Sunday 11 October 2015

Португалын амьдрал: Чонон Сүлд кино Лиссабонд, Wolf Totem, A Hora do Lobo, Le Dernier Loup

2015 оны 10-р сарын 8-ны өглөө нүүр номны мэдээлэл харж суудал Лондонд байдаг нэг танил маань Чонон Сүлд киноны нээлт Лиссабонд болох гэж байгаа линк явуулжээ.

За би гэдэг цөс томтой монгол юм болохоор Гүүгл гэдэг эдээс мэдээлэл хайж эхэллээ. Тэгсэн чинь Францын 16 дахь кино фестиваль тэр орой Лиссабоны Сан Жорж São Jorge кино театрт нээгдэх мэдээлэл олж авлаа.  Кино театр руу нь утасдаад билет асуусан байхгүй гэнэ. Уг фестивалийг зохион байгуулж буй газар руу нь утасдаад бас олигтой хариу авсангүй дээ.

Одоо сүүлчийн арга, энэ аргаа ч нилээд хэд хэрэглээд үзчихсэн, Азаа үзэх, шууд очоод л олдвол аз, олдохгүй бол эз.  Аз болж эртхэн очсоных Рагчаагийн Анхням гадаа нь би монгол хүн шүү гээд сайхан шаргал дээлтэй зогсож байнаа.  Сайн байнаа уу, би хүрээд ирлээ шүү гээд л угтлаа.

Кино эхлэхийн өмнө хэдэн үг сольлоо. Сайхан яриа хөөрөөтэй залуухан бүсгүй байнаа.  Таалагдсан ч гэж жигтэйхэн. Киноны найруулагч Jean Jacques Annaud хэдэн үг солиод авлаа. Бас л яриа хөөрөөтэй, яг Монголоос ирсэн гэхэд маш их баяртай байна. Би танай ерөнхийлөгчтэй уулзсан, танай орон маш их таалагдсан гээд ярианыхаа завсар хавчуулж байнаа. Бид түүнийг Төвдөд өнгөрүүлсэн 7 жил киногоор нь сайн мэднэ дээ. 72 настай гэхэд их л хөнгөн шингэн хүн юм. Найруулагчийн 1993 онд Оскарт нэр дэвшсэн L'Amant гэдэг кино бас энэ фестивальд үзүүлж байгаа юм байна.

Киногоо үзээд монгол амьдрал, ахуйгаар маш их бахархлаа. Номыг нь уншчихсан байсан болохоор кино таалагдах болов уу үгүй болов уу гэж бодож байсан ч киноноос үнэхээр сайхан таашаал авсан юм.  Францын найруулагчийн авьяасыг биширсэн.  Яагаад гэвэл таньж мэдэхгүй ахуйг тэр хаа холын Өвөр Монголд гаргана гэдэг бас л хэцүү шүү дээ. Энэ францын найруулагч чинь одоо болтол Оскарт гадаад хэл дээрх киноноос Франц улсаас ганцаараа нэр дэвшсэн хүн гэж явдаг юм байна. Ер цааш нь мэдээлэл хайсан чинь Jean-Jacques Annaud бол амьтантай кино, аль эсвэл гадаад жүжигчидтэй кино авахдаа нилээд гаршчихсэн бололтой. Түүний дээр дурьдсэн L'Amant/The Lover киноны гол дүрд нь 18 настай Английн жүжигчин Jane March, Гонконгийн жүжигчин Tony Ka Fai Leung нар тогложээ.


Чонон сүлд киног бүтээхээр гадны хэд хэдэн найруулагч оролдож үзсэн боловч чонотой зураг авалтнаас айгаад аваагүй юм билээ. Харин Хятадын Засгийн Газар Jean-Jacques Annaud-д амьтантай кино хийх туршлагатай болохоор Хятадад дахин хөл тавих эрхийг өгч энэ киног найруулахыг зөвшөөрчээ. Төвдөд Өнгөрүүлсэн Долоон Жил киноны дараа найруулагчид Хятадууд виз олгохоо больчихсон байсан юм байна. Одоог хүртэл энэ киног Хятадад үзүүлэх зөвшөөрлийг өгөөгүй гэж ГҮҮГЛ дээр байна лээ.

-

Тус киноны гэрэл зурагчнаар ажилласан Bai Long гурван сар гаруй Өвөр Монголын нутгаар аялж зураг авах газрыг найруулагчийн хүсэлтээр хайсны дараа Шилийн Голын нэгэн жижигхэн газрыг сонгосон тухай киноны тарсны дараа Анхням, Bai Long, Баярсайхан бид хэд Лиссабоны нэгэн бааранд сууж хөөрөлдөхөд сонирхуулж билээ. Цөөхөн хүн амтай энэ суурин одоо жуулчны хөлд дарагдаад, хүн амынх нь амьжиргаа маш сайжирсан гэж гэрэл зурагчин, Анхням хоёр сонирхууллаа.

Гучин таван чонын бэлтрэгийг Хятадаас олж, Канадын сургагч сургажээ. Хятадууд гадны чоно оруулахыг зөвшөөрөөгүй учраас орон нутгийн чононууд сургалтанд хамрагдсан байна. Анхнямын яриагаар бол 3 үеийн чоно энэ кинонд тогложээ. Заримдаа ч бүр чоноо том болохыг хүлээгээд сууж байдаг байсан гэнэ.  Анх чонын бэлтрэг байхдаа Хятадын жүжигчин Feng Shao Feng-д баригдаад киноны эцэст том чоно болоод уул даваад алга болдог нь нэг л чоно юм байна. Кино дууссаны дараа үлдсэн хэдэн чоно онгоцоор далай гатлаад Канад руу явсан нь тэд зөвхөн англи хэлээр ойлгодог болсонтой холбоотой гэнээ. Амьтны амьдрал хүртэл сонин шүү. Нутаг битгий хэл, улс сэлгээд хүмүүн шиг явчих юмаа. Гэхдээ хүнтэй харьцуулбал тэд далай гатлаад нутагтаа буцаж очихгүй байх л даа. 

Чонон Сүлд кинон дээр гардаг зээрийн зургыг Монголд Сүхбаатар аймгийн нутагт авчээ. Харин зээр, чоно хоёр ерөөсөө уулзалдаагүй гэж Баярсайхан \Анхнямын нөхөр\ ярьж байсан. 

Анхням бараг сар цас орохыг хүлээгээд орохгүй болохоор Харбинаас хэдэн ачааны машин цас авчирч тэднийг нь асгаад кино зураг авсан тухай хүүрнэсэн. 500 гаруй хүнийг сар хүлээлгэнэ гэдэг мөн лут шүү. Энэ кино бүтсэн өртөг нь 40 сая ам.доллар. 

Кинонд хөгжим маш их үүрэг гүйцэтгэдэг. Чонон Сүлд гэдэг киног үзэж суухад хөгжим нь хүчирхэг байсан. Арга ч үгүй биз дээ, бидний мэдэх  Star Trek II: The Wrath of KhanTitanic,
Avatar зэрэг киноны хөгжмийг бичсэн хөгжмийн зохиолч James Horner юм. Харамсалтай нь авьяаслаг хөгжмийн зохиолч энэ зун нас баржээ.

Чонон Сүлд киног хийсэн тухай баримтат кинон энэ линкээр ороод Хятад хэл дээр үзэж болно. Энэ баримтат киног ойлгоё гэвэл Монгол, Хятад, Франц, Англи хэлтэй байвал бүр сайн шүү. 

Франц, Хятадын хамтран бүтээсэн Чонон Сүлд кино Хятадын талын шийдвэрээр Оскарт нэр дэвшихээ больжээ.

Ихэнх мэдээллийг Гүүгл ахаас зээлдлээ. 

Жирийн л эхэлсэн нэг өдөр маань жирийн бусаар төгссөн юм даа

No comments:

Post a Comment

LinkWithin

Related Posts with Thumbnails

LinkWithin

Related Posts with Thumbnails