Saturday 14 May 2011

Монгол орны хөгжилд 7-р чуулган

Өнгөрсөн амралтын өдрөөр Лондон хот руу нисэн Цахим Өртөө холбооноос 7 дахь жилдээ зохион явуулж буй Монгол орны хөгжилд чуулганд оролцох завшаан тохиосон юм. 

Чуулганыг 7 дахь жилдээ амжилттай зохион байгуулж байгаа Цахим Өртөө Холбооны тэргүүн Д.Цэрэнбат \зүүн гар дахь нь\

Энэ удаагийн чуулганаар Европт үйл ажиллагаагаа явуулж буй Монголчуудын Холбооны тэргүүнүүдийг урин авчирч, цаашид хилийн чанадад, ялангуяа Европт амьдарч буй монголчуудаа нэгтгэн нягтруулахын тулд Европын Монголчуудын нэгдсэн холбоо байгуулах тухай ярилцсан юм. Энэ нь ялангуяа монголчууд цөөн тоогоор суурьшсан орнуудад монголын соёл урлаг, бизнесийг хөгжүүлэхэд хэрэг болох болов уу гэж би өөрийнхөө зүгээс их дэмжсэн.

Уг чуулганд Голланд, Швед, Ирланд, Их Британийн монголчуудын холбооныхоо хүрэлцэн ирж, өөрсдийн холбооны үйл ажиллагааг танилцуулсан юм. Миний хувьд бол тэдний туршлагыг судалж, өөрийн нөөцийг ашиглан тэдэнтэй хамтран ажиллах талаар ярилцсан. Мэдээж эдгээр оронд монголчууд маань олон тоогоор ажиллаж, сурч байгаа болохоор зохион байгуулалт сайтай, явуулсан үйл ажиллагаа нь үр дүнтэй болдог харагдаж байсан. Гэхдээ Португалд амьдарч буй монголчуудын тоо цөөн ч гэсэн эв эетэй, хамтран ажиллавал ганц дайчин ганцаардахгүй гэдэгтэй адил ямар нэгэн үйл ажиллагааг өргөн хүрээтэй явуулж чадна гэдэгт найдаж байна.

Хамгийн их нягтрал сайтай холбооны хувьд бол Ирландын монголчууд бие биендээ тусалж, сайн харилцаа холбоотой байдгаа өөрсдөө их чухалчлан ярьж байсан. Ирландын монголчуудын холбоо нь дэргэдээ бизнесийн болон оюутны групптэй бөгөөд ямар нэгэн баяр ёслол, үйл ажиллагаа явуулахад бие биенээсээ дэмжлэг аваад зохион байгуулдаг нь сайхан санагдсан.
http://monireland.net/

Шведийн монголчуудын холбоо нь 4000-5000 монголчуудыг хамарч үйл ажиллагаагаа явуулдаг, хөл дээрээ баттай боссон нь мэдэгдэж байсан. Уг холбооны тэргүүн Номун-Эрдэнэ монгол орны соёл урлагыг Шведийн вант улсад таниулан мэдүүлэх, тэнд ажиллаж, сурч буй эх орон нэгтнүүдийнхээ төлөө хүч чадлаа зориулан ажиллаж байдаг нь ажиглагдсан.
http://www.swemon.info/

Голландын Монголчуудын Өлзий холбооны тэргүүн Янжиндуламтай сайн танилцаж, зочид буудлын нэг өрөөнд хамт байрлах завшаан тохиосон юм. Докторын зэрэг горилж судалгааны ажил хийгээд завгүй байгаа ч гэсэн нийгмийн идэвх сайтай, холбооны үйл ажиллагааг удирдан зохион байгуулж, монгол орны соёл урлагыг Голландчуудад танилцуулахыг төлөө мэрийн ажиллаж байгаа нь тод харагдаж байсан юм.
http://www.ulzii.org/

Монгол орны хөгжилд чуулга уулзалтанд гадаадад суралцаж байгаа оюутнууд өөрсдийн илтгэлээ тавьдаг уламжлалтай. Илтгэгчид нь магистрант, докторын зэрэгтэй байсан бөгөөд илтгэлүүд нь нийтийн мэдээллийн сүлжээг үр өгөөжтэй ашиглах, Монгол улсын хөгжлийн ирээдүй, Монголын хөдөө аж ахуй, Монголын эдийн засгийн байдал, Монголын хадгаламж эзэмшчигчдийн мэдлэг, Европын хөрөнгө оруулагчдыг хэрхэн Монгол руу татах, Монголын өндөр технологийн кластерийг байгуулах, Монголын програм хангамжийн салбарыг хөгжүүлэх, хүний нөөцийн төлөвлөлт, уул уурхай зэрэг байсан.

Ч.Энх-Эрдэнэ, дунд нь, Их Британид суугаа Элчин сайд Б.Алтангэрэл, Шведэд суугаа Элчин сайд Б.Энх-Мандах нар
Тус чуулганд Монгол улсын Ерөнхий сайдын дэргэдэх хилийн чанадад суугаа Монгол улсын иргэн, хуулийн этгээдийн эрх ашгийг хамгаалах, хамтран ажиллах зөвлөлийн нарийн бичгийн дарга, ажлын хэсгийн дарга Ч.Энх-Эрдэнэ энэ чуулганд оролцсон нь авууштай зүйл болсон гэж оролцогчид үзэж байсан юм.


Монгол Улсын Засгийн Газар хоёр жилийн төлөвлөгөөтэйгээр Зөгийн үүр хөтөлбөрийг боловсруулан хэрэгжүүлж байна. Энэ нь хилийн чададад амьдарч буй иргэдийнхээ эрх ашгийг хамгаалахад гол зорилго нь оршиж байгаа юм. Доорхи линкээр та бүхэн уг хөтөлбөртэй танилцаж болно.
http://www.cooperation.gov.mn/

Уг чуулганы үеэр хуучин танилуудтайгаа олон жилийн дараа дахин уулзах боломж олдсон юм.  Их Британид улсад суугаа элчин сайд Б.Алтангэрэлийн гэргий Чулуунцэцэгтэй олон жилийн өмнө Монцамэ-д ажиллаж байхад нь хуучин Төв шуудангийн баруун хаалганд байрладаг байсан Радиогийн хаалгыг хамт элээж байснаа дурсан хөөрсөн. Гэртээ ирээд зурагнуудаа үзсэн чинь Чулуунаа эгчтэй хамт зургаа авахуулаагүйдээ харамсаж билээ.

Радиогийн Гадаад нэвтрүүлгийн редакцид сэтгүүлч хийж байсан Лхагвасүрэн эгч, чуулганы төлөөлөгч, илтгэгчдэп Оюун эгчтэй хуушуур жигнэж, салат хийж авчирч өгөхөд нь уулзаж, тэр үеийн сэтгэгдлээ хүүрэлдсэн.  Лхагвасүрэн эгч аавтай хамт Соёл урлагийн редакцид хамт ажиллаж байснаа яриад, хааяа нэг аавын авчирсан сониныг нь уншихаар авчихдаг байсан нууцаа дэлгэсэн. 
Чуулганд оролцогчид болон тэнд амьдарч буй монголчуудад зориулан оройн цэнгүүн болж өглөөний 3 цагт буудалдаа очиж нүдний хор гаргасан.  Оройн цэнгүүнийг хөгжөөж, ая дуугаа өргөсөн Ч.Бат-Эрдэнэ \баруу гар талынх\ Ганзоригтой хамт \Ирландын Монголчуудын холбооны тэрүүн\-тэй хамт төрийн дууллаа дуулж байна.

No comments:

Post a Comment

LinkWithin

Related Posts with Thumbnails

LinkWithin

Related Posts with Thumbnails