Tuesday 2 June 2020

Мэргэжил хэрхэн сонгох, хүүхдээ яаж дэмжих вэ?

5-р сарын 31-ний өдөр Пүрэвдоржийн Ууганбаяр “Мэргэжил хэрхэн сонгох, хүүхдээ яаж дэмжих вэ?” сэдвээр хийсэн яриаг Фейсбүүкийн Swap Home группт сонслоо.
П.Ууганбаярыг хүмүүс “Монгол” гэдэг ном бичсэнээр нь сайн мэддэг болсон. Харин мэргэжил сонсох талаар зөвлөлгөө өгдгийг нь миний хувьд саяхан л мэдэж авсан юм. Мэргэжил сонгоно гэдэг бол өөртөө, амьдралдаа итгэлтэйгээр цаашид хөгжиж явахад чухал зүйл гэдгийг бид бүгд мэддэг ч тэр болгон хүүхдүүддээ зөв зөвлөлгөө өгч чаддаггүй юм байна гэдэг дүгнэлтийг өөртөө тавьсан юм.

Монголд ирэх таван жилд хамгийн эрэлттэй байх 10 МЭРГЭЖИЛ | network.mn
Хүүхэд мэргэжлээ сонгоход нь эцэг эхийн нөлөө маш их байдаг бөгөөд үүнд бид хүүхдээсээ тэдний дуртай, дургүй зүйлийг сайн сонсож, асууж, ярилцаж, өөрсдөд нь сонголт хийх боломж олгох хэрэгтэй юм байна. Мөн өөрсдийгөө нээхэд нь туслах, боломжийг олж харахад нь эерэг нөлөө үзүүлэх, зорилго тэмүүлэлтэй байхад нь хүртэл бид сайнаар нөлөөлөх ёстой.
Амьдралын үе мөчөөс шалтгаалаад хүүхдийн мэргэжил сонгох нь өөрчлөгддөг, аль эсвэл нэг л сонголтоо цааш нь хөгжүүлээд аваад явдаг хүүхэд ч бий. П.Ууганбаярын хувьд бол англи хэлний багш мэргэжилтэй болж, түүнийхээ үр дүнд мэргэжил дээшлүүлэхээр Лондонд очсоноор, гэр бүлийн хүнтэйгээ танилцаж, өөрийн амьдралд тохиолдсон явдлаараа ном бичиж, одоо мэргэжил сонгох талаар зөвлөлгөө өгөөд амьдарч байна. Зөвхөн нэг мэргэжилтэй байж, түүнийхээ төлөө насан туршдаа зүтгэдэг хүмүүс байхад харин түүний хувьд хувь заяа нь өөр өөр чиглэлээр явуулсан ч гэсэн англи хэлтэй болсон нь түүний амьдралд хийх ажил, ном бичихэд нь чухал түлхэц өгчээ. Тиймээс одоо хүүхдүүд их сургуульд орохдоо өөр нэг мэргэжлийг “юмыг яаж мэдэх вэ” гэдэг сонголттой байх хэрэгтэй гэж П.Ууганбаяр зөвлөсөн юм.
Миний том охин 11 настай байхдаа малын эмч, жилийн дараа зохиолч, харин одоо сэтгэл зүйч болох талаар маш их судалж, бодож явна. Энэ сонголтын хоёр тохиолдолд бидний болон охины минь амьдралд тохиолдсон явдал сонголтуудыг хийхэд нөлөөлснийг би сайн мэднэ. Харин дахиад жил өнгөрөхөд өөр мэргэжлийн тухай яриа дэгдэхийг П. Ууганбаяр үгүйсгээгүй бөгөөд ер нь хүүхдийн мэргэжлийн сонголт ихэнхдээ өөрчлөгдөж байдагтай холбоотой юм.
Хүн төрөлхтөний түүхийн хугацаанд зарим мэргэжил устаж үгүй болж байхад зарим нь бий болж байна. Тиймээс орчин үед бидний мэдэхгүй, аль эсвэл бодож байгаагүй мэргэжлийг бидний үр хүүхэд сонгохыг үгүйсгэж болохгүй.
Эмч, багшийн гэр бүлд өссөн хүүхэд эцэг эхээ ямар мэргэжилтэйг сайн мэдэж, харж, өдөр тутам мэдэрч өсөхдөө, тэднийхээ мэргэжлийг сонгох нь ч их байдаг.
Энэ ярианд Нью-Йорк хотод амьдардаг М.Болорцэцэг оролцож хэрхэн палентологч болсон тухайгаа ярьсан юм. Баатар үлэг гүрвэлийн ясыг Монголд буцааж авчирсан мөн үлэг гүрвэлийн зөөврийн музей байгуулаад хот, хөдөөгийн хүүхдүүдэд үлэг гүрвэлийн талаар мэдээлэл, сургалт хийдгээр нь мэддэг байх гэж бодож байна. М.Болорцэцэг мэргэжлээ сонгох гэхэд нь яагаад эрэгтэй хүний мэргэжил сонгох гээд байгаа юм гэж ээж нь их дургүй байсан бөгөөд, аав нь геологч, олон сая жилийн түүхтэй шүр судалдаг хүн байсан учир охиндоо өөрийн мэргэжлээ өвлүүлэх гэж оролдож байжээ.
Харин Монголд ажиллахаар АНУ-н палентологчид ирэхэд тэдний тогоочоор явах боломж М.Болорцэцэгт олдсон бөгөөд харин тогоочоо хийлгүй, тэдний судалгаанд гар бие оролцож, өөрийнхөө хүсэл зоригт хэт дуртай энэ нэгэн монгол бүсгүйг үнэлж, түүнийг цаашид энэ ажлаараа дэлхийд алдартай палентологч болох замыг нь нээж өгсөн юм. Энэ жишээ бол өөрийнхөө хүслийг эцэг эхийн шахалтаар өөрчлөлгүйгээр өөрийнхөө зүтгэсний нэг жишээ юм.
Бараг хоёр цаг үргэлжилсэн мэргэжил сонгох тухай энэ яриаг П.Ууганбаяр, өөрийн хэлэх дуртай хэллэгүүдээр өндөрлөсөн. Хүүхэддээ үргэлж урам хайрлаж, чи чадна, зорилгодоо хүрч чадна гэдэг үгийг байн байн давтан хэлж байвал хүүхэд өөртөө итгэлтэй болно. Уян хатан байж, чи юу ч хийж чадна, болно бүтнэ, нийгэмд хүмүүстэй зохицож амьдар, бүдэрсэн ч шантарч болохгүй, болохоос болохгүйг нь хүртэл хийх хэрэгтэй, сохорсон биш завшив, үзээд алдах нь сүүлд харамсахаас дээр, нэг нарны доор амьдарч байгаа бидэнд адилхан боломж бий г.м.
Эцэст нь хэлэхэд, хүүхэдтэйгээ сайн ярилцаж, тэдний сонирхлыг өрнүүлэх олон асуулт асууж, эсвэл дургүй юмных нь талаар хүртэл санал солилцож,  цаашид хүүтэйгээ, охинтойгоо дуртай мэргэжлийнх нь талаар судалгаа хийж, тухайн мэргэжлийн зорилго, шаардлага, ирээдүйн тухай зөвлөлдөөрэй.

No comments:

Post a Comment

LinkWithin

Related Posts with Thumbnails

LinkWithin

Related Posts with Thumbnails