Monday, October 19, 2015

Хот хоорондын галт тэргэнд суув. Солонгос хэлний хичээл

 Манайх Лиссабоноос галт тэргээр 15 минут яваад хүрдэг хотод амьдардаг юм. Нөхөр маань өглөөдөө галт тэргээр Лиссабон руу ажилдаа явна. Би хааяа л нэг Лиссабон орох хэрэг гардаг ч тэр болгон галт тэргэнд суугаад байдаггүй юм. Энэ удаад яалт ч үгүй галт тэргээр явах хэрэг гарсан нь Азийн музейд Museu Oriente Солонгос хэлний хичээлд суух болсонтой холбоотой. Тэнд машины зогсоол цөөтэй учир галт тэргэнд суулаа. Галт тэрэгний буудал гэрээс холгүй бас буудал далайн эрэгтэй болохоор их сайхан.

Азийн музейд ихэнхдээ Япон, Хятад, Энэтхэг, Индонези, Солонгос зэрэг улсуудын соёлын долоо хоногууд явагддаг.  Португал улсын түүхэнд Азийн орнуудыг анх нээснээрээ алдартай олон үйл явдлуудыг тэмдэглэн үлдээсэн байдаг. Тийм ч болохоор Азийн музей олон үйл явдлыг тэмдэглэдэг.

Энэ музейд Эгшиглэн хамтлаг ирж тоглож байсан гэж тэдний нэг гишүүнтэй хэдэн жилийн өмнө Берлинд тааралдахад хэлж байсан.

Энэ удаад Солонгос хэл үүссэнийг Солонгосууд 10-р сарын 9-нд өргөн тэмдэглэдэг өдрөөр Азийн музейд Солонгосын кино үзүүлж, яриа хийж, солонгос хоол амтлуулж, гар урлал зааж, солонгос хэлний хичээл зааасан юм.  Зарим зүйл нь төлбөргүй, зарим нь бага зэрэг төлбөртэй. Ер нь ойр ойрхон энэ музей Солонгостой холбоотой арга хэмжээнүүдийг ихээр зохион байгуулж байгаа нь Өмнөд Солонгос өөрийн соёлыг гадаадад сурталчлахад нилээд мөнгө зарцуулж байгаатай холбоотой юм.

Галт тэргэнд суухад хамгийн түрүүнд ажиглагддсан зүйл бол португалчууд нилээд ном уншдаг болсон юмуу гэж санагдсан. Ер нь Лондонгийн метронд явж байхад ном уншаагүй хүн бараг харагддаггүй байсан. Анх Португал оронд ирээд галт нилээд явдаг байхад ном уншсан хүн байдаггүй байсан юм. Харин өнгөрсөн долоо хоногийн 3 дахь өдөр галт тэргэнд суухад зузаан ном дэлгэсэн хүмүүс ажиглагдсан их сонин санагдсан энээ. 



Alcantara-mar буудалд буугаад гарц руу алхаж явтал энэ буудлыг өнгө оруулаад олон янзын зураг зурчихсан байна. Бас их олон жилийн өмнө энэ буудалд бууж бүжгийн дугуйланд явдаг байхад их л хөндий хүйтэн, аймаар санагддаг байсан бол олон янзын зураг үзээд бараг л хичээлд суух цагаасаа хоцрох нь.  Ингээд гар утсаараа дарсан хэдэн зургаа толилуулья.


 

Доорхи гэрэл зурган дээр Лиссабоны дурсгалт газруудыг зуржээ. Белемийн цамхаг, Нээлт хийсэн хүмүүст зориулсан хөшөөнүүд Discoveries Monument байгаа бөгөөд доор нь Лиссабоны байшин барилгыг зурсан нь бүр сонирхол татмаар байсан юм.


Энэ бол алдартай 4-р сарын 25-ны нэрэмжит гүүр. 1974 онд Салазарын диктатур дэглэмтэй засгийн газрын унагасны дараа энэ нэрийг авсан гүүр юм. Ажлын өдрүүдэд өглөө, оройгүй, аль эсвэл бүтэн сайны үдээс хойш энэ гүүрэн дээр дараалал их үүсдэг юм. Бүтэн сайны үдээс хойш гэдэг нь болохоор урд зүг рүү явж амралтын өдрүүдээ өнгөрүүлсэн хүмүүс дараачийн долоо хоногийн ажилдаа цугларч байгаатай холбоотой.


За ингээд яаран гүйсээр солонгос хэлний хичээлдээ 5 минут хоцроод ирлээ. Хичээл эхэлчихжээ.  30-д жил Португалд амьдарч, 20 гаруй жил Шинэ Лиссабоны их сургуульд солонгос хэл зааж буй профессор хичээл зааж байна.

Дэлхий дээрх олон хэлнүүдийн дундаас хамгийн гол нь хэн зохиосон нь мэдэгддэг ганц хэл юм гэнээ. Бодвол энэ нь хэрэглэгдэж байгаа хэлнүүдийн үүсэл гарлыг хэлсэн байх. Бидний хувьд бол Өндөр Гэгээн Занабазар Соёмбо үсэг хэзээ зохиосныг мэдэх болохооор би өөрийн бодлоо хэлэхээ түдгэлзэв.

Ер нь монголчуудад сурахад амархан гэж үзэгддэг энэ хэл ойрмогхон нэг мэдээллээр бол сурахад хэцүү 10 хэлний тоонд орчихсон явж байсан. Би бас санал нэгтэй л байна.  К, Г хоёр нь ялгагдахгүй, Б, П нь ч бас ялгагдахгүй гээд олон үсэгнүүд нь адилхан. Дээрээс л Л.Р хоёрыг бол дурсах ч хэрэггүй биз дээ. Энэ хоёр үсэг Япон, Хятад, Солонгосуудад гадаад хэл, ялангуяа англи хэл сурахад нь үнэхээр хүндрэл учруулдаг.

Ямар ч байсан солонгосоор нэрээ бичээд сурчих шиг болсон шүү.

No comments:

Post a Comment

LinkWithin

Related Posts with Thumbnails

LinkWithin

Related Posts with Thumbnails