Saturday 19 May 2012


Улаанбаатар их сургууль, Монголын Үндэсний Чөлөөлт Зохиолчдын Холбоо болон зохиолч Ж.Бямбын гэр бүл хамтран Улаанбаатар их сургууль дээр 2012 оны 5-р сарын 16-нд “Жигжидийн Бямба ба ХХ зууны Монголын хүүрнэл зохиол” сэдвээр их сургуулийн оюутнуудын дунд эрдэм шинжилгээний бага хурал боллоо. Уг хуралд МУИС, МУИС-ийн Улаанбаатар сургууль, МУБИС, Гурван-Эрдэнэ БДС-ийн оюутнууд арван илтгэл тавив.

Оюутнуудын тавьсан илтгэлээс харахад Ж.Бямбын Гурамсан Хорвоогийн нэг болох “Хорвоогийн Өнгө“ оюутнуудын илтгэлийн гол сэдэв нь байсан юм. Уг роман анх 1971 онд хэвлэгдэн гараад тухайн нийгэмд шуугиан дэгдээж байсан зохиол билээ. Мөн “Үнэний Хорвоо” роман нь социализмын үеийн сайд, дарга нарыг ажлыг шүүмжилж, нийгмийн дутагдал, доголдол, согогийг илрүүлсэн зохиол байсныг Л.Скородумова бичсэнийг Э.Базарханд илтгэлдээ дурджээ. Ер нь Ж.Бямбын бичсэн тууж, өгүүллэгүүдийн дүр дүрслэл, уран сайхны онцлог, зохиолчийн ертөнцийг үзэх үзлийг илтгэлүүддээ харуулахыг оролджээ.

МУИС-ийн Ц.Ариунтуяагийн бичсэн “Хайрын тухай дууль” туужийн дүрийн сэтгэл зүй” илтгэл 1-р байранд шалгарч Өргөмжлөл, 300,000 төгрөгийн шагнал хүртэв. 2-р байранд Улаанбаатар сургуулийн Ч.Энхчимэгийн бичсэн “Жигжидийн Бямбын туурвил зүйн өсөлт” илтгэл шалгалтч, Өргөмжлөл, 150,000 төгрөг, 3-р байранд МУБИС-ийн Г.Батзаяагийн “Ж.Бямбын “Хорвоогийн өнгө” романы уран сэтгэлгээ” илтгэл шалгарч Өргөмжлөл 100,000 төгрөгөөр шагнуулав.

Ц.Ариунтуяа илтгэлдээ, зохиолч “Ж.Бямбын бүтээлүүд ч зөвхөн социалист хөдөлмөрт уриалан дуудсан өнгөц гүехэн санаа бүхий зохиол биш бөгөөд... “Хайрын тухай дууль” бүтээл нь хүний амьдралын мөнхийн сэдэв болох хайр сэтгэлээр дамжуулан хүний дотоод сэтгэлийн мөн чанарыг харуулахдаа буддын гүн ухаан хийгээд сэтгэл судлалын олон асуудлыг хөнджээ.” Ингэж хөндөхдөө “Зохиолд дүрслэгдэж буй гурван хүний сэтгэл зүйн асуудал бол... өнөөгийн нийгэмд ч энэ асуудал хурцаар илэрч байгаа нь энэ зохиол үнэ цэнээ алдаагүй байгаагийн баталгаа” гэж дүгнэжээ.

Ч.Энхчимэг, зохиолч Ж.Бямбын “Хэргийн мөрөөр”, “Домгийн мөрөөр”, “Цагаан мөр” гэдэг гурван ойролцоо нэртэй 1957 оноос 1981 оны хооронд бичсэн өгүүллэгүүд дээр нь зохиолчийн “туурвих чадвар хэрхэн хөгжиж, нас ахихын хэрээр мэдлэг боловсрол хуримтлагдаж, туршлагажин бүтээл туурвил нь утга агуулга, дүр дүрслийн хувьд хэрхэн өссөн зэргийг нь тодруулах” зорилт тавьсан байсан.

3-р байрт шалгарсан Г.Батзаяа илтгэлээ “Ж.Бямбын “Хорвоогийн өнгө” романы уран сэтгэлгээ” илтгэлдээ “зохиолч зохиолын дүрүүдээ тодотгохын тулд амьтантай адилтгаж, зүйрлэсэн уран дүрслэлүүдтэй... дүрийг таньж зохиолын үзэл санааг ойлгоход ихээхэн түлхэц болдог” гэжээ. Зохиолч “бие төрх, байгаа байдал зэргийг амьтнаар шууд зүйрлэн бичжээ”. “Дэгдээхэй дагуулсан шувуу шиг, хараацайн даль шиг хөмсөг, хотонд эргэсэн чоно, эргүү хуц” г.м. амьтдаар төлүүлэн дүрслэхдээ Монголчууд тухайн амьтантай хэрхэн харьцдаг болгон бэлгэдэл, ёс заншлыг гүн гүнзгий бодож дүрсэлсэн нь илт байна” гэж дүгнэжээ.
Энэ уралдаан нь хоёр дахь жилдээ явагдаж байгаа бөгөөд ирэх жил зохиолч Ж.Бямбын 80 насны ойд зориулсан эрдэм шинжилгээний бага хурал хийнэ. Ер нь энэ үйл ажиллагааны зорилго нь зөвхөн зохиолч Ж.Бямбын амьдрал, уран бүтээлтэй холбоотой илтгэл тавиулаад зогсохгүйгээр жил бүр зохион байгуулж монголын уран зохиолд хувь нэмрээ оруулсан зохиолчдын талаар их, дээд сургуулиудын оюутнуудын дунд эрдэм шинжилгээний илтгэл тавиулж байх зорилготой юм.

No comments:

Post a Comment

LinkWithin

Related Posts with Thumbnails

LinkWithin

Related Posts with Thumbnails