Wednesday 27 April 2011

Козетта, Виктор Гюго

1980-аад оны дундуур аавынхаа ятгалгаар хааяа нэг орос хэлнээс богино хэмжээний өгүүллэг, тууж орчуулж тухайн үеийн сонин хэвлэлд хэвлүүлж, Монголын радиогийн утга зохиолын редакцид орчуулсан зүйлээ радио жүжиг болгон нэвтрүүлүүлдэг байсан юм.  Харамсалтай нь хичнээн зүйл орчуулсан, хэвлүүлсэн тооцоо надад одоо байхгүй.  Архив шүүвэл юм гарч ирж болох юм. 

Нэгэн удаа Монголын зохиолчдын хорооны нэр дээр Москва хот дахь М.Горькийн нэрэмжит утга зохиолын дээд сургуульд орчуулагчийн ангид оюутан элсүүлэх шалгалтанд хүртэл орж байснаа санаж байна.  Тэр том сургуулийн босгыг аавынхаа араас алхах заяа нь тутаж, аль эсвэл аз байсан ч байж болох юм, мэргэжлийн орчуулагч болоогүй билээ.

Тэр шалгалтын комисст тухайн үеийн хорооны дарга Д.Цэдэв, экс-ерөнхийлөгч Н.Энхбаяр нар сууж байсан юм.

Тэр үед орос хэлнээс орчуулсан Виктор Гюгогийн Козетта өгүүллэгийг та бүхэнд толилуулж байна.  Энэ өгүүллэгт би дуртай, мэдээж мэргэжлийн орчуулагч, аль эсвэл та бүхэнд шүүмжлэх зүйл гарах л байна.  Дуртайяа шүүмжлэлийг хүлээн авнаа.
Б.Жавхлан



Виктор Гюго

КОЗЕТТА


Зуугаад жилийн өмнө Парисаас холгүй орших Монфермейль тосгонд замын хүмүүс буудаг буурчийн газар байв. Тенардьегийнх эзэн нь байлаа.

Хаврын нэгэн орой эзэгтэй Тенардье босгон дээр суун, хоёр хөөрхөн охидууд нь түүний хажууд тоглоно.

Хажуу талын замаар хүүхдээ тэвэрсэн эмэгтэй явж байгаад хоёр охиныг удаан харан зогсож байснаа,

- Хатагтай, та ямар хөөрхөн охиндуудтай юм бэ? гэлээ.

Тенардье эзэгтэй талархаад хажуудаа суухыг урилаа. Эмэгтэй ажилгүй болоод нутагтаа очиж хөлсний ажил хийхээр охинтойгоо Парисаас буцаж яваа тухайгаа ярив. Тэрээр хүүхэдтэй болохоор түүнийг хэн ч ажилд авахгүйг мэдэж байгаа болохоор ямар нэгэн айлд түр зуур охиноо үлдээх хэрэгтэйгээ бас хэлж амжив. Энэ орчлонд эмэгтэйд охиноос нь өөр хэн ч байхгүй, охинд эхээс нь өөр ойр хүн байсангүй.

Хөгжилтэй, цэвэрхэн хувцасласан хүүхдүүдийг хараад ээж нь лав сайн хүн байгаа байх. Бурхан түүнийг Тенардьегийн буурчийн газар руу явуулсан юм шиг байна гэж тэр эмэгтэй бодов.

- Та миний охиныг түр авч үлдэхийг зөвшөөрөөч? Би танд мөнгө төлж байх болно гэж эзэгтэйгэс догдлонгуй асуугаад, тэгээд ч удахгүй эргэж ирээд охиноо авна гэж тэр эмэгтэй хэлэв.

Охиныг авч үлдэхээр Тенардье зөвшөөрлөө. Тэр охин гурав орчим настай, том цэнхэр нүдтэй, эрүүл чийрэг хүүхэд байв. Түүнийг Козетта гэнэ. Эх нь түүний төлөө мөнгө төлж, Тенардье түүнд охин чинь сайн байгаа гэж худлаа захиа бичнэ. Хорон муу санаатай, харамч, зальтай Тенардьегийнхан охиныг үзэн ядаж, өөрсдийн охидын хуучирсан муу даашинз өмсүүлж, хоолны шавхруугаар муур, нохой хоёртой ширээн дор хамт хооллуулан жаахан том болоход нь зарцаа болгожээ. Түүгээр өрөө, хашаа, гудамжны хог шүүрдүүлж, сав суулга угаалгаж, хүнд юм зөөлгөнө. Тенардьегийн гуанз аалзны шүлс шиг, харин Козетта рхин аалзанд зарагдсан ялаа шиг л байна. Эх нь эргэж ирсэн бол охин нь танигдахааргүйгээр өөрчлөгдсөн байлаа. Эх нь ч ирсэнгүй, мөнгө ч явуулахаа больжээ. Магадгүй нас барчихсан ч юм билүү?

Хэдэн жил өнгөрлөө. Баярын өмнөх нэг орой гуанзны намхан тасалгаанд тосон дэнлүүгээр гэрэлтүүлсэн ширээний ард хэдэн жинчин, хэсүүл худалдаачид цугларчээ. Эзэн Тенардье зочидтойгоо архидан, улс төрйн тухай шүүмжлэн хэлэлцэнэ. Эзэгтэй зуухны халуун галд оройн хоол бэлтгэнэ.

Козетта өөрийн байнгын байдаг газар болох зуухны хажуу талын ширээний хөндлөвчин дор сууна. Тэрээр ноорхой болсон хувцастай, нүцгэн хөлдөө модон шаахай углажээ. Зуухны галын ойролцоо охин эзний хүүхдүүдэд ноосон оймс нэхнэ. Сандалын доор муужгай тоглоно. Хажуу талын өрөөнөөс эзний охин Эпонина, Азельма хоёрын инээд, хөөр, яриа дуулдана.

Козетта дөнгөж найман настай ч зовлон үзсэн жижигхэн эмгэн шиг бодолд дарагдан уйтгарлан сууна. Гадаа харанхуй шөнө болж, торхонд байсан ус дууссан байлаа. Бүгдийг нь ирсэн зочдын вааранд хийчихсэн, яаж ойгоос ус авчирна даа гэж бодож сууна. Энд хүмүүс ус биш архи ууж байсан болохоор Козетта өнөөдөр ус хэрэггүй байх гэж найдаж байв.

Эзэгтэй ямар нэгэн юм буцалж байсан тогооны таглааг сөхөөд шилэн аяга аваад торхтой усны дэргэд очоод цоргыг онгойлголоо.

Козетта эзэгтэйн бүх хөдөлгөөнийг ажин сууна. Торхонд шилэн аяганы дундуур л ус байлаа.

- Ус дуусчихсан байна шүү дээ гэж эзэгтэй хэлэв.

Козеттай айснаасаа болоод чимээгүй болчихов.

- За, энэ ч хүрэх байх гэж шилэн аягатай ус руугаа харангаа эзэгтэй хэллээ.

Козетта юмуу нэхэж эхлэхэд, түүний бяцхан зүрх удаан түгшин цохилсоор байв. Тэр өглөө болохыг минут тоолон хүлээсээр. Цаг өнгөрөх тусам гуанзанд байгаа хүмүүс цонхоор хараад “нүхэнд орсон юм шиг харанхуй байна” гэж дуу алдана.

- Миний морийг яагаад услаагүй вэ? гэж буурчийн газарт буусан худалдаачин ууртайгаар орж ирэнгээ асуулаа.

- Арай үгүй байлгүй, усалсан шүү дээ гэж Тенардье авгай хариуллаа.

- Эзэгтэй минь, үгүй байна гэж би танд хэлж байна.

- Ноёнтон минь, таны моринд би хувин дүүрэн ус уулгасан. Би бас түүнтэй ярьсаан гэж Козетта ширээн дороос гарч ирэнгээ худлаа хэллээ.

- Та нар үүнийг харахгүй юу! Ийм жаахан хумсын төдий байж байшингаар дүүрэн худлаа хэлчихлээ.

- Морь ус уугаагүй гэж би чамд хэлж байна, жаахан худалч минь. Ус уумаар байхдаа онцгой тургидгыг би сайн мэднэ.

- Тэглээ ч гэсэн сайн усалсан шүү дээ гэж Козетта үл дуулдам айсан дуугаар хэлэв.

- Яриад байх юм алга, миний морийг одоохон услаадах гэж худалдаачин хашгирлаа.

Козетта ширээн доогуур орлоо.

- Морь ус уугаагүй бол түүнийг услах ёстой гэж эзэгтэй хэлээд эргэн тойронд охиныг эрлээ.

- Охин хааччихваа? гэж эзэгтэй хашгирав. Козетта өөрийнхөө хоргодож байсан газраасаа гарлаа.

- Одоохон морь услаатах!

- Эзэгтэй, ус байхгүй шүү дээ гэж эмээн хэлэв.

- Тэгвэл яваад аваад ир!

Толгойгоо унжийлган зуухны буланд байгаа хувинг авахаар очлоо. Охин дотор нь чөлөөтэй багтахаар том хувин байв.

Эзэгтэй зуухны дэргэд эргэж ирээд, модон халбагаар тогоотой буцалж байсан хоолыг амсангаа,

- Ус булагт бишгүй их байгаа. Очоод л аваад ирэх л байна шүү дээ гэж үглэв. Буцах замдаа талхны газраар ороод том талх аваарай гэж ширээний нүднээс ухаж гаргасан 15 су өглөө.

Козетта мөнгийг дуугай авч хормогчныхоо урд талын халаасанд хийгээд, дараа нь онгорхой хаалганы дэргэд хувингаа барьсаар хэн нэгэн хүн өөрт нь туслахаар ирж магадгүй гээд зогслоо.

- Явахгүй юу, чи! гэж Тенардье авгай хашгирав.

Козеттаг гарангуут түүний ард хаалга хаагдлаа. Баяр ойртож тосгонд хэрмэл худалдаачид олширсон байв. Бараагаа тавьсан жижиг мухлагийн цонхнууд тод гэрэлтэн, сүмийн талбайгаас Тенардьегийн буурчийн газар хүртэл үргэлжилжээ. Тенардьегийн хаалганы эсрэг талд байрласан хамгийн сүүлчийн мухлаг гоё тоглоомуудаар дүүрэн, нүүрэн талд, нүдэнд тусахаар газар ягаан даашинзтай, алтан шаргал үстэй, шилэн нүдтэй аварга том хүүхэлдэй зогсоно. Бүх л өдөржин энэ гайхамшигт хүүхэлдэй арваас доош насны явган зорчигчдийн хорхойг хүргэдэг байв. Өөрийнхөө хүүхдэд ийм үнэтэй хүүхэлдэй авч өгөх ээж Монфермейлд байсангүй. Хэдэн цагаар ч хамаагүй Эпонина, Азельма хоёр хүүхэлдэйг бахдан хардаг байсан бол Козетта ч сэмхэн харна. Сэтгэл түгшсэн, уйтгарлан, гартаа хувин барьсаар гудамжинд гарч ирэхдээ Козетта гайхамшигт хатагтайгаа харалгүй өнгөрч чадсангүй. Энэ хүүхэлдэй ямар их аз жаргалтай байгаа бол гэж ягаан даашинз, гялалзсан үсийг нь харангаа Козетта бодлоо. Ид шидийн мухлагаас охин хараагаа салгаж чадахгүй, түүнийг хааш нь явуулсныг, ертөнцийн бүх юмыг мартан зогсоно.

- Чи бас л яваагүй байна уу. Би чамд хүрэхдээ л хүрнэ гэсэн эзэгтэйн хахир дуу түүнийг бодит байдал руу эргэн орууллаа.

Козетта хар хурдаараа гүйв. Тэр өөр ямар ч мухлагийн дэргэд зогссонгүй. Төв гудамжаар гүйж байхад замыг нь мухлагийн цонхны гэрэлнүүд гэрэлтүүлж байлаа. Удалгүй сүүлчийн мухлагийн гэрэл алга болов. Хөөрхий охин харанхуйд ууслаа. Айхгүйн тулд хувингийнхаа бариулыг чанга хангинуулна. Цаашлах тусам шөнийн харанхуй улам гүнзгийрнэ. Гудамжинд хэн ч байсангүй. Зөвхөн нэг эмэгтэй дайралдаад эргэн харж зогсоод “Энэ хүүхэд хаашаа явж болох вэ?” гэж амандаа үглэлээ. Дараа нь охиныг таньж,

- Өө, энэ чинь Козетта “болжмор” байх шив дээ гэв. Замын хоёр талаар байшин аль эсвэл хааяа нэг хашаа үргэлжлэхэд Козетта их л зоригтой алхалж байв. Хааяа нэг дайралдах цонхны завсраар гэрэл гарахад Козетта баярлана. Тэнд амьдрал, хүмүүс байгаа гэж бодно. Урагшлах тусам түүний алхаа удааширсаар. Хамгийн сүүлчийн байшинг тойроод Козетта зогслоо. Сүүлчийн мухлагаас цааш явах аймаар, сүүлчийн байшингаас холдох нь бүр ч бүтэшгүй мэт санагдлаа.

Козетта хувингаа газарт тавив. Түүний урд хав харанхуй хоосон газар байлаа. Хүн ч байхгүй, амьтан, магадгүй хоосон үзэгдэл ч байж болох харанхуй руу цөхрөнгүй харлаа.

Козетта хувингаа шүүрэн авав. Аймшиг түүнд хүч өглөө.

Ус байхгүй байсан гэж хэлнэ гэж бодоод Козетта шийдэмгий гэр лүүгээ эргэлээ. Арай гэж зуун алхам яваад буцаж зогсов. Гэнэт түүнд зэвүүрхмээр, аймаар Тенардье авгай чоно шиг амаа ангайн, хорсолтойгоор нүдээ гялалзуулсан дүр санаанд нь буув.

Охин гомдолтойгоор арагшаа дараа нь урагшаа харав. Юу хийх вэ? Хаашаа явах вэ? Урд Тенардье, хойно харанхуй ой. Козетта эргэж булан руу очих замаар хар эрчээрээ гүйлээ. Юу ч харалгүй, юуг ч сонсолгүйгээр тосгоноос гарч, ой руу гүйв. Зөвхөн амьсгаа авахын тулд л гүйхээ больж байв. Тэгсэн ч гэсэн явсаар л байлаа.

Ингэсээр булагт хүрч ирэв.

Хав харанхуй. Козетта ийшээ ирж ус авч сурчээ. Харанхуйд усруу тонгойсон түүнд дандаа тулгуур болдог залуухан царс модыг зүүн гараараа тэмтрэв. Мөчрөөс бариад доошоо тонгойн хувин дүүрэн ус утгалаа. Энэ үед хормогчных нь халааснаас 15 су унасныг охин анзаарсангүй.

Бараг хувин дүүрэн усаа гаргаж ногоон дээр тавилаа. Сая л охин цааш ганц ч алхам хийж чадахгүйгээ мэдэрч ногоон дээр явган суугаад чимээгүй болов.

Козетта нүдээ аниад, нээлээ. Хажууд нь хувинтай ус нь ирмэгээрээ цалгина. Толгой дээр нь хар үүлээр бүрхэгдсэн тэнгэр цэлийнэ. Хүйтэн салхи үлээж байв. Козеттаг босоход нь түүнийг айдас бүрхэв. Тамир тэнхээ байвал ой дундуур, тал дундуур, байшин, гэрэлтэй цонх руу хурдхан шиг л гүйх байв. Түүний харц хувин дээр уналаа. Тенардье эзэгтэй аймаар болохоор хувинтай усаа орхихоос айж байв. Хоёр гараараа өргөх гэсэн боовч түүнд чадал байсангүй. Ингээд 12 алхам алхсан боловч хувинтай ус хүнд тул охин түүнийг газарт тавихаас өөр аргагүй болов. Хэдхэн минут амсхийгээд дахиад бариулнаас нь бариад цаашаа явлаа. Энэ удаад нилээн зогсоод, дахиад урагшиллаа. Козетта эмгэн шиг толгойгоо унжуулан бөхийж явав. Жижигхэн, нойтон, хүйтнээс болж бээрсэн алгыг нь хувингийн бариул зууж байв. Зогсоход нь хүйтэн ус цалгилж хөл нүцгэн хөлийг нь норгоно.

Энэ бүхэн битүү ойд, харанхуй шөнө, хүмүүсээс хол, дөнгөж найман настай охинд тохиолдож байлаа.

Козетта өвчтэй хүн шиг хэрчигнэн амьсгалж, уйлах гэж хоолой нь зангиравч Тенардье авгайгаас айн уйлж ч чадахгүй алхана.

Козетта их удаан зөөж ядна. Түүнийг гэртээ харьсаар байтал цаг гаран болж, Тенардье зодно гэдгийг уйтгарлаан бодож явав. Өвгөрсөн, танил туулайн бөөрний модны дэргэд очоод сайн амрахаар сүүлчийн удаа зогсож бүх хүчээ бөөгнүүлж аваад хувингаа өргөн зоригтой урагшиллаа.

Гэнэт хувин нь хөнгөрөхийг мэдрэв. Хэний ч юм аварга том гар хувингийн бариулнаас бариад авав.

Козеттаг толгойгоо өнгийлгөж харахад хав хар өндөр хүн түүнтэй хамт харанхуйд алхаж байв. Араас нь сэмээрхэн хүрч ирсэн тэр хүнээс охин айсангүй.

Тэр хүн түүнтэй намуухан дуугаар ярьж эхлэв.

- Балчир хүүхэд минь, энэ хувин чиний хувьд хэтэрхий хүнд юм байна шүү дээ.

- Тиймээ, ноёнтон.

- Үүнийг чинь би аваад явъя.


Козетта хувингийн бариулыг тавилаа.

- Охин минь, чи хэдэн настай вэ?

- Ноёнтоон, би найман настай!

- Чи холоос явж байна уу?

- Ойд байдаг булагаас

- Чамд хол явах үлдсэн үү?

- Одоо арван таван минут хиртэй үлдсэн.

Тэр хүн дуугай байж байгаад гэнэт,

- Чамд ээж байдаггүй юм уу гэж асуулаа.

- Мэдэхгүй, байхгүй байх. Бусдад байдаг юм. Надад байдаггүй гэж түүнийг өөр юм асуухаас өмнө охин хариуллаа. Дараа нь,

- Миний бодоход, надад хэзээ ч байгаагүй байх гэж нэмж хэлэв.

Тэр хүн зогсоод хувинг газар тавиад харанхуйд түүний нүүрийг сайн ажиглах гэсэн мэт тонгойн хоёр гараа охины мөрөн дээр тавив.

- Чамайг хэн гэдэг вэ?

- Козетта.


Тэр хоёр цааш явав.

- Харанхай шөнөөр хэн чамайг ой руу усанд явуулсан юм?

- Хатагтай Тенардье.

- Чиний хатагтай Тенардье чинь юу хийдэг юм бэ?

- Миний эзэгтэй. Буурчийн газартай.

- Буурчийн газар аа? гэж үл таних хүн лавлан асуув. Би тэнд чинь хоноё. Чи намайг тийш нь аваач!

- Бид нар тийшээ явж байна гэж охин хэллээ. Тэр хүн нилээн хурдан явж байлаа. Козетта арай хийж түүнийг гүйцнэ. Тэр ядарснаа ч мэдрэхгүй байв.

Хэсэг хугацаа өнгөрсний дараа тэр хүн дахин юм лавлаж эхлэв.

- Хатагтай Тенардьед зарц байдаггүй юм уу?

- Ноёнтоон, байхгүй.

- Чи ганцаараа юм уу?

- Тийм ээ, ноёнтоон. Гэхдээ түүнд хоёр охин бий гэж Козетта нэмэн хэлэв.

- Ямар охидууд?

- Эпонина, Азельма хоёр.

- Эпонина, Азельма гэж хэн бэ?

- Тенардье хатагтайн охидууд, авхай нар.

- Тэр авхай нар чинь юу хийдэг юм бэ?

- Тэд нарт гоё хүүхэлдэй, олон гялалзсан сайхан эдлэлүүд бий. Тэд түүгээр тоглодог юм.

- Бүхэл өдөржингөө юу?

- Тиймээ, ноёнтоон.

- Чи?

- Би ажилладаг.

- Бүхэн өдөржингөө юу?


Козетта нулимс дүүрсэн том нүдээ өргөн аяархан,

- Тиймээ ноёнтоон, гэж хэллээ.


Минут хиртэй дуугуй байснаа,

- Заримдаа ажлын дараа зөвшөөрвөл би ч бас тоглодог юм.

- Чи яаж тоглодог гэж?

- Яаж л тоглож болно. Гэхдээ надад цөөхөн тоглоом бий. Эпонина, Азельма хоёр надад хүүхэлдэйгээ өгч тоглуулдаггүй. Надад иймхэн жижигхэн цагаан тугалган сэлэм бий гээд чигчийг хуруугаа харуулав.

- Тэр чинь мохоо юу?

- Үгүй, ноёнтоон, хурц, ялааны толгойг авч, салат хэрчдэг юм.

Тэр хоёр тосгонд ирээд талхны мухлагны хажуугаар өнгөрөв. Козетта эзэгтэйг талх ав гэснийг нь бүр таг мартчихсан байлаа.

Тэр хүн асуулт тавихаа болиод баргар царайлан дуугай байв. Буурчийн газрын дэргэд ирээд Козетта түүний гарт эмээнгүй хүрэв.

- Бид хоёр гэртээ ирж байна гэж Козетта хэллээ.

- Тэгээд юу гэж

- Би одоо хувингаа авахыг зөвшөөрнө үү.

- Яагаад?

- Таныг хувин барьж явааг хараад Тенардье авгай намайг зодно.


Үл таних хүн хувинг эргүүлэн өгөв.

Минутын дараа тэр хоёр гуанзны үүдэнд зогсож байв. Дараа нь хаалга тогшиход онгойлоо.

Козетта тоглоомны мухлагт тавьсан том хүүхэлдэйг дахин харахгүй байж чадсангүй.

Босгон дээр лаа барьсан Тенардье авгай харагдав.

- Аа, чи юу, муу охин. Их л удаан явлаа даа. Хаа нэгтээ тоглоо юу!

- Хатагтай, энэ ноёнтон манайд хононо гэнээ гэж айснаасаа болоод чичирсэн хоолойгоор Козетта хэллээ.


Эзэгтэйн баргар царайнд найрсаг байдал тодорч, танихгүй хүний хувцас, боодолтой юмыг хараад найрсаг байдал нь алга болоод

- Харамсалтай нь манайд зай алга гэж хүйтэн хэллээ.

- Намайг дээврийн хонгилд ч юмуу, морины хашаанд ч хамаагүй байрлуулаач, би өрөөний хөлс шиг л төлнө.

- 40 су.

- 40 су! За яахав.
Тэр хүн ороод тавиур дээр тулж явсан мод, боодолтой юмаа тавиад ширээнд суухад нь Козетта аяга, дарс хоёрыг яаран тавив. Ус авчрахыг шаардаж байсан худалдаачин морио услахаар гарч явлаа. Козетта өөрийнхөө ширээн доорхи байранд суугаад юм нэхэж эхлэв. Тэр хүн Козеттаг анхааралтай харна.

Охин туранхай, цонхигор царайтай байв. Найман настай боловч зургаан настай юм шиг харагдана. Хүйтэнд гар нь хагарч, нүцгэн хөл, туранхай, хөхөрсөн нүцгэн бие нь хувцасны цоорхойгоор харагдана. Дандаа даарч байдагаас болж, өвдгөө хавчин сууж сурчээ. Шалба нороод гэртээ ирснийхээ дараа хувцсаа хатаахын тулд галд ч ойртож чадахгүй байлаа.

- Талх хаана байна? гэж эзэгтэй гэнэт ориллоо. Эзэгтэйн орилохыг сонсоод Козетта яаран ширээн доороос гарч ирэв. Талх авахаа таг мартчихсан байв. Айсан хүүхэд болгон худлаа хэлдэг шиг худлаа хэлэхэд хүрлээ.

- Хатагтай, талхны мухлаг хаалттай байсан.

- Тогших нь яасан юм?

- Хатагтай, би тогшсон.

- Тэгээд яасан?

- Надад онгойлгоогүй

- Маргааш би худлаа юу, үнэн үү гэдгийг шалгана. Худлаа хэлсэн байвал чи юу болохыг мэдээрэй. Мөнгө хаана байна?

Козетта халаасаа эргүүллээ. Мөнгө хаашаа алга болчихов оо? Хөөрхийлөлтэй охин юу ч хэлж чадахгүй чулуу шиг зогсоно.

- Чи хаячихсан уу, аль эсвэл хулгайлах гээ юу гэж хэлээд түүний гар зуухын буланд өлгөөстэй байгаа ташуур луу сунав.

- Өршөөгөөч, хатагтай минь. Хатагтай, би дахиж ийм хэрэг хийхгүй гэж эзэгтэйн гарын хөдөлгөөнийг хараад Козетта ингэж хашгирав.

Тенардьег ташуур авахад Козетта буланд шигдлээ. Булан руу улам шигдэхийг хичээн жижигхэн биеэ хамгаалахыг бодно.

Энэ үеэр танихгүй хүн хүмүүст мэдэгдэлгүйгээр хантаазныхаа халаасыг тэмтэрч,

- Уучлаарай, хатагтай. Охины халааснаас юу ч юм уналаа гээд тонгойн юм эрэв.

- Энэ байна гэж босонгоо Тенардье руу мөнгө сунгав. Энэ нь 20 су байв.

Эзэгтэй мөнгийг авч өөрийнхөө халаасанд хийгээд охин руу ширүүн харан,

- Ийм явдал хэзээ ч гаргаж болохгүй шүү гэж хэллээ.

Тенардьегийн “нохойн хэвтэр” гэж нэрлэдэг ширээн доогуур Козетта нуугдав.

- Та оройн хоол идэх үү? гэж үл таних хүнээс Тенардье асуув.

Тэр хариулсангүй. Гүн бодолд автсан юм шиг сууна.

- Тэнүүлч ч юм шиг? Ямар хаашаа янзын хүн бэ? гэж эзэгтэй үглэв. Хоносны мөнгөө төлөх болов уу? Шалан дээрээс олсон мөнгөө өөртөө аваагүй нь л боллоо гэж бодов.

Энэ үед хаалга онгойж өрөөнд Эпонина, Азельма хоёр орж ирэв. Хоёр хөөрхөн, өхөөрдөм охидууд байлаа. Нэг нь хүрэн, нөгөө нь хар гэзэгтэй, хоёулаа баяр баясгалантай, цэвэрхэн, тарган цатгалан, эрүүл чийрэг болохоор нь тэднийг харан хайрламаар, хоёлуаа бараан гоёмсог ноосон даашинз өмссөн байв.

- Арай гэж та хоёр ирэв үү? гэж тэр хоёрыг орж ирэхэд Тенардье авгай уулга алдлаа. Үсийг нь илбэн, туузыг нь боосныхоо дараа энхрийлэн өөрөөсөө холдуулаад,

- Яасан дэгжин хүүхнүүд вэ? гэж хэлэв.

Охидууд галын дэргэд авчирсан хүүхэлдэйгээрээ тоглон хөгжилтэй ярин суув. Козетта хааяа нэг нэхэж байгаа юмнаасаа нүдээ салган тэр хоёрыг уйтгартайхан харна. Эпонина, Азельма хоёр Козеттаг нохойн гөлөг шиг санан тоож харсангүй.

Тэр хоёрын хүүхэлдэй хуучин, өнгөө алдсан, эвдэрсэн байсан ч гэсэн амьдралдаа хэзээ ч хүүхэлдэйгээр тоглож байгаагүй Козеттад ер бусын гайхамшигтай сайхан харагддаг байв.

Козеттаг ажиллахын оронд охидуудыг харж байгааг гэнэт Тенардье мэдээд

- Чи чинь яаж ажиллаж байгаа нь энэ вэ? Би чамайг ташуураар гэж хэлтэл,

Танихгүй хүн сандлаасаа босолгүй эргэн хараад

- Хатагтай, тоглог л дээ гэж хэлэв.

- Миний талхыг идэж байгаа хойно охин ажиллах ёстой. Тэгээд ч би зүгээр тэжээж чадахгүй.

- Тэгээд юу хийж байгаа юм гэж асуув.

- Та мэдмээр байвал, миний охидод оймс нэхэж байна.

Үл таних хүн Козеттагын даарснаас болж улайсан хөлийг хараад:

- Оймсыг тэр хэзээ нэхэж дуусахав гэв

- Энэ залхууд дор хаяхад хоёр гурван өдрийн ажил байна.

- Бэлэн болохдоо оймс ямар үнэтэй вэ?

- 30 сугээс наашгүй.

- Та надад 5 франкаар зарахгүй юу? Энэ ярианд Тенардье эзэн оролцох ёстой гэж шийдэв.

- Тэгэлгүй яахав, ноёнтоон. Та хүсвэл бид танд хоёр оймсыг найр тавин өгнө. Бид хэзээ ч өөрийнхөө зочдод татгалздаггүй гэлээ.

- Мөнгөө яг одоо төл гэж Тенардье авгай шийдэмгий, ширүүн дуугаар хэллээ.

- Би оймсыг худалдан авлаа гээд халааснаасаа 5 франк гарган ширээн дээр тавингаа хэлэв.

Тэгээд Козеттад,

- Би чиний ажлыг худалдаж авлаа. Тогло охин минь. Тенардье эзэн дуугүйойртож ирээд мөнгийг хантаазныхаа халаасанд хийв.

Тенардье эзэгтэй юу ч хэлсэнгүй, зөвхөн уруулаа хазан нүүрэнд нь үзэн ядсан байдал харагдана. Сэтгэл түгшсэнээс болоод Козетта чичирч байв.

- Хатагтай, би тоглож болох нь үнэн үү гэж арайхийн зүрхлэн асуулаа.

- Тогло! гэж Тенардье эзэгтэй хэрцгий дуугаар хэлэв.

- Эзэгтэй минь, баярлалаа гэж Козетта хэлэв.

Эзэгтэйд баярлалаа гэж хэлж байхдаа түүний бяцхан зүрх үл таних хүнд талархсан талархлаар дүүрэн байлаа.

Тенардье эзэн дахин архиа ууж эхлэв.

- Энэ хүн юун хүн байж болохов гэж авгай нь чихэнд нь хэллээ.

- Ийм хувцастай саятнуудыг би үзсэн юм байна гэж тэр хариулав.

Козетта нэхэхээ болиод ширээн дороос гарч ирсэнгүй. Барагтай л бол бага хөдлөхийг бодно. Ар талдаа байсан хайрцагнаас хуучирсан өөдөс, жижигхэн тугалган сэлэм гаргаж ирэв.

Эпонина, Азельма хоёр эргэн тойронд болж байгаа юманд ямарч анхаарал тавьсангүй. Тэр хоёр муурын зулзагыг өлгийдөх маш чухал ажилтай байлаа. Хүүхэлдэйгээ газар хаяж, эгч Эпонина нь муужгайн дуу, шийдэмгий эсэргүүцлийг үл харгалзан ямар нэгэн улаан, цэнхэр өөдсөнд өлгийдөхийг бодно. Ийм хэцүү, ярвигтай зүйл хийж байгаа боловч тувт шулганана.


- Дүү минь харахгүй байна уу, энэ хүүхэлдэй хөдөлдөг, уйлдаг, дулаан, бас зугаатай юм. Үүгээр л тоглоё. Энэ миний жижигхэн охин болог. Би хатагтай болъё. Би танайд айлчилж очиход чи миний охиныг харна. Тэгээд чи гэнэт сахлыг нь хараад гайхна. Дараа нь чих, сүүлий нь хараад улам ч их гайхна. Чи надад “Ээ, бурхан минь!” гэхэд чинь би “Тиймээ, хатагтай, миний охин ийм жижигхэн юм. Одоо охидууд чинь бүгд л ийм жижигхэн” гэнэ.

Азельма, Эпонинаг гайхан сонсоно. Эзэгтэйн охид муурыг өлгийдөж байхад Козетта өөрийнхөө сэлмийг өлгийдэж байлаа. Тоглоомоо боогоод тэврэн чимээгүйхэн дуу дуулна.

Тенардье эзэгтэй танихгүй хүнд ойртон очив. Нөхрийн маань зөв байж болох юм. Магадгүй баян ч юм билүү. Тэдний дотор бас иймэрхүү хачин жигтэй хүн байдаг шүү дээ гэж бодоод ширээнд тулан:

- Ноёнтоон... гэж хэлэв.

“Ноёнтоон” гэсэн үгэнд тэр хүн эргэж харав. Саяхыг хүртэл эзэгтэй түүнийг “эелдэг хүн” гэж нэрлэж байлаа.

- Та тийм л сайхан сэтгэлтэй юм бол би охиныг жаахан тоглоход дургүйцэхгүй байна. Тэхдээ тэр ажиллах ёстой. Тэрэнд хэн ч байхгүй гэж хуурамч байдал гарган хэрцгий байдлаасаа улам гутмаар болон хэлэв.

- Энэ таны хүүхэд биш үү?

- Ээ, бурхан минь, ноёнтоон! Энэ жижигхэн тэнүүлчийг бид энэрэнгүйгээрээ гэртээ байлгасан юм. Энэ шал тэнэг юм. Ийм том толгойтой, лав усан хавантай байх. Түүнд зориулан чадах бүхнээ хийж байна. Тэгээд ч бид өөрсдөө баян биш шүү дээ. Бид хагас жил гаруй түүний эх рүү захиа бичиж байгаа боловч хариу авахгүй байна. Ээж нь нас барсан байх гэж бодох хэрэгтэй болж байна.

- Тийм үү! гэж үл таних хүн хэлээд бодолд дарагдав.

Козетта тоглохоо болив. Өөрөөсөө хэдхэн алхмын цаана муураар тоглож байгаа эзэгтэйн охидуудын хаясан хүүхэлдэйг олж харлаа. Козетта сэлмээ тавиад алгуурхан өрөөг эргэн тойрон харав. Тенардье эзэгтэй нөхөртэйгээ ярин мөнгөө тоолно. Эпонина, Азельма хоёр мууртай тоглоно. Гуанзанд ирсэн хүмүүс юм идэж, дарс ууж, дуу дуулан, түүнийг хэн ч анзаараагүй байв. Ганц ч минут гарздаж болохгүй байлаа. Дөрвөн хөллөн ширээн дороос гарч, эрэн тойрон өөрийг нь хэн ч ажаагүйг ажиглаад, хүүхэлдэй рүү хурдхан мөлхөж очоод шүүрч явлаа. Хэдхэн секундын дараа буцаад байрандаа байж байв. Хүүхэлдэйг гартаа барин халхалж аваад хөдлөлгүй сууна. Өөрийнхөө тачир хоолыг идэж суусан үл таних хүнээс бусад нь түүнийг ажигласангүй.

Козеттагийн баяр баясгалан 15 минут л үргэлжлэв.

Өөрийнх нь бүх авсан болгоомжлох арга хэмжээнээс хүүхэлдэйн нэг хөл ширээн доороос харагдана. Гэрэлтэж байгаа ягаан хөл гэнэт Азельмагийн анхаарлыг татав.

- Эгч ээ, түүнийг хараа!

Охидууд тоглохоо болиод гайхацгаав. Козетта тэдний хүүхэлдэйг яаж авч зүрхлэв ээ! Муураа гараасаа тавилгүй Эпонина босч эхийнхээ дэргэд очоод хормогчноос нь татав.

- Битгий саад бол! Чамд юу хэрэгтэй вэ!

- Ээж ээ, хараач! гээд Козеттаг заав.

Тоглоомондоо улайрсан Козетта юуг ч харсангүй, юуг ч сонссонгүй.

- Козетта! гэж эгдүүцсэн хахир дуугаар Тенардье ориллоо.

Козетта цочсоноосоо болоод газар тэнгэр эргэчихсэн юм шиг санагдаад эргэн харав.

- Козетта! гэж Тенардье дахин давтлаа.

Козетта хүүхэлдэйг чимээгүйхэн шалан дээр тавиад асгаруулан уйллаа.

Энэ үед үл таних хүн босч

- Юу болоов? гэж Тенардьегаас асуулаа.

- Та харахгүй байна гэж үү гээд Тенардье Козеттагийн хөлний дэргэд хэвтэж байгаа хүүхэлдэйг хууруугаараа заан хэлэв.

- Энэ гуйлгачин миний охидуудын хүүхэлдэйд яаж гар хүрч зүрхлэв ээ?

- Иймхэн юмнаас болж шуугиан гаргаад яах нь вэ. Хүүхэлдэйгээр тоглоо л биз.

- Балиар гараараа барьсанд нь зэвүү хүрмээр юм.

Ингэж хэлсний дараа Козеттаа улам чанга уйлав.

- Дуугүй болох уу, үгүй юу чи!

Үл таних хүн хаалгаар гаран одов.

Бараг гарч амжаагүй байхад нь түүний байхгүйг байгааг ашиглан эзэгтэй Козеттаг хөлөөрөө өвдтөл өшиглөхөд нь охин улам чанга уйлав.

Хэдэн минутын дараа үл таних хүн тосгоны хүүхдүүдийн атаархлыг төрүүлсэн гайхамшигт хүүхэлдэйг барьсаар орж ирээд

- Энийг чамд гэж хэллээ.

Козетта өөр лүүгээ нар шиг гийсэн хүүхэлдэй бариад ирж байгаа хүнийг харлаа. “Энийг чамд” гэсэн үгийг сонсоод, тэр хүнийг харж, дараа нь хүүхэлдэйг хараад буланд шигдэв. Дахин уйлсан ч үгүй, орилсон ч үгүй. Амьсгалахаасаа ч айж байв.

Тенардье эзэгтэй Эпонина, Азельма гурав зогтусав. Гуанзанд байгаа хүмүүс ч ууцгаахаа болилоо. Чив чимээгүй. Энэ өвгөн чинь гуйлгачин уу, баян уу, аль нь ч байж болох юм. Аль эсвэл хулгайч гэж Тенардье эзэгтэй чимээгүй, мэлрэн бодно. Эзэн Тенардье үл таних хүнийг, хүүхэлдэйг харахдаа үл таних хүнийг боодолтой мөнгийг нь хамт шинжлэж байгаа юм шиг байв. Энэ бүхэн агшин зуурт болж өнгөрөв.

- Хүүхэлдэй, үгүй ядаж 30 франк хүрнэ. Тэнэг юм хийлгүй энэ хүний хөлд нь сөгд гэж эзэн Тенардье авгайдаа хэлэв. Тэхэд нь Тенардье эзэгтэй хуурмаг сайхан дуугаар Козеттад хандан,

- Козетта чи яагаад өөрийнөө хүүхэлдэйг авахгүй байгаа юм бэ гэж хэллээ.

Гайхамшигтай хүүхэлдэйг Козетта нэг л айсан харцаар харна. Нүүр нь нулимстай байсан ч гэсэн нүдэнд нь баярын оч гэрэлтэнэ. Хүүхэлдэйд гар хүрэнгүүт аянга ниргэх ч юм шиг санагдана. Гэвч охины хорхой их хүрч байсан учир очин эзэгтэйгээс эмээнгүй,

- Хатагтай, болох уу? гэж асуулаа. Ямарч үгээр Козеттагийн нүүрэнд тодорсон цөхөрсөн, айсан, сэтгэл хөдөлсөнийг бичиж болмооргүй байв.

- Болноо, энэ чинийх. Ноёнтон чамд бэлэглэж байна гэж Тенардье хариуллаа.

- Ноёнтоон, үнэн үү? Энэ хатагтай минийх үү гэж Козетта асуулаа.

Үл таних хүний нүдэнд нулимс хуран, үг хэлбэл уйлахад бэлэн байсан учир дуугүй толгой дохив. Козетта, “Хатагтайн” гарт өөрийн жижигхэн гарыг тавиад түлэгдсэн юм шиг гараа суга татав. Тэгээд гэнэт эргэн хүүхэлдэйг шүүрэн авлаа.

- Би хүүхэлдэйгээ Катерина гэж нэрлэнэ гэлээ.

Хүүхэлдэйн гоёмсог тууз, ягаан платье Козеттагийн ноорхой хувцастай холилдохыг харахад содон байв.

- Хатагтай, би энэнийг сандал дээр суулгаж болох уу?

- Охин минь, бололгүй яахав гэж Тенардье хариуллаа. Эпонина, Азельма хоёр одоо атаархан харж байлаа.

Козетта Катеринагаа сандал дээр суулгаад, өөрөө урд нь шалан дээр суугаад дуугүй хүүхэлдэйг харна.

- Козетта, тоглооч гэж үл таних хүн хэлэв.

- Өө би тоглож байна, гэж охин хариуллаа.

Энэ минутад Тенардье эзэгтэй энэ ертөнц дээр үл таних хүнийг л хамгийн их үзэн ядаж байлаа. Тэгсэн ч гэсэн тэсэж байв. Өөрийнхөө охидуудыг унтуулахаар яаран явуулаад, Козеттаг ч явуулахыг үл таних хүнээс зөвшөөрөл өгөхийг хүслээ.

- Өнөөдөр охин их ядарчээ гэж эелдэг зөөлөн байдал гарган хэлэв. Өөрийнхөө Катеринааг аваад Козетта унтахаар явлаа.

Ширээ тулан үл таних хүн суугаад бодолд дахин автав. Буурчийн газарт байсан хүмүүс дуу дуулахаа болиод аажмаар тарцгааж эхлэв.

Бүгдээрээ үл таних хүнийг айж хүндэтгэсэн харцаар харна. Ядуу хувцасласан, ямар ч хамаагүй хөл нүцгэн халтар хүүхдэд аварга том хүүхэлдэй бэлэглэж, мөнгийг хамаагүй үрж байгаа энэ хачин хүн тэдний гайхлыг төрүүлэхээр барахгүй бас сэжигтэй байв.

Цаг өнгөрөх тусам хүмүүс тарж гуанзыг түгжин нэг ч хүн үлдсэнгүй, гал унтрав. Харин үл таних хүн нөгөө л байдлаараа суусаар байв. Үе үе тулсан гараа өөрчилнө. Козеттаг явсны дараа тэр юу ч ярьсангүй.

Зөвхөн Тенардьегийнхан л өрөөнд үлдлээ.

-Та чинь тэгээд бүх л шөнөжингөө ингээд суугаад байх уу гэж эзэгтэй үглэв.

Хоёр цаг гаран болоход нөхөртөө,

-Би явж унтлаа. Чи түүнтэй юу хийхээ өөрөө мэд гэж хэлэв. Нөхөр нь буланд байсан сандал дээр суун лаа асаагаад сонин уншиж эхлэв. Дахиад нэг цаг өнгөрөв. Гуанзны эзэн гурав дахин байсан сонингоо уншив. Үл таних хүн хөдөлсөнгүй. Тенардье ханиалгаж, шүлсээ хаяж, нусаа нийн, сандлаа хахинуулна. Үл таних хүн хөдлөхгүй суусаар л. Аль эсвэл унтаж байгаа юм болов уу гэж Тенардье бодов.

Эцэст нь тэр малгайгаа аван ойртож очоод

- Ноёнтоон! Та амрахгүй юу гэж хэлж зүрхлэв.

- Өө, тийм ээ! Танай морины хашаа хаана байна вэ?

- Ноёнтон, танд одоо зааж өгье! гэж Тенардьегийн нүүрэнд инээмсэглэл тодров.

Үл таних хүн боодолтой юмаа авахад, Тенардье хоёр лаа аваад хоёрдугаар давхарт гаран улаан модоор хийсэн тавилга, улаан хөшигтэй том ортой хээнцэр өрөөнд оруулав.

- Энэ чинь юу вэ? гэж үл таних хүн асуулаа.

- Энэ манай өөрийн унтлагын өрөө

- Би бол морины хашааг л шилсэн юм гэж тэр шийдэмгий хэлэв.

Энэ найрсаг биш анхааруулгыг нь Тенардье сонсоогүй байдал гаргав. Хоёр лаагаа асааж зуухан дээр тавиад үл таних хүнийг ганцааранг нь орхиод Тенардье өрөө рүүгээ орж амжаагүй байхад авгай:

- Би маргааш гэхэд Козеттаг гэрээсээ хөөнө гэж хэлэв.

- Чи хэтэрхий яарч байна гэж тэр хүйтнээр анхаарууллаа.

Тэр хоёр дахиж дуугарсангүй лаагаа унтраалаа.

Эзний явсны дараа үл таних хүн тулах мод, боодолтой юмаа буланд тавиад түшлэгтэй сандалд суугаад хэсэг бодолд дарагдан суулаа. Дараа нь шаахайгаа тайлж, зуухан дээр байсан хоёр лааны нэгийг аван, нөгөөг нь унтраагаад хаалга онгойлгон өрөөнөөс гарлаа. Юм эрсэн хүн шиг эргэн тойрноо харан явна. Хонгил өнгөрөн шатанд тулж ирээд хүүхдийн намуухан амьсгалахыг сонсов. Хэдэн алхам алхаад шатны доорх хонгилд орж очив. Тэнд олон янзын хуучирсан новш, хагарсан сав суулга, тоос шороо, аалзны шүлсний дунд сүрэл нь цухуйсан цоорхой дэвсгэр дээр Козетта унтаж байлаа.

Ойртож очоод үл таних хүн түүнийг удаан ажиглав. Козетта хувцастайгаа бөх гэгчийн унтана. Тэрээр өвөл дулаахан унтахын тулд хувцсаа тайлдаггүй байлаа.

Харанхуйд том нүд нь гялалзаж байгаа хүүхэлдэйгээ тэр чанга тэвэрчээ. Одоохон сэрээд хүүхэлдэйгээ улам чанга тэврэх юм шиг хааяа хааяа охин гүнзгий амьсгална. Дэвсгэрийн хажууд түүний модон шаахай байна. Козеттагийн хэвтрийн ойролцоо онгорхой байгаа хаалга нилээн том харанхуй өрөө рүү аваачихад үл таних хүн тийшээ оров. Энэ өрөөний дунд хирд шилэн хаалганы цаана цас шиг цагаан хоёр хүүхдийн ор харагдаж байв. Энэ бол Эпонина, Азельма хоёрын ор байв.

Үл таних хүн буцаж явах гэтэл гэнэт түүний харц задгай зууханд тусав. Томоос том зуухны гал унтарсан байсан боловч түүний анхаарлыг өөр зүйл татжээ. Энэ бол хоёр өөр хэмжээтэй хөөрхөн хүүхдийн шаахайнууд байлаа.  Энэ нь баярын урьд өдөр хүүхдүүд шаахайгаа зуухан дээр тавихад шөнө нь шидэт хүн ирээд гайхамшигтай бэлэг хийдэг хуучны уламжлалыг үл таних хүн санав. Түүнийг тонгойход аль хэдийнэ шаахайнуудад гялалзсан шинэ 10 суг хийжээ. Цаашаа явах гэтэл зуухны хамгийн гэрэлгүй буланд хийц муутай, элэгдэж хуучирсан, үнс, шороонд дарагдсан шаахайг танив. Энэ шаахайд юу ч байсангүй.

Хаантаазныхаа халаасыг уудлан Козеттагийн шаахайд алтан зоос хийв. Дараа нь чимээгүйхэн явж өөрийнхөө өрөөнд оров.

Үүр цайхаас хоёр цагийн өмнө лаа асаан ширээний ард Тенардье суун үл таних хүний тооцоо хийнэ. Түүний авгай хажууд нь тонгойн зогсон юм бичиж байгааг нь ажиглана. Козеттагийн шал угаах чимээ гэрт сонсдоно.

Хэдэн мөчийн дараа засч залруулсаны хойно Тенардьегийн гараас ийм нэгэн бүтээл гарлаа.

Нэг номерын өрөөний ноёны тооцоо

Оройн хоол 3 франк

Өрөө 10 франк

Лаа 5 франк

Гал 4 франк

Зарц 1 франк

Дүн 23 франк

- 23 франк ий! гэж Тенардье эзэгтэй дуу алдав.

- Төлөх болно! гэж эзэн Тенардье хүйтнээр инээмсэглэн хэлэв.

- Өнөөдөр би Козеттаг хөөнө гэдгийг чи мартаагүй биз. Би тэр муухай амьтныг хүүхэлдэйтэй нь харж байж чадахгүй.

- Чи энэ тооцоог түүнд өгөөрэй гээд тэр гарав. Түүний араас дөнгөж хаалга хаагдангуут үл таних орж ирэв. Тенардье эргэж ирж зөвхөн авгай нь л түүнийг харахаар хаалгаа хагас онгойлгон зогсов.

- Үл таних хүн гартаа боодолтой юм, модоо барьсан байлаа.

- Та ямар эрт босоо вэ? Ноёнтон, та арай биднийг орхих гэж байгаа юм биш биз дээ гэж Тенардье асуулаа.

Энэ бүгдийг хэлж байхдаа гартаа тооцоог тээнэгэлзэн эргүүлж байв. Ийм үнэтэй тооцоог гуйлганчийн байдалтай хүнд өгөхөд эвгүй юм шиг бодогдоно.

Үл таних хүн санаа зовсон хайнга байдалтай байв.

- Тиймээ, хатагтай, би явлаа гэж хариулав.

- Монфермейлд танд ямар нэгэн ажил байгаагүй юм уу гэж Тенардье үргэлжлүүлэв.

- Үгүй ээ, би энд зам зуураа орсон юм. Хатагтай би хэдийг төлөх вэ?

Эзэгтэй түүнд эвхсэн цаас дуугүй сарвайв. Үл таних хүн тооцоог дэлгэн харсан ч өөр юманд түүний анхаарал татагдсан шинжтэй байв.

- Монфермейлд танай ажил ямаршуухан явж байна гэж тэр асуув.

- Тэгж ингээд болж байна ноёнтоон гэхдээ түүнийг тооцооны тухай юу ч ярихгүй байгаад хачирхан

- Ноёнтоон, одоо чинь цаг хэцүү байна. Манай нутагт зэгсэн баян ноёд цөөн, ядуучууд их. Хааяа хааяа тань шиг уужим санаатай, баян хүмүүс дайралдахгүй бол ч... Манайх их зарлагатай. Жишээлбэл энэ охиныг аваад үзье. Биднийг хоосруулж байна.

- Ямар охин?

- Яагаав, та мэднэ шүү дээ! Козетта. Тосгонд болжмор гэж нэрлэдэг юм.

- Аа тийм үү! гэж үл таних хүн хэлэв.

- Энэ тариачид тэнэг хоч өгөх юм. Болжмор ч юу юм бэ, сарьсан багваахайтай л адилхан байх даа. Ноёнтоон бид өглөг гуйхгүй, гэхдээ өөрсдөө түүнийг өгч чадахгүй. Бид бусдын хүүхдийг тэжээх чадал байхгүй гэж үргэлжлүүлэн хэлэв.

- Та нараас түүнийг ангижруулвал яахав? гэж үл таних хүн хайхрамжгүй байдал гарган хэлсэн боловч түүний хоолой чичирхийлж байв.

- Хэнээс? Козеттагаас уу?

- Тиймээ.

Буурчийн газрын эзэгтэйн улаан, хэрцгий нүүрэнд зэвүү хүрэм инээмсэглэл ил гаран:

- Ноёнтоон! Та зөөлөн сэтгэлтэй хүн юм. Түүнийг ав, хаашаа ч хамаагүй аваад яв, түүнийг яасан ч хамаагүй! Бид танд баярлалаа л гэж хэлнэ.

- Тэгж тохиров уу?

- Та түүнийг авлаа юу? Нээрэн үү?

- Тиймээ, авлаа.

- Одоо юу?

- Яг одоо. Охиныг дууд

- Козетта! гэж Тенардье ориллоо.

- Охин иртэл би танд өрөө төлье. Надаас хэд хэрэгтэй вэ?

Тэр тооцоог хараад гайхаснаа нууж чадсангүй.

- 23 франк аа!

- Тэгэлгүй яахав, ноёнтоон! Яг 23 франк гэж итгэлтэй хэллээ.

Ширээн дээр таван ширхэг 5 франк тавив.

- Охиныг авчир. Энэ агшинд эзэн Тенардье өрөөний дунд орж ирээд

- Ноёнтоон, та 26 су өгнө гэж хэлэв.

- 26 су гэнээ! гэж авгай нь бархирав.

- 20 су өрөөнд, 6 су хоолонд гэж Тенардье хүйтнээр батлан хэлэв. Охины талаар бол ноёнтон би тантай тохиролцмоор байна. Эхнээр, биднийг орхи!

- Ноёнтон, би энэ хүүхдийг эрхэмлэн хайрладаг гэж хэлэх ёстой.

Түүнийг үл таних хүн анхааралтай ажиглан

- Ямар хүүхдийг? гэхэд

- Манай жижигхэн Козеттаг! Та түүнийг биднээс авч явах гэж байгаа биз дээ! Танд шууд хэлэхэд, би үүнтэй эвлэрч чадахгүй. Надад тэр дутаж байх болно. Мөнгө зардал ч гэсэн, түүнийг өвчтэй байхад зөвхөн эмэнд нь 400 франк төлсөн. Түүнд эцэг, эх байхгүй. Би түүнийг хүмүүжүүлсэн. Би түүнийг хайрладаг. Миний эхнэр хурдан ууртай ч түүнийг бас л хайрладаг юм. Тэр бидэнд өөрсдийн охин шиг л байдаг.

Үл таних хүн түүнийг ажигласаар

- Ноёнтон та намайг уучлаарай! Хэн ч анх дайралдсан хүндээ өөрийнхөө хүүхдийг өгөхгүй шүү дээ. Та надтай санал нийлж байна уу? Би таныг баян, үнэнч хүн учраас охины аз жаргалд нөлөөлнө гэдгийг би хөндөхгүй байна. Та ойлгож байна уу. Би түүнийг өөрийнхөө хараанаас салгамааргүй байна. Хааяа нэг түүнийг эргэн очиж үрчилж авсан эцэг нь яаж хамгаалж байгааг л мэдэж байх ёстойг би хэлэхийг хүсч байна. Би таны нэрийг ч мэдэхгүй. Түүнийг аваад явсны дараа “Болжмор хаана байна? Тэр хаашаа алга болов” гэж би өөртөө үргэлж хэлж байх болно.

Үл таних хүн түүний нүдийг харан шийдэмгий ширүүн дуугаар,

- Би Козеттаг авбал эндээс аваад л явна. Гүйцээ. Та миний нэр, хаана амьдардгыг ч, охин хаашаа явсныг ч та мэдэхгүй хоцорно. Охиныг энэ амьдралдаа та нартай хэзээ ч уулзуулахгүй байхыг би бодно. Та үүнийг зөвшөөрч байна уу? Тийм үү, үгүй юу?

Эрс хажуу хариултыг сонсоод Тенардье шууд дуугаа өөрчлөн:

- Ноёнтон, надад 500 франк л хэрэгтэй.

Үл таних хүн хажуу талынхаа халааснаас хуучин хар ширэн хэтэвчнээс мөнгө гаргав. Мөнгөө өргөн, долоовор хуруугаа хавчин буурчийн газрын эзэнд:

- Козеттаг авчир гэж хэлэв.

Козетта өглөө сэрэнгүүтээ шаахай руугаа гүйн очив. Шаахайнд нь шинэхэн алтан зоос байхыг оллоо. Козетта гайхан алмайрав. Тэр амьдралдаа хэзээ ч алтан зоос үзэж байсангүй тул хурдхан халаасандаа хулгайлсан юм шиг нуув. Зоос өөрийнх нь гэдгийг мэдрэн, түүнд хэн нэг хүн бэлэглэснийг таан, баярлан, бас айдас нь төрнө. Хүүхэлдэйгээсээ ч, алтан зоосноос ч айж байлаа. Зөвхөн үл таних хүн л түүний айдсыг төрүүлсэнгүй. Харин ч түүний байгаа нь Козеттаг баярлуулна. Энэ хөгшин хүнтэй ойд дайралдсан, уулзсан мөчөөс бүх юм түүний хувьд өөрчлөгдсөн юм шиг байв. 5 нас хүрээд өөрийгөө мэдэх болсон цагаас хойш дандаа айн дагжиж байснаа санав. Сэтгэл санаа нь дандаа хүйтэн байдаг байсан бол одоо дулаан болжээ. Тенардьегийнхнаас тийм ч их айхаа больж. Яагаад гэвэл тэр ганцаараа биш түүнд хамгаалах хүн байв. Дараа нь охин үргэлж хийдэг өглөөнийхөө ажилд шамдан орлоо. Өчигдөр 15 су унасан хормогчны халаасанд байгаа алтан зоос түүнийг зугаацуулна. Гартаа барьж чадахгүй хааяа нэг харна. Шат шүүрдэх үедээ шүүр, ертөнцийн бүх юмыг мартан халаасны гүнд гялалзах одыг харан нилээн удаан хөдөлгөөнгүй зогсов. Чухам ийм нэгэн минутад эзэгтэй түүнтэй шатан дээр дайралдав. Нөхрийнхөө тушааснаас тэр охиныг эрэхээр явав. Хамгийн хачин нь охиныг зодсон ч үгүй, загнасан ч үгүй.

- Козетта, нааш ир гэж бараг зөөлнөөр хэлэв. Минутын дараа Козетта өрөөнд оров. Үл таних хүн боодолтой юмаа задлан найман настай охинд таарах жижигхэн ноосон даашинз, хормогч, үзлэг мөрөвч, банзал, алчуур, ноосон оймс, шаахай гаргаж ирэв.

- Хүү минь, энэнийг аваад хурдхан хувцсаа соль гэж хэлэв.

ХХХ

Шинэ өдөр эхэлж Монфермейль тосгоны оршин суугчид гэрийнхээ хаалгыг онгойлгохдоо ядуувтар хувцасласан хөгшин хүн жижигхэн охиныг дагуулан гудамжаар явж байхыг олж харцгаав. Охин ягаан даашинзтай хүүхэлдэй тэврэн явна. Хэн ч тэр хүнийг танихгүй, олонх нь ч Козеттаг танихгүй байлаа. Яагаад гэвэл уранхай ноорхой хувцас нь түүний биед байсангүй.

Хэнтэй, хаашаа явж байгаагаа Козетта ч мэдсэнгүй. Харин Тенардьегийн буурчийн газарт хэзээ ч эргэж ирэхгүй гэдгийг л сайн мэдэж байлаа.

Орчуулсан Б.Жавхлан

Wednesday 6 April 2011

Завгүй, завгүй, завгүй

Завгүй гэдэг үг бидний амны уншлага мэт заримдаа санагддаг юм.  Тиймээ, бид өдөр тутмын хийх ажилдаа түүртэн, найз нөхөдтэйгээ утсаар ярих ч юм уу, өөртөө анхаарал тавихаа мартан ганц биеэ умартан хэдэн тийшээ гүйнэ.

Last week I have been really busy.  We like saying to everyone how busy we are and do not have time to pick up phone and call our friends.  Sometimes we even forget to look after ourselves.

Сүүлийн долоо хоног үнэхээр завгүй байлаа.  Дүү маань хэд хоногоор ирж бид хоёр ёстой ойр зуурын хов жив солилцон ам хуурай байсангүй.  Тэгээд ойролцоох хоёр хотоор орж дүүдээ "соелыг гайхуулав".  Миний том охины төрсөн өдөрт бэлтгэн бид хоёр тэрхэндээ л 3 орой боов, жигнэмэг энэ тэр жигнэж өнгөрөөв.  Бас болоогүй дэлгүүр хоршоо орж, нүд хужирлаж, бас хэд гурван төгрөг үрсэн шиг өнгөрөөлөө. 

My sister visited for couple of days and we had gossiped about everything and anything while shopping and visiting places.  We baked for three nights in row for my DD1 birthday. 

Лиссабоноос 45 минутын зайд орших Обидүш гэдэг хотод очиход Олон улсын шоколадны фестиваль болж байсан юм.  Дэлгүүрүүд нь үүдээ чихэр, боовоор чимэглэсэн байлаа.

We went to Obidos, which is about 45 minutes drive from Lisbon and there were helding International Chocolate festival.  We were a bit early for the festival but still could see some shop decorations and bought for our darling husbands chocolates.



Эмэгтэйчүүдийн ОО-д зөвхөн гараа угааж болно, шоколад болохгүй гэсэн бичиг бичээд толин дээр нь хадчихсан байсан юм.

In Ladies, I saw this sign. I think, Obidos truly had the chocolate festival.

Дараа нь бид Португалд, за бараг Европт ганц байдаг болов уу даа, Буддагийн хөшөөг янз бүрээр бүтээсэн Карвалал хотод очиж үзээд гэрийн зүг жирийсэн юм. 

After Obidos we drove to Carvalhal, where Buddha Eden Peace Garden is situated.


Талибанууд Афганистаны Бамян хөндийд орших аварга том Буддаг санаатайгаар сүйтгэснийг эсэргүүцэн Жозе Берардо 35 га газарт Азид орших бараг бүх л Буддагийн баримлыг бүтээлгэж эхэлсэн юм.  Анх очоод үзэхэд нэг л хуурамч юм шиг санагдаж байж билээ.  Азийн ямар нэгэн оронд явж байгаад үзвэл их л сүсэглэн биширч, чамин содныг нь гайхан харах байсан байх.

Jose Berardo started this garden after Taliban's intentionally destroyed World Heritage Bamyan Giant Buddha in Afganistan.  35 hectares land has full of giant Buddhas.



LinkWithin

Related Posts with Thumbnails

LinkWithin

Related Posts with Thumbnails