Tuesday 9 July 2019

2019 оны 7 сарын Англиар аялсан тэмдэглэлүүд. Travelling in England in July, 2019

Долоодугаар сарын 7-ны бороотой өглөө замд гарлаа. Хэд хоног сайхан нартай, дулаахан байсан цаг агаар бямба гаригийн оройноос тэнгэр бүрхэж, үүр шөнөөр бороо оруулж эхэлсэн.
Англичууд машинаа дэлхийн бараг бүх л орноос өөрөөр, миний мэдэхээр Япон, Тайланд хоёртой хамт замын зүүн талаар машинаа барьж явдаг даа. Ингээд “зүүн гараа барьж яв” гэсэн бичиг бичээд л байн байн өөрсдөдөө сануулаад яваад байсан даа. 

 
 


















Замд явахад юу эсийг ажиглах вэ дээ. Бараг арваад жилийн өмнө зарагдаж байсан хоёр суудалтай Тесла хурдны замын үйлчилгээний газар цахилгаанд залгагдаад байж байхыг харав.




Унаад явдаг машин гэж байхад чиргүүлд ачигдаад явж байгаа машин, мотоцикл бас дайралдсан.



Харин эртний машинууд замд маш их олноороо дайралдаж байсан бол энэ машины жолоочийн цай ууж хойгуур нь зургыг нь хэд сайн дараад авчихлаа.






Хоёр өдөр дараалан замын дагуух үйлчилгээний газруудад зогсож, цай ууж, ариун цэврийн өрөөг нь хэрэглэж, бас машиндаа бензин хийж явлаа. Технологийн дэвшилтэт талууд жорлонгийн ус татах, гараа хатаах зэрэгт ус, цахилгаан хэмнэлттэй талуудыг харуулсан, үзүүлсэн баримтууд ажиглагдаж байлаа. 

Энэ жорлонгийн усыг татахдаа заавал таглааг нь тавьж татах ёстой бөгөөд маш их ус хэмнэдэг, элдэв янзын агаарт байдаг микробыг багасгасан суултуур байсан.


Зөвхөн үзэгдэх биш бас үл мэдэгдэх ч байдаг юм л даа
 
Олон цорготой ганц том угаалтуур

Тэгвэл энэ амны цаасан дээр, байгаль орчноо хамгаалья, нэг удаа нэг л цаас хэрэглэ гээд биччихсэн байсан. Цаас болгон дээр ингээд бичээд байхлаар бас тэр болгон байгаль орчныг хайрлан хамгаалах ч үгүй болов уу гэж бодож амжив.

Англид олноороо байдаг Costa кофены газар хурдны замын үйлчилгээний газруудад байдаг тулдаа л амт чанаргүй, хоолтой, хоолгүй газраас намайг аварч байлаа. 1971 оноос хойш аз жаргалтай царайг арчиж байна гэсэн бичигтэй, кофены үрээр инээмсэглэл зурсан байсан ам арчих цаас байсан. Португалд байхад нэг удаа хэрэглэхээр савласан элсэн чихэр хэт ихдээд байдаг бол эдний элсэн чихэр нь хэт багадаад байсан шүү.  







Оройн хоол идэх болоод бас л зам дагуу одоо яая даа гэж бодож яваад нэгэн газар зогстол харин ч сайхан хоолтой, үйлчилгээ сайтай, бүр хөдөө аж ахуйн бүтээгдэхүүн зардаг үнэхээр сайхан дэлгүүртэй газар азаар олоод зогсчихлоо. Зам дагуу дайралдвал та бүхэн нэг ороод гараарай даа.








Португалын алдартай pastel de nata Англид энд тэндгүй зарагддаг болжээ. Гэхдээ л эх нутагтаа байдаг боовных нь амт чанарыг гүйцэхгүй юм билээ. Уул нь энэ боовыг халуунаар нь идвэл сайхан байдаг юм.



 @ Javhlan Byamba: text & photos



Wednesday 3 July 2019

Лиссабон хотыг тэнгэрээс дурандухуй. Lisbon aerial photos from a plane.

Лиссабоны Vasco da Gama 17.2 км урт гүүр
Би хаашаа ч ниссэн, очиж буй хотынхоо зургыг дардаггүй юмаа гэхэд өндрөөс харахын тулд онгоцны цонхон талд суух дуртай байдаг юм.  Энэ удаад амьдраад удаж буй Лиссабон хотынхоо гэрэл зургыг та бүхэнд сонирхуулья гэж бодлоо. Хэзээ нэгэн цагт Лиссабон хотод айлчлахдаа, аа нээрээ энэ чинь тэр хөшөө, дурсгал нь юм байна гээд сууж байхад дээр болов уу гэж бодсон юм.

Лиссабоны онгоцны буудал хот дотроо байдаг болохоор онгоцнууд байшин барилга дээгүүр нисээд л газардана. Агаараас хотыг тэр чигээр нь харах боломж онгоцны цонхны хажууд суусан хүн болгонд олдоно. Харамсалтай нь онгоцны ахмад онгоцоо аюулгүй буулгах гээд зорчигчдод тайлбар хийдэггүй мөн үйлчлүүлэгч нар нь үргэлж солигдож байдаг болохоор тэдэнд ийм боломж бас байдаггүй юм шиг байгаа юм.

За ингээд суудалдаа тухлан сууж, суудлын даруулгаа бүслээрэй. Онгоц газардахад 10 минут үлдлээ гэсэн онгоцны ахмадын хэлж заншсан үг танил содон байдаг. 

Доорх зурган дээр байгаа гүүрийн Vasco da Gama/Вашкү да Гама гэж нэрлэдэг.  1998 онд Лиссабон хотод болсон EXPO-98-ийн үеэр нээгдсэн бөгөөд хэдхэн хоног дэлхийн хамгийн урт гүүр гэдэг тодорхойлолттой байжээ. Одоо бол харин Европ тивдээ усан дээр баригдсан хамгийн урт гүүр юм. 17 гаруй километр гүүрийг 18 сар барихад 3000 гаруй ажилчид оролцжээ. Гурав, гурван эгнээгээр хоёр зүгт машинууд 100-120 км/цаг хурдтай явах боломжтой бөгөөд хэрвээ шаардлага гарван нэмэлт эгнээ барьж болох боломжтой. Одоогоор энэ гүүрэн дээр тэгтлээ түгжрэл үүсдэггүй юм.

Vasco da Gama нэр бол Португалын 15-16 зуунд нэрээ мөнхөлсөн, анх удаа далайгаар Португалиас Энэтхэг орох замыг нээсэн хүний нэр. Олон зуун жил Азид ноёрхсон Португал орны эхлэл байсан юм. Энэ хүний буянаар Португал улс хоёр зуугаад жил Энэтхэг, цаашилбал Ази, Европын хоорондох худалдаа, наймааг монополчилж байсан. Энэ хүний нэртэй олон газар байдаг бөгөөд онгоцны буудлын ойролцоо оршдог худалдааны төв, Alges/ Алжеш хотод байдаг аквариум гм бий. Түүнд зориулсан өндөр хөшөө Belem-д бий.

Энэ гүүрийг харахаас өмнө Синтра уулан дээр байдаг хааны ордон, араб цайзны нурангыг харж болно. Даанч зургыг нь дарж амжсангүй.

Лиссабоны Vasco da Gama гүүр
Салхины хурд, чигээс болоод онгоц өөр өөр зүгээс буудаг юм шиг байгаа юм. Харин ихэнхдээ буухдаа бараг л манай гэрийн дээгүүр ниснэ. Хэрвээ манайд зочин ирэх гэж байгаа бол за энэ л онгоц манай зочны онгоц гэдгийг нь гэрийнхээ цонхоор хараад гэрээсээ онгоцны буудал руу машинаар гарахад бараг л таардаг юм. 

4-р сарын 25 гүүр
Дараачийн нэг алдартай гүүр бол 4-р сарын 25-ны гүүр. АНУ-ын Сан-Франциско хотын Golden Gate гүүртэй улаан өнгөтэй болохоор хүмүүс адилтгадаг. Харин энэ хотод байрладаг гүүрний компани энэ гүүрийг барьсан боловч Сан-Францискод байдаг гүүрийг тэд бариагүй юм билээ.

Ажил цугларалт, тарахад дандаа бөглөөтэй байдаг гүүр дээ! Баярын амралт, зундаа урд зүг рүү явсан болон Капарика/Caparica далайн эрэг дээр амрагчдаас болоод бас сайхан түгжирнэ. Уул нь бол гурван километр хүрэхгүй их сонин түүхтэй гүүр шүү дээ. 1966 онд ашиглалтанд орсон бөгөөд, тухайн үед António de Oliveira Salazar/Антонио дэ Оливейра Салазарын диктатурын дэглэм Португал улсад ноёрхож байсан бөгөөд энэ гүүрийг Салазарын гүүр гэж нэрлэж байсан юм. Мөн гүүрийг бариулахаар авчирсан америк инженерүүдийн хүүхдүүдийг сургахын тулд Лиссабоны Америк сургуулийг хүртэл ашиглалтанд оруулж байжээ.

Антонио Салазар нь 1970 онд буюу хувьсгал гарахаас дөрвөн жилийн өмнө нас барсан бөгөөд түүний үйл хэргийг үргэлжлүүлж байсан хүмүүсийг сольсон 1974 онд сольсон 4-р сарын 25-ны хувьсгал гарч энэ гүүрэн дээр бичсэн байсан "Салазар" гэдэг нэрийг хүмүүс авч хаяжээ. Үүнээс хойш орчин үеийнхэн 4-р сарын 25-ны гүүр гэж нэрлэх болсон бөгөөд хөгшчүүл харин Салазарын гүүр гэж нэрлэсээр л байна.

Газраар, тэнгэрээр, усан онгоцоор гэдэг нэг дуу байдаг шиг энэ гүүрний дээгүүр нь онгоц нисч, гүүрэн дээр машин, галт тэрэг хурдалж, аль эсвэл бөглөрч, усан онгоц доогуур нь хөвдөг ба Португалын нийслэл Лиссабон хотод ажиллаж, амьдардаг хүмүүсийг болон жуулчдыг авчирдаг их л завгүй гүүр юм.

4-р сарын 25 гүүр
Гүүрний наад талд харлаад байгаа, уул нь бол ногоороод байгаа нь Монсанто толгод юм. 1000 га-тай энэ толгодыг Лиссабоны уушги гэж нэрлэдэг бөгөөд энэ толгодын өндөрлөгөөс гүүрийг харж болно. Олон хүн амралтын өдрүүдээ энд спортоор хичээллэж, хүүхдүүдээ тоглуулдаг. Мах мах шарж идэх тусгай талбай ч бий. Наана нь харагдаж байгаа хурдны замууд өглөө, оройдоо сайн бөглөрдөг юм. Хэрвээ энэ А5, IC19 замаар онгоцны буудал явах бол эртхэн гарсан нь дээр шүү.


Costa da Caparica
 Алдартай 4-р сарын 25 гүүрийг зуны амралтын өдрүүдэд түгжрүүлдэг нэг газрыг Капарика далайн эрэг. Лиссабон хотын оршин суугчид болон ойр орчмын хотынхон энэ эрэг дээр ирж усанд сэлж, биеэ шарах дуртай газрын нэг билээ.
4-р сарын 25 гүүр Капарика эргээс


Гэгээн Лоренсо цайз
Лиссабоноос Кашкайш/Cascais орох галт тэргэнд суугаад явж байхад чинь нэгэн дугуй хэлбэртэй жижиг барилга далайд торойж  байвал энэ Гэгээн Лоренсо цайз юм. Португалын нийслэлийг далайн дээрэмчдээс хамгаалахын тулд бараг 70 гаруй жил баригдаад 17 зууны дундуур дуусчээ. 1755 оны далайн шуурга, цунами болон газар хөдлөлтөнд эвдэрсэн ба одоо ч далайн ус, салхины нилээд сүйрлийг бараг 200 жил үзэж л байна. 1807 онд Наполеоны цэргүүдэд эзлэгдэж байсан ба дэлхийн хоёрдугаар дайн дуустал цэргийн зориулалтаар ашиглаж байгаад одоо гэрэлт цамхаг болжээ.
 

Лиссабон хотыг урд зүгээс нь онгоцноос дурандахад


Torre de Belém
Усан дотор байгаа Белемийн цамхагийг/Torre de Belém хайж олоорой. Хэрвээ олж чадахгүй байгаа бол нэрэн дээр нь дарахад сайхан авсан гэрэл зураг нь гараад ирнэ. Португалын далайн нээлттэй холбоотой энэ цамхаг нь аль 15-р зуунаас далайд эр зоригоо гарган, тив дэлхийг нээж байсан далайчиддаа зориулсан нэгэн хөшөө юм. Уул нь бол Лиссабоны цайз, ёслол төгөлдөр үдэх талбай болж байсан ба одоо ЮНЕСКО-гийн өвд ороод жуулчдыг хэдэн зуугаар нь соронздодог. Манүэлин архитекторын загвараар бүтээгдсэн энэ цамхаг нь анх баригдахдаа усан дотор байсан бол гамшигт 1755 оны газар хөдлөлтөөс хойш эрэг дээр харагдах болжээ.

Mosteiro dos Jerónimos/Жеронимүш сүм
Лиссабоны Belém/Белем дүүрэг бол жуулчдыг нэг битгий өдөр саатуулдаг газар юм. Энд Португал улсын далайн нээлтийн үетэй холбоотой олон хөшөө дурсгал, сүйх тэрэгний, португалын ерөнхийлөгчийн, архитехтурын гэх мэт музейнүүд олонтой дүүрэг юм. Жуулчдын хажуугаар бас олон халаасны хулгайч нар, цыганууд бас дайны хажуугаар дажин гэдэг шиг хөлхөлдөнө.

Бараг зуу гаруй жил барьсан энэ Жеронимүш сүм нь Манүэлин архитекторын загвараар баригдсан бас нэгэн барилга юм. Гол сүмд үнэгүй орж үзэж болох бөгөөд далайн нээлтээрээ алдартай Вашкү да Гамагийн бунхан бий.


Лиссабон, Кашкайш хоёр хотыг холбосон А5 хурдын зам нь Монсанто толгодыг нэвтэлсэн байдаг. Ажил цуглах, тарах үеэр сайхан бөглөөтэй байдаг замын нэг нь. Нар ургах, жаргах үед ёстой нар тусаад нүд гялбуулаад халгаатай замын нэг дээ.


Vasco da Gama нэр бол Португалын 15-16 зуунд нэрээ мөнхөлсөн, анх удаа далайгаар Португалиас Энэтхэг орох замыг нээсэн хүн юм. Олон зуун жил Азид ноёрхсон Португал орны эхлэл байсан юм. Энэ хүний буянаар Португал улс хоёр зуугаад жил Энэтхэг, цаашилбал Ази, Европын хоорондох худалдаа, наймааг монополчилж байсан.

Энэ гүүрийг харахаас өмнө Синтра уулан дээр байдаг хааны ордон, араб цайзны нурангыг харж болно. Даанч зургыг нь дарж амжсангүй.

18-р зуунд 18км урттай баригдсан Лиссабончуудад ус үнэгүй хүргэх хоолой.  Бүх сүлжээг нийлүүлбэл 58 км байдаг юм байна. Нийслэл Лиссабоны Амерейраш дүүрэгт өндөр нь 68 метрт хүрдэг гэж бичсэн байсан.




Ногоон дээвэртэй барилга бол Алваладе стадион ба Лиссабон хотын хоёр гол хөлбөмбөгийн баг болох  Спортинг -н өмч юм. Эдний спортын музейд Кристиано Роналдо-гийн өмсөж байсан футболк үзмэрт нь байдаг. Дэлхийд нэртэй хөл бөмбөгчин болохоосоо өмнө төрсөн нутаг Мадейра арлаас ирээд энэ клубт Роналдо тоглож байсан юм. Зөвхөн хөл бөмбөгийн хорхойтон ч биш ер нь спортод дуртай бүх хүмүүст энэ музейг үзэхийг зөвлөж байна.


Мөн онгоцноос Лиссабон хотын гол Маркэж Помбалийн талбай харагддаг. Энэ хүн хотын төв талбайг эзлэх болсон шалтгаан нь бас л 1755 оны газар хөдлөлттэй холбоотой. "Үрэгдэгсдээ оршуулж, үлдэгсэдээ хоол хүнсээр хангах" гол зорилго тавьж, Лиссабоныг нурангаас босгон ирсэн гавьяатай хүн юм.

Португалын нийслэл Лиссабон хотод тавтай морилоорой! Зундаа 25-35 хэм дулаан, нартай, оройдоо сэрүүвтэр, зарим өдрүүдэд салхитай эсвэл чийглэг ихтэй, мөн хэд хоног 40 хэм халдаг бол өвөлдөө 8-15 хэмийн дулаан, бороотой, чийглэг уур амьсгалтай байдаг.

@Javhlan Byamba, photos & text

LinkWithin

Related Posts with Thumbnails

LinkWithin

Related Posts with Thumbnails