Monday 15 October 2018

Vilavella, Galicia, Spain

Испанийн Галиция мужид байдаг Вилавелла хотод энэ 10-р сарын эхээр дөрөв хоног амраад ирлээ. Их л адал явдалтай дөрөв хоног болсон доо. Гэрээсээ гараад хурдны замаар хурдална гэдгийг үзүүлж байтал нэг цагийн дараа машин маань цагт зөвхөн 60 км хурдтай л явна гээд хурдны зам дээр урагшилдаггүй. Аз болж ойрхон байсан засварын газар луу машинаа мөлхүүлсээр очоод засуулаад хоёр цагийн дараа замдаа гарлаа.

Шөнийн 12 цагт Вилавелла спа буудалдаа ирсэн юм. Хүүхдүүд томроод заавал тусдаа өрөөнд унтуулна гэж онлайн захиалга хийгдсэн юм. Ер нь бол буудлуудын зарим нэгэн өрөөнүүд дотроо хаалгатай байдаг болохоор болчих байх гээд нэг их санаа зовсонгүй. Гэтэл энэ буудалд нь тийм юм алга. Ес, 12 настай хоёр охиноо яаж тусад нь өрөөнд унтуулахав дээ. Бага нь аавтайгаа нэг өрөөнд, би томтойгоо нэг өрөөнд ороод унтлаа. Маргааш нь гүйж байж унтах өрөөнүүдээ арай дээрдүүлж билээ.

Спа буудал гэсэн мөртлөө өдөрт 25 евро нэмж төлж байж спаг нь хэрэглэнэ. Арай л дэндүү санагдсан бас массаж хийлгэе гэж бодоо цаг авсан чинь эрэгтэй массажист байдаг юм. Гэхдээ тус буудалын архитектур үнэхээр орчин үеийн сонин юм билээ.

Эхний өдрийн үдээс хойш өдрийн хоолоо идээд алхахаар гарлаа. Хэт их ялаатай мөн халуувтар байсан учир нэг их сүйдтэй алхсангүй. Уул нь испани хоол сайтай байдаг юм харин энэ хот болон ойрхон хотуудад нь олигтой хоол идээгүй, үнэхээр урам хугарсан.

Caminho do Satiago - мөргөлчдийн зам энэ хавиар өнгөрдөг юм байна. Машин замын хажуу талаар явган хүн явж байгааг анхааруулсан олон тэмдэг байсан. Франц, Испани, Португалын газар нутагт байдаг Saint James, англиар, мөргөлийн зам нь дундад зууны үеэс эхлэлтэй бөгөөд мөргөлчид Испанийн Сантяго де Компостела-д/Santiago de Compostela байдаг Гэгээн Жеймсийн булшинд очиж мөргөдөг. 1980-аад оны үед очиж байсан мөргөлчдийн тоо цөөн байсан бол одоо олон мянгаараа очиж бүртгүүлдэг болжээ. Энэ зам нь зөвхөн мөргөлчдийнх биш бөгөөд өөрсдийгөө сорих, спортод дуртай хүмүүс энэ замаар бас алхдаг.

Бид 10-р сарын 7-ны саргүй шөнө одод харахаар нэгэн өндөрлөгт гарч Сүүн зам үзэж билээ. Гэтэл энэ Сүүн замыг дундад зууны домог яриагаар мөргөлчдийн тоосноос үүссэн гэдэг юм байна.

Galicia/ Галисия мужийн энэ хэсэгт Centros BTT уулын дугуйгаар аялах дуртай хүмүүст зориулсан 12 төрлийн хөнгөнөөс хүнд хүртэл маршрут гаргасан байсан. Хамгийн богино хөнгөн, хөхөөр тэмдэглэсэн зам нь 7 км байсан бол хүнд, хар өнгөөр тэмдэглэсэн зам нь 44 км байсан. Эхлэх, дуусах цэгийг маш тодорхой тэмдэглэж, бүр GPS-г хүртэл бичсэн байсан. Хаана аль цэгт хэр өгсөх, буурахыг нь хүртэл газрын зураг дээр сайн тэмдэглэж өгчээ. Бид газрын зургыг аваад л замыг нь дагаад л алхчихсан. Ер нь анхааралтай явбал төөрөхгүй, бүгдэд тодорхой тэмдэг тавьчихсан байсан.

\
Таримал нарсан ойн агаар нь Хэнтий аймгийн Дадал сумын агаарыг санагуудлав.

Үе үе замд жимс тааралдахад түүгээд, идээд яваад байсан шүү. Мөн нохойн хошуу олж, жижиг уутаа дүүртэл нь түүгээд гэртээ аваад ирсэн.

Нэгэн далан замд тааралдсан нь үнэхээр сүрлэг харагдсан бөгөөд ус нь их л багассан байсан.

 Гурав дахь өдрөө нэг замыг сонгож аваад алхаж явсан чинь нэгэн эргэлтэн дээр төөрөөд явж байхдаа энэ зургыг дарсан юм.

 Голын эрэг дээр ийм нэртэй (trout) загас 23 см доош богино загас барьж болно гэж бичсэн байсан.

 Эндээс л энэ тосгоны ойролцоох жуулчдад зориулсан мэдээллийг олж авч болно. Сайхан зантай хүмүүс тайралдаж, хаана өдрийн хоол идэхийг зааж өгч билээ. Ер нь маршрут нь дандаа тосгоны төвөөс эхэлнэ. Бас бидэн шиг алхаж яваа хүмүүс замд үе үе тааралдаж байсан.

 Нэг хэсэгхэн газар амраад сууж байхдаа ийм нэгэн зураг буулгажээ.

Их өргөн гол байсан шүү Encorro do Vao. Зөвхөн ганц машин явах л зориуулалттай гүүрээр гарч байсан маш их хүчтэй салхи салхилаад л бараг аваад гол руу чулуудчих юм шиг санагдаж билээ.

Бусад зургыг энд дараад үзээрэй.

Гэртээ харих 5 цагийн гурвыг нь өөрсдийнхөө машинаар, үлдсэнийг нь таксидав. Замдаа гараад явж байтал машин маань би ер нь та нарыг гэрт чинь хүргэж өгч чадахгүй гээд бас болохоо байчихлаа. Ингээд Португалын автомашины клуб ACP рүү утасдаад, машин эвдэрснээ хэлэхэд, 1-2 цагийн дараа машиныг маань ачих машин, биднийг гэрт хүргэж өгөх такси ирнэ гэж хэлэв. Энэ байгууллагын гишүүн учраас хоёр үйлчилгээ үнэ төлбөргүй. Төлөвлөгөөгөөр бол оройн 8 цагт гэртээ ирэх ёстой байсан бид дөрөв 10 цагт гэртээ орж ирээд нэгэн богинохон амралтаа өндөрлөв.

No comments:

Post a Comment

LinkWithin

Related Posts with Thumbnails

LinkWithin

Related Posts with Thumbnails