Wednesday 27 May 2020

Хос хэлтэй хүүхдүүд / Bilingual children

1990 оноос хойш Монгол орон дэлхийд нээлттэй болсноор монголын маш олон хүмүүс гэр бүлээрээ, ганцаараа, эсвэл гадны бэр, хүргэн болон эх нутгаасаа өөр тив, улс оронд амьдардаг болсон. Гэхдээ эдгээр хүмүүс анхных нь байгаагүй бөгөөд тухайн социалист нийгмийн үед гадагшаа суралцахаар одсон цөөн хүмүүс гадны бэр нь болсон түүхүүдийг бид мэр сэр сонсож л байсан.

Олноороо эх орноо орхисон тэдний үр хүүхдэд эх хэлээ сургах, монгол уламжлалыг бий болгоход гэр бүлийн үүрэг маш их байдаг.  Зарим хүмүүс хүүхдүүдээ хос хэлтэй болгож чадаж байхад чадахгүй над шиг нэг нь ч байна. Тэдний үр хүүхэд монгол өвөө эмээ, үеэлүүд, хамаатнуудтайгаа монгол хэлээрээ ярьж чадахгүйд хүрдэг.


Will learning a third language make me forget some of my second ...

Миний хувьд хоёр охины монгол хэлтэй болгохын тулд өөрөө хүүхэд байхдаа дуулдаг байсан "Маамуу нааш ир", "Чигчийхэн чинээ" гээд л гар хөлөө хөдөлгөн дуулж өгдөг байсан. Мөн охидуудын маань бага байхад "Цондоолой, Цүндээлэй хоёр" гэдэг зурагтай ном гарч би ч орой болгон л уншиж өгдөг байв. Эднийхээ таван нас хүртэл нь би үнэхээр сайн монголоор ярьж байсан боловч хүчтэйд хүчгүй нь бууж өгнө гэдэг шиг сургуульд орсноор миний идэвхи буурч, хоёр охины англи хэл хэт хүчээ авснаар би гэдэг хүн хоёр охинтойгоо зөвхөн ид, уу, унт гм тушаалын хэдэн өгүүлбэртэй л болгоод өнгөрчихөв. Ганц дайчин ганцаарддаггүй гэдэг үг байдаг ч би үнэхээр өвдөг сөгдөн, ээж тэртэй тэргүй англи хэлээр ярьдаг намайг ойлгодог юм чинь гэдэг хоёр охин ухаарснаар би бууж өгөв өө. 

Том охин дөрвөн настайзун монголд сар болохдоо овоо монголоор яриад эхэлсэн ч буцаж ирээд таг, бага охин бол одоо харин монгол хэл сурах сонирхолтой болж байна. Том охин шилжилтийн үе эхлээд нэг их сурах сонирхол алга даа.

Гэтэл үүнийг даван туулах боломж байсныг нь мэдэлгүй би хэтэрхий эрт бууж өгчээ. 5-р сарын 25-нд бидний хэдэн ээж Стокгольмын их сургуулийн багш Бадамсэдийн Өлзийсайхны ярианд сууж үнэхээр хүүхдээ монгол хэлтэй болгохын тулд тууштай байх ёстой гэдгийг оройтсон ч гэсэн ойлгож авлаа.

Хүүхдийн тархины 75 хувь нь урагт бүрэлддэг бөгөөд энэ л үед ээжүүд нь эх хэлээ сургахын тулд дуу дуулж, үргэлж ярьж байх хэрэгтэй юм байна. Миний хувьд бол би дуу дуулаад, сонсоод байдаггүй, миний мэдээлэл Би-Би-Си-гийн англи хэлний мэдээгээр л голдуу амьдардаг байсан маань сул тал болж таарав. Харин төрснийх нь дараа монголоороо л ярьдаг байсан нь одоо байгаа тушаалын хэдэн өгүүлбэртэй хоёр хүүхдийг минь үлдээсэн байж болно.

Хос хэлтэй хүмүүсийн их олон ангилдаг юм байна. Үүнд: төрөлх, тэлээ, хараат, алгуурын хос хэлтэн, алслагдсан хос хэлтэн, идэвхгүй хос хэлтэн гм ангилдаг юм байна.

Бага насны хүүхэд хөгжмийн зэмсэг эзэмших нь тархины хөгжилтөнд маш сайнаар нөлөөлдөг бөгөөд таван наснаас нь өмнө л болж өгвөл төгөлдөр хуураар тоглуулж сургах хэрэгтэй гэж Б.Өлзийсайхан яриандаа  онцолсон. Төгөлдөр хуурын хичээл заалгуулж чадахгүй бол ядаж хөгжмийн ноот зааж өг гэж хэлж байна. Дахиад хоёр охиноо дурдая. Би бага байхдаа ангийнхаа охиныг төгөлдөр хуур дардагт нь үнэхээр биширдэг байсан юм. Өөрөө ч сурах сонирхолтой байсан ч тэр хүслээ биелүүлж чадаагүй билээ. Харин том охиныгоо нэгдүгээр ангид орох жил нь төгөлдөр хуур заалгуулж эхэлсэн. Бага охин ч бас одоо төгөлдөр хуур дардаг бөгөөд одоо хоёр охин маань The Associated Board of the Royal Schoolof Music гэдэг сургуулийн 3, 4-р зэргийн шалгалтыг өгсөн үнэмлэхтэй. Зөвхөн хөгжим дарж сурах нь сайн ч бас бүр шалгалт өгөөд баталгаажуулаад авбал цаашдынх нь амьдралд хэрэгтэй гэж бодсон юм.  

Энэ ярианаас би өөрийгөө идэвхгүй хос хэлтэн болж байгаагаа ойлгож авсан юм. Б.Өлзийсайхны хэлснээр бол, ялангуяа миний хувьд төрөлх хэлээрээ ном уншиж, кино, мэдээ үзэж, дуу дуулах нь их ховор юм байна гэдгийг ойлгож аваад одоо өөрт байдаг монгол хэл дээрх номуудаа уншиж, аялгуу сайхан монгол хэлнийхээ сайхныг дахин мэдэрч эхэлж байна.

Өөрийн хүүхдээ өсгөж байгаа туршлагаасаа хуваалцахад, гадаад хэл, хөгжмийн зэмсэг сурах чухал ч бас хүүхдийг ямар нэгэн спортоор багаас нь хичээллүүлэх хэрэгтэй гэдэгт итгэдэг нэгэн байна. Багаасаа биен тамирт дуртай болсон хүүхэд том болсон хойноо ч ямар нэгэн спортоор хичээллэх, цагаа зөв зарцуулж чаддаг болдог гэдгийг хаанаас ч билээ сонссон юм. Ингээд охидууд маань таеквондогоор хичээллэдэг.  Мэдээж усанд сэлээд сургачихсан. Үүнийг эцэг эхчүүд заавал заалгах хэрэгтэй гэж зөвлөе.

Б.Жавхлан

No comments:

Post a Comment

LinkWithin

Related Posts with Thumbnails

LinkWithin

Related Posts with Thumbnails