулаан уур амьсгал, далайн эргээрээ өвөл, зунгүй Европчуудын жуулчлах дуртай орны нэг болоод уджээ.  Зөвхөн далайн эргээс гадна улаан, цагаан, ногоон дарс болон порто дарс амтлах, голф тоглох нь олонтаа.

Мөн мөргөлчид сая саяаараа очдог Фатима хот бий. Лиссабоноос хойт зүг рүү цаг гаруй машинаар яваад хүрэх энэ хот руу явган, унаатай католик шашинтай мөргөлчид, жуулчид зочилно. 

1917 оны 5-р сарын 13-наас өмнө энэ хотыг хэн ч мэддэггүй байсан.  Харин энэ л өдөр хонь, хургаа хариулж явсан Люсия, Франциско, Жасинта гурван хүүхэд Онгоныг \Virgin\ харсан бөгөөд, 10 настай байсан Люсия л түүнийг юу хэлснийг сонсжээ.  Тэрээр, 6 сарын туршид сар болгоны 13-нд ирж байна гэж хэлснээс хойш 10-рсарын 13-нд бараг 70000 хүн цуглууласан гэдэг түүх байдаг юм байна.

Сүм дотор байрлах 3 хоньчин хүүхдүүдэд зориулсан хөшөө



Одоо жил бүрийн 5-р сарын 12, 13-нд, 10-р сарын 12, 13-нд  шил шилээ даран баригдсан зочид буудлууд мөргөлчдөөр дүүрнэ.  Зочид буудлынх нь нэр нь хүртэл Христос, Гэгээн Мария г.м. Библи, католиок шашинтай холбоотой.



Хөгшин, залуугүй ингээд өвдгөн дээрээ мөргөл үйлддэг замтай юм билээ
 Сүмийн мөргөл үйлдэх цагийн хуваариуд

 Бэлэг дурсгалын зүйлээс гадна лам нарын хувцас зардаг дэлгүүрүүд олон


Гэлэнмаа нар шашны дуу дуулж байсан

Олон зуун зочид буудлын нэг нь



Б.Жавхлан

LinkWithin

Related Posts with Thumbnails

LinkWithin

Related Posts with Thumbnails