Sunday 21 April 2019

Figueira da Foz, Portugal, Фигүэйра да Фоз, Нэг өдрийн аялал хоёр өдөр болсон нь

Португалын амьдралын хуудаснууд...

Улаан өндөгний баярын өмнөхөн, 4-р сарын 18-нд нөхөр маань хойт зүгт орших Күимбра хот руу ажлаар явах хэрэг гараад биднийг нэг хоног хамт яваад ирье гэхэд нь гэртээ амралттай сууж байсан гурван хүүхэн нь зөвшөөрөөд хамт явахаар шийдлээ. Харин бидний буудал захиалсан хотыг Figueira da Foz/ Фигүейра да Фоз Mondego/Мондего голын аманд, Күимбра хотын захиргаанд хамаарагддаг юм. Иберийн хойгтоо хамгийн томд орох казинотой, Европын хамгийн өргөн далайн эрэгтэй энэ хотод ганц хоноход үзэж харах зүйл бас л их байна. 


Харин мягмар гарагаас бензин тээвэрлэдэг том машинуудын жолооч нар ажлаа хаяаад бензин колонкууд дизель түлшгүй болчихсон байсан үе юм. Өдөрт 36.000 литр хортой бодисыг нэг удаа тээвэрлэхдээ 15-17 урт цагаар ажилладаг, цалин багатай хүмүүс ажил хаялт зарлалгүй ч яахав дээ. Жирийн машинаа бариад явж байгаа бид бол эдний хүнд ажлыг тэр болгон мэдэхгүй.

Мөн 4-р сарын 17-нд Португалын Мадейра арал дээр аялж явсан Германы жуулчдын автобус уулын оройгоос өнхөрч 29 хүн нас барж, 27 хүн гэмтсэн харамсалтай явдал тохиолдлоо. Гэмтсэн хүний хоёр нь португал хүмүүс байсан. Мадейра арал бол уулархаг бөгөөд маш анхааралтай машин барьж явах хэрэгтэй байдаг. Жуулчдын очиж үзэх ёстой газрын нэгэнд яалт ч үгүй энэ арал ордог учраас жилийн дөрвөн улиралд жуулчид олонтой арлын нэг юм.

Энэ өдрүүдэд Португалд болсон үйл явдлаа өндөрлөөд хэзээ гэртээ ирэхээ мэдэхгүйгээр, азаа үзэхээр туршаад замд гарлаа. Лиссабоноос хойт зүг рүү 200-аад километрын цаана орших энэ хот бол бараг л Иберийн хойгийн голд нь оршдог юм. 2011 оны тооллогоор 62 мянга гаруй хүн амтай хот юм байна. Өглөөний найман цагаас өмнө замд гарахад машинд маань 460 км түлштэй гэдэг мэдээлэл өглөө.

Нөхөр бол ямарч байсан энэ ажил хаялалт удаан үргэлжлэхгүй, яагаад гэвэл Португалыг агаараар, газраар зорин ирж буй жуулчид, мөн тус орны эдийн засгийн ачааг нь үүрч явдаг дизель түлш бол яалт ч үгүй чухал зүйл гэдэгт итгэлтэй байсан. Энэ бослогын үеэр нэг өдөр л гэхэд 30-аад онгоцыг Лиссабоноос Испанийн хотууд руу нисгэж хэдэн мянгаад хүний амралтыг таслах шахсан хэрэг гарсан.

Дөрөвдүгээр сард бороо орох нь маш элбэг байдаг учраас энэ сарыг португалчууд "мянган усны" сар гэж нэрлэдэг. Цаг агаарын мэдээ ч тааламжтай нартай өдрүүд болно гэсэн мэдээлэл өгөхгүй байж байж, яг явах өдөрт нар гараад, дулаараад сайхан болчихлоо. Алтан шар зам минь их л ивээсэн дээ.

Eurostars Oasis Plaza Hotel
Буудлын 14 дэх давхраас хотыг дурандахад






Буусан буудал маань маш их таалагдсан учир дахиад нэг хоноё гэж асуутал "маргааш сул өрөө байхгүй" гэж анхны өдөр хэлсэн юм. Харин маргааш өглөө нь дахин асуутал "байгаа өрөөндөө дахиад нэг хонож болно" гэсэн сайхан мэдээ сонсоод бас нэгэн шөнийг энэ хотод өнгөрөөлөө.


Хот миний утасны дуранд






Энэ ундааг ууж үзээрэй




Хотоор зугаалахад дунд зууны зах гарчихсан байлаа. Хуванцар савтай зүйл ерөөсөө харагдсангүй. Хүмүүсийн гараараа урласан, модон, даавуун өдөр тутмын хэрэглээни болон модон хүүхдийн тоглоомууд зарж байсан.


Дундад зууны зах гарчээ

Усан санд нь хоёр өдөр сэлж, ууранд нь хоёр өдөр сууж, харин сэтгэлээ сэргэтэл, баярлатал нь далайг өдөрт хэдэн ч удаа нүд салгалгүй ширтэв дээ.
Буудлын 16 дахь давхарт байх усан сан
Далай руу шумбаад жаргах нарыг хоёр орой үзчихлээ. Хэрвээ энэ хотод блогыг минь уншиж байгаа хэн нэгэн ирвэл заавал далайд шумбах нарыг үзэээрэй! Миний нүдээр үзсэнийг гэрэл зургын дуранд буулгахад арай л чанарын, сэтгэлийн хувьд хүрэхгүй юм билээ. Нүдээрээ үзэж, чихээрээ сонсоно гэдэг бол үнэхээр амьд баримт юм. Далайн эргээр алхахдаа, далайн өнгө хэд дахин өөрчлөгдөх, далайн давалгаа хэзээ ч давтагдахгүй давалгаалах, үе үехэн салхи чихэнд минь юу ч юм шивнээд байгааг мэдэж авахыг бодох мэдрэмж үнэхээр сайхан. Хааяахан хүчтэй түрч орж ирэх далайн давалгаа сэрүүн зүүднээс минь сэрээнэ.

Ерөнхийдөө Португалын орой нь сэрүүхэн болчихдог болохоор далайн эргээр алхаж яваа хүмүүс цөөн байсан. Европтоо нилээн өргөн далайн эрэгтэй хотод тооцогддог болохоор явган, дугайтай хүмүүст зориулсан тусгай зам засчихсан байсан болохоор нэг үзүүрээс нь нөгөө нь хүртэл алхаад л баймаар

Далайд жаргах алтан наран
Арван тавны сар Атлантын далайг гийгүүлэхийг цэлмэг тэнгэртэй шөнө их л олон харсан даа. Гэхдээ л харах болгонд далайн мандалд буух сарны туяа сайхан мэдрэмж төрүүлж, амьдралын сайн сайхан, аз жаргалыг эндээс бас тольдож болох юм шиг бодогдоно.

Арван тавны сарны туяа далайн мандалд

Загасчны завь буцаж ирж байна уу даа?
Явсан нохой яс зууна гэдэг шиг энэ хотод бас нэгэн сонин зүйл олж мэдлээ. 1931 онд Энэтхэгт төрсөн, 2007 онд Нобелийн энх тайвны шагналд нэр дэвшиж байсан Sri Chinmoy гэдэг хүний хөшөө энэ хотод байна. Хаа холын Энэтхэгт төрсөн, тэгсэн мөртлөө Португалд амьдарч байгаагүй энэ хүний хөшөөг сүндэрлүүлсэн нь бас сонин. 2007 онд нас барахдаа дэлхийн 60 оронд 7000 дагагчтай байсан энэ хүн амьдралаа жирийн эхлээд, хөшөөгөө Португалын нэгэн жижигхэн хотод сүрдэрлүүлтлээ амьдарчээ. Дэлхийн энх тайвны төлөө мөрөөдөн, таван тивээр марафон гүйж, хүндийг өргөж, усанд сэлж, бясалгадаг хүн байсан байна. Дэлхийн алдартай хөгжимчид, улс төрчид түүний дагагчид байсан ба түүний Монреаль болсон концертонд бараг 19000 хүн цугларсан гэнэ.

Дэлхийн энх тайвныг мөрөөдөгч Sri Chinmoy-ны хөшөө


Sotto Mayor ордны тухай цөөн хэдэн мөр мэдээлэл интернет дээр байна. Зөвхөн гаднаас энэ сүрлэг таван давхар ордныг харах боломжтой байсан юм. 20-р зууны эхэнд Joaquim Sotto Mayor нь Бразилд баяжсан хөрөнгөөрөө энэ ордныг бариулжээ. Тухайн үедээ хамгийн алдартай, уран зураачид, архитекторчид хэний ч нүд булаам барилгыг барихад оролцжээ. Гудамжийг нь хүртэл энэ байшингийн эзнийх нь нэрээр нэрлэнэ. Тус ордныг үзэхийн тулд урьдчилан захиалга өгч үзэх ёстой юм байна.

Ер нь бол энэ хотын энэ хавиар байгаа хувийн байшингуудын архитектур нь бусад хотын жирийн л байшингуудаас ялгагдах, сонин содон, өөр өөр дизайнтай байсан.

Хотын казиноныг мэдэлд байдаг Sotto Mayor ордон
Sotto Mayor ордны хажуу талын байшин ;)

Энэ хотын хувийн байшингууд нь архитектур сайтай, цэцэрлэг нь өнгө үзэмжтэй юм билээ




Загасчны ширээ
Далайн эргээр алхаж явахад


Хавч











@Javhlan Byamba, photo and text

No comments:

Post a Comment

LinkWithin

Related Posts with Thumbnails

LinkWithin

Related Posts with Thumbnails