Wednesday 3 June 2020

Жигжидийн Бямба, “Заяа тавилан”, “Заяа тавилан буюу Учрах хорвоо”


“Заяа тавилан” нэртэйгээр анх 1989 онд хэвлэгдсэн энэ роман бол аавын амьд байх үедээ сүүлчийнх нь хэвлүүлсэн роман юм. Үе үе аавынхаа зохиолуудыг унших дуртай байдгаа нуугаад яахав. Аавын минь уран үгээр хүмүүсийг ухааруулах, ном уншихын сайхныг мэдрүүлэхээр бичсэн гэдгийг нь бодохоор нэг л дотно байдаг даа. Мөн аав минь аль эрт энэ хорвоогоос нисэн одсон ч харин түүний үлдээсэн хамгийн том өв нь хэвлүүлсэн хэдэн номнууд нь юм. 

Одоог хүртэл Сэлэнгэпресс хэвлэлийн газраас аавын роман, туужуудын эмхтгэлийг хэвлэж байна. Мөн “Зуун дамжин уншигдаж” буй номын жагсаалтад орсон “Хорвоогийн өнгө”, “Энэрэлгүй хорвоо”, “Үнэний хорвоо”, “Заяа тавилан буюу Учрах хорвоо”, “Хайрын тухай туужууд” зэрэг номуудыг номын дэлгүүрүүдээс худалдан авч уншиж болно. Удахгүй “Их аяныхан” роман нь дахин хэвлэгдэх гэж байна.
Утга зохиол шүүмжлэгч нарын хэлснээр бол, аав минь 20-р зууны монголын уран зохиолын романы төрөлд гурван удаа тэсрэлт хийж, нэг намын удирдлаганд амьдарч байсан нийгмийг сэрээж байсан түүхтэй юм шүү дээ.
Түүний зарим зохиолуудаас би өөрийгөө дотор нь ороод явж байна ч гэж төсөөлдөг тал бий. Хамгийн их өөрийгөө энэ л байна даа гэж зохиолын нэг нь бол энэ 1989 онд хэвлэгдсэн “Заяа тавилан” роман юм. Энэ романыг уул нь аав “Учралт хорвоо” гэдэг нэрээр хэвлүүлэх гэж байсан боловч хүмүүсийн “чи дандаа романуудаа “Хорвоо” гэж нэрлэдэг гэдэг учраас одоо өөр нэр өг гэсэн ятгалганд өртөж “Заяа тавилан” нэртэйгээр хэвлэгдсэн юм. “Учралт хорвоо” гэдэг нь бас учиртай бөгөөд аав минь “Нүгэлт хорвоо” гэдэг романыхаа санааг олчихсон, суугаад бичихэд бэлэн болсон байсан боловч харамсалтайгаар амь насаа алдсанаас болж энэ романы нэр л үлдсэн юм.
 

“Заяа тавилан” романд Эрдэнэт хотыг бүтээн байгуулахаар илгээлтээр очиж буй олон мянган залуучуудын цөөнхийн төлөөллийн тухай гардаг. Мэдээж энд амьдрал нь тэгш сайхан явсан залуус ч гарна, мөн хир буртагтай холилдож явсан амьдралаа шинэ газар, шинэ хүмүүстэй дахин гэгээнээр бүтээлцэхээр явж буй залуу бүсгүй ч бий. Харин бас мэдээж бэртэгчин, зусарч, эсвэл өндөр албан тушаалтай нөхрийнхөө нэрийг барьж өөрийнхөөрөө зүтгэдэг, одоогийн бидний сайн мэдэх солонгос киноных шиг дүр ч бий. Мөн энд монгол моринд зориулсан хөшөө босгох тухай гардаг хэсгийнх нь тухай та бүхэнтэй хуваалцах гэсэн юм. Дахин сануулахад энэ роман 1989 онд анх хэвлэгдсэн.
Монгол улс маань 500 мянгаад морь Дэлхийн хоёрдугаар дайны үед Зөвлөлтийн ард түмэнд бэлэглэж, 1943 онд гэхэд л таван морины нэг нь монгол морь байсан гэдэг баримт бий бөгөөд үүнээс ч олон морь худалдсан юм.
2017 оны тавдугаар сарын 9-нд Монгол моринд зориулсан хөшөө Москвагийн Покланная ууланд босгосон. Энэ хөшөөг босгоход ялалтаас хойш 70 жил өнгөрсөн нь харамсалтай. Монгол морь жижиг ч гэсэн хаа холын салхи үнэртсэн хээр талаас олон хоног галт тэргэнд ачигдан, бөмбөг дэлбэрэлт, бууны сум энд тэнд үсэрсэн дайны талбарт, морио ч арчилж мэдэхгүй орос цэргүүдийн найдвартай нөхөр болохоор очсоныг бид мэднэ. Харин энэ хөшөөг босгох санааг хэн гаргасныг би мэдэхгүй.
“Заяа тавилан” романд харин аав минь энэ талаар өөрийнхөө бодлыг бичихдээ, зөвлөлтийн мэргэжилтэн Алексеевийн дайны тухай дурсамжаа Эрдэнэтийг босголцож буй барилгачин залуусыг тойруулан суугаад өөрийнхөө түүхийг хүүрнэж байгаагаар өгүүлэхдээ “монгол морьдод зориулж ХӨШӨӨ босгох сон гэж бодож явдаг хүн дээ гэж” өгүүлнэ.
1989 оны анхны хэвлэлтийн хэвлэлтийн 57-р талд Алексеевын ийм нэгэн яриа бий.
“-Монгол морь үнэхээр гайхамшигтай. Би та нарт эх орны дайны үед монгол мориор дайтаж явсан гэж ярьдаг шүү дээ. Тэгээд ч тэрүү надад монголын ард түмэн илүүтэй ойр дотно санагддаг байж болох юм. Санаж мөрөөдөж явсан орондоо ирээд ард түмнийх нь үндэсний баяр наадмыг үзэж суугаадаа сэтгэл минь үнэхээр их хөдөлж байна. Монгол морьдыг харахаар надад үлгэрийн жигүүрт хүлэг шиг санагддаг юм. Одоо уралдан ирэх морьдыг харна гэхээс үнэхээр их догдолж байна. Монгол морь миний амийг аварч байсан ч удаатай. Миний бахархал болсон монгол мориор яаж шуу байлдаж явснаасаа хүүхдүүддээ сонирхуулья л даа гээд Алексеев янжуур асааж хэд сороод яриагаа эхлэх гэхэд нь Бадраа архи хундагалж:
                - Багш аа, урьдаар нэг уучих гээд өгөхөд Алексев авч татаад мушилзан сахлаа илэв.
                - Надад хүний хэл мэдэхгүй болохоос биш урагшгүй нөхрөөс дээр ухаантай сайн хүлэг байлаа. Азаар тийм сайн морь таарсан юм. Биднийг нэгэн өдөр дуудаж Монголоос ирж яваа морьдыг тосож авахуулахаар явууллаа. Би нэг цагаан саарал морь зүсэлж явсан юм. Түүндээ “Чайка” гээд нэг өгчихлөө. Би жүчээнд байж, гараас тэжээл идэж сурсан нутгийнхаа морь шиг санаад буруу талаас нь хүрээд очсон чинь гялсхийн эргүүт өшиглөөд авлаа. Хальти өшиглөөгүйсэн бол ч би ч юун байлдахгүй манатай, хугархай хөлөө чирээд фронтоос явах байсан. Талын монгол морины занг мэддэг буриад найз маань надад учир ярьж өглөө. Тэглээ ч гэсэн би мориноосоо их айна. Бид фронтод дөхтөл морьдоо вагоноор авч явсан юм. “Чайка” минь өвс идэхгүй, ус ч уухгүй мөн ч их зовоосон доо. Би өөртөө дасгахыг хичээн аргаа барахдаа нэг гартаа өвс атгаж, нөгөө гартаа хувинтай ус бариад:
                - Чайка, Чайка гээд дөхөхөөр биеэ хураан чихээ хулмайлган муухай харж, болж л өгвөл зөрж өшиглөх гэнэ шүү. Би ч хаширчихсан амьтан болохоор ямагт бултахад бэлэн байдаг сан. Намайг эгээ л чоно шиг санадаг байсан биз. Бодоод байхад, хар үстэй, хүрэн бор царайтай, талын салхи сэнгэнүүлсэн монгол хүнд дассан болохоор хэдийгээр адгуус ч гэлээ шар үстэй, сахал үс нь бавайсан, мохоор, ногоо ханхлуулсан этгээд хачин хувцастай урьд өмнө үзээгүй хүн харахаараа жийрхдэг байсан байх гэж санадаг юм. Дарга нар морио угааж сойзод гэж загнана. Өнөөх чинь хавьтуулахгүй болохоор урт модонд сойз хадчихаад бөгсөн талы нь угаах аядана. Чайка маань хамраа тачигнуулан вагоны ханыг нажигнатал өшиглөнө дөө, хөөрхий. Адгийн муухай ааштай адгуус нь надад таарч дээ л гэж боддог байлаа. Гэтэл нөхдийн маань морьд ч мөн тиймэрхүү язтай. Зэлүүд талдаа онгон хулан шиг салхи татуулж явсан морьдыг гэнэтхэн түржигнэж таржигнасан юман дотор хашчихаар арга байж уу даа. Хэчнээн хоног хоосон явах вэ, аяндаа өвс усандаа орсон. Фронтод хүрч гайтай вагоноос гаргаж бэлчээрлүүлэн, сургууль зааж эхэллээ. Бас л зовооно доо гэж санаж байсан чинь харин ч амархан сурсан шүү. Чайка бид хоёрын өнөө хонь чоно хоёр шиг байсан чинь хаа байх вэ, салшгүй найз болсон доо. Юу байгаагаа хуваадаг болсон. Миний мохоороос л татаагүй. Намайг жагсаалаас ялихгүй хожимдоход Чайка минь дэвхцэж тогтож ядна. Хүрээд очихоор жагсаал уруугаа яарахдаа мордуулахгүй эргэлдэн тэмүүлэхийг яана! Арай гэж мордуут өөрийнхөө эгнээнд очоод зогсоно гээч.
                Нэг удаа би хөнгөн шархдаж эмнэлэгт долоо хоног хэвтлээ. Тэр хооронд Чайка минь бусдын гараас юм идэх нь бүү хэл, хавьтуулахгүй байсан гэнэ. Харин өөрийнхөө хоёр талд явдаг морьдын эздэд арай дээр байсан гэдэг шүү. Би эмнэлгээс гараад бэлчээрт байхад нь дөхөж очоод нэрээр нь дуудсан чинь хангинатал янцгаан давхиж ирээд үнэртэж үүрсэхэд нь миний нүдний нулимс гарах шахаж билээ. Эмнэлгээс авчирсан хэдэн чихрээ өгч хүзүү, омлуурыг нь маажиж эрхлүүлсэн.
                Монгол морь эзнээ мартдаггүй, эзгүй хээр хаядаггүй их үнэнч амьтан болохыг нь би биеэрээ үзсэн юм чинь. Бид нэг орой ой дотор дайсны бөөн хүчтэй санамсаргүй тулгарчихлаа. Ёстой салам үзэлцсэн дээ. Тэд явган, бид унаатай юм чинь. Би шархдаж мориноосоо ойчоод ухаан алджээ. Нэг сэрмээр болсон чинь таг харанхуй. Чимээ анир ч алга. Тэгтэл нэг амьтан намайг үнэртэж хошуугаараа үрээд ч байх шиг, нудраад ч байх шиг. Айх гайхах зэрэгцэн өндиймөр болоод харсан чинь Чайка зогсож байна. Намайг сэргэхийг мэдээд үүрсэн газар цавчлах нь одоо явъя гэж хэлж байх шиг санагдаж харь нутгаас ирсэн хэлгүй нөхөр минь дайны талбарт хаяад явчихаагүйд нь баярлах, өрөвдөх хослохдоо мориныхоо халуун хошууг үнэсээд уйлсан шүү. Тэгээд жаахан сэхээ орохоор шархаа боолоо. Цус их алдсанаас босох тэнхэлгүй болжээ. Морио хэвтүүлээд ноолж ноолж арайхийн эмээл дээрээ гарлаа. Уначихаж магадгүй гэж айхдаа хоёр хөлөө ганзагаараа даруулаад шанхнаас нь зуурч “Чүү” гэлээ. Тэнгэр бүрхэг, од ч харагдахгүй болохоор би гэдэг хүн хаашаа явахаа ч төсөөлөхгүй учир хувь заяагаа мориндоо даатгачихаад урд бүүргээ дэрлэн хэвтлээ. Чайка минь яваад л байх юм. Ухаан балартаад ч байгаа юм уу, зүүрмэглээд ч байгаа юм уу, элий балай байсан шиг санагддаг юм. Тэгтэл “Зогс!” гэсэн харуулын дуу сонстоход ямар ч гэсэн дайсны гарт орсонгүй гэж баярласныг яана! Чайка минь өөрийнхөө анги дээр хүрээд ирсэн байхгүй юу. Түүнээс хойш ийм ухаантай морины эзэн, хүнд юм өгөхийн төлөө төрчихсөн сайхан сэтгэлтэй хүн байдаг байх, хэчнээн хайртай морь нь байсан бол гэхээс мэддэг сэн бол захидал бичих сэн гэж боддог байж билээ...
... Манайхан Берлинд тулж ирлээ. Рейхстагийн дэргэд Чайкатайгаа зургаа авахуулна даа гэж бодож байлаа. Хүн чинь суман мөндөр дор яваа хэрнээ үхнэ гэж ердөө ч боддоггүй юм шүү. Фашистын үүрийг эзлэх эцсийн тулалдаан ч эхэллээ. Прожекторын нүд сохлом хурц гэрэл шөнийг өдөр шиг болтол гийгүүлж, манай “Катюша”, их буунууд суман мөндрөөр тургиж, агаарын шонхрууд бөмбөг мулталж гитлерчүүд газрын хөрстэй хамт тэнгэрт нисэж байлаа. Манай ялалтыг тогтоон барина гэж горилж байсан дайсны амьд үлдсэн нь ичээ уруугаа ум хумгүй зугтаж бид ч араас нь нэхэн цохиж явлаа. Чайка минь хоёр чихээ хулмайлгаад хүзүүгээ сунган дайсан уруу хар хурдаараа шуугин дайрах нь загас шүүрэхээр ус уруу шумбан орж байгаа цахлай шиг л байдаг сан. Үнэхээр бахархмаар шүү. Амь зулбан ухаангүй харайж байсан нэг муу фриц Чайкагийн ган туурайн чимээнээр эргэж харснаа гранат шидчих нь тэр. Хар хурдаараа явсан Чайка минь гранатаас өнгөрөн алдтал ард панхийн дэлбэрлээ. Чайкагийн бөгс овсхийх шиг болж би ч толгой дээгүүр нь даваад үсэрлээ. Босон харайн морь уруугаа очтол Чайка минь урд хоёр хөл дээрээ өнзөлзөн ижлийнхээ хойноос харан хангинатал явцгаан хэдэнтээ зүтгэснээ толгойгоороо газар шаан унав. Тэгээд хөл нь тийчигнан намайг харан үүрсэв. Нүднээс нь том том дусал нулимс бөмбөрч байлаа. Бөгсөн тал нь авах юм алга. Зад цохиулчихсан байлаа.
... Хөөрхий минь хөлийнхөө хурдаар миний амийг авраад хүний нутагт хоцорсон доо гээж бодохоос улам ч илүү хайрлан дурсдаг юм гээд Алексеев санаа алдахад харц нь гунигтай болоод явчихав. ...Алексеев нэгэн хэсэг бодол болон байснаа:
- Манай эх орны дайны үед монгол морьдын гавьяа үнэхээр их байсан. Миний нутгийн морьдоос биеэр жижиг боловч тэсвэр хатуужилтай, хөдөлгөөн түргэн шалмаг, хурдан, хол явахад сайн, тоомсогтой адилхан хүний гар харалгүй цасан дороос өвсөө малтаад идчихнэ. Жинхэнэ морин цэргийн унаа даа. Монгол морьд дайны хамаг хүндийг бидэнтэй адилхан туулсан. Хамт өлсөж, хамт шархдаж, хамт үхэж байсан юм. Ёстой амьд зэвсэг байлаа. Тэгээд монгол морьдод зориулж ХӨШӨӨ босгох сон гэж бодож явдаг хүн дээ." 
Хэрвээ та бүхэн "Заяа тавилан буюу Учрах хорвоо" романыг уншия гэвэл номын дэлгүүрүүдээс асуугаарай. 

Source: https://www.infpol.ru/119629-pamyatnik-mongolskim-loshadyam-poyavitsya-na-poklonnoy-gore/

              

No comments:

Post a Comment

LinkWithin

Related Posts with Thumbnails

LinkWithin

Related Posts with Thumbnails