Monday 18 March 2019

Гурав хоногийн мацаг анх удаа барьж үзлээ. Three days of fasting


Том охиноо арав гаруй жилийн өмнө төрүүлснээс хойш нэгдүгээрт жин барих тухай бодоод оройн хоол идэхээ больсон. Үүнийг та бүхэн турах, диет барих гэж битгий ойлгоорой. Би ерөөсөө ийм юм хийж үзээгүй. Ингэнэ гэдэг бол буруу аргаар өөрийнхөө биеийг хордуулах л гэж боддог. Оронд нь салат, жимс, таргаар оройн 6 цагаас өмнө ходоодоо эрхчүүлчихнэ. Орой 18 цагаас хойш хоол, 21 цагаас хойш ус ууж болохгүй ч гэж хэлдэг.


Өглөө босоод 500г өрөөний хэмтэй адил усыг өлөн элгэн дээрээ ууна. Уушиг усан махбодьтой болохоор өглөө эрт усалж байх хэрэгтэй гэж эмч маань зөвлөдөг. Ер нь бол алкалайн 1 литр усыг өлөн элгэн дээрээ уугаад, баруун талаараа, баруун өвдгөө нугалаад 15 мин хэвтвэл сайн ч гэдэг. Миний хувьд, 500г усаа уугаад хааяа 15 мин хэвтэх боломж олддог.

Би өөрийгөө болон гэр бүлийнхнийгээ нилээд зөв хооллодог гэж боддог. Гэртээ элдэв янзын хийжүүлсэн ундаа, зөвхөн халаагаад идэх зориуулалттай хагас боловсруулсан бүтээгдэхүүн худалдан авдаггүй. Микроволнавая печь хүртэл манай гэрт байхаа больсон.

Харин хааяа найз нөхдөө гэртээ урихдаа ганц хоёр төрлийн хийжүүлсэн ундаа аваад тавьчихдаг. Fast food, түргэн хоол иддэггүй. Би бол хоёр л удаа Макдоналдс-д орж үзсэн. Хүүхдүүдийгээ хүртэл тийш нь оруулж хоол идүүлдэггүй. Тэд маань хүүхдийн төрсөн өдрөөр л ганц хоёр удаа орж үзсэн байх. Хуванцар саванд савласан бүтээгдэхүүн, ялангуяа ус авч уухаа больсон. Энэ бас байгаль орчинд ээлтэй, ганц ч гэсэн гэр бүл хуванцар савтай ус авахаа болиход жилдээ их олон тооны сав байгальд хаягдахгүй. Хуванцар сав бол байгалыг 400-500 жил бохирдуулдаг. Дэлгүүр орохдоо өөрийн даавуун тороо аваад явна. Иймэрхүү ганган торыг өөрөө оёсон. 100 хувийн даавуу.




 Арав гаруй жилийн өмнөөс л гурил, будаа, элсэн чихрээ шилэн саванд хадгалдаг байсан. Цагаан будаа маань дуусчихаж :) Ер нь бол одоо бор гурил, будаа, элсэн чихэр түлхүү хэрэглэдэг болчихсон.


Энэ бүхнийг нуршаад байгаа нь бол ямар ч байсан мацаг гэдэг маш чухал биеэ эрүүлжүүлэх алхам руу бага багаар дуудаад байсан юм болов уу даа. Их удаан мацаг барих тухай судалж, уншиж, өөрийгөө нилээн боловсруулсан ч нэг л цаг нь болоогүй юм шиг санагддаг байлаа. Ер нь бол сэтгэлийн тэнхээтэй байж, хэн нэгний үгэнд оролгүй, өөрөө шийдэж, өөртөө зориулж хийх хэрэгтэй юм. Барьж байх үедээ хүн болгонд хэлээд, сурталчлаад, бусдыг мацаг барих ёстой мэтээр уриалан дуудах хэрэггүй. Энэ бол өөрөө өөртэйгээ байх цаг хугацаа юмуу даа.

Гэтэл хоёр жилийн өмнө юм юмны цаг бүрэлдэнэ гэдэг шиг 24 цагийн мацаг барьж эхэлсэн. Уншиж мэдсэнээр бол хүмүүсийн бие өөр өөр болохоор янз бүрээр хүлээж авдаг. Анх удаа мацаг барихад  толгой өвдөх, өлсөх зэрэг аймаар мэдрэмж төрөөгүй. Ингээд л долоо хоногийн 24 цагийн усан мацагийг барьж эхэлсэн дээ. Энэ хугацаанд нэг хоёр удаа хуурай 24 цагийн мацаг барьж үзсэн. Хааяа нэг толгой өвдөх тохиолдол байсан тэр нь цаг агаартай холбоотой байсан болов уу гэж боддог.

Хэдэн жилийн өмнө нэг вьетнам буддист найзтай байхад тэр маань сарны тооллын дагуу мацаг барьдаг байсан. Миний хувьд бол сарны тооллыг биш харин долоо хоногийн мацагийг барих болсон.

Хэрвээ бүтэн сайнд эхлээд 1 дэх өдөр тайлсан бол, дараачийн долоо хоногийн хагас сайнд эхлээд бүтэн сайнд тайлах жишээтэйгээр үргэлж өдөр маань өөрчлөгдөнө. Энэ нь ямар учиртай вэ гэвэл өөр өөр өдрөөр таны эрхтэнүүд цэвэршинэ гэж үздэг билээ.

Даваа - хоол боловсруулах үйл ажиллагаа сайжруулахад сайн,
Мягмар - булчин шөрмөс,
Лхагва - бодисын солилцоо сайжирч оюуны чадамж сайжирна,
Пүрэв - өвчний хүндрэл арилна, элэгний үйл ажиллагаанд сайн,
Баасан - гоо сайхан, бөөр,
Бямба - нугас нуруу, ясны гэмтэл, үе мөч, арьсны элдэв өвчнөөс сэргийлнэ
Ням - зүрх судас, цусны эргэлт сайжруулна

Жич: энэ мэдээллийн интернетээс олсон юм. Хаанаас олсноо хайгаад олдоггүй.

Тууштай, долоо хоног бүр, хоёр жил барьсны эцэст нь улирлын чанартай гурав хоногийн мацаг барихаар шийдэв. Хавар болоод, Португалд тэртэй тэргүй хавар сайхан болдог болохоор яалт ч үгүй цаг агаар сайхан, бас л цаг хугацаа, сэтгэл санаатай яг таарч гурав хоног мацаг барихаар шийдлээ. Браггын бичсэнээр бол улиралдаа нэг удаа 3, 7, 10 хоногийн мацаг барихад зүгээр гэсэн байсан юм. Гэхдээ тууштай долоо хоног бүр 24 цагийн мацаг бариад байвал үе үе мацаг барьснаас хамаагүй дээр л дээ.

Зарим тохиолдолд найз нөхөдтэйгээ оройн үдэш гарах тохиолдолд өдөр давхцаж байвал дараа өдөр нь барьчихдаг байсан. Би мацаг барьж байгаа гээд юу ч идэхгүй суугаад байхад бас эвгүй юм билээ. Хүн болгон мацагийн тухай ойлголтгүй байдаг. Хэвлэл мэдээлэл, нийгмийн сүлжээгээр ид, уу гэсэн л сурталчилгаа явдаг болохоор биш мацаг бариа гэсэн сурталчилгаа явдаггүй шүү дээ. Тиймээс ч бид, өдөрт 3 удаа хооллож, нударгын чинээ ходоодондоо эвдэв янзын химийн бодистой хоол хүнс чихсээр байгаад өвчинд нэрвэгдэж дуусч байна. Уул нь биеийн маань эд эс ходоодоо жоохон амраагаад өгвөл өөрийгөө эрүүлжүүлэх увидастай шүү дээ.

Энэ нэвтрүүлэгт Энхмаа эмч ярихдаа ходоодоо 1/4 хоосон байх ёстой гэж хэлсэн байгаа. Хэт их идэх нь элдэв янзын өвчинд нэрвэгдэхээс гадна бас бие нозоорох, ажлын бүтээмж багасах талтай байдаг. 

За ингээд пүрэв гарагт эхэлсэн мацаг маань баасан гарагийн орой хүртэл бие маань мацаг бариад сурчихсан болохоор нэг их сүйдтэй юм болсонгүй. Харин бямба гарагт ёстой модоо тулна гэдэг шиг ядраад, дуу цаашаа ороод, бөөлжөөд, гүйлгээд нилээн юм болов. Ямарч байсан амралтын өдрүүд тааруулсан болохоор ёстой өдөржингөө унтсан даа. Гадагшлах ёстой хамаг хор нь гарч байсан даа гээд л өөрийгөө бөөцийлөөд, бүлээн усаа уугаад л тэр өдрийг өнгөрөөв. Ингээд ням гарагтай золгоход зүгээр сэргээд босоод ирсэн. Дуу бол цаашаа орсон хэвээр байсан.

Ер нь бол хүн болгон хүсвэл мацаг барьж чадна. Харин хамгийн гол чухал зүйл бол зөв тайлах явдал. Ингээд би гэдэг хүн чинь гурав хоног юу ч идээгүй болохоор ходоод гэдэс хонхойгоод ямар ч сайхан гуалиг болчихов доо гэж өөртөө бөөн баяр. Өөртөө баяр хүргээд л, тэврээд л, толинд хараад л...

Ингээд л гурав хоног учиртай, анхааралтай хооллож эхэлж байгаа юм. Мацагаа тайлсан ням гарагийн өдрөө бол нэг ширхэг лууван сайхан зажлаад удаан гэгч нь идчихлээ. Үүнийг Bragg зөвлөсөн байсан юм. Орой нь ногоон өнгөтэй ногоо хүнсний ногоо жигнээд идэв. Гурав хоног ногоон хоолтон болж байгаа юм. Мацаг барихаасаа өмнө дэлгүүрээс өөрийн дуртай ногоон өнгөтэй ногоо, жимсээ авчихсан байсан юм.
Image result for paul bragg fasting

Уул нь шүүс шахагч байсан бол үнэхээр ногор, жимсний шүүс уух байсан юм. Даанч ч тэр нь байхгүй. Дэлгүүрт байгаа шүүсийг бол уух сонирхол байгаагүй. Яагаад гэвэл шахсан ногоо, жимсний шүүсийг тэр дор нь аль эсвэл 24 цагийн дотор уух ёстой байдаг. Шүүс шахагч нь хоёр янзын байдаг бөгөөд болж өгвөл mastigating juicer авбал сайн. Харин одоогоор үнийг нь арай дийлэхгүй байгаа юм.

Image of omega juicer
Мацаг тайлахад хамгийн чухал зүйл бол хичнээн хоног мацаг барина төчнөөн хоног амьтны гаралтай мах, сүүн бүтээгдэхүүн хэрэглэж болохгүй. Жимс, жимсний шүүс, ногооны шүүс, эсвэл ногоогоо жигнээд идэж болно. Ходоод агшчихсан байгаа болохоор бас хэт их идэж болохгүй. Бага багаар ходоодоо дасгаад идэж болно. Гэхдээ өөрийнхөө идэх дуртай жимс, ногоог түлхүү хэрэглэвэл зүгээр юмуу гэж би хувьдаа боддог.

Орчин үед юм бүхэн хүртээмжтэй, хичнээн мянган километрын цаанаас, улирал хамаарахгүй ирсэн жимс, ногоо хэрэглэх нь битгий хэл сонсоогүй, хараагүй зүйлээд бидний хоолны ширээн дээр тавигддаг болсон болохоор тэр бүхнийг идэх гээд улайраад байх хэрэггүй болов уу даа. Бидний бие махбодь юунд дуртайг ходоод маань бидэнд мэдээллийг сайн дамжуулдаг. Ходоодыг хоёр дахь тархи ч гэж нэрлэдэг. Харин бид л тоохгүй байсаар байгаад өөрсдийгөө өвчинд унадаг. Тэгээд албатай юм шиг гэр бүл, хамаатан садан, найз нөхөд, бүр цаашлаад хаа хамаагүй танихгүй хүмүүсээс хандив гуйгаад эхэлдэг.

Мөн үүнд бидний амьдарч байгаа цаг агаар бидэнд юу идэхийг хэдэн мянган жилийн өмнөөс хэлээд өгчихсөн байдаг. Бид ч идэж уудаг юмандаа дасчихсан байгаа. Ер нь бол хүн бол улирлын чанартай амьтан. Ямар улиралд ямар хоол унд идэх нь тухайн улиралд бэлэн болсон жимс ногоогоор бидэнд мэдээлэл ирдэг.

Монголчуудын хувьд нэг их жимс ногоо идэх боломжгүй, өвөлдөө махаа идээд, зундаа ааруул таргаа идээд л болчихдог байсан. Энэ нь миний бага байхад өвөө, эмээ хоёрын минь амьдрал сайн харуулж өгсөн.

Хүүхэд байхдаа хөдөө Хэнтий аймгийн Дадал суманд өвөө, эмээгийндээ зуны гурван сарыг өнгөрөөдөг байсан юм. Өглөө босоод эмээ бид хоёрыг үнээгээ саачихад ирэхэд өвөө цайгаа чаначихсан байдаг байсан. Эмээ бид хоёр туйпуун пийшинд барьсан талхан дээрээ цөцгий, жимсний чанамаал тавиад идээд л болно. Өдөр халуун болохоор хоол хийж идэхгүй. Бас л боорцог, ааруул, талх, цөцгий, цөцгийн тостой талх, эсвэл ээдэм зуураад идчихнэ. Орой үнээгээ саагаад, сүүгээ тушаасны дараа л нэг оройн хоолтой залгана. Тэр нь борцтой шөл, хуурга гм байна. Ганц олдсон хоолоо бас нэг их идэхгүй жижиг аягаар ганц л удаа иднэ. Хааяа нэг оройн хоол ч хийхгүй тараг, ээдэм идээд унтуулчихдаг байж билээ.

Намар хичээл эхлэхэд гэртээ ирээд бас л иймэрхүү хоолны дэглэм давтагдана. Өглөө, өдөр талхаа идээд л орой гэр бүлээрээ оройн хоолон дээр цуглана. Би одоо гэртээ хоолоо барууныхаар бол десертны давганд иддэг. Их идэх гэдсэнд цөвтэй гэдэг дээ. Том хоолны тавгыг харин зөвхөн зочид ирэхэд л гаргаж тавина.

Image result for Khentii Dadal

Шүүсний тухай доор хоёр видеоны линк тавилаа. Үүнийг үзээд өөртөө дүгнэлт хийгээд, заавал энэ л сайн юм байна гэж дагахгүй байхыг бодоорой. Шүүс нь биенд шингэхдээ сайн, миний хувьд мацагаа тайлахдаа хэрэглэвэл их зүгээр юм шиг санагддаг. Бас анхааруулахад шүүс шахагч болгон сайн биш шүү. Зах зээлд маш олон төрлийн шүүс шахагч зарагдаж байгаа, тэр бүхнийг судлаад худалдан авахыг бодоорой.

Мацагтан Монгол группын гишүүн болоод бас хоёр жил болж байгаа юмуу даа. Үнэхээр хүмүүст мэдээлэл өгч, эрүүлжүүлэхийн төлөө Анужин болон энэ группын админууд маш их хичээдэг. Олон ч live хийсэн. Нэг харамсмаар зүйл ажиглагддаг. Сайн уншиж судлаагүй, үзээгүй, мэдээгүй байж мацаг барихаар шийдээд, би одоо мацаг барьж байж, ингээд байна тэгээд байна гэсэн комментүүд их байна. Үнэхээр харамсалтай. Мацаг бол сэтгэл хөөрлөөр хийдэг зүйл бишээ. Бие, сэтгэлээ бэлд! Mэд! Унш! Мэдлэгтэй болсныхоо дараа мацагаа барьж, биеэ эрүүл болго. Тэгэхгүй тэгээд мацаг барьчихлаа, одоо тайлах гэж байна, юу идэх вэ гээд л асууна. Энэ чинь өөрийгөө хордуулах бас нэгэн алхам бишүү. Мацагаа барьж болноо, гэхдээ зөв тайлах нь хамгийн чухал! Тайлахдаа амьтны гаралтай мах, сүүн бүтээгдэхүүн хэд хоног мацаг барьсан, төчнөөн хоногоор идэхгүй гэдгийг сайн ойлгож авах нь чухал. Агшсан ходоодондоо бас хамаагүй их юм битгий чихээрэй.

 https://www.e-reading.club/bookreader.php/149860/The_Miracle_of_Fasting.pdf
https://www.litmir.me/br/?b=112033
https://www.youtube.com/watch?v=gl8k2ncIQMc&t=16s
https://www.juicerfanatics.com
https://www.youtube.com/results?search_query=jason+vale+super+juice+me+documentary
https://www.youtube.com/watch?v=V-WUP5psyuM&t=11s


© Б.Жавхлан, 2019

LinkWithin

Related Posts with Thumbnails

LinkWithin

Related Posts with Thumbnails