Friday 5 April 2019

Lisbon, Praça dos Restauradores, Лиссабон, Чөлөөлөлтийн талбай

Лиссабон хотын дүр төрхийг тодорхойлох олон талбайн нэг нь бол Praça dos Restauradores/Чөлөөлтийн талбай юм. Энэ нэрийг мөн эрх чөлөөгөө эргүүлэн олж авсан гэж бас орчуулж болох юм. Их урт байсан учраас ингэж нэрлэлээ.

Испани, Португалын хоёрын түүхэнд дайн байлдаантай он жилүүд их удаан хугацаагаар үргэлжилсэн. Харин 17-р зууны үед Португал улсын эрх мэдэл Испанийн гарт байсан учраас тухайн үеийн португалын эрх мэдэлтнүүд тусгаар тогтнол, эрх чөлөөгөө олж авахын тулд 28 жил Guerra da Restauração /Эрх чөлөөний дайныг хөрштэйгээ хийсэн юм байна. 1640 оны 12-р сарын 1-нд эхэлсэн энэ дайны дурсгалд зориулж 33 метр өндөр гэрэлт хөшөөг 1886 онд энэ талбайд сүрдэрлүүлжээ. Одоо үед Португал улсын хуанлид бол 12-р сарын 1-нийг амралтын өдөр юм.

Энэ талбай нь Лиссабоны гол талбай болох Avenida da Liberdade буюу Эрх чөлөөний өргөн чөлөөнөөс (Улаанбаатарынхаар бол Энх тайвны өргөн чөлөө) үргэлжлэл болон Тежү гол руу хүрэх замд байрладаг.


Жуулчдын болон Лиссабон хотын оршин суугчдын нүдийг сэргээх олон барилгуудыг энэ талбайн дөрвөн зүгээс харж болно. Энэ видеонд дээр төмөр өндөр барилгын орой дээр хүмүүс явж байгаа барилга бол бол Santa Justa /Санта Жүста лифт юм.

Raul Mesnier de Ponsard бол Парисын Ейфелийн цамхагыг барьсан Гүстав Эйфелийн шавь нь байсан хүн бөгөөд 45 метрийн өндөрт нэг зэрэг 29 хүнийг хотын Baixa дүүргээс Carmo толгодод гаргах зориулалтаар Santa Justa/ Санта Жүста лифтийг барьжээ. Хотын нийтийн тээврийн сүлжээний нэг хэсэг болон ашиглагддаг ч одоогийн байдлаар жуулчдын заавал үзэх үзмэрийн нэг болсон. 1900 онд баригдаж эхлээд хоёр жилийн дараа дууссан бөгөөд нээгдсэн өдрөө 3000 гаруй билет зарсан байна.

Харин одоо хагас сая гаруй жуулчдыг оройд нь гаргаж, Эйфелийн цамхагтай эн тэнцэхүйц үндэсний дурсгалт газар болтлоо өргөжсөн. Жилийн дөрвөн улиралд Лиссабон хот руу чиглэсэн жуулчдын цуваа тасардаггүй бөгөөд зуны цагт бүр их болдог тул энэ лифтийн оройд гарч хотыг өндөрлөгөөс үзэж нүдээ хужирлах хүмүүсийн тоо нь олширч урт дараалал үүсдэг юм.


Convento de Carmo/ Кармо сүмийн нуранги орой нь лифтийн баруун талд харагдаж байна. Энэ барилга нь 1393 оноос эхэлж баригдсан гэж видипедиа дээр байна. Харин 1755 оны 11-р сарын 1-ний ням гаригт Лиссабон хотод газар хөдлөлт, цунами болоход нурсан бөгөөд одоо энэ оройгүй сүмд археологийн музей байрладаг. Олон зуун жилийн хугацаанд маш их юм үзсэн сүм бөгөөд харин хамгийн сүүлд 1974 оны 4-р сарын 25-нд тухайн үеийн диктатурын удирдлагууд босогчдоос өөрсдийгөө энэ сүмд хамгаалж байгаад бууж өгчээ.

 Энэ талбайд жуулчдад зориулсан Мэдээллийн төв байдаг бөгөөд эндээс Лиссабонд болон дагуул хотуудад юу үзэж болох тухай мэдээллийг олон хэлээр авч болно.

Мөн талбайг бүтэн тойроход нэг өдөр ч хангалтгүй байж магадгүй. Palácio Foz, ягаан байшин бол бас нэгэн үзэх газрын нэг юм. Анх Palácio Castelo Melhor нэртэйгээр 1755 оноос эхэлж барокко стилиээр баригдаж эхэлсэн бөгөөд 18-р зууны сүүлээр италийн архитектур Francesco Saverio Fabri өөрийн стилийг үлдээжээ. 19-р зуунаас хойш Фожын ордон нэртэй болсон байна. 14-р Луисын стилийн Толин өрөөнд урлагийн тоглолтууд болдог.

Энэ ордны хажууд 500-аад метр зөвхөн дээш, доошоо явах зориулалттай 100 гаруй жилийн түүхтэй, модон трамвай ихэнхдээ жуулчдыг зөөдөг. Энэ мөн л Санта Жүста лифт шиг хотын иргэдийг Лиссабон хотын нэг толгодын бэлээс нөгөө толгодын өндөрлөгт хүргэх үүрэгтэй юм.

Талбайг тойрсон олон барилгуудыг 18, 19-р зуунд барьсан бөгөөд мөн нь Art Deco барилга нь Eden театр бөгөөд одоо зочид буудал болжээ. Энэ театрт анхны дуугүй киног 1931 оноос үзүүлж эхэлсэн бөгөөд 1989 онд сүүлчийн киногоо гаргаад хаагджээ. 1996 оноос хойш зочид буудлаар ашиглагдаж байгаа бөгөөд одоо дөрвөн одтой  VIP Executive Éden Aparthotel нэртэй болжээ. Португалын Засгийн газар энэ өөрчлөлтийг "Хамгийн сайн хотын сэргээн босголт" мөн "Хамгийн сайн жуулчлалын төсөл" гэж тухайн үедээ үзжээ.

© Б.Жавхлан, 2019. Photo & Video

No comments:

Post a Comment

LinkWithin

Related Posts with Thumbnails

LinkWithin

Related Posts with Thumbnails