Wednesday, January 5, 2011

Аавын тухай Д.Давааням ахын бичсэн нь*

Жигжидийн хүү

Алтан дэлхий уужим гэлээ ч
Ариун үнэнд давчуухан буюу
Ж.Бямба

Намайг Москва хотноо Горькийн нэрэмжит утга зохиолын дээд сургуулийн төгсөх ангид орох жил буюу 1979 оны намар зохиолч Жигжидийн Бямба утга зохиолын дээд курсын сонсогчоор очдог юм байна.  Цаадахаасаа зайгаа барьж яваарай цагаа тулахаар муухай хэрүүлч золиг шүү гэж нэг найз минь нэмэр хачир оруулан захиж билээ.  Эхэн үеэс нь энэ үгийг би огтоос тоогоогүй минь олон жилийн үерхэл дунд зөн билгээр зөв болсон юм.  Урьд нь Ж.Бямбатай уулзаж явсанаас биш дотно сайхан үерхэж амжаагүй өнөөг хүрчээ.  Ирсэн өдрөөс нь эхлээд ижий ахай болж амжив.  "Хорвоогийн өнгө" гэж хосгүй гайхалтай романыг бичсэн гүдэсхэн зантай гүндүүгүй энэ эрийг би биширч эхэлсэн юм. "Зарга зальхай үүсвэл, заавал ялж гардаг хууль дүрмийн мэдлэгтэй хуухай байгаа юм" гэж хамт ирсэн Ш.Сүрэнжав зохиолч хаяа нэг дурсаад авна.  Нэг удаа би Ж.Бямбаас:

- Чамайг зарим хүмүүс Завханы доль, заргын толь гэх юм.  Ямар учир байна аа гэхэд:
- Хээцэс... хэн хүнгүй надад атаархахдаа л тэр, үнэн юм чинь үүнийг нуугаад юу хийнэ гэж хээв нэг хэнэггүй хариулж билээ.  Буман олны дунд бужигнан наана уу цаана уу наргиж даргиж явтал энд байх томилолтын хугацаа дуусан, эх орондоо буцах цаг болжээ.  Оюутны таван жил гэдэг охорхон хугацаа биш.  Нутаг ус нуга хөндийгөө бэтгэртлээ санасан би гэдэг хүн яаран яарсаар Ярославын буудлаас хөдлөв.  Орос газрын хатуухан дарсанд жаахан халсан Ж.Бямба маань олны дунд эрээлж цээрэлсэн ч үгүй нулимс унаган намайг үдэж өглөө. 

Найз минь Москвагаас долоо хоног бүрий захиа бичнэ.  Эхнэр Сэндэнгээ их санаж байгаа тухайгаа эндээс ажил албаар очсон эмч бүсгүйтэй танилцснаа дурсах нь олонтоо.  Нэг удаагийн захиандаа МАХН-д элсэх гэсэн юм.  Чи батлан даалт гаргаад яаралтай явуул гэж онцлон захисан байлаа.  Харь газар суралцаж байгаа хүний тодорхойлолтыг хаа холын эндээс явуулна гэдэг \тэгэхдээ бүр тэнгэр бурхан шиг өргөмжлөгдсөн намын эгнээнд ороход нь шүү\ этгээд юм шиг санагдана.  Тэгтлээ ч гэмгүй сайн нөхрийнхөө хүсэл гуйлтыг хүлээхээс өөр замгүй болов. Хөөрхий муу Бямбаагаа хөөргөдөн магтаад намд элсүүлхээр наян мянган хачир нэмсэн батлан даалтыг гаргаж баруун гарынхаа үсгийг зураад алс холын алтан Москвад явуулав.

Гурван сар болов уу үгүй юу Ж.Бямбаас гутрангуй аястай захиа ирдэг юм байна. Эрхэм нөхрийн бие сайн, эрхэлсэн ажил тавлах биз дээ.  Хөгшиг чигь хөгөө хөлдөө чирч явна.  Элчингийн дэргэдэх намын хорооны товчооны хурлаар МАХН-ын орлогч гишүүд элсэх гэж товьлосон цагт нь тонгос хийн мөргөөд орлоо шүү.  Тэнд суугаа тэр олон дарга нарын тэн хагасыг нь таних учир дэлхийд заяасан дэлгэрхэн хүсэл минь биелнэ гэж дотроо гийгүүлэн додгирхон зогсож байтал нэрийг нь хэлээд яахав нэг хэнхэг юм босоод:

- Хаа байсан Улаанбаатарт суугаа хүн таныг батлан дааж байдаг.  Энэ бол энхрий хайрт МАХН-ын түүхэнд үзэгдэж харагдаагүй үйл явдал.  Зүй нь таны батлан даагч дэргэд чинь байх ёстой гэж ирээд гижиг хүрмээр үг шидэв.  Өөр нэг товчооны гишүүн өөдөөс минь сонжих аятай харснаа:

- Москвад амьдарч суугаа түм буман Монгол нөхдөөс таныг тал бүрээс чинь мэдэх хүн алга уу гэв.  Миний мэнгэ голоож уур хүрэн уушиг сагсайсан учир:

- Итгэчихмээр хүн энэ хавьд алга даа.  Ах лам нь арван хуруу шигээ мэдэх хүнээрээ батлан даалгасан чинь багадаа юу гэчихлээ.  Ээ... энэ ам уу.  Үүнээс үүдэж намд орох найдвар тасрав.  За тэр ч яахав. Заалдлаа гээд дийлэх биш.  Эчингийн гзараас тавь муутай гарууд "Экстер" архи шилийг авч сэтгэлээ засаад Сэндэнгээ зүүдлэн хонов.  Энхрий хайрт нам гэж хөвөлөзөж явснаас, эхнэрээ санаж суух маань жаргал юм шив дээ.  Балаг тариагүй батлан даагч минь баяртай... гэжээ.   Ингэж бид хоёрын хувьсгалт намд элсэх гэсэн эхний явуулга бүтэлгүй бүдэрсэн. 

Сургууль соёлоо дүүргээд Ш.Сүрэнжав, Ж.Бямба бид гурав зохиолчдынхоо ророонд ажиллав.  1987 оны өвөл намын төв хорооны үзэл суртлын сэлтсээс хэсэг хүмүүс томилогдон манай байгууллагын ажилтай танилцлаа.  Нэг өдөр дээрээс чиглүүлсэн үүргийн дагуу Д.Нацагдоржийн музейн эрхлэгч Ж.Бямбад утас цохиж шалгалтынхан өнөө орой арван долоон цагт очно. Үзвэрүүд дотор Д.Төмөр-Очир гуайтай холбогдох зураг бий эсэхийг сайн шалга.  Хэрэв байгаа бол тэр зургуудыг солих болоод байна гэтэл Ж.Бямба дүрсхийн уурлаж:

- Чи мөн хийх ажлаа олов оо.  Манай энд юу л байна Төмөр-Очирын зураг байна.  Харин Нацагдорж гуайнх байхгүй гэж адраад утсаа тавьчихав.  Би нөхрийнхөө занг мэдэх юм хойно дахин иймээ тиймээ юм ярьсангүй өнгрөлөө.  Орой нь шалгалтын хүмүүст бараа болсоор музей дээр очиход Ж.Бямба ажлаа гялалзтал танилцуулав.  Шалгалтын хүмүүс их л шамдахгүй ажилдаа орлоо.  Зураг бүрийг анхааралтай үзнэ.  Зураас бхнийг ажиглана.  Тэгтэл хоёр ч газар Төмөр-Очир гуай зохиолчидтой уулзаж байсныг гэрчлэх бүдгэвтэр зургууд тааралддаг юм байна.  Шалгалтыг хариуцаж яваа дарна нь их л уцаарлангуй:

- Бямбаа, энэ хэний зураг байна вэ? гэв.  Найз минь сабарт нүүрээ тулгах шахуу удтал харсанаа:
- Л.Ванган гуайнх юмуу даа гэлээ.
- Чи нээрэн танихгүй байна уу?
- Үнэнээ хэлэхэд ялгахгүй л байна
- Чиний хараа тийм муу гэж үү?
- Ямар сайндаа л ийм юм зүүж явахав дээ гэж Ж.Бямба хэлээд хуруу зузаан линз шилээ харуулж байлаа.  Шалгатынхан Төмөр-Очир гуайн зургуудыг яаралтай солих үүрэг өгөөд буцав.  Тэдний хэлсэн бүхнийг Ж.Бямба төө хэрийн зузаан дэвтэрт төвөгшөөлгүй тэмдэглэж суулаа.  Маргааш нь би Ж.Бямбатай уулзахдаа:

- Чи өчигдөр тэр зургийг үнэнээсээ ялгахгүй байв уу гэтэл
- Хээ цэс. Харалган ч гэсэн хааныхаа музейн \Д.Нацагдоржийн музей\ хэдэн үзвэрт байгаа цэг тэмдгийг болов ч үзэхтэйгээ шүү.  Зураг хэзээд түүхийг өгүүлнэ.  Тэгэхээр хайрлан хадгалах хэрэгтэй.  Хэн нэгэн хүний үгээр хэдэн тийш нь зурж тастаад хаячихвал нөхөж баршгүй нөр их гарз гарна гэлээ.

- Чи минь, овоо доо. Дарга нарын даалгавар үгийг сайн тэмдэглэх болж дээ гэвэл:
- Дарга нарыг ажихад өөрийнх нь өгсөн үүргийг тэмдэглээд сууваас тэргүүний хүн гэж боддог ч юм уу их л талтай байдаг юм гэж хэлээд инээд алдав. 

Миний бие Шаравын Сүрэнжав, Жигжидийн Бямба нартай олон жил ойр дотно явж зан чанараа зайгүй мэдэхийн хувьд нэгэн зүйлийг нэхэн хэлэхийг хүснэ. Энэ юу вэ гэвэл дотно хоёр нөхөр минь ааш араншин төстэй, анд найздаа тустай, хэлэн үгээ хэний ч өмнө шууд мөртөө шударгаар ярьчихна.  Өнгөцхөн харвал өөр хоорондоо таармж муутай юмуу даа гэж тааж хэлмээр.  Гэтэл тийм биш, ёстой үй зайгүй үерхсэн үе тэнгийн хүмүүс... Хааяа нэг бие биедээ тунирханаДорхноо дотно харьцаагаа сэргээж тайтгарна.  Их хурлын депутатаар хоёул зэрэг сонгогдож Монгол улсынхаа шинэ үндсэн хуулийг хэлэлцэн батлахад үгс нь нийлж үүргээ биелүүлсэн гавьяатай.  Хоёул холбоотой юм шиг хөтлөлцөн явж ховорхон авьяастай Ш.Гаадамба, Ж.Бадраа, О.Дашбалбар нарын зэрэг эгэлгүй хүмүүсийг эгнээндээ хамруулсан Монголын үндэсний чөлөөт зохиолчдын холбоог санаачлан байгуулсаныг нь санах тусам нөхөрлөлийн хүч нөлөө ихтэй байдагыг гэрчилнэ. 

*Данигайн Давааням, Заяа тавилангийн үргэжлэл номноос нь

1 comment:

  1. Та сайхан аавтай хүн юм аа:)

    ReplyDelete

LinkWithin

Related Posts with Thumbnails

LinkWithin

Related Posts with Thumbnails