Friday, 2 July 2010

My first year in Lisbon

Wrote this article after spending a year in Lisbon.  This June I just celebrated my the ninth year living in this Iberian country.

Португальд таван жил амьдрахаар ирсний минь эхний жил зундаа аагим халуун нартай, өвөлдөө шөнөжин дээвэр нүдсэн бороотой хамт нисэн оджээ. 2001 оны зуны эхэн сард Лиссабоны онгоцны буудалд газардаад хотын зүг явахад энэ хот тэр чигээрээ сардин загасны үнэрт нэвчсэн байлаа.

6-р сарын 11-12-ны өдрүүдэд Гэгээн Антонийн баярт лиссабончууд умбаж, хотын гудамж болгон өөрийн баяраа ойр дотнын хөршүүдтэйгээ тэмдэглэхдээ сардин загас гудамжиндаа шарж гудамжны "party" хийдэг заншилтай. Энэ өдрүүдэд Лиссабон хот тэр чигээрээ л энэ үнэрт нэг хэсэгтээ л автана. 12-ны шөнө хотын төв талбайд нийслэлийн гудамж болгоноос ирсэн багт наадмын хувцастай хүмүүс Эрх Чөлөөний талбайд (Avenida da Liberdade) цугларч энэ баяр өндөрлөдөг. Гэгээн Антонио лам 1195 онд Лиссабоны хамгийн эртнийд тооцогддог Алфама дүүрэгт төрсөн бөгөөд энэ баярын өдрийг бусад Лиссабончуудаас илүү тэмдэглэх дуртай түүгээрээ ч жуулчдыг олноор татдаг юм.

Сардин загасны үнэрийг дарах бороо орохгүй нэлээд удаан үргэлжилсэн зуны саруудыг өнгөрөөсөн. Борооны шүхэргүй ирсэн болохоор дэлгүүр орж, ямарч байсан нэгийг олж авья гээд зуны гурван сар хайсан боловч ганцыг ч олсонгүй. Атлантын далайн эргээр найман зуун километр үргэлжилдэг энэ оронд зундаа дусал ч бороо орсонгүй. Хамаг бороо нь өвөлдөө ороод өнгөрсөн бололтой. Харин есдүгээр сар гарангуут худалдаа хийдэг цэг болгонд хамгийн хямд таван еврогийн үнэтэйгээс авахуулаад зуу гаруй еврогийн шүхэр үзэгдэх болсон. Орон болгон өөр өөрийн цаг агаарын сонин зохидолгоотой байдаг болохоор түүнийг нь мэдэлгүй анхны жилдээ будилсан минь энэ юм.

Миний бие АНУ-д хоёр жил амьдарсныхаа дараа Португальд ирсэн болохоор хэрхэн зочирдсоноо эхлээд тайлбарлая. Америк бол дэлхийд нэртэй бүдүүн гэхэд дэндүү бүдүүн хүмүүсийн эх орон гэдгийг бидний ихэнх нь мэднэ. 1999 оны зун Дэтройтын онгоцны буудалд буугаад тэр том хүмүүсийг хараад гайхснаа нуугаад яахав. Ямар сайндаа л тэр том биеийг дааж ядан яваа тэдний хөлний өмнөөс харамсахав дээ. Гэтэл Португальчууд бол америкчуудын эсрэг дүр нь юм. Эндхийн хүмүүс намхан, погдгор. Дундаж өндөр нь 150-160 сантиметр л болов уу даа. Ер нь Европын орнууд дотроо хамгийн намхан хүмүүс бол Португальчууд байх гэж би боддог.

Аль ч улс оронд удаан жилээр амьдрахаар ирсэн хүмүүс тухайн орны хэлийг сурдаг нэг ёсны бичигдээгүй хуулийг даган Лиссабоны Их сургуулийн дөрвөн сар үргэлжилсэн португаль хэлний курсэд бараг мянган өвро төлөөд элслээ. Эндхийн сурах бичигт Португальд өвөлдөө хэт их бороо ордог гэдэг нь бас л сонин санагдаж зунжингаа борооны халхавч хайсан инээдэмтэй түүхийг минь санагдуулсан юм. Монгол хүнд өвөл бороо орно, орох орохдоо гурав дөрвөн өдрөөр үргэлжлэн ордог гэж бодохоор ёстой л ямар оронд ирчихвээ гэсэн бодол төрж байсан юм. Хэлний курсээ төгсөхдөө Португаль орны тухайн бага зэрэг мэдлэгтэй болохоос гадна дэлгүүрт ороод хүнсээ худалдаж авах, бас болоогүй сонин гарчиглахтайгаа болсон юм. Мөн португаль хүмүүсийн талаар бага зэрэг ойлголттой болсондоо баярлахаас өөр яах билээ.

Португаль хүмүүс гадаадынхан өөрсдийнх нь хэлээр ярих, аль эсвэл ярих гэж оролдоход их дуртай байдаг. Магадгүй энэ нь аль ч оронд тохиолддог зүйл байж болох юм. Гэхдээ эндхийн хаана ч орсон ихэнхдээ англи, францаар ярьдаг ба англи, франц хүмүүстэй харьцуулахад гадаад хэлний мэдлэг сайтай хүмүүс байдаг. Хэдийгээр хүмүүс нь гадаад хэлээр ярьдаг ч нэг л хүйтэн, хөндий, хэт консерватив үзэлтэй юм шиг санагддсан. Магадгүй Португальчууд өөрсдийн бахархан дээдлэх түүхтэй, нэгэн үед дэлхийн баян орнуудын тоонд орж явсан нь ч үүнд нөлөөлдөг биз.

Португаль хүмүүсийн амьдралд цайны газрууд маш их үүрэгтэй байдгыг энд ирснийхээ дараахан олж мэдсэн юм. Єглөөний долоон цаг гэхэд үүдээ нээсэн байдаг кафенд тэндхийн оршин суугчид өглөөний цайгаа ууж байгаа нь харагддаг. Мөн ажилдаа очихоосоо өмнө ганц аяга хатуу кофе балгачихаад хурдхан гарч байгаа хүмүүс ч бий. Єдөр тийшээ бол тэндээ өдрийн цайгаа ууж байгаа ажилчин, албан хаагчидттай хамт тэтгэвэртээ гарсан хөгшид цугларан ойр хавийн хов жив, өдөр тутмын амьдралаа ярилцан суугаана ч үзэгдэнэ. Цайны газруудад хэдэн цагаар ч хамаагүй суун алжаалаа тайлж, хичээлээ давтаж, аль эсвэл л зүгээр л гудамжаар яваа хүмүүсийг сонжин харж болох бөгөөд зөөгч нар нь ч "за одоо дууссан бол яв" гэж хэзээ ч ирж хэлдэггүй нь сайхан санагддаг юм.

Авсаархан, жижиг олон цайны газрууд байдаг ба эдгээрийг гэр бүлээрээ ажиллуулдагаас гадна зуу гаруй суудалтай том кафе ч бий. Мэдээж том юм болохоор бэл бэнчинтэй компанийн гарт байна. Португальчууд арваад төрлийн кофе уудаг бөгөөд хамгийн чанга нь жижигхэн кофены аяганд ирдэг бөгөөд uma bica гэж нэрлэдэг. Энэ кофе нь экспрессо кофетой төстэй бөгөөд 60 центийн \евро цэнт\ үнэтэй. Эндхийн хүмүүс бараг л бүгд л өглөө, өдөр, оройн хоолны дараа уудаг кофе нь юм. Хэрвээ жинхэнэ кофе ууж үзъе гэвэл үүнийг л уух ёстой болов уу. Хэт хатуу байна гээд буцаадаг учраас зөөгч нар гадаадынханд тэр болгон энэ кофег өгөх дургүй байдаг. Харин миний хувьд кофенд арай л ороогүй болохоор um meia de leite кофег хааяа уудаг юм. Энэ нь дунд зэргийн цайны аяганд тал нь кофе тал нь сүү байдаг ба 80 центийн үнэтэй. Бараг л хамгийн зөөлөн кофе гэж хэлж болно. Эндхийн кофе АНУ, Их Британийн цайны газруудын усан кофетэй зүйрлэхийн аргагүй амт, чанарын хувьд давуу талтай.

Португалийн алдартай сэтгүүлч Фернандо Пессоа (Fernando Pessoa) телевизийн нэвтрүүлгээ Лиссабоны төвд орших Café A Brasileira-с явуулдаг байсан нь португальчуудын сэтгэлд хоногшин үлджээ. Энэ цайны газрын хажууд ширээний ард хөлөө ачин суугаа хүний хүрэл хөшөөг Фернандо Пессоад зориулжээ.

Цайны газар нь сайхан боловч харамсалтай нь тамхи татдаг, татдаггүй гэсэн хуваарилалт бараг байдаггүй. Португальчууд хаана ч, юу ч хийж байсан аманд нь үргэлж тамхи зуулттай байдаг ард түмэн. Португалийн дөрвөн хүний нэг нь тамхи татдаг гэсэн баримт ч бий. Гэхдээ миний бодлоор бол дөрвөн хүний гурав нь л болов уу даа. Үндэсний статистикийн институтын (INE) мэдээллээр бол тамхины худалдаа, татвараас олох орлого жил ирэх тутам өсч байдаг гэнэ. 1996 онд 12.4 сая хайрцаг тамхи худалдагдсан бол энэ тоо 2000 онд 20.5 сая болон өсчээ. Тамхи худалдсан татвараас улс 610 саяыг халаасандаа хийсэн бол энэ онд 23 саяаар нэмэгдэх төлөвтэй гэнэ. 15-18 насны хүүхдүүдийн дунд гурван хүүхэд тутмын нэг нь тамхи татдаг гэсэн харамсалтай тоо байдаг.

Хүүхдүүд тамхи татаж байгаа нь Лиссабон хотын хаана ч явсан олон тохиолддог. Мэдээж эдгээр хүүхдүүд эцэг эхийнхээ дэргэд тамхи татдаггүй ч, эцэг эх нь тэднийхээ дэргэд тамхины утаагаа униартуулж байдаг нь хаана ч заншил билээ. Та бүхэнтэй миний дургүйг хүргэсэн нэгэн тохиолдлоо хуваалцая. Найм болон арван настай хоёр охин Коломбо худалдааны төв дотор ээжийнхээ хажууд тоглоомон тамхи амандаа зуун бахархалтай алхаж явсан билээ. Тэдний дэргэдүүр өнгөрч байгаа португальчуудын ихэнх нь тоохгүй өнгөрч байсныг бодоход тамхи татах нь эдний амьдралын жирийн үзэгдэл бололтой.

Үсчинд үсээ засуулж байгаа хүмүүс тамхиа татан үсчинг тамхиараа утах, хоолны газарт хоол идэж байхад хажууд тамхи татах нь ердөө л заншил. Хүмүүс ч тэр болгон дургүйцдэггүй. Жирэмсэн, бага насны хүүхэдтэй яваа хүмүүс ч тамхи татаж байгаа нь элбэг үзэгддэг. Ер нь тамхичдын жаргалын орон гэж хэлэхэд илүүдэхгүй болов уу.

Португал орон дэлхийд болон Европ тивд нэрээ элдэв янзын аргаар дуурсгах дуртай. Үүний нэг жишээ нь Европ тивд нилээд томоохонд ордог Коломбо худалдааны төв юм. Энэ худалдааны төвд 500-гаад орчим дэлгүүр, зуугаад рестораныг багтааж, арван дэлгэцтэй кино театр, томоохон хөгжөөнд тоглоомын газар байрладаг. Амралтын өдрүүд болон өвлийн бороотой өдрүүдээр энэ том төв шөнө дунд хүртэл хөл хөгжөөн ихтэй байдаг. Харамсалтай нь хэт том болохоор заримдаа хаана юу байгааг олж нь мэдэхэд хэцүү бөгөөд өдөртөө яваад ч барагдахгүй олон салаа гудамжтай. Гудамжтай гэдэг нь бол нэг том байшин биш хэд хэдэн хэсгээс бүрддэг болохоор үүний залгаа бүрийг гудамж болгоод нэр өгчихсөн байдаг.

Дэлгүүрээс хоол хүнсээ худалдаж авахад Европын стандартаар хямд боловч гурван хүний хоёр долоо хоногийн хоолонд 200-гаад өврог хялбархан үрж болно. Гэхдээ хувцас, гутал, электрон бараа үнэтэй тал ажиглагддаг.

Лиссабон хот долоон толгод дээр байрладаг болохоор дээш доош нь хүмүүсийг өгсүүлж уруудуулна. Бараг л таван минут алхаад дээшээ өгсөөд, дараа нь доошоо уруудна. Энэ нь зуны аагим халуун төөнөсөн +35-аас +40 градусын халуунд явган яваа надад дааж давахгүй даваа гэлтэй. Харин өвөлдөө бороонд норсон явган хүний зам хальтруулаад урагш алхуулахгүй төвөгтэй боловч хотыг толгодын орой дээрээс сайн харж авч болох давуу талтай.

Хотын толгодуудын дунд сүлжилдэх нэгэн зууны настай модон дотортой трамвай бүр ч илүү өнгө нэмдэг юм. Европын хотуудад бараг байхгүй болсон энэ трамвай бол жуулчдын нүдийг хужирлах амьд үзэсгэлэн. Энэ трамвайгаар явахад нэг бодлын технологийн зуунаас салсан юм шиг санагддаг боловч трамвайн зам дээр машинаа тавиад алга болсон жолооч нарын ирэхийг нь хүлээн сууж байхдаа автомашины төвөгтэйг нь, жолоочийнх нь тэнэгийг би гайхдаг. Ямар сайндаа л трамвай явах замын хоёр талаар цагаан зураасаар тэмдэг тавьсаар байтал жолооч нар машинаа орхиод л алга болчихов дээ. Ингээд трамвайн жолооч дайраад гарч чадахгүй болохоор хүлээхээс өөр арга байхгүй. Дотор нь байгаа жуулчид инээж, элдийг өөрсдийн хэлээрээ хөгжилтэй шулганадаг бол португальчуудын уур нь буцалдаг.

Лиссабоны трамвайгаас бас нэгэн сонирхолтой зүйл бол гялгар хавтанцар \плита\ юм. Анх энд ирээд байшин дотор, банны өрөөнд байдаг хавтанцар яахлаараа гадаа нь гарчихдаг билээ гэж бодож байсан минь сонин. 15-р зуунаас эхтэй байшингаа хавтангаар бүрэх урлаг одоо ч болтол үргэлжилсээр байна. Хавтанцар нь сүм, жирийн орон сууцны байшин барилга, галт тэрэгний буудал, усан оргилуурууд дээр янз бүрийн өнгөөр, энэ оны түүхээс, аль эсвэл зүгээр л хүмүүсийн амьдралыг харуулсан зураг мэт олон тааралдана. Энэ нь манайд коммунизмын үед байшин дээр лоозон байж байгаад алга болсон бол эндхийн олон зууны түүхтэй хавтанцар байсаар л байна.

Анхны жилдээ Португалийг нээсэн минь энэ билээ.

No comments:

Post a Comment

LinkWithin

Related Posts with Thumbnails

LinkWithin

Related Posts with Thumbnails