Monday 20 May 2019

Португалын амьдрал. Интоор жимсний улирал эхэллээ. Cherry Season, Época das Cerejas


Хоёр долоо хоногийн өмнөөс хүнсний дэлгүүр, хүнсний захад интоор жимс зарагдаж эхэлсэн юм. Дэлхий дээр Турк, АНУ, Иран, Итали, Испани, Португал хамгийн их интоор зардаг улсуудын тоонд ордог юм байна. Интоор жимсний улирал хоёр сар хагас үргэлжлэх бөгөөд энэ хугацаанд хүмүүс жимсээ хурааж, хуримтлуулж, дараа жилийн таван сар хүртэл чанамал, компот, ликёр хийгээд тавьчихна. Португалын нэг том хүнсний дэлгүүрийн сүлжээ болох Continente-д 500 г жимс 3 евроны үнэтэй зарагдаж байна. Үнэ бол хэлбэлздэг тал бий шүү.


Португалийн төв хэсгийн Beira Baixa мужийн Фундао гэдэг хотод (Fundão) 6-р сарын 7-10-ны хооронд интоор жимсний баяр болно. Хэдэн сарын өмнөөс тэнд байрлах буудлаа захиалахгүй бол болдоггүй юм байна. Өнгөрсөн 2018 онд 100,000 жуулчид энэ баярт оролцохоор очиж байжээ. Энэ хотын захиргаа нь Португал улсын интоор жимсний үйлдвэрлэлийн 50 хувь нь ногддог ба энэ “улаан алт” 28.000 хүн амтай энэ хотод 20 сая евроны орлого оруулдаг юм байна.

Хоёр сар хагасын туршид зөвхөн Гардүня уулын бэлд (Serra da Gardunha) 1500 гаруй улирлын чанартай ажилчид энэ “улаан алт”-ыг түүж нийтийн хэрэгцээнд нийлүүлнэ. Зарим хүмүүс зөвхөн энэ жимсийг хураах ажилд түр ч болов оролцож, монголд оюутнууд намрын ажилд ачааны машин дээр суугаад, дуу дуулан сангийн аж ахуйн зүг хөдөлдөг байсан шиг Португалын оршин суугчид нэг ч болов удаа интоор түүж үзэхийг сонирхохоор очдог юм байна. Витамин С ихтэй, калори багатай, биед хуримтлагдсан хорт бодис цэвэрлэдэг, мөн 2000 оны судалгаагаар мелатонин бодис ихтэй учир унтахад сайн гэж хүртэл батлагджээ. 

Интоор жимсний баяр мод цэцэглэх мөчөөс эхлээд хоёр өдөр биш гуравдугаар сараас, заримдаа цаг уурын байдлаас шалтгаалаад 4-р сард ч байх тал бий, эхэлдэг гэж хэлж болно. Энэ сард жимсний талбайн ойролцоо цэцэгсийнх нь зургыг авах гэсэн хүмүүс машин, явган, дугуйгаар хүрч очиж, олон мянган зургыг өөрсдөдөө болон олон нийтийн сүлжээгээр тараадаг уламжлалтай болоод уджээ. Бидний монголчуудын мэдэх Японы интоор жимсний цэцэгсийн дунд сууж амьдралын мөч бүхнийг баяр жаргалаар өнгөрөөх хүсэл төрдөг шиг, багахан хугацаанд бас цэцэгсийн сайхныг харж, амьдралын аз жаргалын мэдэрдэг бизээ.  
Энэ баярын үеэр интоор жимстэй ундаа, хоол, спиртын төрлийн ундаа зэргийг идэж, ууж болдог тул бас тус орны уламжлалт хоол, ундыг амсахад бас сайхан талтай юм.

Португалын Обидүш (Obidós) хотоос гаралтай алдартай Ginjunha da Obidós интоор жимсний ликёр дарс байдаг. Жилдээ 150 000 литр жимсний дарс үйлдвэрлэдэг. Энэ дарсыг Лиссабонд ирсэн хүмүүс Time Out Market энэ захын гол хаалганы ойролцоо жижигхэн сүүн, хар шоколадан хоёр төрлийн аяганд хийгээд амсуулдаг баар байдаг нь бас сонин учраас би найзууддаа ингэж амсаж үзэхийг зөвлөдөг. Дэлхийг тойроод олон янзын ликёр ууж үзээгүй ч шоколадан аягатай ликёр ямар ч байсан Лиссабонд ууж үзэж болохыг аялагчиддаа сонордуулья. 

Image result for ginja de obidos
Португалын дэлгүүрүүдэд 14-16 евроны үнэтэй зарагддаг
Лиссабоны Restauradores талбайн ойролцоо1840-өөд оноос эхэлсэн энэ Jinjinha (дарсыг G/J хоёр янзаар бичдэг) нэртэй жижигхэн газрыг тав дахь үеийнхэн нь худалдаа хийж байгаа бөгөөд зөвхөн энэ ундааг жуулчдад зориулан зардаг болжээ. Анх aguadente (Португал бренди) дотор жимс, элсэн чихэр, ус, cinnamon холиод гаргаж авдаг болсон байна. Уул нь бол Лиссабоны оршин суугчдад зарж эхэлсэн ч одоо ихэнхдээ жуулчдын нэг сонирхох цэг болжээ.




Thursday 2 May 2019

Хямд, үйлчилгээ муутай онгоцны жагсаалтууд 2919, Worst airlines list 2019


Зун цаг ирж агаараар аялагчдын тоо нэмэгдэнэ. Ялангуяа хүүхэдтэйгээ хамт аялагчид эдгээр хямдхан ч гэсэн онгоцны хэтэрхий доогуур үнэлгээтэй агаарын тээврээр аялах үгүйгээ өөрсдөө мэднэ биз. Энд бичсэн бүхэнд итгэхэд хэцүү л юм байна билээ. Миний хувьд 4-5 онгоцны компаниар нь нисч үзсэн. Өөрийнхөө туршлагаас хуваалцахад ер нь болж л өгвөл арай илүү үнэ төлөөд ая тухтай аялсан нь дээр юм билээ. Үнэ хямдхан, тэрнийгээ дагаа үйлчилгээ нь хямдхан, онгоцны үйлчлэгч нарынх нь ааш зан бас дэндүү аймаар байдаг талтай. Бодвол цалин мөнгө нь хүрэлцэхгүй, хэт их цагаар агаарт нисдэгтэй ч хамаатай байж болох юм.

Мэдээж easyjet хямдхан болохоор үргэлж оноо нь доогуур байдаг. Саяхан Португалиас Англи нисэх билет хайхад TAP португалын онгоцны компанийн билетээс үнэтэй байсан. Зун цаг болохоор тийм ч байж болох юм. TAP бас энд нэр нь цохиж явна. Олон удаа энэ компаниар ниссэн хүний хувьд туршлагаасаа хуваалцахад, үнэндээ үйлчилгээ нь нэг их сүйд болохоор биш ч кофе, дарс нь сайн шүү. Тээр тэр тэнгэрт бидний амтлах чадвар өөрчлөгддөг тал бий. Миний хувьд бол кофе, дарс нь сайхан амттай харин цай авч уусны хэрэггүй. Португалчууд цайг анх Европт танилцуулсан боловч өөрсдөө цай уудаггүй, ихэнхдээ кофег гол ундаагаа болгоод амьдардаг хүмүүс юм. Зарим судалгаагаар онгоцонд нисч явахдаа кофе, дарс битгий уу ч гэж бичсэн байдаг. Та өөрөө л мэднэ биз дээ.

Хэрвээ Европ дотроо богино нислэгт явж байгаа бол эдний өгч байгаа сандвичийг бараг идсэний хэрэггүй дээ. Нөхөр маань нэг удаа нохойн хоол өгдөг гэж хэлсэн тал бий шүү. Саяхан нэг ирсэн найз маань онгоцонд pasteis de nata (өндөгний шараар хийсэн сүмстэй боов гэж орчуулья даа) идсэн гэж хуучилсэн. Зарим хүмүүст их таалагддаг юм. Таваг шиг гурилан аяганд өндөгний шартай сүмс хийгээд бэлтгэдэг португалын дэлхийд алдартай болж байгаа боов юм. Энэ боовны талаар дараа нэг блогтоо бичье. Португалд ирсэн жуулчдын зорьж очиж байж иддэг боовны нэг болсон юм.



https://www.farandwide.com/s/worst-airlines-world-0cace09f0db54400?utm_campaign=worstairlines-0adc3808b0ca4497&utm_medium=cpc&utm_source=out&utm_term=BBC.com%2FSport

LinkWithin

Related Posts with Thumbnails

LinkWithin

Related Posts with Thumbnails