Blog

  • Цагаан  сар ба ханиад/ Mongolian New Year and cold
Хэдэн сарын өмнөөс төлөвлөсөн цанаар гулгах төлөвлөгөөгөө хэрэгжүүлэхээр 2-р сарын 8-ны орой машиндаа 2 хүүхэд, нөхөр, чемондантай хувцсаа хийгээд л гарч өглөө. Холын замд гарахаас өмнө бас хэдэн зүйл хийх хэрэгтэй байлаа.  Өглөө нь том охины карнавалын параданд оролцсоны дараа нохойгоо зочид буудалд нь хүргэж өгөөд үлдсэн бэлтгэл ажилдаа орсон юм.  4 цагийн үед бүх юм машинд бэлэн болсон учир нөхрийн ажил руу давхиж, хайртыгаа аваад л замд гарах төлөвлөгөөтэй байсан юм  л даа. 

Нөхрийнхөө чухал хурлыг дуусахыг хүлээж би 2 охинтойгоо голын эрэгт баахан зугаалав. Дараа нь ажлынх нь газрын машины зогсоол дээр оройн хоолоо идлээ.  Тэгэж тэгэж арай гэж нөхөр суллагдваа. Ингээд л урт замд гарлаа даа.

Миний шөнө машин барих дургуйг хэлэх үү, замын уртыг хэлэх үү. Лиссабоноос Мадрид хүртэл бараг 6 цаг явна. Гэхдээ Мадрид бидний очих эцсийн цэг биш, Андорра орно. Мадридаас Андорра ортол бараг 8 цаг. Нисэж болох байсан ч нислэгийн үнэ, цаг гээд олон шалтгаанаас машинаар явахаар шийдсэн юм.

Зүтгүүлсээр байгаад, тэнгэрт түгсэн оддыг хүзүүгээ шилтэл харсаар байгаад Мадридад найзындаа ирлээ. Нүд аргаад хэрэг алга, ядарсан ч гэж жигтэйхэн. Юун хоол унд, хурдхан ор л харагдаад байна. Хэдэн ч үг сольж чадалгүй унтаад өглөө. 

Маргааш өглөө найз хүүхэн маань сайхан блины хийж өглөө. Амттай ч гэж жигтэйхэн, амаа ололгүй л идэж өгсөн дөө. 

Дахиад л замдаа гарлаа даа. Зам урсаад л байдаг, урсаад л байдаг. Андоррад очоод шөнө унтахдаа зөвхөн зам л нүдэнд үзэгдээд байсан шүү.


Испанийн ер нь хөндлөн гулд машинаар гаталж байгаа нь энэ л дээ. Өмнө нь Испанийн хойт зүгээр машинаар аялж байсан. Гэхдээ энэ аяллаар Америкийн комбойтой кинонд гардаг шиг уул манханууд олон байлаа. Магадгүй Европт хийгдсэн америкийн комбойтой киног энд авдаг байж болох юм. Уулын өнгө ямар байна, байшин байрилга нь яг ялгагдахгүй орон нутгийн барилгын материалаараа хийгдсэн нь ажиглагдана.

 Зүтгүүлсээр байгаад Андоррагийн хилээр орж ирлээ дээ. Европын ихэнх улсууд Шенгенд нэгдсэн болохоор хил дээр сүйд болдоггүй юм. Гэтэл энд чинь хил дээр нь бөөн машин дуугаарлачихаж.  Арай л цагдаа нар нь зогсоож шалгасангүй.  Буцахад бөөн цагдаагийн машинууд зогсчихсон байсан л даа.


Андоррагийн хилээр ороод ирэнгүүд л энд ч Худалдааны том төв, тэнд ч бас, замын хоёр талаар бөөн дэлгүүр. Тус улсын гол амжиргаа нь жуулчлал, худалдааны татваргүй байдаг учраас л бөөн жуулчид, худалдан авагчдаар дүүрдэг юм байна гэдгийг гүүглдэж байж мэдэж авлаа.  Зургыг хувьд уучлаарай. Яаж эргүүлэхээ мэддэггүй. Хүзүүний дасгал хийчихэд зүгээр байх аа. 


 За ингээд бүтэн долоо хоног л иймэрхүү байлаа даа. Бараг метр шахуу цас орчихож. Шөнөжин цас хаялаад л байх юм. Орой нь цэвэр байсан зам өглөө нь цасаар дүүрчихнэ.

Нөгөө цас цэвэрлэдэг машин ч ёстой л бензин иднэ гэдгийг үзүүлж байна даа.  Долоо хоног ч ёстой гулгаж өгнө гэдгийг үзүүлэхийг оролдлоо. Уул нь бол Европтоо томд ордог цанын бааз юм билээ. Бас болоогүй дэлхийн аварга шалгаруулдаг гэсэн шүү хөө.  Уул нь бол хэдэн уул дамжаад дамжаад л гулгаад явахад сайхан байсан.  Олон ч өгсдөг лифттэй, хэдэн ч уул дамжиж болдог юм бүү мэд.

Миний бие хүрэхгүй юм билээ. Эхний өдөр суга өвдөөд, хоёр дахь өдөр нь гар өвдөөд, гурав дахь өдөр нь бүх бие өвдөөд баннд суудаггүй хүн чинь 7 хоногт бараг 3 өдөр дараалан суусан.


 Ланд Ровер машин нэг иймэрхүү маягаар хэдэн сар гудамжинд байсан юм бүү мэд. Их ч цас зөөх нь дээ. Замын хөдөлгөөнд оролцож байгаа зарим машины жолооч нар цасаа цэвэрлээгүй байсан нь харамсалтай. Миний бодлоор бол их л осолтой санагдсан. Арын машин руу, аль эсвэл зогсоход нь машин дээр байгаа цас нь унаад хэдэн секундын дотор осол гаргах аюултай даа.


Арваад жилийн өмнө Канадад цанаар гулгаж байхад цанын гутлыг ингэж хадгаладаггүй байсан юм. Орчин үеийн шинэ технологио гэж. Температураа тааруулна, тавиур нь гүйнэ. Янзтай. Өөрсдийн гутал, цана байхгүй болохоор прокатаар авсан юм.  Ер нь тэгээд цанаар гулгаж амарна гэдэг ч нэг ч хямдхан амралт биш юм даа. Даан ч далайн эрэг дээр хэвтэж чаддаггүй хүмүүс одоо яая гэхэв жилдээ ганц мөнгөө төлөөд цанаар гулгаж л байхаас...

 Миний хоёр анх удаа гондолагаар явж үзэж байгаа нь энэ. Хоёуланд нь таалагдаагүй гэсэн шүү, зайлуул Монголоор нэг нэр л байдаг байх даа. Залхуу хүрээд толь эргүүлсэнгүй. Өршөөгөөрэй.

Сүүлийн өдөр тэнгэр сайхан байсан. Нар гараад, цас хайлаад, гулгахад урамтай л байсан. Даанч бага охин өглөөнөөс эхэлж бөөлжөөд, юун гулгах манатай. Аав том охиноо дагуулаад уул руу гарсан юм. Бага бид хоёр байрандаа өдөржин унтаж билээ.


 Ингээд болоогүй, хагас сайн өдөр боллоо. Гэртээ харих хэрэгтэй байдаг. Нөхөр ажилтай, хүүхдүүд сургууль, цэцэрлэгтэй. Нөгөө урт замаа дахиад л туулна гэж бодохоор айдас хүрээд байдаг. Бага охин бөөлжөөд, орноосоо өндийдөггүй. Ямарч байсан эмнэлэг орьё гээд Андоррагийн эмнэлэгт очлоо.

Эмч нар хүүхддийн хоолойг шууд хараад хоолой нь өвдсөн байсан гэж онош тавихаа больчихсон юмуу даа. Хоолой руу нэг урт юм шургуулаад хоолойг нь хатгаад, уйлуулчихлаа. Яаж байгаа юм гэсэн чинь лабораторид шинжилгээ өгнө. Үнэхээр өвдсөн эсэхийг нь шалгана гэнээ зайлуул.

Миний багад бол эмч нар шууд л бараг гаднаас нь хараад л мэддэг байсан шиг санах юм. Аль эсвэл орчин үе юмуу даа. Халуун бууруулах эм өгчихлөө. Хамаг хувцасыг нь тайлуулаад л ганц ширхэг даавуу дэвссэн арьсан бүтээлэгтэй орон дээрээ хэвтүүлээд л байх юм. Зайлуул бага минь хэвтээд л, хөлрөөд л. Хэлүүлж байгаад даавууг нь солиулаад цамцыг нь өмсүүлчихлээ. Дөрвөн цаг болоод за одоо явж болно гэнэ. Антибиотик бас баахан дагалдсан эм өгчихлөө дөө.  Эмнэлгийн үйлчилгээнд 120 евро, эмэнд нь 40-д евро төлөөд Андорра гэдэг газрыг яалт ч үгүй ардаа орхилоо доо.

Ингээд бараг НАЙМАН цаг Мадрид хүртэл баяртай.  Бас л шөнө найзындаа ирлээ. Үдээс хойш нь том охин бөөлжөөд, халуураад эхэлсэн дээ. Дөрвөн сунаж унах гэж байгаа бид хэд найзынхаа босгыг арай гэж давж ороод орыг нь хараад л унтаад өглөө. Хоёр охиноо нэг нэгээр нь авч унтаж байгаа юм. Яагаад гэвэл нөгөө хоёр чинь хоёр талд ээлжлээд л бөөлжөөд байгаа юм чинь.

Маргааш нь гэр лүүгээ явах байсан чинь том охины бие ер нь бишээ. Бас дахиад нэг шөнө найзындаа хонож болох уу гэж асуулаа. Болно гэж байна.  Дараа ирэхдээ л эрүүл, саруул ирж сайхан юм ярьцгаая л гэж ам гарсан даа. 

Маргааш өдөр нь дахиад л зургаан цагийн аялал эхэллээ дээ. Би ч ёстой л ханианд дарлуулна гэдэг л болж байна даа. Хамаг яс янгинаад хэрэг алга. Хөөрхий нөхөр минь эр хүн гэсэндээ шийр заасаар гурван хүүхнээ гэртээ авчирсан шүү зайлуул.

За дахиж л Андорра руу машинаар явахгүй гэдгээ ч нөхөртөө хэлээд авлаа. Нэг иймэрхүү л аялал болсон доо.

  • 6 настай охины минь хийсэн ажил
Өнөөдрийн хувьд тэнгэр сайхан байсан боловч сэтгэл нэг л хэцүүхэн байна.  Халуун агаар бачимдуулаад байгаа юм байлгүй дээ.  Гэсэн хэдий ч үртэй хүн жаргалтай гэж хэлдэг юм сэтгэл маш их догдлуулсан явдал боллоо.  Үдээс хойш гэртээ хүрч ирсэн чинь миний охин цэцэрлэгт ургадаг цэцгүүдийг түүгээд хачин сайхан урлагийн бүтээл туурвиснаа аав ээж хоёртоо баяртайгаар үзүүлэв.

My 6 years old daughter collected some flowers from the garden and made a beautiful art work.  Life is beautiful!


  • My father's notebooks/ Аавын тэмдэглэлийн дэвтрүүд
Саяхан Улаанбаатараас буцаж ирлээ. Нэг том тор дүүрэн аавын тэмдэглэлийн дэвтэрүүдийг авчирч, эхнээс уншиж эхлээд байна. 60-80-аад онуудад хөтөлж байсан энэ дэвтрүүддээ монголын түүх, амьдрал ахуйн тухай олж мэдсэн зүйл, номын санаануудаа тэмдэглэн үлдээжээ.

Мөн Англи хэлний хоёр жилийн курсэд суралцаж байхдаа бичиж үлдээсэн хичээлийн дэвтэр, Москва хотноо Горькийн дээд сургуульд сурч байсан үеийн хичээлийн хуваарь гээд олон зүйл байна.
Уншиж эхэлсэн нэгэн тэмдэглэлийг та бүхэнтэй хуваалцая.

“Нийслэлийн тухай”

Тунгалаг Туулын хөвөө, сэрүүн Сэлбийн дэнж, Хүн чулууны хонхорт байрлуулжээ.

Мангасын ходоод шинжтэй газар. Орсон юм гарахгүй. Гаднаас юм орно.
12-р зууны үед Кэрэйдийн ван ан Хан уулын ард Туулын хар бургасаар нутаглаж байв гэж түүхэнд бичсэн.

Манжийн хаанд Их Хүрээний сайд Юндэндорж нулабар бичиж өргөсөн. Богд уулыг дархлах тухай.

Богд Уулынх нь могой зуусан хан гарьд, Баянзүрхийнх хөх царайтай баатар, Чингэлтэйнх нь уургүй малигар шар хүн, Сонгинынх бөөгийн шашинтай яхир өвгөн болгож савдгийг дүрслэн Богд уулын оройд сүм хийж байрлуулсан.

Мөн 5-р халуун усны ард сүм барьж мөн савдгийг байрлуулж тахив. Түүнийг Дүнжингаравын хүү гэдэг.

Дүнжингарав гэдэг нь цагаан дунг тэтгэгч гэсэн үг.

Их тэнгэрийн өмнөх харшны ойролцоо хадан дээр согоо, эмэгтэй хүний зураг бий. Гоо маралын зураг байж мэдэм гэдэг.

Бирманд Бүртчин овог гэж бий. Бирмийн элчинг үүнийг бичсэн \манай сонинд\

“Тэгш таван хүсэл”

“Богдын өндөр” дуу

Хамбын хүр
Их бага дасгал

Богд уулын бараа болооч маягтай байснаас Зайсан гэж нэрлэдэг. Үргэлж байсныг усны голдрил идсэн.

3-8-р Богдыг одогийн Гандан хийдэд хадгалж байв. Хурал хурдаггүй цаад ногоон сүмүүд юм.

Наад том шар дуганд хурал хурж байв.

180 метрийн дороос аршаан өрөмдөж шинэ сувилал гарч байна.

Энэ хөндий аршаан их. 1-р төрхөд, Данбадаржаад бий. Бас Сэлбийн аршаан бий.



No comments:

Post a Comment

LinkWithin

Related Posts with Thumbnails

LinkWithin

Related Posts with Thumbnails