Wednesday 1 February 2012

Almond trees are blooming,

Энэ жил Португалийн өвөл маш дулаахан болж байна.  1-р сарын 3-нд Римээс буцаж ирэхэд 20 хэмийн дулаантай байсан юм.  12-р сарын дунд хүртэл ч иймэрхүү л байсан.  Яг л монголын зун шиг.  Бороо нь бага шивэрсэн. Үүнээс үүдээд усны нөөц нь багасч байх шиг байна даа.  Өвөл л юм болохоор үе үе хүйтэн салхи салхилж пальто мөрлүүлнэ.

Дулаан байгаа ч гэсэн хүүхэд ханиад томуу хүрэх нь энүүхэнд л байна.  Гурван долоо хоног дараалан хоёр охиноо ээлжлэн гэртээ харж байна.  Эхлээд бага нь долоо хоног гэртээ, дараа нь том нь, энэ долоо хоногт бага нь дахиад л... Сургууль, цэцэрлэгээр дүүрэн л ханиад... Өвөл юм чинь яалтай ч билээ дээ.

Жам юм болохоор миндалийн мод цэцэглэжээ.  Бага охины цэцэрлэгийн хажууд байдаг, өөдөөс харсан хөршийн мод цэцэглээд цагаан цэцэгс нүд баясгана.  8-р зууны үед ч билүү дээ арабаас авчирсан португалийн хааны гүнж цасаа санаад, санаа алдаад байхаар нь хаан хайрт бүсгүйдээ цас авчирч чадахгүй ч хоёрдугаар сард миндаль цэцэглэг гэж модыг нь тарьсан түүх байдаг. 

Амьдралынхаа арван жилийг энэ оронд өнгөрүүлэхдээ цас миний амьдарч буй газарт орохыг ганц л удаа харсан юм.  Уул нь хойт зүг рүүгээ цас өвөлдөө ороод, сургууль, цэцэрлэг, албан газрууд хаагддаг л даа.  Монголд тэгвэл бараг 9 сар хамаг юм хаагдана даа.

Нохойгоо зугаалуулаад ирж явтал гудамжны эхэнд байдаг айл жүржээ түүж байсан.  Одоо ч дэлгүүрээр жүрж зарагдаад, шүүсийг уухад сайхан байна даа. Урд зүгийн жүрж амттай, сайхан чихэрлэг. Аль ч улиралд эндхийн зоогийн газруудад дөнгөж шахсан жүржний шүүс зарна.  Уул нь нэг л газраас ирж байгаа жүрж 1.50 центээс 4 евро хүртэл үнэтэй байдаг юм.  Томхон нэг жүржнээс тал стакан шүүс гарна.  Эрүүл байя гэвэл уугаад л байхаас яахав. Бөөн витамин С. Гэхдээ жүржний витамин С-ний хэмжээ киви жимснийхэд арай л хүрэхгүй. 

No comments:

Post a Comment

LinkWithin

Related Posts with Thumbnails

LinkWithin

Related Posts with Thumbnails