Monday 28 October 2019

Португалын чихэртэй будаа, arroz doce, sweet rice pudding


Португалчуудын идэх дуртай олон төрлийн десерт байдаг ч чихэртэй будаа нь надад болон манай гэрийнхэнд их таалагддаг юм. Нэг бодлын эмээгийн минь хийж өгдөг байсан сүүтэй будааг санагдуулдагч бас нэгэн сонин амт байдаг. Мэдээж энэ амт нь португал амт гэж хэлж болох юм.

Португалын кафе, ресторан, tasca-гуанзанд хэд хэдээр нь өрөөд тавьчихсан чихэртэй будаа олонтаа тааралддаг бөгөөд айл болгон, эмээ, ээжийнхээ хийсэн чихэртэй будааг л хамгийн сайхан нь гэх байх даа. Тэгвэл миний хувьд ер нь хийж үзье гэж бодоод дэлгүүрээс зөвхөн энэ чихэртэй будааг хийхэд зориулан савласан arroz doce худалдаж аваад нилээд л удлаа.
Чихэртэй будаа

Өвлийн цагийн хуваарьт шилжих энэ бүтэн сайны өглөө гэнэт л хийж үзье гээд өмнө нь үзэж, олж мэдсэн хэдэн жороо дахин хараад хийчихлээ дээ. Анх удаа хийсэн гэхэд амт нь бол гэрийнхэнд маань таалагдсан шүү.


Португалчууд элсэн чихрийг бол маш ихээр хийдэг юм билээ. Та бүхэн өөрсдөдөө тааруулаад аргалаарай. Харин би элсэн чихэрний оронд бага зэрэг молоко гэж бидний хэлж заншсан чихэртэй сүү хийчихсэн. 

Орц:
1 аяга будаа
2 аяга ус
Нимбэгний хальс
2 ш шанцайны мод, цацах нунтаг
50 г тос
Будаа

Тос

Шанцайны мод







Нимбэгний хальс
Хийх арга:

Ус сүү хоёртоо тосны тал, нимбэгний хальс, синнамоноо хийгээд буцлахаар нь будаагаа хийгээд байн байн хутгаж болгоно. Аль эсвэл зөвхөн сүүнд будаагаа болгож болно. 


Сүүгээ лимон, тос, синнамонтой буцалгаад будаагаа хийнэ
Будаагаа болохын алдад үлдсэн тосоо хийнэ. Ингэж хийснээр, нэг португал эмээгийн хэлснээр бол будаа нь гялалздаг гэнэ. Зарим нэгэн жоронд өндөгний шар хийдэг юм билээ. Өндөгний шар бол португалын ихэнх жигнэмэгд ордог тал бий.

Болсон будаагаа гаргаж ирээд жижиг аяганд хийж дээр нь синнамон цацна.
Би бол халуунаар нь идчихсэн, хөргөөд идвэл илүү амттай байдаг юм. Хоолны газруудад зөвхөн хүйтнийг десертэнд өгдөг юм.
 

Хэрвээ Португалд ирвэл чихэртэй будааг нь идэж үзээрэй. Мөн Лиссабонд жуулчлалаар ирж байгаа бол энэ линкээр ороод өрөө захиалж болно.

Saturday 5 October 2019

Португалын нийслэл Лиссабоныг зорин ирэх жуулчдад зориулсан байр

Би энэ блог дээрээ миний амьдралд тохиолдсон учрал, аяллынхаа талаар бичдэг юм. Португал орон, Лиссабон хот, нийслэлийг тойрсон ойр орчмын зарим нэг хотууд, болон нийслэлээс зайтай олон хотуудын тухай бичсэн байгаа.

Харин энэ удаад жуулчдад зориулж 2 өрөө хөлсөлж байгаа тухайгаа бичлээ. Caxias/ Кашиеш гэдэг хот нь Лиссабоноос 17 минут галт тэргээр, 10 минут машинаар, Лиссабоны онгоцны буудлаас 20 минут яваад хүрэх газар байрладаг бөгөөд энэ хотоосоо жуулчдын заавал очиж үздэг Sintra/ Синтра, Cascais/ зэрэг хотууд руу машинаар 15-20 минутын дотор хүрчихнэ.

Хэрвээ та бүхэн манай өрөөнд байрлах сонирхолтой бол Нүүр номын хуудсаар нь зочилж, захиалгаа өгөөрэй.


Saturday 21 September 2019

Сакура цэцгэлж буй үеэр

Сакура цэцгэлж буй үеэр



1980-аад оны үед байх, монгол-японы найрамдлыг сайжруулахын үүднээс л болов уу даа Төв шуудангийн урд талд, Сеүлийн гудамжинд сакура буюу интоорын мод тарьсан шиг санаж байна.  Тэдгээр мод хахир хатуу монголын өвлийг даан хэд хэдэн хавар цэцэглэсэн. Үүнээс үүдээд Япон орныг сакура модтой сайхан орон гэдгээр төсөөлж байсан маань энэ л үеэр зочлохыг билэгдэл болгож байжээ.  Энэ оны дөрөвдүгээр сард Токиогийн Нарита онгоцны буудалд бидний суусан онгоц газардангуут л сакура мод ягаан цэцгэн баглаагаараа угтаж авсан юм.

Токио, Фүкүока, Хирошима, Наошима, Киото, Нара, Токио гэсэн хуваариар энэ удаад аялахаар шийдээд Португалд байхдаа л Японы галт тэрэгний тасалбарыг худалдаж авсан юм.  Богино хугацаагаар Японд айлчилж буй хүмүүст зориулан жуулчлалын компаниудаар дамжуулан хоёр долоо хоногийн хугацаанд хүчинтэй нэг хүний тасалбар 300 гаруй еврогийн үнэтэй.

Цагийн зөрөө, замын ядаргаа гаргах гэж Токио хотод хэд хонолоо.  Үзэж харах үзвэрээр дүүрэн энэ хотод хүмүүс нь л хамгийн содон харагдаж байсан юм.  Нилээд хэдэн жил Португалд амьдрасны хувьд португалчуудтай харьцуулахад япон хүмүүс өндөр намаараа адилхан ч, их л туранхай, бүр хэт туранхай санагдаж билээ.  Хүмүүсийн өмссөн гутал нь гэхэд хэт томдсон, гэвч байнга гутлаа тайлж байдаг хүмүүст тохиромжтой ч, одоохон гутал нь сугараад шидэгдэх нь гэсэн бодол надад төрж явсныг нуугаад яахав дээ.  Хүүхнүүд нь өндөр өсгийтэй туфль өмссөн нь майга хөлөнд нь үнэхээр эвгүй. 

Токиогийн алдартай Чинзансо Дөрвөн Улирал зочид буудлын цэцэрлэгт маргааш нь зугаалахаар очиход голоо дагаад тарьсан сакура модны цэцгийн дэлбээ голыг тэр чигээр нь бүрхээд гол цагаан, ягаан өнгөөр алаглан урсана.  Түм түчигнэсэн хотын шуугиан цэцэрлэгийн хаалгаар оронгуут дарагдаж япон цэцэрлэгт ургах мод, нууранд шумбах загас, хүрхээ анхаарал татаж сэтгэл амраана. 

Япон хүмүүс, үндэсний байшин барилга нь бүгд жижигхэн, тэрүүнтэйгээ адил цэцэрлэгт ургах мод хүртэл намхан, жижигхэн.  Цэцэрлэгт нь уул толгод, нуур, гол, хүрхрээ, гүүр, сүм гээд бүгд л бий.  Байх байхдаа яг байгальд байдаг шигээ, хүний гараар бүтээгүй юм шиг өөр өөрсдийн зохицсон газраа байрлана.  МЭ-ний 7-р зууны үеэс эхэлсэн япон цэцэрлэгийг дизайн 11-р зуун гэхэд японы язгууртнууд томоохон нууртай цэцэрлэг барьж эхэлжээ.  Харин 13-р зуунаас эхлэн цэцэрлэгийн хэмжээ нь багасч, 16-р зуун гэхэд далайг хайргаар, хүрхрээг том чулуугаар орлуулдаг болсон юмсанжээ.  Цайны ёслолын байшинг заавал цэцэрлэг рүү харуулж барьдаг болсон юм байна.  Европын геометрийн дүрсээр тарьсан мод, цэцгийн бутыг япон цэцэрлэгтэй харьцуулахын аргагүй.

Япончууд томоохон зочид буудалд хүүхдүүдийнхээ хуримыг хийдэг заншилтайг тэр өдрийн хуримын ёслолоос харлаа.  Бид хагас сайн өдөр очсон болохоор Дөрвөн Улирал зочид буудлын сүмд л гэхэд 13 хурим болж байсан юм. 

Сүйт бүсгүй цагаан кимоно өмсдөг бол сүйт хархүү нь гэр бүлийн тамгатай хар өнгийн кимоно өмсөнө.  Бид цэцэрлэгээр зугаалж байхдаа үндэсний хувцсаа өмсөөд хуримаа хийж буй ганцхан хосыг харсан юм.  Орчин үед ихэнх япончууд европ хуримын хувцас өмсөж хуримаа хийдэг болсон нь тэр өдрөөс ажиглагдаж байлаа.  Хуриманд ирсэн хадамд гараагүй эмэгтэйчүүд урт ханцуйтай, өнгөлөг кимонотой, харин настайвтар нөхөрт гарсан эмэгтэй зочид нь богино ханцуйтай хар өнгийн кимонотой ирсэн байсан бол эрэгтэй зочид нь хар костюмтай үзэгдэж байв.  Хуримын цайллагын үеэр шинэхэн бэр хувцсаа хэд хэдэн удаа солих нь японы хуримын жам гэнэ.  Цайллагын дараа зочид, зочид буудлын нэртэй цаасан уутанд залуу хосоос авсан бэлэг болох цайны аяга, данх зэрэг бэлэгтэй гэрийн зүг буцдаг гэдгийг бас мэдэж авлаа. 

Бүтэн сайны өглөө Токиогийн алдартай Шинзүки дүүргийг очиж үзэхээр метронд суухад, ажлын өдөр юм шиг санагдаж билээ.  Их Британийн Лондон хотын метронд бүтэн сайны өглөө хүн бараг үзэгддэггүй юм тэгэхэд Токиогийн метронд хүн дүүрэн, япончууд амралтын өдөр хүртэл ажилладаг юм шиг байв.  12 сая гаруй Токиогийн хүн амын хоёр сая гаруй нь өдөр болгон энэ метроны буудлаар дайрч өнгөрдөг гэнэ.  Токиогийн энэ дүүрэгт технологийн дэвшил, мөнгө, өндөр өндөр албан газрын байшин барилгууд сүндэрлэж, олны хөл тасардаггүй учраас заавал очиж үзэх хэрэгтэй юм байна. 

Метронд яваа япон хүмүүсийн гар хэзээ ч сул явдаггүй гэлтэй.  Утсаар ярих, бичих, тоглох, үзэх гээд хөгшин, залуугүй бүгд гар утас руугаа гөлрөөстэй.  Европт үзэгдээгүй гар утаснууд хаа сайгүй харагдана.  Япончуудын технологийн дэвшил европчуудаас бараг хоёр жилийн урд явдаг болохоор арга ч үгүй биз.  Метро, галт тэргэнд яваа хүмүүсийг гар утасныхаа дууг хаа гэсэн шаардлага энд тэндгүй байна.  Энэ нь хаа газар хэрэгтэй л зүйл юм.  Хариулах шаардлагатай бол тусгай ярьж болох газар очиж ярьж болно.  Токиогийн метро үдшийн цагаар зөвхөн эмэгтэйчүүдэд зориулсан вагон үйлчилнэ.  Тусгай вагон хаана зогсох байршлыг нь биччихсэн байна.  Япон, англиар дараачийн буудлын нэрийг зарлаж, аль талын хаалга нээгдэхийг хүртэл хэлж өгнө. 

Энэ л дүүргийн явган хүний зам дээр тамхи татаж болохгүй тэмдэг тавьсныг хараад үнэхээр баярламаар байлаа.  Тамхи татаж яваа хүний тамхины утаа ард яваа хүн рүү үлээгдэхэд хурдхан урд нь гарах ч юмуу аль эсвэл тэр хүнээс холдохын түүс болдог хүмүүст их зүгээр юм.

Токиод өдөр шөнөгүй, газар дээр дор амьдрал бужигнаж байна гэж хэлэхэд илүүдэхгүй болов уу.  Европын зарим орны метроны буудалд зөвхөн цөөн тооны жижиг мухлагууд, цай, хоолны газар байдаг бол японы метроны буудлууд километр гаруй үргэлжилсэн арав гаруй гарцтай,  том, жижиг зоогийн газар, дэлгүүрүүд шил шилээ даран байрлаж, үйл ажиллагаагаа явуулна, хүн ч гэж олон түм. 

Шинзүки дүүрэгт Японы томоохон их дэлгүүрүүд, европ, америк, ялангуяа франц, италийн нэртэй хувцасны фирмийн дэлгүүрүүд япончуудын мөнгийг шавхаж байгаа юм шиг анх санагдсан ч, харин япончууд тэр “хураалгасан мөнгөө” үйлдвэрлэсэн электрон бараа, машинаараа буцааж эх орондоо авчирч байгааг бас тэмдэглэхэд илүүдэхгүй болов уу.  Эндээс хамгийн сүүлийн үеийн электрон барааг олон давхар дэлгүүрүүдээс нь худалдаж авч болох бөгөөд хамгийн хямд аль эсвэл хамгийн үнэтэй дэлгүүрээс дэлхийн өнцөг булан бүрт үйлдвэрлэсэн эд зүйлсийг халаасаа хоосолтлоо худалдан авч бас болно. 

Харин үнэгүйгээр Токио хотыг дээрээс нь харья гэвэл Nikon компанийн байрладаг Shinjuki L-Tower-гийн 26-р давхарт гараад Nikon-ы үйлдвэрлэсэн холыг ойртуулдаг дурангуудаар харж болно.  Мөн дэлхийн зах зээл дээр хамгийн сайд тооцогддог эдний гэрэл зургийн аппарат, хэрэгслүүдийг ч худалдаж авч болно. 

Хэрвээ энэ дүүргийн чимээнээс түр ч гэсэн салъя гэж бодвол Meiji-Jingū бунханд очоорой.  1920 онд баригдсан ч дэлхийн 2-р дайны үед сүйтгэгдээд 1958 онд дахин барьж дуусгасан энэ бунхныг Мейжи хаан, түүний хатан Шокен нарт зориулан барьсан юм байна.  Энэ хааны хаанчлалын үед Япон орон салангид тасархай байдлаасаа гарч эхэлжээ.

Өдрийн цайны цаг таарч сүшиний газар дайралдахад нь арваад хүнтэй оочерт зогсоод хэдэн минут хүлээсний дараа бидний ээлж боллоо.  Япон зоогийн газарт оронгуут шууд л чийгтэй бүлээн алчуур авчирч өгнө, үүгээр нь гараа арчаад эвхэж тавиад, захиалсан хоолоо хүлээн сууна.  Хоол хүлээлгээд суулгаад байхгүй, тэгээд ч амттай, чанартай япон хоолыг сар идэхэд уйдахгүй юм билээ.

Япон хоол бол ходоод дүүргэхдээ биш, нүдний хараа баясгахад л зориулагдсан мэт санагдана.  Сүши, сашими, сүкияки, шабү-шабү, темпүра, терияки, рамен гээд тоочоод байвал барагдахгүй олон хуудас болно биз.  Гэхдээ хангалттай цагаан будааг араас нь идчихэд амархан цадаж болно. 

Загас аль эсвэл ногоо, цагаан будааг далайн ургамалд ороосон сүши дэлхий даяар тархахдаа үнэтэй хоолны тоонд орсон билээ.  Financial Times сонины зургадугаар сарын нэгэн дугаар дээр гарсан өгүүлэл дээр сүшийг заавал лангууны хажууд идэх хэрэгтэй гэнэ.  Шри Ланка, Мексик, Испаниас хэдэн мянган километр онгоцоор тээвэрлэгдэн ирсэн загас зөвхөн гал тогооноос, ширээ хүрэх хооронд амтаа алдах нь энүүхэнд гэжээ. 

Sushi bar-нд яг лангууны дэргэд сууж урдуур “хөвөх” түүхий, чанасан, шарсан загас, элдэв янзын ногоотой сүшийг амталсан юм.  Ханан дээр бүх төрлийн сүшиний зургыг өлгөсөн байсан болохоор сонгож идэхэд амархан байлаа. 

Япончууд барууны супермаркетын том тэргээр хүнсээ цуглуулж байгаа нь харагдсангүй.  Харин өдөр өдөрт нь хүнсээ худалдаж аван тэр өдрийн хоолоо хийж иднэ.  Хоолондоо хэрэглэж буй шавар, шаазан, модоор хийсэн аяга таваг бол ерөөсөө л урлагийн бүтээл.  Эднийг худалдаж авахад хийсэн уран бүтээлчээсээ шалтгаалаад үнэтэй байх нь энүүхэнд.  Ер нь хоолны хэрэгслүүд барууных шиг зургаан хүнд биш хоёр хүнд зориулагдсанаар ихэнхдээ зарагдана.  Дэлгүүрт ороод хэрвээ зургаан ширхэгийг авъя гэвэл худалдагч нь гайхаж харна.  Нэгэн дэлгүүрээс цайны хоёр аяга худалдаж авсан чинь том, жижиг хэмжээтэй байсан юм.  Нөхрийнх нь том, авгайнх нь жижиг юм байна гэж тааварлаж билээ. 

Японы орны урд зүгээр аялал хийгээд буцаж ирж Токиог сайн үзэх төлөвлөгөөтэй байсан болохоор shinkansen – хурдан галт тэргэнд суугаад Фүкүока-Хаката хотыг зорилоо.  Хурдан гал тэрэг цагт 300 км хүртэл хурдалдаг бөгөөд 30-аад жилийн хугацаанд хамгийн найдвартай унаанд тооцогдож байгаа юм байна.  Хэрвээ суудал заасан билет авсан тохиолдолд төмөр замын буудлын тавцан дээр галт тэрэгний дугаарыг бичээд тавьчихсан байна.  Галт тэрэг яг цагтаа ирэхэд, хаалга нь яг дугаарын хажууд онгойно. 

Галт тэргэнд тохитой, үе үе түрдэг тэрэг түрсэн эрэгтэй, эмэгтэй үйлчлэгч нар ойр зуурын идэж, уух юм худалдана.  Тамхи татдаг, татдаггүй, гар утсаар ярьж болдог, болдоггүй гээд олон янзын вагонуудтай.  Харин буруу харсан суудал ерөөсөө байхгүй.  Галт тэрэг эцсийн буудал дээр ирэхэд, цэвэрлэгч нар цэвэрлээд л суудлуудыг нь явах зүг рүү ганцхан товч дараад л харуулчихна. 

Осакад галт тэргээ солих хугацаандаа галт тэрэгний буудалд өдрийн цайгаа уухаар нэгэн зоогийн газарт орсон юм.  Автомат машинаас идэх хоолоо сонгоод, машиндаа мөнгөө төлөөд ширээнд суухад л үйлчлэгч ирж тасалбарыг маань аваад явснаас хойш 10 минутын дараа амттай сайхан хоол урд минь байж байсан юм.  Ер нь зарим орны галт тэрэгний буудал битгий хэл, онгоцны буудалд олигтой хоолтой газар ховорхон байдаг шүү. 

Ингээд аяллаа цааш нь үргэлжлүүлж Япон улсын урд зүгт орших Фүкүока-Хаката хотод бараг зургаан цаг галт тэргээр аялсаны дараа оройхон тийшээ ирлээ.  Энэ хот 1.4 гаруй сая хүн амтай бөгөөд японы 5 дахь том хотын тоонд орно.  Хоёр жижиг хот нийлэхэд нэрийг нь тохирч чадаагүй учир ийм хоёр нэртэйгээ үлдсэн юм байна.  Фүкүока-Хаката хот хөөрхөн хүүхэн, хятадын гоймонгоороо (ramen) алдартай юм билээ.  Энд бид Hyatt Residencial Suite буудалд буусан юм.  Энэ буудалд урт, богино хугацаагаар ажлаар явж байгаа хүмүүст зориулан өрөөнүүд нь гал тогоотой, банны өрөөндөө угаалгын машинтай байсан юм.  Бага насны хүүхэдтэй аялж яваа болохоор банны өрөөнд угжийг нь угаахгүй сайхан байсан.

Өөр өөрийн онцлогтой буддын сүмийг уйдахгүй л бол хэдэн зуугаар нь япон оронд үзэж болно.  Үүний нэг болох Фүкүока хоттоо нилээд эртнийд тооцогдох Точожи сүм юм.  Япондоо алдартай 11 метр өндөр, 30 тонн хүнд, хамгийн том модон бурхан Будда энэ сүмд байрлана.  Энэ орны урд зүгээр аялж явахдаа, модон, хүрэл, өндөр гээд олон төрлийн Буддаг үзсэний нэг нь энэ байлаа.

Хөөрхөн хүүхнүүдийг нь ямар ч байсан гудамжинд явж байхдаа нилээд олж харлаа.  Харин рамен олж идэхийн тулд нилээд хайх хэрэг гарсан юм.  Олж очсон газар маань долоон метр хиртэй урт, нарийхан ширээг нэг, нэг хүнд зориулан давуугаар тасалгаа гарган хөшиг татсан байлаа.  Орохоосоо өмнө хоол захиалдаг машинаас ямар рамен идэх тасалбараа авчихсан болохоор үйлчлэгч хүлээх хэрэг гарахгүй нь сайхан юм билээ.  Харин тасалбарыг минь авахаас өмнө үйлчлэгч ганц хуудас хүснэгтэнд гоймонгоо аяж чануулах, сармистай, халуун ногоотой байх эсэхийг бөглүүлж аваад явснаас хойш таван минутын дараа миний өдрийн хоол хоёр хавтгай гахайн махтай ирсэн юм.  Япончуудын заншлаар бол раменыг ёстой л ховх сорж идэх хэрэгтэй гэнэ.   

Сувган хот буюу Canal City нь хиймэл сувган дээр баригдсан бөгөөд энд театр, худалдааны төв, зочид буудал, кино театр, зоогийн газрууд байрлана.  Бас дэлхий дээр анхны усан оргилууртай симфони хэдхэн минут эгшиглээд дуусчихна.  Хэрэг болгож хүлээж үзсэн хүмүүст бол цөөхөн минут тоглоод дуусах энэ үзмэрийг хараад “ингээд л болоо юу” гэж гутрангуй бодол бууна.  Харин дууссаных нь дараа алиалагч, илбэчин, дуучид, хөгжимчдын тоглолтыг хэрвээ хүсвэл бас үзэж болно.   

Фүкүокагийн Азийн урлагийн музейг очиж үзэхэд азийн олон орноос ирсэн бүтээлүүд тавиастай байсан юм.  Бангладешийн хүн-сүйх тэрэг, вьетнамын уран бүтээлчийн хүүхдэд зориулан урласан тусгай буланд хүүхдүүддээ азийн орнуудын үлгэрийг япон хэлээр уншиж өгч болох ба тэнд хэдэн монгол үлгэрийн ном бас байсан.  Азийн хөөрхөн хүүхнүүд хэсэгт нь Энэтхэг, Хятадын зураач нарын зурсан хөргүүдийн хамт Цэрэннадмидийн Цэгмэдийн “Орхон” бүтээл тавигдсан байхыг хараад зөвхөн монголын уран бүтээлчийнхдээ биш хэн ч харсан бахархмаар бүтээл байсанд сэтгэл дүүрэн байлаа.

Охори япон маягийн цэцэрлэгт нэгэн бороотой өдөр хөл тавилаа.  Энд уламжлалт цайны ёслол үйлдэх байшин нь цэцэрлэг рүүгээ харна.  Япон цэцэрлэгийн бүх л дизайн, өнгө төрхийг харуулсан энэ цэцэрлэгт хүрхрээ, арал, мод, чулуун гүүр, уул, толгод, байшин барилга, нуур, цөөрөм бүгд байна.  Нуур болон цагаан элс далайг төлөөлж, бас ч үгүй дундаа аралтай,  том чулуунууд нь алсад орших уулыг төлөөлнө.  Энэ цэцэрлэгт дөч гаруй төрлийн мод, цэцэг, ургамлыг тарьсан гэж тайлбарлажээ.

Хаката буланд 13-р зуунд монголчуудын эсрэг дайралтаас хамгаалсан чулуун хамгаалалт байдаг гэнэ.  Энэ хамгаалалт бараг 20 км үргэлжилсэн гэх бөгөөд тууриуд Имазү, Нишижин, Икиноматцүбара зэрэг газарт байдаг юм байна.  Далайн шуурганаас болоод Хубилай хааны японыг эзлэх төлөвлөгөө бүтээгүй боловч энэ нь их хаан өөрөө яаран усан онгоц бариулах зарлиг буулгахад түүнийг нь хугацаанд нь биелүүлж чадахгүй байсан дорд иргэд нь голын усанд хөвдөг завийг оруулжээ.  Голын ус, далайн усанд хөвдөг завины тулгуур нь өөр өөр байдаг учраас, ихэнх завь далайн шуурганд тэсэлгүй хэдэн мянган хүний амь бүрэлгэсэн гэж японы эрдэмтэн судалгаандаа өгүүлсэнийг нь телевизийн Discovery сувгаар үзсэн юм байна.

Далайн эрэг дээрх амралт, чөлөөт цагийн Мариноа төвд Ази тивдээ хамгийн томд орох “Мөнхийн ногоон” нэртэй алсыг харагчаар Фүкүока хотын алсын барааг ширтэж болно.  Энд мөн 130 дэлгүүр, зоогийн газар гээд дүүрэн.  

Дараачийн зогсоол маань Хирошима байсан юм.  Хирошима хотын нэрийг сонсоогүй хүн монголд битгий хэл энэ дэлхийд байхгүй.  Жирийн нэгэн энэ хотод 1945 оны 8-р сарын 6-ны өглөөний 8 цаг 15 минутанд америкийн атомын бөмбөг 600 метрийн өндөрт дэлбэрчээ.  Америкчууд энэ хотод олзлогдсон цэргүүдийн шорон байхгүй , хотын Т-хэлбэртэй гүүрийг цэлмэг нартай өдөр амархан харж болох учраас сонгосон юм байна.  Тэр үед Хирошимад 350,000 хүн ам аж төрж байсан бөгөөд 1945 оны 12-р сар гэхэд 140,000 хүний алтан амь үрэгджээ. 

Бидний очсон 2007 оны 4-р сарын 16-ны өдөр музейд байрлах цаг анх атомын бөмбөг дэлбэрснээс хойш 22533 өдөр, хамгийн сүүлчийн атомын бөмбөг туршсанаас 189 өдөр өнгөрч буйг тоолж байлаа.  1945 оноос хойш Хирошима хотын захирагч болгон АНУ, ОХУ, Их Британи, Энэтхэг, Пакистан, Хятад, Хойт Солонгосын засгийн газарт атомын бөмбөг туршсаныг нь эсэргүүцэн ил захидал хэдэн зуугаар нь илгээжээ.  Илгээсэн хэдий ч, тухайн орнууд одоог хүртэл атомын бөмбөг туршсаар л байна.

Энх тайвны дурсгалын музейд орж ирэнгүүт л бөмбөг дэлбэрэхээс өмнөх ба дараах Хирошима хотын макетыг байрлуулжээ.  Хоёр километрын радиуст байрлаж байсан бүх модон байшин үнсэн товрог болон газартай тэгшлэгдсэн байв.  Гарын таван хуруунд багтах төдий л хэдэн туйпуун байшин нуран үлдсэний нэг нь одоогийн атомын бөмбөгний бунхан билээ.  Энэ музейг үзэхэд атомын бөмбөг дөнгөж өчигдөр дэлбэрсэн юм шиг сэтгэлд аймшиг төрж, үхэгсэд, үлдэгсдийн төлөө шаналж байсан юм.  Үзмэрүүдийн дунд цементэн ханан дээр үлдсэн хүний сүүдэр, хүүхдийн хувцасны тасархай, хайлсан шил, өдрийн хоолны сав гээд тоочоод байвал барагдахгүй.  Надад музейн бүх үзмэрийг үзэх чадал ч байсангүй. 

Гараад музейн эргэн тойронд байгаа цэцэрлэгт 62 жилийн өмнө бөмбөгөнд нэрвэгдсэн мод ургаж байгааг харлаа.  Энэ мод Хирошима хотын хүн ам өвчин, зовлонд нугаралгүй хөгжиж, дэвшиж буйн бэлэг тэмдэг юм болов уу даа. 

Явуухулангийн Энхээ “Цаасан шувуухай” дуугаа атомын бөмбөг дэлбэрснээс хойш арван жилийн дараа хорт хавдар туссан Садако охинд зориулан бичсэн билээ.  Мянган шувуухай хийвэл бие нь сайжирна гэж итгэж цаасан шувууг хийж байгаад дөнгөж 600 гаргаад нас барсан энэ охин болон бусад атомын бөмбөгийн дэлбэрэлтийн уршгаас нас барсан хүүхдүүдэд зориулан босгосон хөшөөнд дэлхийн өнцөг булан бүрээс хүүхэд, хөгшидгүй цаасан шувуу илгээнэ.  Энэ өдөр японы сургуулийн хүүхдүүд олноороо ирж өөрсдийн бичсэн зүйлээ хөшөөний өмнө уншиж байсан юм. 

Хирошима хотод хоёр хоносны дараа Наошима арал руу галт тэрэг, усан онгоц, автобус хөлөглөн бараг өдрийн тал үргэлжилсэн урт аяллынхаа дараа хүрлээ.  Хотын дуу чимээнээс түр ч гэсэн салахын тулд энэ арлыг сонгосон байсан юм.  Ингээд Цүцүжи-со амралтын газрын япон үндэсний байшинд ядаргаагаа тайлж нэг хонолоо.  Авсаархан энэ байшинд япон үндэсний сүрлэн татами дэвсгэр дэвссэн байх бөгөөд хоёр алд өргөн цонхоор далайд хөвж яваа том, жижиг усан онгоцнууд үзэгдэнэ.  Ганц том өрөөнд нь зөвхөн нэг метр хиртэй урт явган ширээ, жижигхэн телевиз тавьсан байх бөгөөд, унтах болохоор гудас дэвсээд л болоо.  Энэ байшин банн, гал тогооны жижигхэн өрөөтэй. 

Энэ амралтын газар арван монгол гэрийг барьж, гадаад, дотоодын хүмүүсийг хүлээн авч байлаа.  Монгол гэрийг япон хэлээр “пао” гэж нэрлэх бөгөөд энэ нь талх гэсэн португал үг юм.  Япончууд баярлалаа гэж “аригато” гэж хэлдэг бол португалчууд “обригадо” гэнэ.  Энэ үг мөн л португал хэлнээс гаралтай.   

1992 оноос япон үндэсний байшин барилгыг өвлөн үлдээхийн тулд энэ арлыг сонгон авч нурж үгүй болж буй байшин барилгыг орчин үеийн урлагын бүтээл болгон хувирган хэрэгжүүлэх төсөл эхэлжээ.  Бенесси цогцолбор зочид буудал, зоогийн болон цайны газар, спа, дэлгүүртэй.  Музейн барилгыг Тадао Андогийн зураг төслөөр барьжээ.  Энэ орчин үеийн барилга Жеймс Бонд 007 киноны эсрэг талын баатрын амьдардаг байшин шиг л чамин архитертуртай бөгөөд дотор, гадна нь орчин үеийн урлагийн бүтээлүүд тавиастай байна.

Маргааш нь бас л нисэх онгоцноос бусад тээврийн хэрэгслээ хөлөглөөд 1200 жилийн түүхтэй японы эртний нийслэл Киотогийн галт тэрэгний буудал буулаа.  Шил, толь, төмөр болсон буудал гэж хэлэхэд хэцүүхэн 15 давхар энэ байшинд зочид буудал, японы үнэтэйд тооцогддог Изетан их дэлгүүр, зоогийн газрууд гээд тоочоод байвал барагдахгүй олон юм байна.  Энэ буудлын хамгийн өндөр дээр гарч Киото хотын цаад захыг цэлмэг нартай өдөр хараад авахад илүүдэхгүй болов уу даа. 

Энэ хотыг долоо хоногт битгий хэл нэг жилд ч үзэж дуусгана гэж байхгүй.  Киотод 2000 гаруй цайз, бунхан, сүм, дуган, музей, галерей байгаагаас 17 нь ЮНЕСКО-гийн өвд данстай юм байна. 

Нөхөр, бид хоёр, хоёр том үүргэвчээ үүрээд, охиноо түрдэг тэргэн дээр нь суулгаад галт тэрэгний буудлаас 10 минут алхаад хүрэх япон үндэсний Риокан буудалд орж ирэнгүүт л шууд гутал тайлууллаа.  Нэг нас дөнгөж өнгөрч яваа охин маань Киотод ирэхэд бага зэрэг халуунтай, урьд шөнө нь бөөлжиж хоноод, тэр өдөржингөө гүйлгэсэн болохоор маргааш нь эмнэлэг зүглэж, 5000 иен төлж эмчид үзүүлж, 1000 гаран иенээр эм авч уулгаснаас хойш бие нь илааршиж бид үзээд барагдахгүй олон үзмэрүүдээс нь бага ч болов цөөлж эхэллээ. 

Ер нь япон явж байгаа хүмүүс цэвэрхэн, цоорхойгүй оймстой явах хэрэгтэй гэж анхаармаар.  Сүм хийд, зарим зоогийн газар, зочид буудлуудад гутал их тайлуулна.  Монголчууд шиг гэртээ үргэлж гэрийн шаахай өмсөнө. 

Такадая Риоканы жижигхэн умгар өрөө төлж буй мөнгөнд хүрэхээр сэтгэлд хүрсэнгүй. Хэтэрхий жижигхэн, харанхуй өрөө байх бөгөөд, үгүй ядаж цонхоор нь алсын бараа ч харагдахгүй энэ өрөөнд байж суухын ч арга алга.  Өглөөний цайнд мизо шөл, цагаан будаа, давсалсан элдэв янзын жимс ногоо, авчирч өгнө.  Мизо шөлийг япончууд өглөө, өдөр, оройдоо гурван удаа ууна.  Амт чанар сайтайгаас гадна эрүүл мэндэд бас сайнд тооцогдоно.  Магадгүй үргэлж загас, далайн бүтээгдхүүн, хүнс ногоо иддэг болохоор 50, 60 гарсан өвөө, эмээ нарт \өвөө, эмээ ч гэж хэлэхэд хэцүү\ үрчлээ гэж бараг байхгүй, тоолийсон сайхан арьстай яваа нь хэнд ч сайхан харагдана. 

Нэг хүн, хоногийн 30,000-с 60,000 иен төлөх Киотогийн Хиирагиня Риоканд дэлхийн алдартнууд ирж буудаг бол гурван зууны нүүр үзэж буй Тавагая Риоканд нэг хүн 35,000-с 75,000 иен төлдөг ба дэлхийн үе залгамжилсан хаан, хатдууд ирж алжаалаа тайлж, хоттой танилцдаг гэнэ.  Харин энд хоног тааруулахын тулд хэдэн сарын өмнөөс захиалга өгөх хэрэгтэй гэж аяллын номонд бичжээ. 

ЮНЕСКО-гийн өвд орсон Нигаши-Хонганжи хийдийг очиж үзлээ.  Анх 1602 онд баригдсан гэх энэ хийдээс анхны барилгууд нь бүгд түймэрт шатсан учраас 1895 оноос хойш  баригдсан барилгууд нь одоогийн жуулчдын нүдийг баясгана.  Холгүй орших 1591 онд баригдсан Ниши Хонганжи хийд таван барилгатай бөгөөд гол дугана нь засварт ороод баглаатай байлаа.  Энэ хийдийг 16-р зууны үеийн архитертурын дээд оргил гэж үздэг юм байна.  Ер нь ихэнх сүм хийд нь шатах ч юмуу, аль эсвэл шинэчлэн барьсан учраас хэдэн зууны настай барилгууд ховор юм шиг санагдсан.

Мэдээж Киотод ирсэн юм чинь яаж ч байсан гейко \Киотогийн аялгаар гейша нарыг ингэж дууддаг\, майко нарыг заавал олж харахыг хичээх нь хэний ч хүслэн билээ.  Ингээд Гион дүүрэг рүү галт тэрэгний буудлын үүднээс автобусанд суугаад хөдөллөө.  Автобусанд явж байхад дараачийн буудлыг япон, англи хэлээр жуулчдын сонирхон очиж үздэг хийд, бунхан, музейн нэрээр зарладаг болохоор очих газраа хүрч байна уу, үгүй юу гэж жолооч, зорчигчдоос лавлах шаардлагагүй.

Гион дүүрэгт нарийнхан гудамж, модон байшингууд, шавар сав суулга, кимоногийн дэлгүүр гээд японы алдарт кино найруулагч Акира Куросавагийн кинон дээр гардаг зүйлүүд эртний японыг төлөөлнө.  Хаа газрын жуулчид гейшатай дайралдаж зургаа авахуулахыг хүсдэг бөгөөд харин тэд нар бидэнтэй хэрэг болгон уулзаж, охинтой маань зургаа авахуулыг биднээс гуйсан юм.  Гудамжаар явж байсан хоёр майко бидэн дээр ирсэн нь энэ билээ.  Майко гэдэг нь mai-бүжиг, ко-хүүхэд гэсэн утгатай бөгөөд “бүжиглэж буй хүүхэд” гэж хэлж болно.  Майко нар улаан захтай, өвдөгөө хүрсэн урт ханцуйтай кимоно өмсдөгөөрөө гейша нараас ялгаатай. 
Гейша нарыг баруунд ихэнхдээ янхан хүүхнүүд гэж ойлгодог тал бий.  Харин тийм биш юм.  Gei-урлаг, sha-эмэгтэй ба “Урлагийн бүсгүй” гэж хэлж болох бөгөөд тэд олон жил япон ардын дуу, бүжиг, хөгжмийн урлагт суралцаж байж гейша болдог.  50 нас хүрээд тэтгэвэртээ гарч, өөрийг нь гейша байхад тэтгэж байсан эзний тусламжтайгаар цайны газруудаа \teahouse\ нээх тал бий.  Гейша байна гэдэг бол чамин ажил бөгөөд зөвхөн кимоно нь л 10,000 еврогийн үнэтэй байх нь энүүхэнд.  Хаа хамаагийн хүн гейшагийн байгаа цайны газар орж чадахгүй бөгөөд заавал танил тал хэрэгтэй.  Хоёр, гурван гейшагийн шамисэн-shamisen хөгжимдөж, дуу дуулж, бүжиглэхийг нь харахын тулд 3000 евро төлөх нь энүүхэнд.  Одоо Киотод ердөө 200 гаруй майко, гейша нартай бол япон даяар 1000 хүрэхтэй үгүйтэй үлджээ.
Хоёр гурван гейшатай оройн цэнгүүнийг үзэж чадахгүй учраас хорь, гучин майко, гейшатай “Интоор цэцгийн бүжгийг” Гионы Коүбү Кабүренжод очиж үзэхээр боллоо.  Жил болгоны хавар зохиогддог дуу, бүжгийн тоглолт зөвхөн гадаадын жуулчдад ч биш, япончууддаа бас их алдартай юм. 

1868 онд улсын нийслэл Токио руу нүүхэд Киото хот өөртөө хэн нэгнийг татах увидастай үлдэх ёстой гэдэг утгаараа 1872 онд анх энэ бүжгийг дэлгэн тавьжээ.  Энэ жил 135 дахь жилийнхээ тоглолтыг хийж байсныг нь бид очиж үзсэн юм.  Юуны тухай дуулж байгааг нь ойлгохгүй ч гэсэн бүжгийн хөдөлгөөнийг нь ажиж, бүжигчдын өмссөн хувцасыг гайхан биширч суусан юм.  Манай дуурь бүжгийн театраас арай томхон театрт нэг цаг үргэлжилсэн энэ тоглолтыг танхим дүүрэн суусан хүмүүс алга ташин хүлээн авч байсан нь хүн бүхэнд таалагдсаны шинж бизээ.  1900-гаас 4300 иены үнэтэй тасалбар зарж байсан бөгөөд хамгийн үнэтэй тасалбарыг худалдан авсан үзэгчид тоглолтын өмнө 40 минут хиртэй цайны ёслолд оролцож, цайны аягаа дурсгал болгон аваад, япон цэцэрлэгээр зугаалах эрхтэй юм байна. 
 
Киото хотын Марүяма цэцэрлэгт жил жилийн дөрвөн сард интоор мод цэцэглэхийг ажиглаж буй япон хүмүүсээр дүүрнэ.  Модны сүүдэрт суугаад, тэрхэн зуур цэцэглэх цэцэгсийг харж,  амьдралаа хайрлах сэтгэлд хүн бүхэнд шингэнэ.  Цөөрөмд шумбах мөрөг загас, мод сүлжих зөрөг, хажуугаар хаашаа ч юм шуугин урсах горхи бүхэн амьдралын утга учиртай. 

Японд нүд хужирлах юм тоолоод барагдашгүй ба Киотод бол бүр ч их.  Алтан асар буюу Рокүонжи хийд эдний тоонд яах аргагүй багтана.  Гурван давхар энэ хийдийн 1-р давхарыг нь япон маягийн ордон хэлбэртэй, 2-р давхарыг нь самурайн байшинтай төстэй, харин 3-р давхарыг нь хийд маягтай барьжээ.  Хоёр, гуравдугаар давхарын гаднах ханыг алтан навчаар бүрсэн учраас “алтан асар” гэдэг нэр авсан биз.  Энэ хийд нуурын эрэгт байрлах бөгөөд өдрийн наранд алтан хийд нуурын долгионд гялалзана.  Харсан хүн болгоныг гайхашруулж, алмайруулах Рокүонжи хийдийг 1994 онд Дэлхийн соёлын санд багтаажээ.  Алтан асарыг очиж үзэхийн тулд мөн л Киото хотын төмөр замын буудлын үүднээс автобусанд суугаад 20-д минутын дараа хүрнэ. 

Киотогоос холгүй орших Японы анхны нийслэл Нара хот руу нэг өдрийн аялал хийхээр галт тэргээр очсон юм.  Нара-коен цэцэрлэгт 1200 гаруй дархлагдсан буга байдаг гэх бөгөөд тэдгээр нь хаа сайгүй бэлчин, идэх юм горьдон хүний гар харж, гартаа идэх юм бариад явж байгаа хүүхэд багачуулыг айлгана.

Нара хотод энэ дэлхийн хамгийн том модон барилга бүхий Дайвицү-дэн буюу Аугаа Буддагийн их танхим бий.  Хийдийн босгоор алхангуут үнэхээр л аугаа их том Будда өөдөөс хараад завилан сууж байлаа.  1709 дахин барьсан хийд анхны хубилбараасаа хэмжээгээр бага гэнэ, мөн анх 746 онд хүрлээр цутгасан гэх бурхан Буддатай.  Дахин цутгасан энэ хүрэл бурхан 16 метр өндөр, түүнийг цутгахад 437 тонн зэс, 130 кг алт оржээ.  Хэдэн зууны хугацаанд энэ Японд олон болдог газар хөдлөлт болон гал түймрээс хэдэн удаа бурхан Будда толгойгоо алдсан учраас толгой, их бие хоёрынх нь өнгө өөр юм байна. 

Бурханыг тойрон үзэж явахад зүүн гарынх нь ойролцоо нэгэн багана босгосон байх бөгөөд энэ багана дундаа нүхтэй юм.  Энэ нүх нь бурхны хамрын нүхний хэмжээтэйтэй адилхан гэх ба, хэн нэгэн тэр хамрын нүхээр багтаж гарч чадвал ухааран гэгээрэх чадвартай болдог гэсэн яриа байдаг юм байна.  Биднийг үзэж байхад сургуулийн хүүхдүүд тойрон зогсоод зарим найз нараа шурган гарч ирэхэд нь алга ташин баяр хүргэж байлаа.  Хоёр гараа түрүүлж оруулаагүй зарим хүмүүс үе үе хамрын нүхийг бөглөчихдөг учраас гал командынхан дуудагдаж, гал унтраах биш, харин хүн татаж гаргах ажил хийдэг гэнэ. 

Ингээд цааш алхаж байтал мэдээж хаа газар байдаг жуулчдад зориулсан дэлгүүр хаалганы хажууд байлаа.  Бэлэг дурсгалын зүйлтэй хамт 1000 иенээр хийдийн дээврийн хавтанцар худалдан авч, түүн дээрээ дурсгалын үг бийрээр бичээд хийдэд бэлэглэхийг урьж байсан юм.  Бурхныг үзсэн хүн болгон худалдан авахгүй ч, энэ нь хийдэд маш их хэрэгтэй оновчтой санаа байсан юм.  Бичсэн зүйл бороо, салхинд байгалын жамаар арилах мэт боловч, бичиж үлдээсэн хүндээ дурсгалтай зүйл юм. 

Япончууд маш цэвэр цэмцгэр гэж хэлэхэд илүүдэхгүй болов уу.  Энд тэдний усанд орох тухай хэдэн үг хэлээд авъя.  Усанд орж цэвэр байх нь тэдний хамгийн гол баримталдаг зүйл гэж сонссон юм байна.  Орчин үеийн халуун хүйтэн устай ванн бий болохоос өмнө, японоор нэг тархсан халуун рашаан onsen -  гол үүрэг гүйцэтгэж байжээ.  Одоо үед айл болгон баннтай ч япончууд мөнхийн гүйдэлтэй амьдралаас бага ч гэсэн тасрахын тулд рашаанд очиж орон, ядаргаагаа тайлна.  Рашаан болгон тэнд байгаа эрдэс бодисоос шалтгаалаад өөр өөрийн эдгээх чадвартай, ус нь хүртэл өөр өөр өнгөтэй байдаг гэнэ.

Гадаадын жуулчдыг нутаг буцахаасаа өмнө заавал халуун рашаанд орж үзэхийг урина.  Барууныханд бол хачирхалтай дэг жаягтай мэт боловч, уул, усаа дээдэлж явдаг монголчуудад бол жирийн л зүйл юм.  Рашаанд орохоосоо өмнө нийтийн дүүшэнд, жижиг сандал дээр суугаад, хажуудаа байгаа хүн рүү ус үсэргэхгүйгээр биеэ угаасны дараа эхээс төрсөн биеэрээ рашаанд орно.  Хэрвээ бага ч болов биеэ далдалъя гэвэл рашаанд ороход тусгайлан зориулан зардаг алчуурыг худалдаж авч болно.  Рашаанд эрэгтэй, эмэгтэйчүүдийнх гэж хуваадаг боловч хааяа нэг цуг ордог байдаг юм байна.  Баян, ядуу, сэхээтэн, ажилчин, хулгайч нар бүгд л хамт орно.  Хажууд чинь биендээ шивээстэй залуу байж байвал японы мафи-якүзатай холбоотой юм гэдгийг таамаглаж болно. 

18-р зууны Эдо-гийн үед гэмт хэрэгтнүүдийг хийсэн хэргээр нь ангилахын тулд тамга тавьж байсан бөгөөд тэд нар шоронгоос гарсныхаа дараа шивээсээ далдлахын тулд irezumi – шивээс хийлгэх хүн хайдаг байжээ.  Дэлхий даяар японы энэ урлаг ихээхэн алдартай ч ихэнх япончууд шивээстэй хүнийг гэмт хэрэгтэн гэж үзсэн хэвээрээ гэнэ.

Бидний очсон Киото хотын ойролцоох Күрама рашаан дотно, гаднаа хоёр рашаантай.  Мэдээж гаднах рашаанд нь ороод, уулын орой ширтэж суухад сайхан байлгүй яахав дээ.  Ихэнх рашаанууд хувийн өмчинд байх бөгөөд зарим нь хоногийн өрөө, зоогийн газар, массажны үйлчилгээ гээд олон төрлийн үйлчилгээ рашаанд орогчдод зориулан хийдэг юм билээ. 

Нутаг буцах хугацаа ойртож, бид Токиогийн зүг шинкансэн-хурдан галт тэргээр зорилоо.  Энэ удаад охиноо анхны монгол найзтай нь танилцуулахаар Нарита онгоцны буудлын ойролцоо аав ээжтэйгээ амьдарч буй нэг нас өнгөрч буй О.Янжинлхам охиныд зочиллоо.   Охин минь явдалдаа ядраад найзтайгаа тоглож чадалгүй унтаад өглөө.  Маргааш өглөө охины биеийн тууралт их болсон байсан учир тэнд амьдарч буй М.Одмөндөр, Д.Дэжидмаа, Чинбаатар нарын тусламжтайгаар эмчид очиж үзүүлэхэд, улаан бурхан туссан байна гээд Наритагийн улаан загалмай эмнэлэгт зургаа хоног хэвтүүлсэн юм.  Зочид буудал, японы үндэсний байшин, риоканд унтаж үзсэн охин маань японы эмнэлгийг бас туршаад авах сонирхол төлөвлөгөөнд нь байсан бололтой.  Улаан бурхан халдвартай учир охиныг маань ганцааранг нь тусгай өрөөнд оруулж, ирсэн хүн болгоныг өрөөнөөс гарахдаа заавал гараа угаагаад гар гэж эмч нар зарлиг буулгасан юм.  Хаа газрын эмнэлгийн хоол олигтой байдаггүй тэндээс мэдэж авлаа.  Зургаа хоног эмнэлэгт хэвтсэний 1500-аад еврогийн төлбөр гарчээ.  

Охин халдварт өвчин туссан гэдэг шалтгаанаар онгоцны суудлыг маань ямарч төвөггүй хойшлуулж өглөө.  Ингээд японд сүүлийн дөрвөн хоногийг охины бие сайжрахыг хүлээн Хилтон зочид буудлын 12-р давхарт өнгөрөөж, цонхны хажуухнаар нисч өнгөрөх олон улсын онгоцыг өдөр шөнөгүй харахдаа, тэдний дуу чимээ, нүргээнийг мэдрээгүй юм. 

Бид аяллынхаа хамгийн сүүлчийн, Гиннесийн номд бичигдсэн дэлхий дээрх хамгийн өндөр хөшөөнд тооцогддог Ushiku Daibutsu-г очиж үзлээ.  Энэ бурхан 120 метр бөгөөд АНУ-ын Эрх чөлөөний хөшөө хажууд нь ердөө 40-хөн метр өндөр гэнэ.  1995 онд босгосон энэ бурхны зүүн гар нь 18 м, нүүр нь 20 м, чих нь 10 м, нүд нь 2.5 м, хамар нь 1.2 метр урт юм байна.  Цахилгаан шатаар 80 м дээш гаргаад бурхны дотор байрлуулсан Хязгааргүй гэрэл, амьдрал буланд олон өнгийн бурхдыг үзнэ.  Буцаж доошоо буугаад алтан бурхадыг эргэн тойронд байрлуулсан байна.

Сакура цэцэглэх үеэр япон оронд анх хөл тавихад, буцахын үед цэцэглээд дуусч байлаа.  Жил жилийн хавар японы цаг агаарын хүрээлэн сакура мод хэзээ цэцэглэж эхлэхийг нь олон нийтэд мэдээлэх үүрэгтэй.  Энэ жилийн урьдчилсан мэдээ 8 өдрөөр зөрсний төлөө хүрээлэн олон нийтээс уучлал гуйжээ.  Сакура цэцэглэж эхэлснээр японд албан ёсоор хаврын урь авчирдаг юм байна.  Энэ модны цэцгийн дэлбээ, жимсийг нь цай, бялуу, хоолны хачир, саван зэрэг болгон үйлдвэрлэн, олон төрлөөр япончууд хэрэглэж заншжээ.  Нутагт нь очиж бага зэрэг хэрэглэж үзсэнээр бидний Япон орны урд зүгээр аялсан аялал дуусч, Ази тивийн захаас Европ тивийн захад орших Португал хүрэх урт аялалдаа гарсан юм.   


Гэрэл зургийг Б.Жавхлан, Брендан Хьюз

LinkWithin

Related Posts with Thumbnails

LinkWithin

Related Posts with Thumbnails